| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0041/э |
| Дугаар | 2025/ШЦТ/45 |
| Огноо | 2025-04-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Ч.П түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Ч-ын Пид холбогдох эрүүгийн 2517000000043 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ОСО ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн ........ сумын ...... дугаар баг, ............. хотхон ......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэгдэж байсан, Б овогт Ч-ын П /РД:.........../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Ч.П нь 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр гэрлэн дохионы хойд талын явган хүний зам дээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ц.Уийг “ажил дээрээ илүү цагаар ажиллалаа, мөн тамхины мөнгө шидсэн” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гараараа цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед дээд уруулын дотор салстанд цус хуралт, зүүн дээд 1,2-р шүдний сулрал гэмтэл бүхий гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн орчимд Сүмбэр сум 3 дугаар баг, 9 дүгээр байр 33 тоот гэртээ ганцаараа 0,5 литрийн архи уусан. Тухайн үед эхнэр Ц У нь ажлаасаа ирэхгүй байсаар оройн 22:00 цаг болсон манай эхнэрийн ажил 17:00 цагт тараад гэртээ ирдэг хүн тухайн өдөр гэртээ ирэхгүй байсан болохоор би гэрээсээ гарч эхнэрийн ажил руу явсан. Би эхнэрийн ажил руу явах замдаа Аймгийн нэгдсэн эмнэлгийн хойд талд байдаг хамаатны айлаас охин П.У-г авч эхнэртэйгээ уулзахаар түүний ажилдаг нэгдсэн эмнэлэг рүү орсон намайг ороход 23:00 цаг болж байсан. Би нэгдсэн эмнэлгийн 4-р давхарт гарч эхнэртэйгээ уулзахад Ц.У нь “Би ажилтай байна, харих болоогүй гэж хэлсэн” би харин Ут хандаж “Чи яахаараа ийм орой хүртэл ажиллаж байдаг юм, одоо гэртээ харья, би дарга нартай чинь ярина” гэж хэлж хоорондоо хэсэг маргалдсан. Эхнэр Ц.У, охин П.У бид 3 гэртээ харихаар эхнэрийн ажпаас гарч такси барих гэсэн боловч такси олдоогүй тул Сүмбэр сум 3-р баг 9-р байр луу алхаж явсан. Бид 3 Сүмбэр сум 3-р багийн нутаг дэвсгэр гэрлэн дохионы уулзварын хойд талын явган хүний шороон зам дээр явж байх үедээ би Ц.Угэй ажлаасаа эрт тарж ирээгүй, орой хүртэл ажлаа хийсэн, тамхины мөнгө асуухад Ц.У нь 20,000 төгрөг шидэж тамхиа авч тат гэж хэлсэн бид 2 энэ шалтгааны улмаас хоорондоо бага зэрэг маргалдаж би уурандаа Ц.Уийн уруул орчимд баруун гараараа 1 удаа цохиж У газар унсан Ц.Уийн амнаас нь цус гараад газар дусаад байсан. Тэгээд дараа нь бид 3 гэртээ харисан өөр ямар нэгэн байдлаар хэрүүл маргааны зүйл болоогүй....гэсэн мэдүүлэг. /хх-ийн 65 хуудас/
2. Хохирогч Ц.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23цагийн орчимд Аймгийн нэгдсэн эмнэлгийн 4 давхарт асрагчийн ажлаа хийж байсан. Манай нөхөр Ч.П нь тухайн өдөр архи уучихсан байсан болохоор би гэртээ харихгүйгээр ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан чинь манай нөхөр Ч.П нь манай ажил дээр хүрч ирээд “Чи яахаараа ийм орой хүртэл ажиллаж байдаг юм, одоо гэртээ харья, би дарга нартай чинь ярина” гэж хэлээд намайг дагуулан ажлаас гарч явсан. Ч.П нь ирэхдээ охин Урангоо /7 настай/ дагуулан ирсэн бид 3 тухайн үед такси олдоогүй тул Сүмбэр сум 3-р баг 9-р байр луу гэртээ харихаар нэгдсэн эмнэлгээс Хонхор руу алхаж яваад Хонхорын 4 замын гэрлэн дохио өнгөрч явган хүний зам дээр алхаж байх үед нөхөр Ч.П нь надаас тамхи нэхээд, тамхи аваад өг гэхээр нь би цүнхнээсээ тамхины мөнгө гаргаад шидсэн чинь уурласандаа миний уруул орчмын хэсэгт баруун гараараа 1 удаа цохиж намайг газар унгаасан. Би харин зөрүүлэн зодож цохисон зүйл байхгүй миний амнаас цус гараад тогтохгүй байсан тэгээд хэсэг хугацааны дараа цус тогтож П, охин Урангоо бид 3 гэртээ харисан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13 хуудас/
3. Насанд хүрээгүй гэрч П.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ 2025 оны 03-р сарын 27-ны өдөр би аав ээж хоёрын хамт ээжийн ажилладаг нэгдсэн эмнэлгээс гараад гэртээ харихаар Сүмбэр сум 3-р баг Найрамдал хотхон 9-4-3 тоот гэр лүүгээ явж байх замдаа Хонхорын гэрлэн дохионы уулзвар өнгөрөөд замын хойд талын явган хүний шороон замаар бид 3 явж байх үедээ манай ээж аав хоёр юунаас болж маргалдсаныг нь би мэдэхгүй байна хоорондоо маргалдсан тэгээд аав уурлаж байгаад ээжийн нүүр орчмын хэсэгт 1 удаа гараараа цохих шиг болсон надад өөр харсан зүйл байхгүй бид 3 тэгээд гэртээ хариад унтаж амарсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/
4. Шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар дүгнэлтэнд:
Ц.Уийн биед дээд уруулын дотор салстад, доод уруулын дотор салстад цус хуралт, зүүн дээд 1,2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 20 хуудас/
5. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, /х.х-ийн 34, 38-41 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ч.П нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Ц.Уийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж заасан байна.
Иймд шүүгдэгч Ч.Пийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ч.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.П нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна. Шүүгдэгч Ч.П болон түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Пийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Пийн өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.У, насанд хүрээгүй гэрч П.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 98 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Мөн шүүгдэгч Ч.П нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Ч.П нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч нь ахуйн хүрээнд архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэснээс үүдэлтэй байна.
Шүүгдэгч Ч.П нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ч.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Прокуророос шүүгдэгчийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Ч.П нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв
Шүүхээс шүүгдэгч Ч.Пийн хувийн байдлыг харгалзаж улсын яллагчаас гаргасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах саналыг хүлээн авч 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2517000000043 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Ц.У нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Шүүгдэгч Ч.П нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ч-ын Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пийг 700 /долоон зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Пид оногдуулсан 700 /долоон зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700 000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.П нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