Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/09 

 

А.Е-нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолтой, А.Е-нарт холбогдох эрүүгийн 1913004070166 дугаартай хэргийг шүүгдэгч С.А-, О.С-, С.Г-болон шүүгдэгч С.А-, С.Г-нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүгдэгч А.Е-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын тус тус гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Наурызбек, тус аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Парида, шүүгдэгч А.Е-, түүний өмгөөлөгч Д.Айбек, Ж.Энхжаргал, А.Серикжан, шүүгдэгч С.А-, С.Г-, О.С-, тэдгээрийн өмгөөлөгч Х.Зулхаш, Х.Бакен, Л.Намнансүрэн /цахимаар/, орчуулагч Б.Арманбек  нар оролцов.

 

1. А.Е нь хахууль өгөгч нарын ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу, хэрэгжүүлэхийн тулд 2018 оны 11 дүгээр сарын үед С.А-, Б.Х-нараас 3.000.000 төгрөг, 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр С.А-, О.С- нараас 3.000.000 төгрөгийг хахууль тус тус авч, энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

2. С.А нь 2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эхнэр О.С-ийг ажилд томилуулах, түүнд давуу байвал бий болгох зорилгоор Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

3. О.С  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нөхөр С.А-ээр дамжуулан цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

4. С.Г нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү урьдчилан амлаж, С.А-ийн бусдад давуу байдал бий болгох зорилгоор хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгөх санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

5. С.А нь 2018 оны 11 дүгээр сарын үед охин А.Н-ыг ажилд томилуулах, түүнд давуу байвал бий болгох зорилгоор Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт,

 

6. Б.Х нь 2018 оны 11 дүгээр сарын үед охин А.Н-ыг ажилд томилуулах, түүнд давуу байвал бий болгох зорилгоор Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан нийт 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолоор:

“1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Е-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч О.С-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч С.А-ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч С.Г-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэм буруутайд;

- Шүүгдэгч С.А-ыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

- Шүүгдэгч Б.Х-ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 7.000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3.500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-, Б.Х-нарын тус бүрийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-, О.С-, С.А-, С.Г-нарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хоёр жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-, О.С-, С.А-, С.Г-нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.А-, Б.Х-нар нь оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд тус тус авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч С.А-, Б.Х-нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Е-ээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын орлого болгосугай.” гэж шийдвэрлэжээ. 

           

Шүүгдэгч С.А-, С.Г-нарын өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн давж заалдах гомдлын агуулга: “Нэг. С.А-, О.С- нараас А.Е-д 3.000.000 төгрөг өгсөн, А.Е-нь уг мөнгийг С.А-, О.С- нараас “хэзээ, хаана, хэрхэн, ямар байдлаар авсан” гэх үйл баримт эргэлзээгүй байдлаар тогтоогдсон зүйл байхгүй байхад “уг үйл баримыг тогтоогдож байгаа”-аар дүгнэлт өгсөн шүүхийн дүгнэлтийг зөвтгөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тухайд.

А.Е-ийг 2020 оны 7 сарын 04-ний өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан байх ба энэ мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, С.А-ээс 2020 оны 4 сарын 02-ны өдөр гэрчээр болон 2020 ны 07 сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, О.С-ийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, С.Г-г 2020 оны 8 сарын 28-ны өдөр яллагдагчаар татаж, мэдүүлэг авсан байх ба энэ мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн дээрх мэдүүлгүүдийг шууд үгүйсгэсэн баримт хэрэгт байхгүй байхын зэрэгцээ “Хахуульд өгсөн гэж буруутгаж байгаа 3.000.000 төгрөгийг А.Е-д  С.А-, О.С-, С.Г- нараас хэзээ, хаана, хэрхэн, ямар байдлаар өгсөн” талаарх үйлдлийг тогтоосон нотлох баримт хэрэгт мөн байхгүй байна. Үүнээс үзэхэд гэм буруутай гэх үйлдэл нь хангалттай тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй байхад шийтгэх тогтоолоор ял оногдуулсанд гомдолтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд “Мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлууд”-ыг хуульчлан зааж өгсөн байна. ...Түүнчлэн мөн хуулийн 16.2 дугаар зүйлд “Нотолбол зохих байдал”-ыг хуульчлан заасан ба .... дээрх байдлаас үзэхэд “Хахуульд өгсөн гэж үзээд буруутгаж байгаа 2.000.000,1.000.000 төгрөгийг С.А-, О.С-, С.Г-нарын хэн нь өгсөн, хэзээ, хаана, хэрхэн, ямар байдлаар өгсөн” талаарх үйл баримтыг буюу “Нотолбол зохих байдал” бүрэн нотлогдож тогтоогдоогүй байна. Хуулийн энэ хатуу тогтоосон шаардлагыг хангаагүй тохиолдолд хүчээр гэм буруутай гэж ял оногдуулах боломжгүй. Улмаар үүний үр дүнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой алдаа гарч, иргэнийг хилс хэрэгт унагах хууль зүйн үр дагаврыг бий болгосон нөхцөл байдлыг үүсгээд байна. С.Г-г 2019 оны 01 дүгээр сард өөрийн хүү А-ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч ажилтай А.Е-д албаны чиг үүрэг бүрэн эрхийн байдалтай нь холбогдуулан 3 сая төгрөгийн хахууль өгөх үйлдэлд урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн гэж буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, шүүхээс ял оногдуулжээ. Гэтэл бодит байдал дээр “Хэнд, юу гэж урьдчилан амласан”, “Хэрхэн яаж урьдчилан амласан буюу тэр нь ямар амлалт байсан”, “Хэрхэн яаж, ямар дэмжлэг үзүүлсэн” талаарх үйл баримтыг шууд тогтоосон ажиллаагаа, нотлох баримт хэрэгт байхгүй байна. Тодруулж хэлбэл түүнийг буруутгаж байгаа гэх эдгээр асуудлыг тогтоогоогүй байхад, нотлох баримтгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэж, ял оногдуулсан гэж үзэхээр байна.

Хоёр. О.С-ээс өөрийн хадам ээж С.Г-руу шилжүүлсэн 500.000 төгрөгийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, Б.Х-ийг хэрэгт хэлмэгдүүлсэн гэж үзэх нөхцөл байдлын тухайд.

...хэрэгт авагдсан бүх баримтаас харахад дээрх шүүгдэгч О.С-, С.Г-нарын мэдүүлгүүд, С.Г-гийн данснаас Р-ы данс руу 01 дүгээр сарын 22-ны өдөр 1.600.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулганы баримт, ШУТИС-ийн сургалтын төлбөр төлсөн талаарх тодорхойлолт зэргийг үгүйсгэн няцаасан нотлох баримт хэргийн материалд байхгүй. Энэ тохиолдолд шүүхээс ял оногдуулахдаа ийм баримт байхгүй байгаа бодит байдлын талаар болон эдгээр цагаатгах талын нотлох баримтууд болон энэ үйл баримтууд хэрхэн яаж үгүйсгэн няцаагдаж байгаа талаар дүгнэлт хийх ёстой атал энэ талаар огт дүгнэлт хийгээгүй, энэ талаар хуульд тавьсан шаардлагыг хангаагүй байна. Бодит байдал ийм байхад С.Г-г үндэслэлгүйгээр буруутгаж, түүний гэм буруу нь уг 500.000 төгрөгөөр тогтоогдож байгаа мэтээр явцууруулан тайлбарлаж, энэ нь авлига өгөх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн авлига авагчид өгөгдсөн мөнгөний нэг хэсэг мэтээр бүрэн тогтоогдоогүй асуудлын талаар нэг талыг барьсан дүгнэлт хийж, үүгээрээ С.Г-г гэмт хэрэгт хилсээр буруутгаж, ял оногдуулсан байж болох ноцтой үр дагаврыг үүсгэсэн байна.

...Р-ы хаан банкны 5190210706 тоот дансны хуулгаар 2019 оны 01 дүгээр сарын 12-ны үед 500.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдээгүй нь С.Г-г холбон авлига өгсөн үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэж буруутгах шууд үндэслэл болон ийм нотлох баримт болохгүй, цаашлаад тийм агуулга бүхий нотлох баримтаар үнэлэх боломжгүй, ийнхүү таамаг, хардалт байдлаар хүнийг буруутгаж, ялласан ноцтой алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнийг нь тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

Гурав. О.С-ээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг гол нотлох баримт болгож дүгнэсэн байх боловч түүнийг үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтыг “тал бүрээс нь эргэлзээгүй”-ээр үнэлэх үзэл баримтлал бүхий хуулийн зүйл, заалтыг “ноцтой зөрчсөн байдлаар” үнэлэлт, дүгнэлт өгсөн байх тухайд.

