Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/47

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,

улсын яллагч Н.А,

шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Дорнод аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т нар овогт Ж-н Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т нар овогт Ж-н Т, Б овогт Ө-н Э, Т овогт Г-ын Н нарт холбогдох эрүүгийн 2421003170057 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын ***-нд ** аймгийн ** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт д*** аймгийн Х*** сумын *** дугаар баг, ****тоотод оршин суух албан ёсны хаягтай /одоо У**** хот, Х***, **** дугаар хороо, **** дугаар сургуулийн хажуугийн барилгын хашаанд түр оршин суух хаягтай/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т нар овогт Ж-н Т /РД: МЗ/,

Монгол Улсын иргэн, 19*** оны ** дугаар сарын **-нд Б** аймгийн Р** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт У***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б** овогт Ө-н Э /РД: ГП**/,

Монгол Улсын иргэн, 19*** оны ** дугаар сарын **-нд О*** аймгийн Б*** суманд төрсөн, *** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, нярав мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт ****оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т-н овогт Г-ын Н /РД: ФА***/,

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Ж овогтой Т нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны хооронд “И” ресторанд захиалга өгсөн нэр бүхий 6 иргэний урьдчилгаа төлбөр болох 10 056 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5001424875 дугаарын дансаар шилжүүлэн авч өөрийн өмчийн адилаар захиран зарцуулж хохирогч Ш.Гд 10 056 000 төгрөгийн хохирол учруулж завшсан,

Мөн Ж овогтой Т нь Г.Н, Ө.Э нартай бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Малхын талд Сайн ус гэх газарт оршин суух хохирогч Г.А-ийн гэрт 2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө хохирогчийг "Эмэгтэй хүнд гар хүрлээ" гэсэн шалтгаанаар түүний толгой, нүүр, цээжин тус газруудад хөлөөрөө өвдөглөж, тохой болон гараараа олон удаа цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн оройгоор тархмал зулгаралт, нүүрэнд тархмал зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Ө овогтой Э нь Г.Н, Ж.Т нартай бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Малхын талд Сайн ус гэх газарт оршин суух хохирогч Г.А-ийн гэрт 2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө хохирогчийг "холд" гэж хэлээд өөрийг нь түлхсэн үйлдэлд бухимдан түүнийг орон дээр дарж хэвтэж байгаад нүүрэн тус газар нь 4-5 удаа цохисон, мөн гарыг нь хазсаны улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн шуунд хазагдсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд тархмал зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Г овогтой Н нь Ө.Э, Ж.Т нартай бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Малхын талд Сайн ус гэх газарт оршин суух гэртээ 2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө хохирогч буюу өөрийн нөхөр Г.А-ийг "хонь мал маань айлын хоньтой нийллээ" гэж босгох гэсэнд нь дургүйцэж, түүнийг орон дээр сууж байхад нь хөлөөрөө өшиглөн унагааж, улмаар түүний дээр сууж нүүр орчим руу гараараа олон удаа цохих, маажих зэргээр зодсон, мөн үснээс нь зулгааж толгойг нь газарт мөргүүлсний улмаас хохирогчийн биед тархи доргилт, цээжний зүүн талд хазагдсан шарх, нүдний зовхинд цус хуралт, толгойн оройгоор тархмал зулгаралт, нүүрэнд тархмал зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нарт холбогдох эрүүгийн 2421003170057 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Ж.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2024 оны 05 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Дорнод аймгийн “О” ХХК-д нягтлан бодогч болон зохион байгуулагчаар ажиллаж байхдаа өөрийн хувийн шалтгаанаар мөнгө завшсандаа гэмшиж байна, үүнийгээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид учруулсан өр төлбөрөө бүгдийг нь барагдуулсан. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр аль аль талдаа тохиролцсон боловч хүн зодсон хоёр дахь хэрэгтэйгээ холбогдуулан хэргийг шүүх хурлаар оруулсан гэж ойлгож байна, 2 дахь хэрэг болох Говьсүмбэр аймгийн Малхад болсон хэрэг дээр би прокурор болон байцаагчдаа ч гэсэн өөрийнхөө мэдүүлгийг болон болсон явдлуудыг хэлсэн. Яллах дүгнэлт дээр хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байгаад байгаа юм, үүнийг удаа дараа өөрийнхөө гараар цаасаар бичиж өгсөн. Сүүлд Дорнод аймгийн прокурорт хэлэхэд шүүх хурал дээрээ дахин танилцуулаад шүүхээр шийдвэрлэнэ, 2 дахь хэрэг болсон хэргийн шүүхэд шүүх хурал нь болно гэж яллах дүгнэлт авахад хэлсэн. Энэ хэрэг дээр өөрийгөө өмгөөлж хэлэхэд мөрдөн байцаагчдаа бас хэлж байсан бид нарыг бүлэглэсэн гээд байгаа юм, бид нар яг нэг хугацаанд гурвуулаа байж байгаад тэр хүнд гар хүрсэн зүйл байхгүй. Би өөрийнхөө хараагүй хэсгийг ярьж чадахгүй болохоор яг ойлгосноороо хэлбэл Нтай, А хоёр зодолдсон, дараа нь Э Атэй зодолдоод араас нь би ороход энэ хоёр намайг хараад болиод суусан, А намайг түрүүлж цохиод миний хамраас цус гаргасан, гэрчүүд ч гэсэн энэ талаар мэдүүлсэн, тухайн үед би согтуу байсан болохоор буцааж цохиод юу болсон талаар тодруулахад эмэгтэй хүмүүст уураа гаргасан, наадах чинь ингэсэн тэгсэн гэж сонсоод толгойн тус газар нь хоёр удаа цохисон гэв.

