| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 306/2025/0045/э |
| Дугаар | 2025/ШЦТ/48 |
| Огноо | 2025-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,
улсын яллагч Б.А,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-н овогт Б-н Бт холбогдох эрүүгийн 2517000000038 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд *** хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** дугаар баг, **тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** оны ** дүгээр сарын ** өдрийн 2018/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан гэх Б-н овогтой Б-н Б /РД: ЕЙ**/,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б-н овогтой Б-н Б нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 6 дугаар байрны 3 дугаар орц дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Б.А-тэй “гадуур хонолоо” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүр хэсэг рүү Айфоне 15 про макс загварын гар утас шидэж хохирогчийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2517000000038 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2025 оны 03 дугаар сарын 01-ний өглөө буюу цагаан сарын шинийн 1-ний өглөө эхнэртэйгээ гадуур хосон гэх шалтгаанаар маргалдсан. Баярын өдрийн өглөө хөөгдөөд гарчихсан болохоор жоохон бухимдсан байсан. Гар утсаа шидэхдээ нүүр хэсэг рүү нь онилж шидээгүй. Шидчихээд гараад явсан. Цус гарсныг нь мэдээгүй. Дараа нь цагдаагаас залгахад мэдээд их харамссан гэв.
2. Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сүмбэр сумын 3 дугаар баг 6 дугаар байрны 46 тоот гэртээ эхнэр Б.А болон 3 хүүхдүүдийн хамт амарч байсан. Тэгээд тухайн өдрийн орой 22 цагийн орчимд эхнэр бид хоёр Сүмбэр сумын 3 дугаар баг 11 дүгээр байранд амьдардаг Б, түүний эхнэр О гэх 2 найзындаа битүүлэхээр очоод бид 4 Б-ийн гэрт битүүлж 0,75 архи хувааж уугаад 3 дугаар сарын 01-ний өглөөний 04:00 цагийн орчимд Сүмбэр сум 3 дугаар баг, 6 дугаар байр 3 дугаар орц 46 тоот гэртээ эхнэр Б.А-ий хамт ирээд хоорондоо шинийн нэгэнд нар харах, болон намайг өөр хүнтэй холбон хардсаны улмаас хоорондоо маргалдаж, эхнэр А нь “Чи одоо яв, ганцаараа явж тэр шинийн нэгнийхээ нараа хар, чамтай маргалдмааргүй байна” гэж хэлээд машины түлхүүрийг надад өгсөн. Би тэгэхээр нь машины түлхүүрээ аваад гэрээс гарч машиндаа суугаад 20 орчим минут машиндаа тамхи татаж дуусгачихаад буцаад гэртээ орох гэхэд гэрийн хаалга цоожтой онгойлгохгүй байсан. Би хаалганы завсраар хаалгаа онгойлгоорой гэхэд гэрт байсан манай 3 хүүхэд /Н 12 настай, Б 10 настай, Б 8 настай/ нар “ээж гэрийн хаалгыг гаднаас нь цоожлоод явчихсан” гэж хэлсэн. Надад тухайн үед гэрийн түлхүүр байгаагүй тул гэртээ орж чадалгүй орцондоо эхнэр А-ийг хүлээгээд сууж байгаад унтчихсан байсан. Тэгээд нэг мэдэхэд өглөө болчихсон өглөөний 08:00 цагийн орчимд А ирж, бид хоёр гэртээ оролгүй 6 дугаар байрны 3 дугаар орцны 2 давхрын орцонд гэртээ орохгүйгээр орцондоо "Хаагуур явж байгаад ирсэн, хэнтэй байж байгаад ирсэн бэ?” гэж А-ээс асуухад “Чамд ямар хамаа байна” гэж хэлсэн. Би тэгэхээр нь “чи тэгвэл хэнтэй ярьсан юм бэ?” гэхэд А өөрийн барьж байсан Айфоне 15 про макс загварын гар утсаа надад өгсөн би тэгэхээр нь “Хүнтэй яриагүй юм бол би энүүгээр чинь яах юм” гэж хэлээд уурласандаа А-ий нүүр рүү тухайн гар утсыг шидчихээд байрнаас гараад явсан, би А-ий толгой хагарч цус гарсныг бол мэдээгүй байсан сүүлд энэ талаар олж мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 101 дүгээр хуудас/,
3. Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчимд Сүмбэр сумын 3 дугаар баг 11 дүгээр байранд амьдардаг манай нөхрийн найз болох М /нэрийг нь мэдэхгүй байна/ гэх найзын гэрт нь битүүлэхээр нөхөр Б-ийн хамт очсон. Тухайн айлд очих үед М түүний эхнэр О 2 байсан. бид 4 нийлж 1 шил 0,75 литрийн архи хувааж уугаад 03 дугаар сарын 01-ний өглөөний 04 цагийн орчим Сүмбэр сум 3 дугаар баг 6 дугаар байр 46 тоот гэртээ Б-ийн хамт ирсэн. Тэгээд гэрт орсноос хойш нөхөр Б-тэй өмнөх гэр бүлийн гадуурх харилцаанаас нь болж хоорондоо муудалдаж би Б-т хандаж "Манай гэрээс яв" гэж хэлээд машины түлхүүрийг өгч явуулчхаад би гэрээ гаднаас нь цоожлоод буцаж М-гийн гэрт очиж унтаад 08:00 цагийн орчимд гэртээ ирэхэд Б манай байрны хоёр давхрын шатан дээр гэрийн үүдэнд намайг хүлээгээд сууж байсан. Тэгээд намайг харангуутаа “Хаашаа явж байгаад, хаана хоночиход ирж байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би Б-т хандаж "Би хаана хонох нь чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлэхэд Б нь гартаа барьж байсан Айфоне 15 про макс загварын гар утсыг миний нүүр хэсэг рүү шидсэний улмаас миний зүүн нүдний хөмсөг орчмоос цус гараад би айсандаа тухайн байрнаас гарч эмнэлгийн байгууллагад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
4. Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Б.А нь манай ээжийн дүү болох М гэх хүний охин бөгөөд дээрээ төрсөн 1 ахтай, аавыг нь Б гэдэг 2 хүүхэдтэй айл юм. Ах А нь одоогоор Улаанбаатар хотод эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг, ээж М нь 2015 онд, аав Б нь 2017 онд өөд болсон /нас барсан/. Б.А нь 10 жилдээ нэг сургуульд хамт сурч байсан Б.Б гэх хүнтэй 2013 оноос хойш албан ёсоор гэр бүл болж амьдарч байгаа, дундаасаа 3 хүүхэдтэй, том охин Н /12 настай эмэгтэй/, Б /10 настай эрэгтэй/, Б /8 настай эрэгтэй/ хүүхдүүдтэй. А бол багаасаа урлаг, спортод сонирхолтой, сэргэлэн цовоо хүүхэд байсан. гэр бүл болсноос хойш Б.Б гэх нөхөртэйгөө хэрэлдэж, маргалдаж байдаг ч энэ талаараа надад болон бусад ах, эгч хамаатан садныхаа хүмүүст хэлдэггүй хүн юм. Тухайн өдөр юу болсон талаар А надад ямар нэгэн зүйл хэлээгүй, би сүүлд цагаан сараар хүүхдүүд нь ирж золгохдоо юу болсон талаар хэлэхэд нь анх мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,
5. Гэрч Х.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Б.Б нь манай эгч Т гэх хүний 3 дахь хүүхэд дээрээ 1 ах, 1 эгч, доороо 1 охин дүүтэй ээж, ах, эгч, дүү нар нь бүгд Улаанбаатар хотод амьдардаг, аав Б нь Б-ийг бага байхад /хэдэн онд гэдгийн санахгүй байна/ өөд болсон /нас барсан/ бага байхаасаа ээж, ах, эгч нарын хамт амьдарч өссөн. Б-ийг бага байхад эгч Т манай 2 гэр айл саахалт байсан. Б нь багаасаа манайд ах, эгч нарын хамт орж, гарч тоглож өссөн угийн даруу төлөв, хүнд тусархуу хүүхэд байсан. А гэх эмэгтэйтэй 2013 оноос хойш албан ёсоор гэр бүл болж хамт амьдарч байгаа дундаасаа 3 хүүхэдтэй. Том охин Н /12 настай эмэгтэй/, Б /10 настай эрэгтэй/, Б /8 настай эрэгтэй/ хүүхдүүдтэй. Б нь Баянтал сумын Төрийн банкинд эрхлэгчээр ажиллаж байсан одоо ажлаасаа гараад 2 сар болж байгаа. Одоо хаана ажиллаж байгааг нь мэдэхгүй байна, эхнэр А нь Баянтал суманд /хаана ажилладаг талаар мэдэхгүй байна/ нягтлан мэргэжлээрээ ажиллаж байгаа. Б нь эхнэр А-тэй маргалдаж, муудалцсан талаараа надад ямар нэгэн юм хэлж байгаагүй, ээж, ах, эгч, дүү нартаа бас хэлдэггүй хүн болно. Тухайн өдөр Б нь надтай холбогдож цагдаагийн байгууллага дээр байна, та хүрч ирээд намайг авчих гэж хэлсэн. Би цагдаагийн хэлтэс дээр ирж Бийг батлан даалтаар авч юу болсон талаар Бээс асууж зарим зүйлсийг мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
6. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн оройн 22 цагийн орчимд Сүмбэр сум 3 дугаар баг 11 дүгээр байр 4 дүгээр орц 4 тоот гэртээ эхнэр О болон 2 хүүхдийн хамт байсан. Тухайн өдөр миний багийн найз болох Б нь эхнэр А-ийн хамт манай гэрт битүүлэхээр орж ирсэн. Тэгээд манай гэрт бид хэд 1 шил 0,75 литрийн /нэрийн сайн мэдэхгүй байна/ архи хувааж уугаад 03 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд Б, А нар нь гэртээ харихаар гарч явсан. /манайд байх хугацаанд ямар нэг байдлаар хэрүүл маргаан огт болоогүй, хоорондоо зодолдсон зүйл бас болоогүй явсан болно/. Тэр хоёрыг явсаны дараа эхнэр О бид 2 унтаж амарсан. Тэгээд 03 дугаар сарын 01-ний өдрийн өглөөний 07 