Шүүгдэгч С.А- мөн шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар мэдүүлэхдээ “Эхнэр маань яагаад 10.000.000 төгрөг авсан гэж хэлснийг нь мэдэхгүй. Тухайн үед сандраад тэгж хэлсэн юм шиг байна” гэж мэдүүлсэн. Хэрэв мөрдөгч, прокурор, шүүхээс О.С-ийн энэ мэдүүлгийг гол нотлох баримтаа гэж үзэж байгаа бол "10.000.000 төгрөг өгсөн үйл баримтыг”, мөн А.Е-нь “10.000.000 төгрөг авсан үйл баримтыг” тогтоох ёстой бөгөөд ийнхүү буруутгах ёстой. Гэтэл “3.000.000 төгрөг өгсөн, авсан” гэж буруутгаж байгаа нь “Хэргийн бодит үйл баримтыг тогтоож чадаагүй” болохыг, мөн уг мэдүүлгийг үнэлэхдээ “Хуульд заасан агуулга, зарчим, шалгуурыг зөрчиж” үнэлэлт, дүгнэлт өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтуудаас “Хахууль авахаар харилцан тохирсон” гэх шүүхийн тайлбарыг нотлон тогтоосон баримт хэрэгт байхгүй, өөрөөр хэлбэл “А.Е-нь С.А-, О.С-, С.Г-нараас хэдэн төгрөгийг хэрхэн авахаар, хаана, ямар байдлаар тохиролцсон” талаар, түүнийг тогтоосон нотлох баримт байхгүй, тиймээс шууд ийнхүү буруутгах боломжгүй байна. Мөн “Хахууль авсан” гэж шууд дүгнэх боловч С.А-, О.С-, С.Г-нараас 3.000.000 төгрөг, эсхүл 10.000.000 төгрөгийг А.Е-нь “Хэрхэн, яаж, хаана авсан” талаарх баримт байхгүй, ийм үйл баримт тогтоогдохгүй байна. Шүүх нь О.С-ийн нөхөр С.А-ээс 2018 оны 12 дугаар сарын үед авсан гэж таамаглаж байхаас өөрөөр хэдэн сарын хэдний өдөр, хаана, ямар байдлаар авсан болохыг тогтоогоогүй. Мөн О.С-ийг “Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд орох зорилгоор өөрийн нөхөр С.А-ээр дамжуулан А.Е-д 2019 оны 01 сарын 10-ны үед 1.000.000 төгрөгийн хахууль өгсөн” гэжээ. Энэ үйл баримтыг тогтоосон гэж үзэх нотлох баримт хэрэгт огт байхгүй байна. Цаг хугацааны хувьд ч тэр, өгсөн гэх бодит үйл баримтын хувьд ч тэр, өгсөн гэх газрын хувьд ч аль аль нь тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд тогтоогоогүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” үүргийг биелүүлээгүй гэж үзэхээр байна. ...Хэрэв гэм бурууг тогтоохдоо О.С-д тулгах замаар авсан дээрх мэдүүлгийг үндэслэл болгосон гэж үзвэл энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь заалтад “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасны дагуу үнэлэгдэж, дүгнэгдэх ёстой байсан. Гэтэл шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй төдийгүй тус зүйлийн 9 дэх хэсэгт заасан “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ" гэж заасны дагуу дүгнэлт хийгээгүй, энэ хуулийн хэм хэмжээг хэрэглэлгүйгээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Дөрөв. О.С-ээс өөрийн хадам ээж С.Г-гийн данс руу шилжүүлсэн 1 сая төгрөг, мөн 500.000 төгрөгийн гүйлгээний талаарх мэдүүлгүүдийн талаар үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр орхигдуулж хуулийн шаардлага хангахгүй шийдвэр гаргасан тухайд

... О.С-ээс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэрчээр дахин мэдүүлэг, С.Г-гаас 2020 оны сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үгүйсгэсэн болон уг мөнгийг А.Е-д хахуульд өгсөн гэж үзээд байгаа мөрдөгч, прокурор нарын таамаглалыг тогтоосон нотлох баримт хэрэгт байхгүй байна. Энэ талаар шүүх дүгнэлт хийхгүй орхигдуулсан байх ба улмаар хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх хууль зүйн үндэслэлийг бий болгосон байна...

Тав. Мөрдөгчөөс Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг “ноцтой зөрчсөн” нөхцөл байдал бий болсон байхад энэ талаар нэг мөр эцэслэн шалган тодруулахгүйгээр хэрэгт үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн байгаа тухайд.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ'’ гэж хатуу хуульчилсан зарчим, агуулгын хүрээнд “Мөрдөн шалгах бүх ажиллагаа”-г явуулах ёстой. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдлаар ямар ч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж болохгүй. Үүнийг хууль өөрөө хатуу хориглоно. Гэтэл дараах байдлаар тус хууль ноцтой зөрчигдсөн байна. Шүүгдэгч О.С- мэдүүлгээс үзэхэд О.С-ийн утсыг хурааж авсан байх ба харин хэрэгт “Гар утас хураан авсан тэмдэглэл” байхгүй буюу авагдаагүй, энэ талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Эд зүйл хураан авах ажиллагаа”-г явуулах бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-д заасны дагуу тухайн хяналт тавьж буй прокурорын зөвшөөрлийг урьдчилан хуульд заасан шаардлагыг хангасан байдлаар авах ёстой байтал, дээрх хуулийг ноцтой зөрчиж хураан авсан байна. Улмаар мөрдөгчөөс “Ямар зорилгоор хураан авсан”, уг зорилгын дагуу “Ямар ажиллагаа хийсэн”, түүний үр дүнд “Ямар нөхцөл байдал тогтоогдсон” талаар ямар нэгэн байдлаар баримтжуулж хэрэгт хавсаргаагүй байна. Мөн гар утсыг хэзээ, хэнд, хэрхэн хүлээлгэн өгсөн талаар ч ямар нэгэн баримт үйлдээгүй байна. Эдгээр нөхцөл байдал нь өөрөө мөрдөгчөөс хууль зөрчсөн үйл ажиллагаа хийсэн байдлаар ойлгогдож, дүгнэгдэж байна. Түүнчлэн хувь хүний мэдээлэл агуулагдаж буй өмч хөрөнгөд хууль зөрчин халдан хураан авч, үүгээрээ зохих дарамтыг бий болгосон нөхцөл доор тулгаж асуух замаар мэдүүлэг авсан гэж үзэх үндэслэлийг өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаараа бий болгосон байна.Уг үйлдэл нь тус хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх заалт, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6,  16.14 дүгээр зүйлийн 4, 25.1 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг тус тус заасныг зөрчсөн байна. Улмаар мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь заалтад хуульчилснаар “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” байх тодорхой нөхцөл байдал үүссэн байхад шүүх энэ талаар анхаарч үзэлгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөрдөгч нь О.С-ээс тулгаж авсан гэж үзэх түүний мэдүүлгийг нөхөр С.А-т дахин тулгах байдлаар мэдүүлэг авсан “Ноцтой зөрчил”-ийг гаргасан байгаа нь дээрх байдлаас харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн үзэл баримтлал, зарчим бол “Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь хэн ч байсан тулгаж мэдүүлэг авахыг хориглох бөгөөд өөрөөр нь нотлуулахыг шаардсан ямар ч үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглон тогтоосон”. Гэтэл мөрдөгчөөс үүнийг ноцтой зөрчсөн, мөрдөгчийн хууль зөрчсөн энэ үйл ажиллагааны талаар холбогдогч, түүний өмгөөлөгч нараас зохих тайлбар, гомдлыг гаргасаар байхад энэ талаар нэг мөр шалгаж тодруулах ажиллагааг хийгээгүй, улмаар Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ч мөн адил энэ талаар үндэслэл бүхий байдлаар эргэлзээгүйгээр дүгнэлт хийж чадаагүй, гаргасан байж болох ноцтой алдааны талаар тодруулж нягтлалгүйгээр дүгнэлт хийн шийдвэрлэсэн байна.

