Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 0190

 

                                          

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч  Ш.Эрдэнэцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийж

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бадам, Х.Мөнхбат нарт холбогдох  1725000000003 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд улсын яллагч Л.Оюунтуяа, хохирогч Н.Пүрэвсүрэн, шүүгдэгч Х.Мөнхбатын өмгөөлөгч Я.Эрдэнэчимэг, шүүгдэгч Г.Бадам, Х.Мөнхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Буяндэлгэр нар оролцов.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт.

Монгол улсын иргэн, 1995 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 22 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон аймаг дахь технологийн сургуулийн оюутан, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-144 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Мижид овгийн Гантулгын Бадам. / ГЗ 95063011/

Монгол улсын иргэн, 2000 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 16 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3 ээж, ахын хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн 2-7 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай Солгойнхон овгийн Хишигжаргалын Мөнхбат. /УШ 00280811/

 Холбогдсон гэмт хэргийн талаар.

  Шүүгдэгч Г.Бадам, Х.Мөнхбат нар нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах “Амарсу” төвийн караоке бааранд Н.Пүрэвсүрэнгийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 781 000 төгрөг авч ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.д заасан  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь :

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Шүүгдэгч Г.Бадам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Амарсу” караокед тусгай өрөөнд 1 цаг дуулсан. Х.Мөнхбат хүнтэй уулзаад ирье гээд гарсан. Би ганцаараа хүлээж сууж байхдаа цаг нь дуусаад ирэхгүй болохоор нь нийтийн караокед нь ороод сууж байсан. Нийтийн караокед нь дуу бичүүлэх гээд зөөгчөөс нь цаас авсан. Цаасаа унагаачихаад авах гээд доошоо тонгойсон чинь виза карт байсан. Виза картаа халаасандаа хийгээд караоке хаахаар нь гадаа гараад Х.Мөнхбатад карт олсон гэж хэлсэн. Тэгээд надаас аваад ”Амарсу” караоке руу буцаад орсон. Удахгүй гарч ирээд кодыг нь 0000 гэж хийсэн болчихлоо гэсэн. Тэгээд бид хоёр АТМ орж мөнгө авсан гэв.

Шүүгдэгч Х.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Г.Бадам бид хоёр уулзаад “Амарсу” караокед ороод тусгай өрөөнд 1 цаг дуулсан. Цаг нь дуусаагүй байхад би хүүхэдтэй уулзах гээд гарсан. Буцаад 11 цаг өнгөрч байхад “Амарсу” караокегийн гадаа Г.Бадам виза карт олсон гээд зогсож байсан. Би виза картыг нь аваад карт уншдаг машин руу нь ороод нууц дугаарыг нь 0000 гэж оруулсан чинь зөв байсан. Тэгээд бид хоёр “Хаан.банк”-ны АТМ орж 781.000 төгрөг авсан гэв.

Хохирогч Н.Пүрэвсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 06 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед байсан. Утас унтарсан байсан болохоор өглөө утсаа асаасан чинь мөнгө гарсан байхаар нь картаа үзсэн чинь байхгүй байсан. “Хаан банк” дээр очоод дансны хуулга авсан. Миний хохирлыг барагдуулсан. Одоо гомдол байхгүй гэв.

Гэрч Ц.Уранзаяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Н.Пүрэвсүрэнгийн эхнэр нь бөгөөд бид хоёр 2015 оны 08 дугаар сард гэр бүлээ батлуулан хамт амьдарч байна. Надад 5274054059 дансны дугаартай Хаан банкны виза карт байдаг ба манай нөхөр Н.Пүрэвсүрэн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүнд мөнгө өгнө гэж хэлээд авч яваад гээгдүүлсэн байсныг маргааш өглөө нь утсанд данснаас мөнгө суутгагдлаа гэсэн мессеж ирснээр мэдсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/

Гэрч Т.Тодбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн... Би Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт үйл ажиллагаа явуулдаг “Амарсу” бааранд зөөгчөөр ажилладаг юм. 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь манай найз болох Бадам, Мөнхбат 2 орой 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тэр 2 архи, пиво уугаад дуу дуулж байгаад гарсан.  Гэтэл Мөнхбат эргэж орж ирээд энэ картыг уншуулаад үзээч гэсэн. Тэгэхээр нь өөрсдийнх нь карт юм байх гэж бодоод код нь хэд юм гэсэн чинь дөрвөн тэг гэж хэлсэн. Тэгэхээр нь пос машинд 1000 төгрөг уншуулсан чинь уншиж байсан.  Үүнээс хойш 2 хоногийн дараа цагдаагийн ажилтан манай ажил дээр ирээд бэлэн мөнгөний машинаас авсан зураг үзүүлээд танай найз нар биз дээ гэрийг нь заагаад өг гэхээр нь зааж өгсөн. Хэд хоногийн дараа Бадам, Мөнхбат 2-той уулзаад яагаад цагдаа сэргийлэх болоод байгаа юм бэ? гэхэд танай бааранд үйлчлүүлж байгаад виза карт олоод кодыг нь тааж хийгээд түүнээс мөнгө аваад үрчихсэн юм гэж ярьсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/

Ц.Уранзаяагийн Хаан банкны 5274054059 дугаартай дансны хуулга /хх-ийн 56 тал/

Хаан банкны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 48 тал/

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 49-50 тал/

Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэргийг судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотолгооны ач холбогдолтой байх тул шүүх шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иймд шүүгдэгч Г.Бадам, Х.Мөнхбат нар нь 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багт байрлах “Амарсу” төвийн караоке бааранд Н.Пүрэвсүрэнгийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 781 000 төгрөг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч Н.Пүрэвсүрэнгийн болон гэрч Т.Тодбаяр, Ц.Уранзаяа нарын мэдүүлэг, Ц.Уранзаяагийн Хаан банкны 5274054059 дугаартай дансны хуулга, Хаан банкны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч Г.Бадам, Х.Мөнхбат нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Г.Бадам, Х.Мөнхбат нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд тэдэнд Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, Н.Пүрэвсүрэнгийн гээгдүүлсэн Хаан банкны виза картыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж 781 000 төгрөг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдэж байгаа, учруулсан хохирлыг төлсөн, шүүгдэгч Х.Мөнхбат нь 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шүүгдэгч Г.Бадамыг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, шүүгдэгч Х.Мөнхбатад хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн Хаан банкны бичлэг бүхий СД-г хэрэгт үлдээж, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6,36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь :

 1. Шүүгдэгч Мижид овгийн Гантулгын Бадам, Солгойнхон овгийн Хишигжаргалын Мөнхбат нарыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Г.Бадамыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,  шүүгдэгч Х.Мөнхбатад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3.д зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4.д зааснаар Х.Мөнхбатыг  хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгч Р.Хишигжаргалд даалгасугай.

4. Энэ хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД-г хэрэгт үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.