  1. Шүүгдэгч Ө.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

О, Н хоёр найз гээд манай найзынх руу явъя гээд бөөнөөрөө хамт ирсэн. Хохирогч Аийг салгаад орон дээр нь би дарчихсан хэвтэж байсан чинь намайг өшиглөөд унагаачихсан. Намайг үсдээд дарчихаар нь би өөрөөсөө холдуулах гээд нүүр лүү нь 2-3 цохисон. Би уг нь тэр хоёр хүүхдэд нь хэлсэн, ахыг чинь зодоогүй, ах чинь өөрөө дайраад байна, миний дүү нар байж бай эгч нь салгаж байна гээд зөндөө хэлсэн. Тухайн үед нэлээн согтолтой байсан. Хохирогчийн нүүр хэсэгт нь 2-3 цохисон. Би тэгж хүн хазаад байх шүдтэй хүн биш. Урд талын шүднүүд хорхой идчихсэн, ломботой, ломбо нь хөдөлчихсөн. Бүлэглэж зодоогүй шүү дээ, би салгаж байгаад өөрөө цохиулсан болохоор цохисон гэв.

  1. Шүүгдэгч Г.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогч Атэй гэр бүлээ батлуулсан. Бид хоёрын харилцаа Ерөнхийдөө гайгүй, уухаараа тавьтаргүй байдаг. Би өмнө нь нөхрөө зодож байгаагүй. Нөхөр намайг зодож байсан. Тухайн үедээ найз, нөхөд нь ирээд намайг дээрэлхсэн гэдэг үүднээс чадах гэсэн санаагаар нэлээн нэмж мэдүүлэг өгсөн байсан. Тухайн үед бид нар өглөө үүрээр унтсан. Унтаад удаагүй байсан чинь “мал нийллээ сэрээдхээч” гээд байсан. Тэгэхээр нь “за одоохон байж бай” гэсэн чинь намайг есөн шидээр хэлээд эхлээд намайг цохисон. Миний нүүр, толгой хэсэгт цохисон. Тухайн өдөр нэлээн уур хүрчихсэн, толгой тархи руугаа цохиулчихсан. Найзуудыг болон намайг хүртэл элдэв янзаар хэлээд байхаар нь тэгсэн. Бүлэглэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна гэв.

4. Хохирогч Ш.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

...Ж.Т нь хувь хүн, хамт олны нэрээр нийт 5 захиалга авч, урьдчилгаа мөнгөө өөрийн дансандаа байршуулж хувьдаа завшсан үйлдэл гаргасныг олж мэдээд цагдаагийн байгууллагад хандаж байна. Өнөөдрийн байдлаар мэдэгдэж байгаа нь л энэ 5 захиалга. Цааш шалгаад явах юм бол өөр олон захиалга авч захиалгын урьдчилгаа мөнгийг хувьдаа завшсан нь тогтоогдох байх. Иймд уг этгээдийг яаралтай олж, хуулийн дагаа шалгаж, хохиролыг барагдуулж өгнө үү гэж хүсч байна...