Хэрэв мөрдөгч нь ийм байдлаар мэдүүлэг авсан бол энэ нь өөрөө Монгол Улсын үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг нэгэн зэрэг “Ноцтойгоор зөрчсөн” асуудал болох ба ингэж дүгнэгдээд зогсохгүй ийнхүү хуулийг ноцтой зөрчиж авсан ажиллагааны үр дүнд бий болсон нотлох баримт буюу мэдүүлгүүд нь “Нотлох баримтаар үнэлэх чадвараа алдах” юм. ...Дээрх бүх нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд шүүх хэргийг үндэслэлтэйгээр шийдвэрлэхийн тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлах ёстой буюу “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж заавал дагаж мөрдөхөөр хуульчилсан хэм хэмжээг баримтлаагүй. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь заалтад “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасны дагуу хэрэгт авагдаж, нотлох баримтаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад мөн хуулийн 16.15 дугаар зүйлд заасан хуулийн хүрээнд үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлүүдийг бий болгож байна. Өөрөөр хэлбэл, дээрх байдлаар анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан нөхцөл байдал бий болсон байхад үүнийг анхаарч үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт зэргийн талаар тодорхойлж дүгнэлт хийх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн С.А-, О.С-, С.Г-нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Прокурорын эсэргүүцэлд: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “тодорхойлох нь” хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-ийн үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын хугацаанд хамаарах нь тогтоогдсон тул 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй болно” гэх дүгнэлтийг хийсэн алтаа шийтгэх тогтоолын “ТОГТООХ нь” хэсгийн 2, 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлахгүйгээр шүүгдэгч А.Е-д ял оногдуулсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ. Мөн “тодорхойлох нь” хэсэгт А.Е-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэсэн байдал нь ойлгомжгүй, хууль зүйн талаас нь дүгнээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их хурлаас баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах үндсэн ялд өөрчлөлт ороогүй, харин эрх хасах нэмэгдэл ял нь “... таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж” гэх зохицуулалт орж, хүндэрсэн байна. Гэтэл шийтгэх тогтоолд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь аль цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар ял оногдуулахад эрх зүйн байдал нь дээрдэж байгаа болохыг хууль зүйн талаас дүгнэж бичээгүй, шийтгэх тогтоолын “тогтоох нь” хэсгийн 3 дахь заалтад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж ял оногдуулаагүй алдаа гаргажээ. Шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх асуудалд хууль зүйн талаас нь дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж ял оногдуулснаар шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болох ач холбогдолтой юм.

Мөн шүүгдэгч А.Е-нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдөр хэлэлцсэн. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоол нь 2012 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэргийг хэлэлцсэнээр гарсан байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “шийдвэрийг хэзээ, хаана гаргасан” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолын огноог зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй байх тул ... шийтгэх тогтоолын 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Е-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 7000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

            Шүүгдэгч С.А-ийн давж заалдах гомдолд: “...Шүүгдэгч С.А- би гэрчээр болон яллагдагчаар мөн шүүх хуралдаанд өгсөн бүх мэдүүлгүүдэд эрхлэгч А.Е-д хахууль өгч байгаагүй талаар удаа дараа мэдүүлгийг өгсөн байхад миний хахууль өгсөн үйлдэл гэрчүүдийн болон бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоогүй энэ талаар ямар нэгэн нотлох баримт байхгүй байхад дан ганц эхнэр болох О.С-ийн анхны гэрчийн мэдүүлгийг үндэслэж гэм буруутайд тооцсон нь холбогдох хууль тогтоомжуудад нийцэхгүй байна. Шүүгдэгч С.А- намайг гэм буруутайд тооцох үндэслэл болох гэрч О.С-ийн мэдүүлэг...тогтвортой биш янз бүрээр мэдүүлсэн, мэдүүлгийн эх сурвалжийг зааж чадаагүй. Дараагийн мэдүүлгүүдэд анхны мэдүүлгийг үгүйсгэж хахууль өгөөгүй, хахууль өгснийг мэдээгүй гэж мэдүүлсэн байхад шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой хамаарал бүхий талаас үнэлээгүй гэж гомдол гаргаж байна. ... бодит байдалд Т.О-д Сум Хөгжүүлэх сангаас 6,000,000 сая төгрөг олгогдсон, харин Д-д 7,000,000 сая төгрөг шилжсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдсон нь О.С-ийн гэрчээр өгсөн мэдүүлэг бодит үнэнийг илэрхийлж чадаагүй, ямар ч үндэслэлгүй нотлох баримт болохыг баталж байна. 

С.А-, О.С- бидний төрсөн ээж С.Г-д хувийн журмаар шилжүүлсэн 500,000 төгрөгийг А.Е-д өгсөн хахууль гэж нотлох баримтаар үнэлсэн нь бодит байдалд огт нийцээгүй байна.Тухайлбал О.С- нь анх 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгт тогоочийн албан тушаалд томилогдсон байхад түүнээс хойш 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цаг 14 мин ХААН банк дахь ХХХХХХХХХХ тоот О.С-ийн данснаас ээж С.Г-гийн ХААН банк дахь ХХХХХХХХХХ тоот дугаартай дансанд шилжүүлсэн байдаг. Энэхүү бичгийн нотлох баримтаар эрхлэгч А.Е-д мөнгө шилжүүлсэн талаарх нотлох баримт байхгүй байхад ямар ч холбогдолгүй нотлох баримтаар буруутгаж байна. Тухайн мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утганд “tushal” гэх утгаар бичигдсэн нь дүү С.Р-ы сургалтын төлбөрийн мөнгө байсан ба С.Р-ыг өхөөрдөж “tuhal” гэж хоч нэрээр дууддаг байсан, энэ бичилтийг зориуд тушаал хэмээн үндэслэлгүй мушгин үнэлсэн нь үндэслэлгүй юм.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/226 тоот дугаартай тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Шүүгдэгч О.С-ийн давж заалдах гомдолд: “...Миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Миний ажилд орох асуудлыг өвөө А.Т-хөөцөлдөж аймгийн Засаг даргын орлогч А.К-тай уулзсан. А.К- нь өвөөгийн хүсэлтийг хүлээн авч сумын цэцэрлэгийн эрхлэгчид албан бичиг явуулсан. Дараа нь би өргөдлөө гаргаж тэр үндсэн дээр тогоочийн ажилд томилогдсон. Ажилд томилогдохдоо эрхлэгч А.Е-д ямар нэгэн хахууль өгсөн асуудал байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр намайг Цагдаагийн ажилтан Х.Д-дуудаж хоёр удаа мэдүүлэг авсан. Ингэхдээ “Өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үүр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийнх нь эсрэг, эсхүл гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх” эрхүүдийг тайлбарлаж өгөөгүй. Хэрэв дээрх эрхүүдийг тайлбарлаж өгсөн бол би мэдүүлэг өгөхгүй байх, мөн өмгөөлөгч авч мэдүүлэг өгөх ёстой байсан. Надад дарамт шахалт үзүүлж мэдүүлэг авсан учир худал мэдүүлэг өгсөн. Хэрэв би үнэн зөв мэдүүлэг өгсөн, бүх нөхцөл байдлыг мэдэж байсан бол хоорондоо эрс зөрүүтэй мэдүүлэг өгөхгүй байсан.Тухайлбал миний эцэг Т.О-нь 10 сая төгрөгийн зээл аваагүй 6 сая төгрөгийн зээл авсан байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон. Би энийг тодорхой мэдэхгүй байсан учир тухайн үед айж сандрахдаа санаанаасаа зохиож зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх намайг буруутгахдаа эцэг Т.О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн сум хөгжүүлэх сангаас 6.0 сая төгрөгийн зээл авч гэртээ хадгалж байгаад өөрийн охин О.С-д 6.0 сая төгрөгийг бэлнээр өгсөн гэх мэдүүлгийг гол үндэслэл болгосон. Бид эцэг Т.О-аас 6.0 сая төгрөг авсан нь үнэн бөгөөд тухайн мөнгийг байшин барих палк худалдан авахаар авч Хөвсгөл аймгийн иргэн Ж.Д-гэгчид шилжүүлсэн. Ж.Д-нь биднийг залилан мэхэлж дээрх мөнгийг аваад Цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаанд зам тээврийн ослын улмаас нас барж бид ямар ч мөнгө төгрөг, палк авч чадахгүй хохирсон. Энэ талаарх холбогдох нотлох баримтууд хэрэгт авагдсан. Т.О-ын дээрх мэдүүлэг нь намайг буруутгах нотлох баримт биш бөгөөд үүнийг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж намайг буруутгасан явдалд гомдолтой байна.

