Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 0190

 

                                          

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  Ш.Эрдэнэцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийж

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-, Х.М- нарт холбогдох  1725000000003 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч Л.Оюунтуяа, хохирогч Н.П-, шүүгдэгч Х.М-ын өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, шүүгдэгч Г.Б-, Х.М-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймаг дахь технологийн сургуулийн оюутан, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Г- овгийн Г-ын Б-. / ГЗ ******/

Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3 ээж, ахын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** багийн ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай С овгийн Х-ын М-. /УШ ********/

 Холбогдсон гэмт хэргийн талаар.

  Шүүгдэгч Г.Б-, Х.М- нар нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах “Амарсу” төвийн караоке бааранд Н.П-гийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 781 000 төгрөг авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.д заасан  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Амарсу” караокед тусгай өрөөнд 1 цаг дуулсан. Х.М- хүнтэй уулзаад ирье гээд гарсан. Би ганцаараа хүлээж сууж байхдаа цаг нь дуусаад ирэхгүй болохоор нь нийтийн караокед нь ороод сууж байсан. Нийтийн караокед нь дуу бичүүлэх гээд зөөгчөөс нь цаас авсан. Цаасаа унагаачихаад авах гээд доошоо тонгойсон чинь виза карт байсан. Виза картаа халаасандаа хийгээд караоке хаахаар нь гадаа гараад Х.М-ад карт олсон гэж хэлсэн. Тэгээд надаас аваад ”Амарсу” караоке руу буцаад орсон. Удахгүй гарч ирээд кодыг нь 0000 гэж хийсэн болчихлоо гэсэн. Тэгээд бид хоёр АТМ орж мөнгө авсан гэв.

Шүүгдэгч Х.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Г.Б- бид хоёр уулзаад “Амарсу” караокед ороод тусгай өрөөнд 1 цаг дуулсан. Цаг нь дуусаагүй байхад би хүүхэдтэй уулзах гээд гарсан. Буцаад 11 цаг өнгөрч байхад “Амарсу” караокегийн гадаа Г.Б- виза карт олсон гээд зогсож байсан. Би виза картыг нь аваад карт уншдаг машин руу нь ороод нууц дугаарыг нь 0000 гэж оруулсан чинь зөв байсан. Тэгээд бид хоёр “Хаан.банк”-ны АТМ орж 781.000 төгрөг авсан гэв.

Хохирогч Н.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед байсан. Утас унтарсан байсан болохоор өглөө утсаа асаасан чинь мөнгө гарсан байхаар нь картаа үзсэн чинь байхгүй байсан. “Хаан банк” дээр очоод дансны хуулга авсан. Миний хохирлыг барагдуулсан. Одоо гомдол байхгүй гэв.

Гэрч Ц.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Н.П-гийн эхнэр нь бөгөөд бид хоёр 2015 оны 08 дугаар сард гэр бүлээ батлуулан хамт амьдарч байна. Надад ******* дансны дугаартай Хаан банкны виза карт байдаг ба манай нөхөр Н.П- 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүнд мөнгө өгнө гэж хэлээд авч яваад гээгдүүлсэн байсныг маргааш өглөө нь утсанд данснаас мөнгө суутгагдлаа гэсэн мессеж ирснээр мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/

Гэрч Т.Т-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Амарсу” бааранд зөөгчөөр ажилладаг юм. 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай найз болох Б-, М- 2 орой 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр 2 архи, пиво уугаад дуу дуулж байгаад гарсан.  Гэтэл М- эргэж орж ирээд энэ картыг уншуулаад үзээч гэсэн. Тэгэхээр нь өөрсдийнх нь карт юм байх гэж бодоод код нь хэд юм гэсэн чинь дөрвөн тэг гэж хэлсэн. Тэгэхээр нь пос машинд 1000 төгрөг уншуулсан чинь уншиж байсан.  Үүнээс хойш 2 хоногийн дараа цагдаагийн ажилтан манай ажил дээр ирээд бэлэн мөнгөний машинаас авсан зураг үзүүлээд танай найз нар биз дээ гэрийг нь заагаад өг гэхээр нь зааж өгсөн. Хэд хоногийн дараа Б-, М- 2-той уулзаад яагаад цагдаа сэргийлэх болоод байгаа юм бэ? гэхэд танай бааранд үйлчлүүлж байгаад виза карт олоод кодыг нь тааж хийгээд түүнээс мөнгө аваад үрчихсэн юм гэж ярьсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/

Ц.У-ийн Хаан банкны ************ дугаартай дансны хуулга /хх-ийн 56 тал/

Хаан банкны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48 тал/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 49-50 тал/

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой байх тул шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Б-, Х.М- нар нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах “Амарсу” төвийн караоке бааранд Н.П-гийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 781 000 төгрөг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч Н.П-гийн болон гэрч Т.Тодбаяр, Ц.У- нарын мэдүүлэг, Ц.У-гийн Хаан банкны ******* дугаартай дансны хуулга, Хаан банкны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч Г.Б-, Х.М- нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Б-, Х.М- нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд тэдэнд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Н.П-гийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 781 000 төгрөг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгч Х.М- нь 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч Г.Б-ыг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч Х.М-ад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн Хаан банкны бичлэг бүхий СД-г хэрэгт үлдээж, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6,36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч Г- овгийн Г-ын Б-, Солгойнхон овгийн Х-ын М- нарыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  шүүгдэгч Х.М-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3.д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4.д зааснаар Х.М-ыг  хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Р.Х-д даалгасугай.

4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.