Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 723

 

 

 

 

 

 

 

 

 

“Транскапитал ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00272 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т ББСБ”  ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Ж-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 8 457 009 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19 900 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Б.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Т ББСБ”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Т ББСБ”  ХХК нь хариуцагч О.Ж-тай лизингийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Энэ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 000 000 төгрөгийн үнэ бүхий зүтгүүр, 37-44 БЧ улсын дугаартай цестрн маркийн автомашиныг 25 000 000 төгрөгөөр үнэлж барьцаалсан. 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш графикийн дагуу зээлийн төлбөр төлөх байтал энэ үүргээ биелүүлэхгүй байсаар 4 сарын дараа 2 000 000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй. Улмаар манай байгууллагаас 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр барьцаа эд хөрөнгийг хураан авч, зүтгүүрийг 12 000 000 төгрөгөөр, цестернийг 24 000 000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан. Зүтгүүрийг 12 000 000 төгрөгөөр худалдахдаа хадгалалт, тээврийн болон бусад зардлыг тооцож, суутган авсан. О.Ж- зээл болон зээлийн хүүг графикийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүйгээс автомашиныг хураан авч, улмаар бусдад худалдсан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөр төлөх хугацааг тооцож, цестерн маркийн автомашиныг 24 000 000 төгрөгөөр, зүтгүүрийг 12 000 000 төгрөгөөр худалдаж, 36 000 000 төгрөгөөс 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үндсэн зээлд төлвөл зохих 25 000 000 төгрөгөөс 18 022 171 төгрөг, хүүд 13 635 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 595 741 төгрөг нийт 34 252 912 төгрөг төлүүлэхээр, улмаар машины хадгалалт хамгаалалт бусад зардлыг тооцож гаргасан ба 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6 977 829 төгрөг, автомашины хадгалалт 960 000 төгрөг, 2015-2016 оны автомашины татвар 488 080 төгрөг, гэрчилгээний үнэ 31 100 төгрөг, нийт 8 457 009 төгрөгийг хавтаст хэргийн 15 дугаар хуудсанд байгаа О.Ж-ын зээл, хүүний тооцооллыг гаргасан баримтыг үндэслэн нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч О.Ж-, түүний өмгөөлөгч Б.З нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагч О.Ж-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж мөнгө нэхэмжилж байна. Гэтэл зохигчдын хооронд зээлийн гэрээ бус, лизингийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 25 000 000 төгрөг зээлж авсан гэх боловч мөнгийг бэлнээр олгоогүй. Харин машин худалдаж аваад тодорхой хэмжээнд буюу нэг жилийн хугацаанд ашигласнаа хүлээн зөвшөөрч байгаа. Ашиглаж байх хугацаандаа 2 000 000 төгрөг төлсөн. 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч талаас худалдсан автомашинаа буцаан авсан буюу гэрээгээ дуусгавар болгосон байдаг. Гэрээнд энэ талаарх зохицуулалт байгаа. Хариуцагчийн тухайд автомашиныг ашигласантай холбоотой асуудал үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс барьцааны зүйл болон машиныг буцаан авах үндэслэл нь гэрээнд зааснаар О.Ж- түрээсээр худалдан авсан автомашиныг бусдад зарсан,гэмтээсэн, үрэгдүүлсэн зэрэг асуудал үүссэн тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой байсан. Гэтэл “Т ББСБ”  ХХК-ийн хувьд барьцааны зүйл болон түрээсээр худалдаж авсан автомашины аль алийг нь хураан авсан. Энэ үйлдлээс харахад гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Эд хөрөнгийг хураан авахдаа зөвшөөрөлгүйгээр авсан. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Гэтэл О.