Миний нөхрийн дүү С.Р- нь ШУТИС-д суралцдаг байсан. 2019 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр хадам ээж С.Г-бид нараас 500.000 төгрөг зээлээр өгөөч гэж гуйсан.Би тэр гуйлтын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цаг 14 минутад өөрийн ХААН банк дахь ХХХХХХХХХХ тоот данснаас хадам ээж С.Г-гийн ХААН банк дахь ХХХХХХХХХ тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн нь үнэн. Дээрх мөнгийг шилжүүлэхдээ өөрийн гар утасны мобайл банкаар шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утга бичихгүй бол гүйлгээ хийхгүй учир хэдэн үсгийг санамсаргүй байдпаар холбож бичээд явуулсан байсан.

Мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт “tushal” гэж санаатай бичсэн явдал байхгүй юм. Хадам ээж, бид хоорондоо өмнө нь ч мөнгө төгрөг авч өгөлцдөг байсан ба эдгээр нь хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны хуулгуудад тодорхой байгаа. Би үнэхээр нөхөр С.А-ийн хамт А.Е-д хахуульд мөнгө төгрөг өгсөн бол заавал хадам ээж С.Г-гаар дамжуулан өгөх ямар ч шаардлага байхгүй байсан. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө.” гэжээ.

           

Шүүгдэгч С.Г-гийн давж заалдах гомдолд: “...Миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Миний хүү С.Р- нь ШУТИС-ийн оюутан байсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сард хоёрдугаар семестрийн хичээл эхэлсэн тул сургалтын төлбөрийн үлдэгдлийг төлөх шаардлага гарсан. Тэгээд би мөнгө цуглуулж бэр О.С-ээс 500.000 төгрөг зээлээр өгөөч гэж гуйсан.Тэр гуйлтын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 20 цаг 14 минутад миний ХААН банк дахь ХХХХХХХХХХ тоот дансанд 500.000 төгрөг орж ирсэн. Би өөрөө цалингийн зээлтэй учир банк суутгаж авна гэж бодоод тэр доор нь очиж тухайн мөнгийг гаргаж авсан. Дараа нь мөнгө төгрөгөө цуглуулж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүү С.Р-ы ХААН банк дахь ХХХХХХХХХХ тоот данс руу 1.660.000 төгрөг шилжүүлсэн. С.Р- нь тухай мөнгийг маргааш нь буюу 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр данснаас гаргаж авч Улаанбаатар хотын банк дахь ШУТИС-ийн дансанд хийсэн.

Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр бэр О.С-ийн данснаас миний дансанд 500.000 төгрөг орсныг үндэслэл болгож намайг хамжигчаар оролцсон гэж гэм буруутайд тооцож ял оногдуулсан явдалд гомдолтой байна. Анхан шатны шүүх зөвхөн 2 дугаар хавтаст хэргийг 233 дугаар хуудсанд авагдсан миний дансанд 500.000 төгрөг орсон хуулгыг нотлох баримтаар үнэлээд 234 дүгээр хуудсанд байгаа С.Р-ы данс руу 1.660.000 төгрөг шилжүүлсэн хуулгыг нотлох баримтаар үнэлэхгүйгээр “...Иргэн С.Р-ы ХААН банкны ХХХХХХХХХХ тоот данс руу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны үед 500.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдээгүй байна...”, гэж намайг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Би 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр дансанд орсон 500.000 төгрөгийг тэр өдөр юм уу маргааш нь заавал шилжүүлэх албатай биш.Яагаад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шилжүүлэх болсон шалтгаанаа дээр тодорхой бичсэн. Хэрэв намайг тухайн хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзвэл “урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосны үндсэн дээр гэм буруутайд тооцож ял оногдуулах ёстой. Гэтэл хэрэг дотор энэ талаар ямар ч нотлох баримт авагдаагүй. Хэрэв С.А-, О.С- нар А.Е-д хахууль өгөх байсан бол заавал надаар дамжуулах ямар нэгэн шалтгаан байсан уу гэдгийг шалгаж тогтоох ёстой. С.А-, О.С-, А.Е-нарын аль аль нь сумын төвд амьдардаг хүмүүс. С.А-, О.С- нар нь сумын төвөөс өөр газар оршин суудаг тохиолдолд миний данс руу мөнгө шилжүүлж надаар дамжуулж өгсөн гэж хардаж болох юм.

С.А-, О.С- нар нь хахууль өгөх гээд байсан бол тэрний 500.000 төгрөгийг заавал миний дансанд хийсний дараа данснаас гаргаж авч А.Е-д өгөх ямар нэгэн шаардлага байхгүй. Өөрсдөө данснаас гаргаж авч өгөх бүрэн боломжтой байсан. Намайг буруутгаж байгаа гол үндэслэл нь О.С- нь надад мөнгө шилжүүлэхдээ гүйлгээний утга хэсэгт “tushal” гэж бичсэн явдал юм.Гүйлгээний утга дээр яагаад тэгж бичсэн болохыг би мэдэхгүй. Хэрэв би О.С-ийг ажилд томилох эрх бүхий албан тушаалтан байсан бол гүйлгээний утга хэсэгт “tushal” гэж бичиж мөнгө шилжүүлсэн байна, чи дээрх мөнгийг хахуульд авч тушаал гаргасан байна гэж буруутгаж болох байсан. Гэтэл би тушаал гаргах эрх бүхий албан тушаалтан биш, ямар нэгэн хамааралгүй хүн. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэх ёстой байсан. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийн надад холбогдох хэсгийг хүчингүй болгож надад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.            

 

Шүүгдэгч А.Е-ийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлын агуулга: “Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч А.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн эсэх нь дараах байдлаар эргэлзээтэй байна. Үүнд:

Нэг. Иргэн О.С-ийг ажилд томилохоор урьдчилан амлаж 2018 оны 12 дугаар сард түүний нөхөр С.А-ээс 2.0 сая төгрөг, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А/09 дугаартай “О.С-ийг ахлах тогоочийн ажилд тур томилох тушаал” гаргах үедээ “тушаал гаргах гэж байна, үлдсэн мөнгийг аваад ирэх үү” гэж хясан боогдуулж 1.0 сая төгрөгийг, бүгд 3.0 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэх тухайд:

Гэрч О.С-ийн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч С.А-ийн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, яллагдагчаар 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/, яллагдагч А.Е-ийн 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч С.Г-гийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл/, гэрч Т.О-ын 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/279 дугаар албан бичгийн хавсралт болох Сум хөгжүүлэх сангийн 2018 оны хэрэгжилтийн жагсаалт гэх баримтын 2 дугаарт Т.О-ын /рд:Б3/-д 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Аялал жуулчлалд зориулж 6,000,000 төгрөг олгосон тухай баримт, /1XX-ийн 11-14 хуудас/, Т.О-ын Хаан банк дахь ХХХХХХХХХХ тоот депозит дансны 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 01-ний хоорондын орлого зарлагын дэлгэрэнгүй хуулга авагдсан бөгөөд Сум хөгжүүлэх сангаас 2018 оны 12 дугаар сарын 14-ны өдөр 6,000,000 төгрөгийн орлого орсон тухай баримт, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга болон Т.О-нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаартай “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”, Улаанхус сумын Засаг дарга болон иргэн Т.О-нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан №23 тоот “Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний дагуу зээлдэгч Т.О-6,000,000 төгрөг олгосон тухай баримт, А.Е-ийн Хаан банк дахь 5034328527 тоот депозит дансны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны хоорондын орлого зарлагын дэлгэрэнгүй хуулга, Ш.С-ын Хаан банк дахь 95495096406 тоот депозит дансны 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны хоорондын орлого зарлагын дэлгэрэнгүй хуулга, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн 2019 оны 01 дүгээр сард ажилчдад цалин олгосон тухай баримт, С.Г-гийн Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А/09 дугаартай “О.С-ийг ахлах тогоочийн ажилд түр томилох тушаалын хуулбар, Шинжпэх ухаан технологийн их сургуулийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Самуратын Р-”-ы сургалтын төлбөр төлсөн тухай тодорхойлолт, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакенаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2-01/1605 дугаартай тус аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д хаяглан О.С-ийн өргөдлийг уламжлах тухай албан бичиг, С.Р-ы ХААН банкны 5190210706 тоот дансны хуулга, Улаанбаатар хотын банкны 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн С.Р-ы ШУТИС-ийн төлбөрийг төлсөн тухай банкны баримт, төлбөр төлөх үед сургуулиас нь олгож байсан төлбөр төлсөн тухай баримт,О-гэх хүнээс авсан мөнгийг Хөвсгөл аймгийн иргэн Д.Т-М- дансанд 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 4,500,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 750,000 төгрөг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг тус тус шилжүүлсэн тухай баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжанаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн иргэн С.А-ээс 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдол, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 1913001670129 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай" тогтоол, хохирогч С.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн мэдүүлэг, С.А-ээс 6,700,000 төгрөгийг Д- гэгчид хувааж шилжүүлсэн талаарх ХААН банкны орлогын баримт, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын орлогч прокурорын 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбарууд зэрэг нотлох баримтуудаас үзэхэд гэрч О.С- нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, тогтворгүй мэдүүлсэн, нөгөө талаас гэрч С.А- нь гэрч О.С-ийн мэдүүлгийг үгүйсгэж “аймгийн Засаг даргаас ирүүлсэн албан бичгийн дагуу ажилд орсон” гэж мэдүүлсэн, С.Г-өөрийнх нь төрсөн хүүхэд нь болох С.Р-ы сургалтын төлбөрийг төлөхийн тулд хүү С.А-, бэр О.С- нараас мөнгө түр зээлэхийг хүссэн, улмаар О.С-ээс 500,000 төгрөгийг С.Р-ы сургалтын төлбөр болгож С.Г-гийн Хаан банк дахь данс руу шилжүүлсэн, С.Г-уг мөнгийг цалингийн зээлд суутгуулахгүйн тулд 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн орой 20 цагийн үед АТМ-ээс гаргаж авсан бөгөөд уг мөнгө дээр нөхрийнх нь хадгалж байсан мөнгө болон өөрийн цалингийн зөрүүг нийлүүлж бүгд 1,600,000 төгрөгийг гэртээ байлгаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүгдийг нь Р-ы данс руу шилжүүлсэн, ингэснээр С.Г-гийн данс 615 төгрөгийн үлдэгдэлтэй болсон байна. Түүнчлэн хэргийн үйл баримтаас үзэхэд иргэн Т.О-нь сум хөгжүүлэх сангаас авсан 6,000,000 төгрөгийг мод авахаар Хөвсгөл аймгийн иргэн Д- руу шилжүүлж залилуулсан болох нь тус тус тогтоогдсон байна.