Миний бие одоо уг хэрэгтэй холбоотой гаргах гомдол санал байхгүй. сэтгэцийн хор уршгийн шинжилгээ хийлгэхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй. Ж.Т нь нийт 10 056 000 төгрөгийг төлж барагдуулсан. Миний хувьд цаашид нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 32-33, 36-37, 40 дүгээр хуудас/,

5. Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1 000 000 төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 500 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Ингээд 2004 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн захиалга авч дээрх байдлаар урьдчилгаагаа шилжүүлсэн. Тэгээд үлдэгдэл мөнгөө өгөх гээд Т руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд ажил дээр нь очоод уулзах гэтэл Т байхгүй, харин захирал нь "манайд ажилладаг Т нь таны захиалгын мөнгийг өөртөө аваад ашигласан байна, тэрээр одоо зугтаад явсан, цагдаад өгсөн байгаа" гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 42 дугаар хуудас/,

6. Гэрч Э.Ж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Т над руу залгаад "07 дугаар сарын 03-ны өдөр танай захиалгыг авах боломжтой юм байна, та урьдчилгаа мөнгө гэж 1 500 000 төгрөг шилжүүлэх ёстой" гээд над руу 5001424875 гэсэн дансны дугаарыг мессежээр явуулахаар нь би уг данс руу өөрийн 5002005582 тоот данснаас "7.3nii 12r surguuli" гэсэн гүйлгээний утга бичиж 500 000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед надад 500 000 төгрөг л байсан тул үлдэгдэл мөнгийг нь нөгөө ангийнхнаасаа цуглуулж 2024 оны 06 дугаарх сарын 05-ны өдөр 5001424875 тоот данс руу "7.3nii 12: surguuli" гэсэн гүйлгээний утга бичиж 1,000,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тус компанийн нягтлан бодогч Т нь захиалгын дагуу гэрээ хийнэ, ирж гэрээгээ хийгээрэй гэж хэлж байсан. Тэгээд би тэрнээс хойш гэрээгээ хийх гээд ажил дээр нь хэд хэдэн удаа очиход Т нь ажил дээрээ байдаггүй байсан. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр захиралтай нь уулзахад манай нятлан бодогч Т нь ажиллахгүй байгаа, танай захиалгыг аваад мөнгийг нь байгууллагын данс руу шилжүүлэх ёстой байсан, шилжүүлээгүй, та нарын мөнгийг аваад явчихсан байна гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 дүгээр хуудас/,

7. Гэрч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Ж.Т гэсэн Хаан банкны 5001424875 гэсэн данс руу "6.23nii usnii nair 99666716" гэсэн гүйлгээний утгатайгаар 700 000 төгрөг шилжүүлсэн. Ингээд 06 дугаар сарын 23-ны өдөр дөхөөд Т руу хүлээн авалтын бэлтгэл ажил юу болж байгааг лавлахаар утас руу залгасан боловч нэг хэсэг утас нь холбогдохгүй байсан. Ингээд би өөрийн биеэр О ХХК дээр очиж уулзахад “манай байгууллагад ийм захиалга орж ирээгүй” гэж хэлсэн. Тэгээд би захиралтай нь уулзахад "манай нягтлан бодогч Т нь хүмүүсийн захиалга хүлээн авч мөнгийг нь өөрийнхөө данс руу хийгээд одоо алга болчихоод байна" гэж хэлсэн. Тэгээд би захиралтай нь тохиролцож тогтсон хугацаандаа үсний найраа хийхээр болсон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46 дугаар хуудас/,

8. Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

"И" ресторан дээр очиж уулзахад Т гэх ажилтан нь бүртгэж аван урьдчилгаа 2 000 000 шилжүүлчих гэсний дагуу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1 000 000 төгрөгийг 5006271571 тоот данснаас Т гэсэн 5001424875 тоот дансанд, 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөн тус данс руу 1 000 000 төгрөгийг тус тус шилжүүлж, 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүүхдүүдийн хүлээн авалтыг зохион байгуулахаар тохиролцсон. Ингээд хүлээн авалтын өдөр дөхөөд үлдэгдэл мөнгө төгрөгөө тохирохоор Т руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд ажил дээр нь очоод уулзах гэтэл Т байхгүй, харин захирал нь “манайд ажилладаг Т нь таны захиалгын мөнгийг өөртөө аваад ашигласан байна, тэрээр одоо зугтаад явсан, цагдаад өгсөн байгаа" гэж хэлсэн. Мөнгийг эргүүлэн аваагүй, харин захиралтай нь тохиролцоод захиалгыг баталгаажуулж нэмж мөнгө өгөөд хүлээн авалтын үйлчилгээг хэвийн явуулж дуусгасан. Тэгэхээр надад тухайн мөнгийг эргүүлэн авах шаардлагагүй, хохирол учирсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 49-50 дугаар хуудас/,

9. Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

манай эхнэр Н миний цээж рүү 2 хөлөөрөө тийрсэн, тэр үед нь би ширээн дээр унаад хажууд нь байсан сандалыг толгойн баруун хэсгээр мөргөсөн. Тэгтэл миний толгой өвдөөд босч чадахгүй хэвтэж байтал Н хүрч ирээд миний үснээс зулгаагаад толгойн дагз хэсгээр газар мөргүүлээд байсан, би яг хэдэн удаа мөргүүлснийг мэдээгүй, нэлээд олон удаа газар мөргүүлсэн. Тэгэхээр нь би түүнд хандан "болиоч чи, тэнэг юм уу, хаашаа юм бэ?" гэж хэлсэн чинь Н "чи намайг амьдралгүй гэлээ" гээд орилж хашхираад байсан, тэр үед гаднаас Нын найз нь гэх гэрийн гадаа майханд унтаж байсан эрэгтэй, эмэгтэй 2 хүн орж ирсэн. Тухайн хүмүүсийн эмэгтэй нь улаан өнгийн сортой үстэй, намхан биетэй хүн байсан, харин эрэгтэй нь өндөр, туранхай биетэй, шар царайтай залуу байсан, би тухайн хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн хүмүүс гэрт орж ирээд юу болоод байгаа талаар асуухад манай эхнэр Н тэд нарыгаа харчихаад бүр их уурлаад миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа маажиж самардсан. Тэгэхээр нь би эхнэрийгээ өөрөөсөө холдуулах гээд ноцолдож байтал гаднаас орж ирсэн эмэгтэй бид нарыг салгах гээд бидний дундуур орсон боловч тэр эмэгтэй манай эхнэрийг дийлэхгүй байсан. Харин намайг барьчихаад тавихгүй байсан, тэр үед нь манай эхнэр Н миний нүүр, толгой орчим самардаад, модон сандалаар толгой руу хэд хэдэн удаа цохисон, би сандалаар хэдэн удаа цохисныг нь санахгүй байна. Тэгээд гаднаас орж ирсэн эмэгтэй нь намайг тэвэрчихээд байхаар нь “эхнэр бид хоёр учраа олчихно, чи холдож бай гэж хэлээд тухайн эмэгтэйг өөрөөсөө холдуулах гээд түлхтэл тэр эмэгтэй хойшоо болохдоо гэрийн багана, юм уу, ор хоёрын нэгийг мөргөчихсөн юм шиг байна лээ, тэр үед нөгөө эмэгтэй "чи намайг зодлоо" гээд орилоод над руу дайрч байх үед, түүнтэй хамт байсан эрэгтэй хүн хүрч ирээд “чи яагаад эмэгтэй хүн зоддог юм бэ” гэж хэлээд миний зүүн талын шанаа орчим гаpaapaa 1 удаа цохисон, тэгэхээр нь би “чи давраад байгаарай" гэж хэлээд тухайн эрэгтэй рүү дайртал манай эхнэр болон нөгөө эмэгтэй хүн нар миний хоёр гарнаас бариад газар унагаагаад дээрээс дарчихсан байх үед нөгөө эрэгтэй хүн нь миний хүзүү орчим хөлийнхөө өвдөгөөр өвдөглөсөн. Мөн толгой руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд би ноцолдож байгаад босч ирэхээр нөгөө эрэгтэй хүн нь надаас холдчихдог юм, тэгэхээр нь би нөгөө эрэгтэй хүн рүү очих гэхээр манай эхнэр, нөгөө эмэгтэй нар нийлээд намайг бариад газар унагаагаад дээрээс дарчихсан байх үед нөгөө эрэгтэй хүн нь “би чамайг алчихсан байхад аргагүй хамгаалалт гээд үсрээд 2-3 жил л сууна, хэрэг яландаа биш хэлэх үгэндээ байдаг юм гэж хэлээд миний толгой, нүүр орчим өвдөглөөд байсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 195-196, 198, 199 дүгээр хуудас/,

10. Насанд хүрээгүй гэрч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

А ахыг орон дээрээ сууж байхад Н эгч 2 хөлөөрөө А ахын цээж хэсэгт нь жийсэн чинь А ах унахдаа ардаа байсан ширээ рүү нуруугаараа унаад, хажууд нь байсан сандалыг толгойгоороо мөргөж унасан. Тэгсэн чинь А ах "Ёоёо" гээд хэвтэж байсан чинь Н эгч босч ирээд А ахын дээр нь гарч суугаад 2 гар дээр нь 2 хөлөө тавьчихаад "би чамд байж бай гэж хэлсэн биз дээ" гэж хэлээд А ахын нүүр, толгой орчим нь аймар олон удаа цохисон, мөн А ахын үснээс нь гараараа зулгааж байгаад толгойг нь газар саваад байсан, бас сандалаар толгой орчим цохиод байсан, тухайн сандалнаас нь хадаастай мод унасан чинь түүгээр нь бас толгой руу нь цохиод байсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 202-203 дугаар хуудас/,