Ж-ын тухайд мөнгө зээлж аваагүй бөгөөд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Энэ талаар Иргэний хуульд тодорхой заасан. Хадгалалт хамгаалалтын зардал шаардаж байгаад маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ машиныг хураан авч бусдад зарсан үнээс машины элэгдэл хорогдол гарсан зардлаа тооцож авах байтал нэг жилийн дараа хураан авч, өөрсөд дээрээ дахин нэг жил байлгаж байгаад бусдад худалдсан тэр өдрөөр хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож, их хэмжээний мөнгө гаргаж, түүнээсээ хассан болгож, улмаар дахин мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.Ж- сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Т ББСБ”  ХХК-аас 37-44 БЧ улсын дугаартай Күй ди жи 940, Жи ви ви цистерн маркийн автомашиныг лизингийн зээлийн гэрээ байгуулан, худалдаж аваад 25 000 000 төгрөгийг тус ББСБ-д төлөхөөр болсон. Цистернийг худалдаж авах үед миний өөрийн эзэмшлийн 42-81 УНГ улсын дугаартай Вейвен маркийн автомашины зүтгүүрийг “Т ББСБ”  ХХК хууль бусаар барьцаалж, өөрсдийн эзэмшилд авахаар гэрээ хийсэн байсан. Лизингийн зээлийн гэрээний үргэлжлэх эхний 6 сарын дотор автомашины үнээс 2 000 000 төгрөгийг төлсөн байтал тус байгууллага нь 2016 онд гэрээнээсээ татгалзаж, гэрээний дагуу өгсөн 37-44 БЧ улсын дугаартай цистернийг буцаан хурааж авсан. Дээрх автомашиныг бараг ашиглаагүй, эзэмшиж ашиглаж байсан төлбөр мөнгийг хасаад миний барьцааны зүйл болох 42-81 УНГ улсын дугаартай Вейвен маркийн автомашины зүтгүүрийг буцааж өгөх байтал зөвшөөрөлгүй дур мэдэн авч худалдан борлуулж, гэрээний талын давуу байдлаа ашиглан илтэд нэг талдаа хохиролтой үйлдэл хийсэнд гомдолтой байна. Уг лизингийн зээлийн гэрээгээр О.Ж- миний бие “Т ББСБ”  ХХК-аас 25 000 000 төгрөгийг зээлж аваагүй, гэтэл мөнгө зээлж авсан мэтээр хүү, нэмэгдүүлсэн хүү тооцож, өнөөдрийг хүртэл намайг хохироож, өөрийн амьжиргааг залгуулдаг автомашиныг удаан хугацаанд аваад зогсохгүй зарж үрэгдүүлэн, орлого олох эх үүсвэргүй, 2015 оны 12 дугаар сараас хойш өөрийн зүтгүүр автомашиныг ашиглах боломжгүй болгосонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд тус ББСБ-аас О.Ж- миний 42-81 УНГ улсын дугаартай Вейвен маркийн автомашины зүтгүүрийг зөвшөөрөлгүй дур мэдэн авч хууль бусаар зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжих олсон ашиг орлого 12 000 000 төгрөг, уг автомашины зүтгүүрийн зах зээлийн үнийн зөрүүнд 7 900 000 төгрөг нийт 19 900 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч “Т ББСБ”  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т ББСБ”  ХХК нь иргэн О.Ж-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 15052135 дугаартай лизингийн зээлийн болон барьцааны гэрээг байгуулан 25 000 000 төгрөгийн үнэ бүхий цистерн худалдан авахад зориулж уг мөнгийг 24 сарын хугацаатай, сарын 2.7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэхүү гэрээний барьцаанд түрээсээр худалдаж авсан зүйл болох Күй ди жи 940, Жи ви ви цистерн маркийн 37-44 БЧ улсын дугаартай автомашин болон өөрийн өмчлөлийн Вейвен маркийн, 42-81 УНГ улсын дугаартай зүтгүүрийг тус тус барьцаалсан. О.Ж- нь дээрх гэрээг байгуулснаас хойш 4 сарын дараа нэг удаа 2 000 000 төгрөгийн төлөлт хийсэн ба үүнээс өөрөөр ямар нэгэн байдлаар зээлийг огт төлөөгүй. Ингээд манай зүгээс нэг жил гаруй хугацаанд зээлээ төлөхийг шаардсан боловч төлөлт хийхгүй байсан тул 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр өөрт нь мэдэгдэж барьцааны зүйлүүдийг хураан авсан. Ийнхүү хураан авснаас хойш мөн л шаардах хуудас хүргүүлэн зээлээ төлж барагдуулан, өөрийн хөрөнгөө авахыг мэдэгдэж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул 7 сарын дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр зүтгүүрийг 12 000 000 төгрөгөөр, 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр цистернийг 24 000 000 төгрөгөөр гэрээний дагуу худалдан борлуулсан. Ийнхүү хураан авч, худалдан борлуулсныг хариуцагч хууль бус гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд бүх ажиллагаа хууль тогтоомж болон гэрээний дагуу явагдсан. Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэл хэсэгт”... хууль бусаар зарж борлуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжиж олсон ашиг орлого 12 000 000 төгрөг, .... зүтгүүрийн зах зээлийн үнийн зөрүү 7 900 000 төгрөг, нийт 19 900 000 төгрөг шаардаж байгаа нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтийн дагуу дээрх 19 900 000 төгрөгийг шаардаж байна гэж ойлгож байна. Гэтэл манай байгууллагын тухайд уг эд хөрөнгө дээр дүгнэлт гаргуулсан бөгөөд 12 000 000 төгрөгөөр үнэлсэн учир уг үнийн дүнгийн хэмжээнд худалдсан. Тэрнээс биш дур мэдэж худалдсан зүйл байхгүй. Манай байгууллагын тухайд 19 900 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад гэвэл тухайн үед дээрх автомашин бодитоор байгаагүй байхад талуудтай утсаар холбогдон тэдний өгсөн мэдээлэл тайлбаруудад үндэслэн дүгнэлт хийсэн, улмаар автомашин худалдах талаарх цахим зарыг үндэслэн зах зээлийн жишиг үнэтэй харьцуулах байдлаар үнэлгээ гаргасан нь Шинжилгээний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Ж-аас 8 457 009 төгрөг гаргуулах “Т ББСБ”  ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т ББСБ”  ХХК-аас 12 000 000 төгрөг гаргуулж, О.Ж-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 7 900 000 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 265, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Т ББСБ”  ХХК-аас 206 950 төгрөгийг гаргуулж, О.Ж-т олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг буюу сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хангасан 12 000 000 төгрөгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Зохигчдын хооронд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр "Лизингийн зээлийн болон барьцааны гэрээ" байгуулагдсан ба энэхүү гэрээний дагуу хариуцагч О.Ж-т QDJ, 9400GҮҮ маркийн, 3744БЧ улсын дугаартай цистернийг шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс анх зээлийн гэрээний үүрэг шаардаж нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдааны үеэр Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ үүрэг шаардаж байгаа болохоо тодруулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... зохигчдын хооронд Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ" гэж дүгнэсэн боловч түрээслэгч нь ашигласан хугацааны төлбөр төлөх үүрэггүй мэтээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн шүүх "... зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөнгө шилжүүлээгүй тул ... хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсон буруу" гэж дүгнэсэн. Хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй боловч Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухан хуулийн 7 дугаар эүйлийн 7.1.2-т заасны дагуу Санхүүгийн түрээсийн гэрээнд хүү тооцохыг зөвшөөрсөн ба мөн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь гэрээнд анз тооцохыг хориглосон боловч нэмэгдүүлсэн хүү тооцохыг зөвшөөрсөн. Иймээс талуудын хооронд байгуулсан гэрээнд хүү, нэмэгдүүлсэн тооцох үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нь 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ гэрээ байгуулсан цагаас хойш 4 сарын дараа 1 удаа 2 000 000 төгрөгийн төлөлт хийсэн ба үүнээс өөрөөр ямар нэг төлбөр төлөөгүй. Иймээс 2016 оны 6 дугаар сарын 06-ны хариуцагчид өөрт нь мэдэгдэж барьцааны зүйлүүдийг хураан авсан. Гэтэл хариуцагч нь эзгүй хойгуур нь дур мэдэн авсан мэтээр тайлбарлаж, шүүх ч мөн “зөвшөөрөлгүйгээр хураан авсан” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар О.