Хахууль авах гэмт хэргийн гэмт хэргийн обьектив талын шинж нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан идэвхтэй үйлдэл байна. Энэ гэмт хэргийн хувьд хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тодорхой үйлдэл хийдэг, хийхийг амлаж хахууль авдаг. Гэтэл дээрх нотлох баримтуудыг цогцоор нь харьцуулан үзэхэд үйлчлүүлэгч А.Е-ийн иргэн О.С-ийг ажилд томилохоор урьдчилан амлаж, 2018 оны 12 дугаар сард түүний нөхөр С.А-ээс 2.0 сая төгрөг, мөн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр А/09 дугаартай “О.С-ийг ахлах тогоочийн ажилд түр томилох тушаал” гаргах үедээ “тушаал гаргах гэж байна, үлдсэн мөнгийг аваад ирэх үү” гэж 1.0 сая төгрөг хахуульд авсан, “Ахлах тогоочоор бүр тушаал гаргуулах бол 1.0 сая төгрөг нэмж өгөх хэрэгтэй” гэж хахууль өгөхийг шаардаж хясан боогдуулсан гэх гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай тогтоогдоогүй байхад өөрөөр хэлбэл С.А-, О.С-, С.Г-нарын хувьд тухайн үед мөнгөний ямар ч эх үүсвэргүй байсан нь дээрх байдлаар тогтоогдсон байхад анхан шатны шүүхээс (1) О.С-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, (2) С.А-ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн, (3) С.Г-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхэд хамжигчаар оролцсон гэж, нөгөө талаас (4) А.Е-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон байна.

Хоёр. “Таны охиныг ажилд оруулах боломжгүй боллоо, өөр орох хүмүүс зөндөө байна” гэж иргэний ажилд орох гэсэн хэрэгцээтэй нь холбогдуулан хясан боогдуулж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед Улаанхус суманд шинээр байгуулагдсан хүүхдийн цэцэрлэгт А.Н-ыг ажилд томилохдоо урьдчилан амлаж, А.Н-ы аав С.А-аас 3,0 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэх тухайд:

1. Гэрч Х.А-гийн 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч А.Н-ы 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч С.А-ы 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч А.Е-ийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, гэрч Б.Х-ийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн, яллагдагч Б.Х-ийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, мөрдөгч Д.Ган-Уялын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдал “Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн 2 дугаар бүлгийн туслах багш А.Н-ы Улаан хүрэн өнгийн хавтас бүхий 1 хавтас материал байх ба уг хавтаст 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар авч ажиллуулах тухай өргөдөл /1 хуудас/, тус сумын хүүхдийн цэцэрлэгт 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр туслах багшаар түр томилсон талаарх цэцэрлэгийн эрхлэгчийн А/12 дугаар бүхий тушаал /1 хуудас/, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тус цэцэрлэгийн эрхлэгч А.Е-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /4 хуудас/, Төрийн албан хаагчийн анкет /4 хуудас/, иргэн А.Н-ы Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийг Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр төгсөн 0201621901 дугаар бүхий бакалаврын дипломын хуулбар, сургуулийн тодорхойлолтын хамт 15 хуудас/, цахим үнэмлэхийн хуулбар /1 хуудас/, 73015 дугаар бүхий туслах багшийн Ч-ийн гэрчилгээ /1 хуудас/” гэсэн үзлэгээр, Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “А.Н-ыг ажилд томилох тухай” А/12 дугаар тушаал, Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч туслах багш А.Н- нарын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээ, А.Н-ы 0201621901 дугаар бүхий бакалаврын диплом болон 73015 дугаар бүхий Ч-ийн гэрчилгээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн А/02 дугаартай “Цалин тогтоох тухай” тушаал, түүний хавсралтын хуулбар зэрэг нотлох баримтуудаас үзэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 2019 оны 01 дүгээр сарын 15-ны үед цэцэрлэгийн байр шинээр баригдаж ашиглалтад орсноор 2 үндсэн багш, 2 туслах багш, 1 тогоочийн орон тоо шинээр бий болсон байна. Хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр баригдсантай холбогдуулан А.Н-аас урьд өмнө гэр цэцэрлэгийн үндсэн багшаар 3 гаруй жил ажилласан туршлагатай учраас шинээр бий болсон 2 үндсэн багшийн орон тооны нэгэнд ажиллахаар өргөдөл гаргасан байж. Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч А.Е-нь цэцэрлэгийн үндсэн багшийн ажилд горилогч А.Н-ы хувьд үндсэн багшийн орон тоонд тавигдах хуульд заасан болзол, шаардлагыг хангахгүй байсан тул аймаг, сумын Засаг даргын санал, малчны охин зэргийг харгалзан үзэж туслах багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 28.1.22 “цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын байгууллагын багш, ажилтны ажлыг үнэлэх, дүгнэх, багшлах эрх олгох, арга зүйч, багш, сургалтын менежерийн мэргэжлийн зэрэг олгох, хасах журмыг батлах бөгөөд албан тушаал өөрчлөгдөх тохиолдолд цэцэрлэг, сургуулийн удирдах албан тушаал эрхэлж байгаа багшийн мэргэжлийн зэрэг хэвээр хадгалагдах” гэж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй багш ажиллана”, мөн зүйлийн 12.2 дахь хэсэгт “Багш нь багшлах эрхтэй байна. ” гэж тус тус заасан байна. Дээр дурдсанчлан, А.Н-ы хувьд 0201621901 дугаар бүхий “Багш, сургуулийн өмнөх насны хүүхдийн мэргэжил”-ийн бакалаврын диплом болон 73015 дугаар бүхий “Цэцэрлэгийн туслах багш”-ийн мэргэжлийн Ч-ийн гэрчилгээтэй, харин багшлах эрхийн үнэмлэхгүй учраас цэцэрлэгийн эрхлэгч А.Е-ийн зүгээс холбогдох хуулийг зөрчиж А.Н-ыг түүний хүсэлтийнх нь дагуу цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллуулах ямар ч боломжгүй байсан нь харагдаж байна.