11. Насанд хүрээгүй гэрч Т.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

А ахыг орон дээрээ буруу хараад сууж байхад нь Н эгч араас нь өшиглөөд унагаасан. Тэр үед нь А ардаа байсан ширээ рүү нуруугаараа унаад, босох гээд оролдож байхад нь Н эгч босч ирээд А ахын дээр нь гарч суугаад "гайтай юм хонь мал чинь надад хамаагүй" гэж хэлээд А ахын нүүрийг гараараа самардаж байгаад дараа нь нүүр, толгой орчим нь аймар олон удаа цохисон, мөн үснээс нь гараараа зулгааж байгаад толгойг нь газар саваад, оёдлын машин мөргүүлээд байсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 205-206 дугаар хуудас/,

12. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Манай охин Н жаахан, эрх дураараа зантай, гэхдээ болж бүтэхгүй ааш гаргаад гадуур, дотуур тэнээд байдаггүй хүүхэд байгаа юм. Манай охин архи согтууруулах ундаа хэрэглэсэн байхыг нь би огт харж байгаагүй, гэр орондоо ажилсаг, дүү нартаа эелдэг зөөлөн зантай, найз нөхдийн хүрээлэл сайтай хүүхэд байгаа юм. Н бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлсэн, Эрдэнэт хотод Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургууль төгссөн... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 214 дүгээр хуудас/,

13. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөөний 10 цагийн орчим шиг санагдаж байна Аийн гэрт байсан 2 хүүхдийн том хүүхэд нь биднийг сэрээгээд "аниа агаа хоёр зодолдоод байна" гэж хэлэхээр нь би гэрт яваад ортол А гэрийн хойморт дээшээ хараад хэвтчихсэн, эхнэр Н нь түүний дээр нь гараад суучихсан модон сандалны тавцангийн тал хэсгээр толгой орчим нь цохиж байсан, мөн Аийн үснээс нь зулгаагаад толгойн ар хэсгээр нь маш олон удаа газар мөргүүлсэн, тэр үед Аийн амнаас цус гарсан байсан, тэгэхээр нь би дундуур ороод салгах гэтэл Ныг ерөөсөө дийлэхгүй байсан бөгөөд тэр хооронд Н гартаа барьж байсан модоороо нөхрийнхөө толгой орчим хэд хэдэн удаа цохисон, харин нөхөр нь Нын үснээс зулгаасан байдалтай байсан.... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 218-220 дугаар хуудас/,

14. Гэрч Э.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Т, А нар хоорондоо маргалдаад байх шиг болоод том том дугаралдаад байхаар нь би гэрт яваад ортол Т "чи яахаараа эмэгтэй хүн дээрэлхдэг юм бэ" гэж хэлээд Аийг зүүн талын орон дээр нь дарчихсан түүний толгой орчим нь хөлөөрөө өвдөглөж байсан. Тэгэхээр нь би Тд хандан "Чи болиоч" гэж хэлтэл Т больчихоор нь би гэрээс гараад машиндаа орж суусан. Тухайн үед гэрт нь манай эхнэр үлдсэн, тэгээд манай эхнэр буцаж гарч ирээд Э А нар зодолдсон” гэж ярьж байсан,... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 224-225 дугаар хуудас/,

15. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

- Г.А-ийн биед тархи доргилт, зүүн шуунд, цээжний зүүн талд хазагдсан шарх, зүүн нүдний зовхинд, зүүн бугалганд, зүүн шуунд, зүүн далны дээд хэсэгт цус хуралт, толгойн оройгоор тархмал, нүүрэнд тархмал, хүзүүний баруун талаар, зүүн эрүүгээр, зүүн шуунд, баруун далны дунд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Тархи доргилт, зүүн шуунд хазагдсан шарх, цээжний зүүн талд хазагдсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн оройгоор тархмал зулгаралт, нүүрэнд тархмал зулгаралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Зүүн бугалганд, зүүн шуунд, зүүн далны дээд хэсэгт цус хуралт, хүзүүний баруун талаар, зүүн эрүүгээр, зүүн шуунд, баруун далны дунд хэсэгт зулгаралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж гэжээ. /1 дүгээр хх-ийн 238-239 дүгээр хуудас/,