Ж- нь анх гэрээ байгуулснаас хойш 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл буюу 12 сар 20 хоногийн хугацаанд нэхэмжлэгч талд үндсэн төлбөрт 18 455 554 төгрөг, хүүнд 7 745 560 төгрөг, нийт 26 201 114 төгрөг төлөх ёстой байсан. Ийнхүү төлсөөр төлбөрийг бүрэн дуусгасан тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл хариуцагчийн өмчлөлд бүрэн шилжих ёстой байсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул гэрээний зүйлийг барьцааны хамт хураан авснаар гэрээний харилцаа дуусгавар болсон. Дээрх хугацаанд буюу гэрээ байгуулснаас гэрээ цуцлах хүртэл хугацаанд буюу 12 сар 20 хоногийн хугацаанд хариуцагч нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг ашигласаар байсан бөгөөд ашигласан хугацааныхаа төлбөрийг төлөх үүрэгтэй. Гэтэл хариуцагчийн энэхүү үүргийг нь харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчээс 12 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээнд зааснаар хариуцагч нь сард дунджаар 1 464 000 төгрөг төлөхөөр байсан бөгөөд гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн үндсэн үнэ нь 25 000 000 төгрөг юм. Энэ төлбөрийг сар бүр хуваан төлөхөд л нэг сарын түрээсийн төлбөрийн үнэ тодорхойлогдоно. Хэрэв нэхэмжлэгч нь санхүүгийн гэрээний зүйлийг буцаан авсан ч хариуцагч нь ямар ч төлбөр төлөхгүй тохиолдолд гэрээ үргэлжилсэн хугацаанд хариуцагч нь бусдын эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашигласан болохоор байна. Иймээс хариуцагч нь ашигласан хугацааныхаа төлбөрийг төлөх нь зүйн хэрэг бөгөөд Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 315.1 дэх хэсэгт “Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээслэсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр -ийг харгалзан үзнэ” гэж заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл, түрээслэгч сард дунджаар 1 464 000 төгрөг төлөх тул ашигласан хугацаа болох 12 сар 20 хоногоор /2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл/ тооцоход 18 544 000 төгрөг болж байна. Гэтэл шүүх ашигласан хугацааны төлбөр болох 18 544 000 төгрөгийг харгалзүйгээр, бүр эсэргээрээ хариуцагчид 12 000 000 төгрөг өг гэдэг шийдвэрийг гаргасан нь илт үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө дуусгавар болоход 25 000 000 төгрөгийн тээврийн хэрэгслээ аваад, дээр нь ашиглуулсан хугацааны төлбөр болох 18 544 000 төгрөгийг шаардах эрхтэй тул 12 000 000 төгрөгийг буцаан төлөх үүрэггүй, харин 6 544 000 төгрөгийг шаардах эрхтэй. /18 544 000-12 000 000=6 544 000/ Иймд анхан шатны шүүх талууд хариуцлагыг адил тэгш авч үзэлгүйгээр хариуцагчийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулсан үнийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг үнийг төлөгдөөгүй төлбөр буюу ашигласан хугацааны төлбөр тооцох бүрэн үндэслэлтэй болно. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч О.Ж-ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон тогтоохдоо “Т ББСБ”  ХХК-аас 12 000 000 төгрөгийг гаргуулж, О.Ж-т олгож шийдвэрлэсэн боловч, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 7 900 000 төгрөгийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан тал нь эрх нь зөрчигдсөн этгээдэд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэдэг дээрх зохицуулалтыг анхаарч үзээгүй байна. Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр “ Мөнх-Оргил трейд” ХХК-г томилж, О.Ж-ын өмчлөлийн 42-81 УНГ улсын дугаартай зүтгүүрийг үнэлүүлэхэд 19 900 000 төгрөгөөр үнэлсэн. Дээрх үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байж, үнэлээгүй үндэслэл нь тодорхойгүй бөгөөд албан ёсоор шүүхээс томилогдсон байгууллага хөндлөнгийн хэн нэгэн этгээдээс хамааралгүйгээр дүгнэлтээ гаргасан. Шүүхээс хавтаст хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдсан байна. Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлан, шинжилгээний объектыг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжлэн судлаж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг үндэслэлгүй талаар тодорхой баримт бүхий мэдээлэл хэрэгт байхгүй. Шүүхээс шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурласан үнэн бодитой байх зарчим алдагдсан байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсгийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг явуулсан боловч, хэрэгт цугларсан нотлох баримтыг зохих журмын дагуу үнэлээгүй байна.