Гурав. 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно: гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/” гэж заасан байна. Яллагдагч С.А-, Б.Х-нар мөрдөн байцаалтын шатанд: “...гэрт 109 настай хөгшин ээжтэй... асаргааны буюу группийн мөнгийг цуглуулаад А.Е-ийн гэрт нь очиж хахууль болгож өгсөн, ...хашаан дотор нэг байшинтай байсан ...гэр нь урагшаа харсан 2 цонхтой байсан, ...шкафтай байсан... А.Е-мөнгийг шкафан дээр тавьсан...” гэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн боловч мөрдөгчөөс мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа явуулаагүй, ядахдаа хэргийн газрын үзлэг хийгээгүй байсан. Үйлчлүүлэгч А.Е-намхан нуруутай хүн, дээрээс нь тухайн үед жирэмсэн байсан тул ямар ч тийм өндөр шкафан дээр мөнгө тавих боломжгүй юм. Мөн түүнчлэн, хашаан дотор нэг гэр байсан бол тэр нь 3 өрөөтэй гэсэн яллагдагч С.А-, Б.Х-нарын мэдүүлэг нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, мөрдөгчөөс тус хэргийг шалгахдаа яллагдагч С.А-, Б.Х-нарын мэдүүлгийн эх сурвалжийг магадалж тэдгээртэй хамт гэр бүлд Дина гэсэн нэртэй 109 настай хөгшин амьдардаг эсэхийг, мөн аливаа асрамжийн буюу группийн мөнгө авдаг эсэхийг нарийн шалгаж тогтоогоогүй байсан. Өөрөөр хэлбэл яллагдагч С.А-, Б.Х-нарын мэдүүлэг эргэлзээтэй, эх сурвалж нь тодорхойгүй байна.Үүнээс үзэхэд мөрдөгчөөс хэргийг шалгахдаа нөгөө талаас хяналтын прокуророос тус хэрэгт хяналт тавихдаа хэт нэг талыг барьж буюу яллагдагч С.А-, Б.Х-нарын мэдүүлгийг туйлын үнэн мэтээр үнэлж, харин яллагдагч А.Е-ийн өгсөн мэдүүлэг болон А.Е-ийн гаргаж өгсөн нотлох баримтууд нь худал мэтээр ялгавартай хандсан гэж дүгнэхээр байна. 2. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг" заасан байна.

Хуульд зааснаар гэрч А.Н-, яллагдагч С.А-, Б.Х-нар нэг гэр бүлийн гишүүд болохын хувьд хамаарал бүхий этгээд буюу нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүс учраас тэдгээрийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, гэрч А.Н-, яллагдагч С.А-, Б.Х-нар яллагдагч А.Е-ийг А.Н-ыг шинээр баригдсан цэцэрлэгийн үндсэн багшаар томилолгүй туслах багшаар томилсных нь төлөө “цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д мөнгө өгсөн” хэмээн эх сурвалж нь тодорхойгүй, эргэлзээтэй буюу субьектив байдлаар хандаж мэдүүлэг өгсөн болох нь харагдаж байна. Гэтэл шүүхээс тус хэргийг шийдвэрлэхдээ дээрх байдлаар эх сурвалж нь тодорхойгүй, эргэлзээтэй зөвхөн гэрч А.Н-, яллагдагч С.А-, Б.Х-нарын мэдүүлгийг голлон үнэлж шүүгдэгч А.Е-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн явдал болсон гэж үзэж байна. Дээрхээс дүгнэхэд Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд Хүүхдийн цэцэрлэгийн байр шинээр баригдсантай холбогдуулан А.Н-аас урьд өмнө гэр цэцэрлэгийн үндсэн багшаар 3 гаруй жил ажилласан туршлагатай учраас шинээр бий болсон 2 үндсэн багшийн орон тооны нэгэнд ажиллахаар өргөдөл гаргасан байсан, гэтэл цэцэрлэгийн эрхлэгч А.Е-нь ажилд горилогч А.Н-ы хувьд үндсэн багшийн орон тоонд тавигдах хуульд заасан болзол, шаардлагыг хангахгүй байсан тул аймаг, сумын Засаг даргын санал, малчны охин зэргийг харгалзан үзэж өөр ажил буюу туслах багшаар ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.Е-ийг “Таны охиныг ажилд оруулах боломжгүй боллоо, өөр орох хүмүүс зөндөө байна” гэж иргэний ажилд орох гэсэн хэрэгцээтэй нь холбогдуулан хясан боогдуулж, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед Улаанхус суманд шинээр байгуулагдсан хүүхдийн цэцэрлэгт А.Н-ыг цэцэрлэгийн үндсэн багшаар томилохоор урьдчилан амлаж, А.Н-ы аав С.А-аас 3,0 сая төгрөгийн хахууль авсан гэж үзэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байна. Гэтэл шүүхээс шүүгдэгч А.Е-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь дээрх байдлаар үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, яллагдагч А.Е-ийг цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч С.А-, О.С-, С.Г-болон шүүгдэгч С.А-, С.Г-нарын өмгөөлөгч Л.Намнансүрэн, шүүгдэгч А.Е-ийн өмгөөлөгч А.Серикжан нарын тус тус гаргасан давж заалдах гомдол, прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг шүүгдэгч А.Е-нь 2018 оны 11 дүгээр сарын үед, тус сумын 7 дугаар багт байрлах өөрийн гэртээ хахууль өгөгч С.А-, Б.Х-нарын “охин А.Н-ыг тус цэцэрлэгийн багшаар ажиллуулах” ашиг сонирхлын үүднээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.2 дахь заалтад заасан “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд тэдгээрээс 3.000.000 төгрөгийн хахууль авсан нь гэрч А.Н-ы мэдүүлэг[1], Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн а/12 дугаар “А.Н-ыг тус цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд түр томилох” тухай тушаал[2], тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн а/27 дугаар “А.Н-ыг цэцэрлэгийн туслах багшийн орон тоонд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүр авч ажиллуулах” тухай тушаал[3], 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ[4], яллагдагч С.А-[5], Б.Х-[6] нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

 

Түүнчлэн цэцэрлэгийн эрхлэгч буюу нийтийн албан тушаалтан А.Е-нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хахууль өгөгч С.А-ийн “эхнэр О.С-ийг тус цэцэрлэгийн ахлах тогоочоор ажиллуулах” ашиг сонирхлын үүднээс Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.2 дахь заалтад “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах” гэж заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд түүнээс 3.000.000 төгрөгийн хахуулийг 2.000.000 төгрөг, 1.000.000 төгрөгөөр хоёр хувааж авсан нь гэрч О.С-ийн мэдүүлгүүд[7], Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн а/9 дүгээр “О.С-ийг тус цэцэрлэгийн ахлах тогоочийн орон тоонд түр томилох” тухай тушаал[8], тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн а/25 дугаар “О.С-ийг тогоочийн орон тоонд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн бүр авч ажиллуулах” тухай тушаал[9] зэрэг хуульд заасан үндэслэл, журмаар хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх заалт, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийг нийтийн албан тушаалтанд хамруулан ойлгох ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн б/70 дугаар захирамжаар А.Е-ийг мөн өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд бүр томилж[10], түүнтэй 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

 

Иймд шүүгдэгч А.Е-ийн нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэж, хахууль өгөгч нарын ашиг сонирхлын үүднээс хуулиар тодорхойлсон албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд, хэрэгжүүлсний хариуд тус тус 3.000.000 төгрөгийн хахууль авсан үйлдлүүдийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, яллах дүгнэлтэд зааснаас хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугийн зарчмуудыг хангажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд А.Е-ийн дээрх гэмт үйлдлүүдийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолбол зохих бүхий л байдал нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

            Прокуророос шүүгдэгч А.Е-ийн үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, “энэ хуулийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг ... хясан боогдуулах аргаар үйлдсэн” гэх шинжээр нь хүндрүүлэн зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргээс С.А-, Б.Х-болон С.А- нар нь тус тус хясан богдуулсны улмаас аргагүй байдалд орж эрхлэгч А.Е-д хахууль өгсөн гэх, нөгөө талаар шүүгдэгч А.Е-нь тэдгээрт тохиолдсон аливаа хойшлуулшгүй шаардлага, тулгамдсан хэрэгцээ, үүссэн нөхцөл байдлыг ашиглаж, зайлшгүй хахууль өгөх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Е-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлтэй, хууль ёсны болжээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу долоон сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн хахууль авах гэмт хэрэг, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч А.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцсэн, хууль ёсны байх зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн шүүхээс шүүгдэгч А.Е-д холбогдуулан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг баримтлан түүний гэмт хэрэг үйлдэж олсон 6.000.000 төгрөгийн орлогыг түүнд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулахаар шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Иймээс “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, яллагдагч А.Е-ийг цагаатгаж өгнө үү” гэх өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Шүүгдэгч С.А-, Б.Х-нар нь 2018 оны 11 дүгээр сарын үед, тус сумын 7 дугаар багт байрлах А.Е-ийн гэрт очиж, бусдад буюу өөрийн охин А.Н-ыг ажилд томилуулах, түүнд давуу байдал бий болгох зорилгоор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг А.Е-ийн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.2 дахь заалтад “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах” гэж заасан албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн нь гэрч А.Н-ы мэдүүлэг, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн а/12, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн а/27 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн С.А-, Б.Х-нарын мэдүүлгүүдээр хангалттай тогтоогдсон байна.