16. Шүүгдэгч Ж.Т-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 дүгээр хх-ийн 74-90 дүгээр хуудас/,

17. Хохирогч Г.А-ийн Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /1 дүгээр хх-ийн 183-185 дугаар хуудас/,

18. Хохирогч Г.А-ийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /1 дүгээр хх-ийн 240-241 дүгээр хуудас/, Яаралтай тусламжийн хуудас /2 дугаар хх-ийн 99-103 дугаар хуудас/,

19. Хохирлын баримт /2 дугаар хх-ийн 142-143 дугаар хуудас/,

20. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /2 дугаар хх-ийн 67, 84, 90 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Ж.Т нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны хооронд “И” ресторанд захиалга өгсөн нэр бүхий 6 иргэний урьдчилгаа төлбөр болох 10 056 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5001424875 дугаарын дансаар шилжүүлэн авч өөрийн өмчийн адилаар захиран зарцуулж хохирогч Ш.Гд 10 056 000 төгрөгийн хохирол учруулж завшсан,

Мөн шүүгдэгч Ж.Т нь Г.Н, Ө.Э нартай бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Малхын талд Сайн ус гэх газарт оршин суух хохирогч Г.А-ийн гэрт 2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө хохирогчийг "Эмэгтэй хүнд гар хүрлээ" гэсэн шалтгаанаар түүний толгой, нүүр, цээжин тус газруудад хөлөөрөө өвдөглөж, тохой болон гараараа олон удаа цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн оройгоор тархмал зулгаралт, нүүрэнд тархмал зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ө.Э нь Г.Н, Ж.Т нартай бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Малхын талд Сайн ус гэх газарт оршин суух хохирогч Г.А-ийн гэрт 2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө хохирогчийг "холд" гэж хэлээд өөрийг нь түлхсэн үйлдэлд бухимдан түүнийг орон дээр дарж хэвтэж байгаад нүүрэн тус газар нь 4-5 удаа цохисон, мөн гарыг нь хазсаны улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн шуунд хазагдсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд тархмал зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Н нь Ө.Э, Ж.Т нартай бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Малхын талд Сайн ус гэх газарт оршин суух гэртээ 2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө хохирогч буюу өөрийн нөхөр Г.Аийг "хонь мал маань айлын хоньтой нийллээ" гэж босгох гэсэнд нь дургүйцэж, түүнийг орон дээр сууж байхад нь хөлөөрөө өшиглөн унагааж, улмаар түүний дээр сууж нүүр орчим руу гараараа олон удаа цохих, маажих зэргээр зодсон, мөн үснээс нь зулгааж толгойг нь газарт мөргүүлсний улмаас хохирогчийн биед тархи доргилт, цээжний зүүн талд хазагдсан шарх, нүдний зовхинд цус хуралт, толгойн оройгоор тархмал зулгаралт, нүүрэнд тархмал зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Т гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Н гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Т нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд “И” ресторанд захиалга өгсөн нэр бүхий 6 иргэний урьдчилгаа төлбөр болох 10 056 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5001424875 дугаарын дансаар шилжүүлэн авч өөрийн өмчийн адилаар захиран зарцуулж хохирогч Ш.Гд 10 056 000 төгрөгийн хохирол учруулж завшсан үйл баримт болсон байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ж.Түмэнаст нь “О” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа “И” ресторанд захиалга өгсөн нэр бүхий 6 иргэний урьдчилгаа төлбөр болох 10 056 000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5001424875 дугаарын дансаар шилжүүлэн, хохирогч Ш.Гд 10 056 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг юм.

Шүүгдэгч Ж.Т нь “О” ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байсан болох нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор  тогтоогдож байна. Мөн шүүгдэгч Ж.Т нь ресторанд захиалга авах эрхтэй болох нь гэрч Н.А-гийн “...Нягтлан бодогч Ж.Т нь иргэдээс ирсэн хүлээн авалтын захиалгыг бүртгэж, хүлээн авах эрхтэй. Ж.Т ч гэлтгүй зөөгч, бармен зэрэг компанийн ямар ч албан тушаалтан иргэдээс ирсэн захиалга, хүлээн авалтын захиалгыг авч, бүртгэх эрхтэй байдаг. Гэвч захиалгын төлбөр тооцоо буюу урьдчилгаа мөнгийг хувийн дансаар бас заавал компанийн дансаар хүлээн авах ёстой...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Т нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хооронд “И” ресторанд захиалга өгсөн нэр бүхий 6 иргэний урьдчилгаа төлбөр болох 10 056 000 төгрөгийг завшсан болох нь хохирогч Ш.Г, Д.Э, Э.Ж, Б.У, Ц.О, нарын мэдүүлэг, шүүгдэгч Ж.Тын депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Т нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь шүүх хуралдаан “бид нар бүлэглэж хохирогч Г.Аийг зодоогүй” гэж мэдүүлснийг шүүхээс хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:

Шүүгдэгч Ж.Т нь Г.Н, Ө.Э нартай бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Малхын талд Сайн ус гэх газарт оршин суух хохирогч Г.Аийн гэрт 2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө хохирогчийг "Эмэгтэй хүнд гар хүрлээ" гэсэн шалтгаанаар түүний толгой, нүүр, цээжин тус газруудад хөлөөрөө өвдөглөж, тохой болон гараараа олон удаа цохиж, зодсоны улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн оройгоор тархмал зулгаралт, нүүрэнд тархмал зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ө.Э нь Г.Н, Ж.Т нартай бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Малхын талд Сайн ус гэх газарт оршин суух хохирогч Г.Аийн гэрт 2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө хохирогчийг "холд" гэж хэлээд өөрийг нь түлхсэн үйлдэлд бухимдан түүнийг орон дээр дарж хэвтэж байгаад нүүрэн тус газар нь 4-5 удаа цохисон, мөн гарыг нь хазсаны улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн шуунд хазагдсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, нүүрэнд тархмал зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Г.Н нь Ө.Э, Ж.Т нартай бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Малхын талд Сайн ус гэх газарт оршин суух гэртээ 2024 оны 07 дугаар сарын 28-ны өглөө хохирогч буюу өөрийн нөхөр Г.Аийг "хонь мал маань айлын хоньтой нийллээ" гэж босгох гэсэнд нь дургүйцэж, түүнийг орон дээр сууж байхад нь хөлөөрөө өшиглөн унагааж, улмаар түүний дээр сууж нүүр орчим руу гараараа олон удаа цохих, маажих зэргээр зодсон, мөн үснээс нь зулгааж толгойг нь газарт мөргүүлсний улмаас хохирогчийн биед тархи доргилт, цээжний зүүн талд хазагдсан шарх, нүдний зовхинд цус хуралт, толгойн оройгоор тархмал зулгаралт, нүүрэнд тархмал зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна гэж үзлээ.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь бүлэглэж хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т “бүлэглэж;” гэж заасан байна.

Түүнчлэн шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь бүлэглэж хохирогч Г.А-йн биед тархи доргилт, зүүн шуунд, цээжний зүүн талд хазагдсан шарх, зүүн нүдний зовхинд, зүүн бугалганд, зүүн шуунд, зүүн далны дээд хэсэгт цус хуралт, толгойн оройгоор тархмал, нүүрэнд тархмал, хүзүүний баруун талаар, зүүн эрүүгээр, зүүн шуунд, баруун далны дунд хэсэгт зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.А, насанд хүрээгүй гэрч Т.Э, Т.С, гэрч Б.А, Э.П, Б.О нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 199 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж бүлэглэн гэмт хэрэг үйлдэх нөхцлийг тодорхойлсон. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж заасан.

Шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь шүүх хуралдаанд “бид нар бүлэглэж хохирогч Г.А-ийг зодоогүй гэж мэдүүлэг боловч хохирогч Г.А-ийг бүлэглэн зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Г.А-ийн “...тэр үед нөгөө эмэгтэй "чи намайг зодлоо" гээд орилоод над руу дайрч байх үед, түүнтэй хамт байсан эрэгтэй хүн хүрч ирээд "чи яагаад эмэгтэй хүн зоддог юм бэ гэж хэлээд миний зүүн талын шанаа орчим гаpaapaa 1 удаа цохисон, тэгэхээр нь би “чи давраад байгаарай" гэж хэлээд тухайн эрэгтэй рүү дайртал манай эхнэр болон нөгөө эмэгтэй хүн нар миний хоёр гарнаас бариад газар унагаагаад дээрээс дарчихсан байх үед нөгөө эрэгтэй хүн нь миний хүзүү орчим хөлийнхөө өвдөгөөр өвдөглөсөн. Мөн толгой руу хөлөөрөө 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Т.Э-гийн “...Тэр үед улаан үстэй эгч бид хоёрыг заагаад энэ 2 хэний хүүхэд вэ? гэж асуусан чинь Н эгч "хуурай ахынх нь хүүхэд" гэж хэлсэн чинь бид хоёрыг гэрээс гаргаад гэрийнхээ хаалгыг дотор талаас нь түгжчихсэн. Тэгтэл гэр дотор А ах “ёооё ёооё” гээд байсан, тухайн үед гэр дотор жирэмсэн эгч, улаан үстэй эгч, Н эгч, шар царайтай ах, машины эзэн эхнэр, нөхөр 2 гээд бүх хүн гэрт байсан...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Т.С-ийн “...Тэгээд жаахан гайгүй болоод байж байтал улаан үстэй эгч гандаас орж ирээд "наадахдаа битгий итгэ, наадах чинь новшийн гар байна лээ" гэж хэлсэн чинь шар царайтай ах "чи миний эхнэрийг яачихсан юм бэ?" гэж хэлээд дахиад А ахыг зодоод байсан. Тэр үед улаан үстэй эгч А ахын сайн гарыг нь /нөгөө гар нь муу, өвчтэй гар байгаа юм/ барьчихаад байсан, тэр үед нь шар царайтай ах А ахын нүүр, гэдэс орчим нь зөндөө олон удаа цохисон. Тэгээд байж байтал улаан үстэй эгч бид хоёрыг заагаад энэ 2 хэний хүүхэд вэ? гэж асуусан чинь Н эгч "хуурай ахынх нь хүүхэд" гэж хэлсэн чинь бид хоёрыг гэрээс гаргаад гэрийнхээ хаалгыг дотор талаас нь түгжчихсэн. Тэгтэл гэр дотор А ах "болиоч дээ гээд байсан, тухайн үед гэр дотор жирэмсэн эгч, улаан үстэй эгч, Н эгч шар царайтай ах, машины эзэн эхнэр, нөхөр 2 гээд бүх хүн гэрт байсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь гэмт хэрэг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Ж.Т нь үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом тоглосноос уг гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Харин бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь хохирогч Г.Атэй үл ялих зүйлээр шалтаглан өөр, хоорондоо маргалдсанаас болсон байна гэж шүүхээс дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.Тыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар,

шүүгдэгч Ө.Эыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Ныг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Шүүгдэгч Ж.Тад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Гд 10 056 000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Ж.Т нь уг хохиролыг мөрдөн шалгах ажиллагаанд нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг хохирогч Ш.Гд төлөх гэм хорын төлбөргүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч Г.А нь шүүгдэгч Ж.Т, Ө.Э нараас эмчилгээний зардал 1 175 557 төгрөг нэхэмжилсэн, сэтгэцэд учирсан хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй байна. Хохирогч Г.А нь шүүгдэгч Г.Наас хохирол нэхэмжлээгүй байна.

Шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь бүлэглэн хохирогч Г.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт бугларсан нотлох баримтууд болон нүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч нараас хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардлыг хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нараас 1 175 557 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 391 852 төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-эд олгох нь зүйтэй байна.

Хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нараас жич нэхэмжлэх эрхтэй болно.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Ж.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ө.Э, Г.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ж.Тад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Ө.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ж.Т эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “би энэ хэрэг шийдвэрлэгдээгүй байгаа болохоор түр хугацаанд ажилгүй байгаа. Ажил хийх боломжийг минь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Ө.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “би дүүрэг дамнаж ажилдаа явдаг. Ажил хийх боломжийг минь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Ажил хийх боломжийг минь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ж.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар, мөн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Ө.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3800000 төгрөгөөр торгох ялаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т оногдуулсан 3800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3,800,000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч Ө.Эд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч Г.Нт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.         

            Шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Т овогт Ж-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            мөн шүүгдэгч Т овогт Ж-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт Ө-н Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Т овогт Г-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Ж.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            Шүүгдэгч Ө.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

            шүүгдэгч Г.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ад оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3800 /гурван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 800 000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т оногдуулсан 3800 /гурван мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 3 800 000 /гурван сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч Ө.Э-д оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,

шүүгдэгч Г.Н-т оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

            5. Шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            6. Шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Т нь хохирогч Ш.Г-д 10 056 000 /арван сая тавин зургаан мянга/ төгрөгийг нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нараас 1 175 557 /нэг сая нэг зуун далан таван мянга таван зуун тавин долоо/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 391 852 /гурван зуун ерэн нэгэн мянга найман зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.А-эд олгосугай.

            8. Хохирогч Г.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

        10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Т, Ө.Э, Г.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ЭНХМАНДАХ