 

            “Т ББСБ”  ХХК нь О.Ж-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6 977 829 төгрөг, хохиролд автомашин хадгалсан 960 000 төгрөг, автомашины татвар 488 080 төгрөг, гэрчилгээний үнэ 31 100 төгрөг, нийт 8 457 009 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 19 900 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ./хэргийн 175-176 дугаар тал/

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзаж буй үндэслэлээ “нэхэмжлэгч байгууллагаас мөнгө зээлж аваагүй, зээлийн гэрээ бус лизингийн гэрээ байгуулагдсан. 25 000 000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг түрээсээр авч, энэ хугацаанд 2 000 000 төгрөг төлсөн. Дээрх автомашиныг хураан авч, улмаар бусдад худалдаж, автомашины үнийг төлсөн. Гэрээний үүрэг дуусгавар болсон байхад дахин зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж 8 457 009 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлажээ.

 

            Талууд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр лизингийн зээлийн болон барьцааны гэх нэртэй гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд B34J маркийн 42-81 УНГ улсын дугаартай, 18 000 000 төгрөгийн үнэ бүхий зүтгүүр, Күй ди жи 940 Жи ви ви маркийн 34-44 БЧ улсын дугаартай 25 000 000 төгрөгийн үнэ бүхий цистернийг тус тус барьцаалсан байна. Зохигчид гэрээний агуулгыг санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ гэдэг байдлаар тодорхойлж, нэхэмжлэгч 25 000 000 төгрөгийн үнэ бүхий 37-44 БЧ улсын дугаартай Күй ди жи 440, Жи ви ви цестерн маркийн автомашинийг шилжүүлж, хариуцагч төлбөрийг тодорхой хуваарийн дагуу хүүтэйгээр буцаан төлж, эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар тохиролцсон байна. Нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлээгүй талаар талууд мараагүй. /хэргийн 12 дугаар тал ар/

 

            Иймээс Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байх тул талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ болон барьцааны гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. /хэргийн 10-14 дүгээр тал/

 

            Өөрөөр хэлбэл, мөнгө биш тодорхой эд хөрөнгийг шилжүүлж, төлбөрийг тодорхой хугацаанд хүүтэйгээр буцаан төлөхөөр тохиролцсон нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасанд нийцжээ. Иймд талуудын хооронд үүссэн харилцааг санхүүгийн түрээсийн гэрээ гэж дүгнэж, хүү төлөхөөр тохиролцсон нь хууль зөрчөөгүй талаар шүүхийн хийсэн дүгнэлт зөв.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч “Т ББСБ”  ХХК нь хариуцагч О.Ж-ыг гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө хугацаандаа тогтмол төлөөгүйгээс түүний эзэмшил ашиглалтад шилжүүлсэн 37-44 БЧ улсын дугаартай Күй ди жи 440, Жи ви ви цестерн маркийн автомашин болон харриуцагчийн өөрийнх нь өмчлөлийн барьцаанд тавьсан 42-81 УНГ улсын дугаартай зүтгүүрийг 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хураан авч, хөрөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, бусдад 36 000 000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байна./хэргийн 19-22, 60-73 дугаар тал/ Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгч нэг талын санаачлагаар гэрээг цуцласан болохыг хариуцагч үгүйсгээгүй байна.

 

            Шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан санхүүгийн түрээсийн гэрээ болон барьцааны гэрээний 3.1-д зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд О.Ж-ын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн 37-44 БЧ улсын дугаартай, Күй ди жи 440, Жи ви ви цестерн маркийн автомашинаас гадна, О.Ж-ын өмчлөлийн 42-81 УНГ улсын дугаартай зүтгүүрийг барьцаалж, үүргийн биелэлтийг хангуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэгт нийцсэн ба О.Ж- төлбөрөө төлөөгүйгээс уг хоёр эд хөрөнгийг хураан авч, бусдад худалдсан үнийн дүнгээс хариуцагчийн төлөх төлбөрийг тооцон хасаж, үлдэх хэсгээр нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримт хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

           

            Харин барьцааны зүйл болох 37-44 БЧ улсын дугаартай, Күй ди жи 440, Жи ви ви цестерн маркийн автомашинийг бусдад 24 000 000 төгрөгөөр, 42-81 УНГ улсын дугаартай зүтгүүрийг 12 000 000 төгрөгөөр, нийт 36 000 000 төгрөгөөр худалдан борлуулсан үнийн талаар зохигчид маргахгүй байхад шүүх нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний  “Арга бимлэг эстимэйт” ХХК-ийн үнэлгээг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 12 000 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т ББСБ”  ХХК нь гэрээ байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүртэл 12 сар 20 хоногийн хүү /1 сарын хүү 675 000 төгрөг, 1 хоногийн хүү 22 500 төгрөг/ 8 550 000 төгрөг, түрээслэгчийн ашиглалтад шилжүүлсэн автомашины үнэ 25 000 000 төгрөг, нийт 33 550 000 төгрөг төлөх үүрэгтэйгээс хариуцагчийн төлсөн 2 000 000 төгрөгийг хасаж, үлдэх төлбөр 31 550 000 төгрөг болж байна. Үүнээс бодитоор бусдад худалдсан 36 000 000 төгрөгөөс 31 550 000 төгрөгийг хасч, зөрүү 4 550 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй байна.

           

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2019/00272 дугаар шийдвэрийн 1 дэх заалт2 дахь заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Т ББСБ”  ХХК-аас 4 450 000 төгрөг гаргуулж, О.Ж-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15 450 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж

3 дахь заалтын “206 950” гэснийг “86 150” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                            ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                  С.ЭНХТӨР