 

Гэрч А.Н-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг танилцуулсан байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн гэж, тухайн нотлох баримтыг анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй.

 

Шүүх хөнгөн гэмт хэрэг үйлдсэн С.А-, Б.Х-нарын мөрдөн шалгах ажиллагааны эхнээс нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдал, бодит хохирол төлбөр тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүдэд нийцсэн, хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3. Шүүгдэгч С.А- нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр бусдад буюу эхнэр О.С-ийг ажилд томилуулж түүнд давуу байдал бий болгох зорилгоор Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчээр ажилладаг А.Е-ийн Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн 11.1.2 дахь заалтад “багш, ажилтныг сонгон авч ажиллуулах” гэж заасан албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахуулийг хоёр хувааж өгсөн нь гэрч О.С-ийн мэдүүлгүүд, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн а/9, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн а/25 дугаар тушаал зэрэг хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар бүрэн тогтоогджээ.

 

Шүүгдэгч С.А-ийн эхнэр О.С-ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хоёр удаа, 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр нэг удаа, нийт гурван удаа гэрчийн мэдүүлэг авахдаа түүнд тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байх тул тухайн нотлох баримтыг мөн хуулийн 16.11 дүгээр зүйлд зааснаар бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь нотлох баримтаар тооцохгүй байх, энэ хуульд зааснаар зөрчиж мэдүүлэг авсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй. Иймээс шүүх тухайн гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар бусад баримтуудтай харьцуулан үнэлж дүгнэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль ёсны байх зарчимд нийцсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч С.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үед гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон “эхнэрээ цэцэрлэгийн ахлах тогоочийн ажилд томилуулж, түүнд давуу байдал бий болгох зорилгоор цэцэрлэгийн эрхлэгчийн албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, гэм буруугийн зарчмуудад нийцсэн байна. С.А-ийн тухайн үйлдэл холбогдлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад нотолбол зохих бүхий л байдал нотлогдон тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу гурван сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний үйлдсэн хахууль өгөх гэмт хэрэг, тухайн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцжээ. Шүүх С.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, хохирлын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцсэн, хууль ёсны байх зарчмыг зөрчөөгүй байна.

 

Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгдэгч С.А-ийн, шийтгэх тогтоолын С.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах тухай түүний өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй тул дээрх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

4. Мөрдөгч 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр[11] гэрч Т.О-, О.С-, С.Г-нарын мэдүүлэг болон О.С-ийн ХААН банк дахь ХХХХХХХХХХ дугаар данснаас С.Г-гийн ХХХХХХХХХХ данс руу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “tushal” гэсэн гүйлгээний утгаар[12] 500.000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг иш үндэс болгон О.С- нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн түүнийг яллагдагчаар татах санал гаргасан, прокурорын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1913004070166 дугаар тогтоолоор дээрх нотлох баримтуудыг үндэслэн О.С-ийн “2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сард өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нөхөр С.А-ээр дамжуулан хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.3 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

 

Улмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 203 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч О.С-д холбогдох дээрх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ мөрдөгчийн санал, яллагдагчаар татах прокурорын тогтоолын үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаас гадна Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн а/9, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн а/25 дугаар тушаалуудыг үндэслэл болгожээ.

 

Шүүгдэгч О.С-ийн гэм буруугийн талаар түүний өгсөн гэрчийн мэдүүлгүүд болон ажил олгогчийн тушаалууд, С.Г-гийн ХХХХХХХХХХ данс руу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “tushal” гэсэн гүйлгээний утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт, гэрч Т.О-ын мэдүүлэг зэргийг үндэслэж, “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгч, хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүйгээс хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Яллагдагчаар татах тогтоол болон прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас, бодит байдлаар нь хянаж, хооронд нь харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч О.С-ийн хувьд “2018 оны 12 дугаар сар, 2019 оны 01 дүгээр сард өөртөө давуу байдал бий болгох зорилгоор нөхөр С.А-ээр дамжуулан хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн” гэх үйлдэл шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй байна.

 

Тухайлбал, яллах дүгнэлтийн үндэслэл болсон шүүгдэгч О.С-ийн эцэг Т.О-аас гэрчийн мэдүүлэг авахдаа түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн холбогдох хэсгийг танилцуулж, гарын үсэг зуруулсан бөгөөд түүний өгсөн мэдүүлэгт О.С-ийн дээрх үйлдэл холбогдлын талаар баримтат мэдээлэл агуулагдаагүй тул тус баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх, улмаар бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжилж дүгнэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн О.С-ийн ХААН банк дахь ХХХХХХХХХХ дугаар данснаас хадам ээж С.Г-гийн ХХХХХХХХХХ данс руу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “tushal” гэсэн гүйлгээний утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн үйл баримт болон цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн а/9, 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн а/25 дугаар тушаалуудаар О.С-ийг ажилд томилсон гэх баримтат мэдээллүүд нь дангаараа болон бүхэлдээ түүний цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д хахууль өгсөн гэх үйлдлийг нотлохгүй юм.

 

О.С-ийн нийт гурван удаа өгсөн гэрчийн мэдүүлэгт “...Бид эхэнд өргөдөл өгөх үед хамт 2 сая төгрөг өгсөн боловч А.Е-намайг ажилд авахгүй, мөнгө төгрөг авахгүй гэж буцааж өгсөн, тэгээд дараа нь нөхөр маань иргэн А.Е-д 2 сая төгрөг өгч намайг ажилд оруулсан. ... тэр үед надаас нийт 3 сая төгрөг авч ахлах тогоочоор түр тушаал гаргаж байсан... Би ажилд орохоос өмнө нөхрөөр дамжуулан 2 сая төгрөгийг А.Е-д өгсөн ба 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр тушаал гарах үед 1 сая төгрөгийг нэмж өгсөн, нийт 3 сая төгрөг өгсөн” гэж мэдүүлж байгаа боловч түүний уг “гэрчийн мэдүүлэг” нь дангаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.С-ийг яллах үндэслэл болохгүй.

 

Нөгөө талаар О.С-ийн өөрийнх нь гэрчээр өгсөн мэдүүлгүүдийг үндэслэж түүнд холбогдуулан мөрдөгчөөс эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах санал гаргасан, прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, улмаар тус мэдүүлгүүдийг нь яллах талын нотлох баримтаар тооцож яллах дүгнэлт үйлдсэн, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болгосон нь тус тус хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг О.С-д танилцуулж, гарын үсэг зуруулсан боловч “тусгайлан тайлбарлаж өгөөгүй” тул түүний урьд өмнө өөрийнх нь эсрэг өгсөн мэдүүлгийг яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэх, гэм буруутайд тооцохдоо үндэслэл болгосныг О.С-ийн хувьд мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.” гэж заасан хязгаарлалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан шүүгдэгч О.С-тэй холбоотой “цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д хахууль өгсөн” гэх дүгнэлт нь анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй, тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн, түүний үйлдэлд гэмт хэргийн шинжтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар шийтгэх тогтоолын шүүгдэгч О.С-д холбоотой хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар хэрэгсэхгүй болгож, О.С-ийг цагаатгаж шийдвэрлэв.

 

“Гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай О.С-ийн, “шийтгэх тогтоолын О.С-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”  талаар гаргасан өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлтэй байх тул тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

5. Мөрдөгч 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр[13] гэрч Т.О-, О.С-, С.Г-нарын мэдүүлэг болон О.С-ийн ХААН банк дахь ХХХХХХХХХХ дугаар данснаас С.Г-гийн 5190137075 данс руу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “tushal” гэсэн гүйлгээний утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн болон С.Р-ы ХААН банк дахь ХХХХХХХХХ дугаар данс руу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөгийн орлого хийгдээгүй гэх нөхцөл байдлыг иш үндэс болгон С.Г-гийн хувьд “хүү С.А-ийн бусдад давуу байдал бий болгох зорилгоор цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэлд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн” гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэн түүнийг яллагдагчаар татах санал гаргасныг прокурорын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1913004070166 дугаар тогтоолоор[14] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлаж, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

 

Прокурорын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 203 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч С.Г-д холбогдох “хүү С.А-ийн бусдад давуу байдал бий болгох зорилгоор тус сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 3.000.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдэлд урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлсэн” гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлаж, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Прокурорын яллах талын нотлох баримтаар тооцож, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтийн үндэслэл болгосон О.С-, Т.О-нарын гэрчээр өгсөн, А.Е-, С.А-, О.С-, С.Г-нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдийн аль алинд нь С.Г-гийн холбогдсон дээрх үйлдэл холбогдлын талаар, түүнд хамаарах, ач холбогдолтой гэж үзэхээр ямар ч баримт мэдээлэл тусгагдаагүй бөгөөд яллах дүгнэлтийн үндэслэлээс үзвэл[15]:

  1. О.С-ийн ХААН банк дахь ХХХХХХХХХХ дугаар данснаас С.Г-гийн 5190137075 дугаар данс руу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “tushal” гэсэн гүйлгээний утгаар 500.000 төгрөг шилжүүлсэн үйл баримтыг;
  2. С.Г-гийн ХААН банк дахь ХХХХХХХХХ дугаар данснаас 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр /ажлын цаг дуусаж, гүйлгээ хаагдсан гэх/ оройн 20:21 цагийн үед 500.000 төгрөгийн бэлэн мөнгө зарлагадсан ба хэрэв хүү С.Р-д мөнгө шилжүүлсэн байсан бол АТМ-ээс бэлнээр гаргаж авахгүйгээр, С.Р-ы ХААН банк дахь ХХХХХХХХХХ дугаар данс руу шууд шилжүүлэх боломжтой байсан;
  3. Иргэн С.Р-ы ХААН банк дахь ХХХХХХХХХХ дугаар данс руу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны үед 500.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдээгүй зэрэг нөхцөл байдлуудыг үндэслэж С.Г-г яллахдаа прокуророос хийсэн эдгээр дүгнэлтүүд нотлох баримтад биш таамаглалд үндэслэгдсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх, 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчмуудыг ноцтой зөрчсөн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж хууль ёсны байх зарчмын агуулгыг хуульчилсан бөгөөд мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг үндэслэж тогтоох үүрэгтэй.

 

Гэтэл мөрдөгч, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт ач холбогдол бүхий, нотолбол зохих нөхцөл байдлуудыг нотлох баримтуудаар тогтоох ёстой байтал, С.Г-нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй байхад “О.С-ийн хадам ээж С.Г-гийн дансанд “tushal” гэсэн утгаар шилжүүлсэн 500.000 төгрөгөөр С.Г-нь “урьдчилан амлаж, С.А-ийн эрхлэгч А.Е-д хахууль өгсөн санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэх, “уг 500.000 төгрөгийг хүү М.Р-д өгөх байсан бол АТМ-ээс бэлнээр гаргаж авахгүйгээр шууд түүний дансанд шилжүүлэх боломжтой байсан, гэтэл тухайн цаг мөчид С.Р-ы дансанд 500.000 төгрөгийн орлого ороогүй” гэх дүгнэлтийг үндэс болгож С.Г-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 30.17 дугаар зүйл, 32.3 дугаар зүйл, 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт,  32.10 дугаар зүйлийг тус тус зөрчсөн байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч С.Г-гийн гэм буруугийн талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “урьдчилан амлаж, шүүгдэгч С.А- бусдад давуу байдал бий болгох зорилгоор цэцэрлэгийн эрхлэгч А.Е-д хахууль өгөх санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон” гэж дүгнэн, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаж, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар үнэлээгүйгээс шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгч С.Г-нь гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдоогүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн зарчимд нийцээгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар, ялангуяа прокурорын яллах дүгнэлтэд яллах талын нотлох баримтад тооцсон нотлох баримтуудад “шүүгдэгч С.Г-нь урьдчилан амлаж, хүү С.А-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг санаатай үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн” гэх хууль зүйн болон бодит үндэслэл тогтоогдоогүй, хэрэгт тийм баримтат мэдээлэл агуулсан нотлох баримт байхгүй байна. О.С-ийн ХААН банк дахь ХХХХХХХХХХ дугаар данснаас С.Г-гийн ХХХХХХХХХХ дугаар данс руу 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “tushal” гэсэн гүйлгээний утгатай 500.000 төгрөг бэлэн бусаар шилжүүлсэн үйл баримт  нь дангаараа С.Г-г урьдчилан амлаж, хүү С.А-ийн санаатай үйлдсэн хахууль өгөх гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсоныг нотлон тогтоохгүй тул тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бусад нотлох баримтуудтай харьцуулан үнэлэх, дүгнэх хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Иймээс прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан шүүгдэгч С.Г-д холбогдох хахууль өгөх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэх дүгнэлт нь хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдоогүй, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар шийтгэх тогтоолын шүүгдэгч С.Г-д холбоотой хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар хэрэгсэхгүй болгож, С.Г-г цагаатгаж шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

“Гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар гаргасан С.Г-гийн, “шийтгэх тогтоолын С.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”  талаар гаргасан түүний өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн давж заалдах гомдлууд хууль зүйн үндэслэлтэй тул тус тус хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

            6. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын эсэргүүцэлд заасан “шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт гарсан “2012” гэсэн техникийн шинжтэй алдааг зөвтгөх” тухай үндэслэл нь прокуророос эсэргүүцлээ 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасны дараа Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/32 дугаар шүүгчийн захирамж гарч, шийтгэх тогтоолын удиртгал хэсгийн огноог “2012” гэж бичсэн техникийн шинжтэй гарсан алдааг “2020” гэж залруулснаар биелэгдсэн байна. Цаашид анхан шатны шүүхийн гаргасан ийм төрлийн техникийн шинжтэй алдааг залруулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч тухайн шатны шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлж байвал зохино.

            Харин прокурорын яллах дүгнэлтийн “анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Е-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлаагүй буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах” тухай хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

            Шүүгдэгч А.Е-ийн хахууль авсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хоёр жилээс таван жил” гэснийг “таван жилээс найман жил” гэж өөрчилсөн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно. Энэ талаар болон шүүгдэгч А.Е-ийн үйлдэл 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хангалттай дүгнэсэн бөгөөд шүүх хуульд зааснаар тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн тохиолдолд мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч А.Е-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуулийг буцаан хэрэглээгүй, харин тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг хэрэглэснийг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 дахь заалтын шүүгдэгч О.С-, С.Г-нарт холбогдох зарим хэсгийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас О.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С.Г-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтаар тус тус гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, О.С-, С.Г-нарыг цагаатгаж, О.С-, С.Г-нарын давж заалдах гомдлыг болон шүүгдэгч С.А-, С.Г-нарын өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн давж заалдах гомдлын О.С-, С.Г-нарт холбогдох хэсгийг хангаж, прокурорын эсэргүүцлийн зарим заалт биелэгдсэнийг дурдаж, үлдсэн хэсгийг болон шүүгдэгч С.А-, шүүгдэгч А.Е-ийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.С-, С.Г-нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад зааснаар О.С-, С.Г-нарын хувьд энэ хэргийн улмаас хураасан, битүүмжилсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг баримтлан О.С-, С.Г-нар өөрт хохирол учирсан гэж үзвэл Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд заасан хугацаанд, мөн хуулийн 498 дугаар зүйлд зааснаар хохирлоо нөхөн төлүүлэхээр өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг тэмдэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                           Н.ТУЯА

 

                                                            М.НЯМБАЯР

           

 

 

[1] Хэргийн 1 дүгээр хавтасны 19 дүгээр тал.

[2] Хэргийн 1 дүгээр хавтасны 65 дугаар тал.

[3] Хэргийн 1 дүгээр хавтасны 66 дугаар тал.

[4] Хэргийн 1 дүгээр хавтасны 84 дүгээр тал.

[5] Хэргийн 3 дугаар хавтасны 83 дугаар тал.

[6] Хэргийн 3 дугаар хавтасны 241 дүгээр тал.

[7] Хэргийн 1 дүгээр хавтасны 5-7, 3 дугаар хавтасны 18 дугаар тал.

[8] Хэргийн 1 дүгээр хавтасны 59 дүгээр тал.

[9] Хэргийн 1 дүгээр хавтасны 60 дугаар тал.

[10] Хэргийн 2 дугаар хавтасны 166-167 дугаар тал.

[11] Хэргийн 3 дугаар хавтасны 184 дүгээр тал.

[12] Хэргийн 2 дугаар хавтасны 249 дүгээр талын арын нүүр.

[13] Хэргийн 3 дугаар хавтасны 191 дүгээр тал.

[14] Хэргийн 3 дугаар хавтасны 194 дүгээр тал.

[15] Хэргийн 4 дүгээр хавтасны 3 дугаар тал.