цагийн орчимд сэрэхэд А нь манай гэрт унтаж байсан, би юу болсон талаар эхнэр О-ээс асуухад "А нь нөхөр Б-тэй маргалдсан” гэж хэлээд “үүрийн 04 цагийн орчимд манайд ирсэн” гэж хэлсэн. Тэгээд төд удалгүй А босч манай гэрээс 08 цагийн орчимд “гэртээ харина” гэж хэлээд гарч явсан, /Манай гэрээс гарч явахад А-ы биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй болно/. Би тэгээд 03 дугаар сарын 01-ний өдөр аавындаа очиж золгохоор бэлдэж байх үед А миний 89106313 дугаарын утас руу залгаж "Б бид хоёр хоорондоо маргалдаж, над руу утас шидсэний улмаас миний толгой хагарчихлаа, намайг эмнэлгийн байгууллага дээр хүргээд өгөөч гэж уйлсан байдалтай ярьсан" би тэгэхээр нь Сүмбэр сум 3 дугаар баг 6 дугаар байрны орцноос Аг авч эмнэлэг дээр хүргэж өгсөн. /Намайг тус байрны орцноос Аг авахад орцон дотор цус гарсан Аы толгой хагарч гараараа дарсан байдалтай сууж байсан болно/... гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,
7. Иргэний нэхэмжлэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Б.А нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авч үүнд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 106 190 төгрөгийг зарцуулсан байна. Тус зарцуулсан төлбөрийг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,
8. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
- Б.А-ий биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Дээрх гэмтэл нь хамтдаа үүсэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж гэжээ /хх-ийн 36 дугаар хуудас/,
9. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5 дугаар хуудас/,
10. Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
11. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Б-т холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 6 дугаар байрны 3 дугаар орц дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Б.А-тэй “гадуур хонолоо” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүр хэсэг рүү айфоне 15 про макс загварын гар утас шидэж хохирогчийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Э.С гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч Б.Б нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр эхнэр Б.А-тэй хамт найзындаа очиж битүүлсэн байдаг. Тэгээд гэртээ ирээд Б.Б нь өглөө нар харах асуудлаас болж эхнэр Б.А-тэй маргалдсан. Үүний улмаас Б.А нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө буюу шинийн нэгний өдөр гэрээсээ гарч найзындаа очиж хоносон. Битүүний өдөр болон шинийн нэгний өдөр хоорондоо хэрэлдэх, айлд хонохыг Монгол түмэн цээрлэж ирсэн уламжлалтай. Гэтэл хохирогч Б.А нь айлд хонож, өглөө 08 цагийн орчим гэртээ ирж, гэрийнхээ орцонд Б.Б-тэй маргалдсанаас уг гэмт хэрэг гарсан. Шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгчийн зүгээс прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Найрамдал хотхоны 6 дугаар байрны 3 дугаар орц дотор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр буюу хохирогч Б.А-тэй “гадуур хонолоо” гэх шалтгаанаар маргалдан түүний нүүр хэсэг рүү Айфоне 15 про макс загварын гар утас шидэж хохирогчийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна гэж үзлээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаа гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно.
Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.А-тэй 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр гэр бүл болсон, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хавтаст хэргийн 58 дугаар хуудсанд авагдсан “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”-аар тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3, 5 дугаар зүйлүүдэд гэр бүлийн хүчирхийлэл гэж эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдүүдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчлан зохицуулжээ.
Хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж иш татаж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;” гэж заасан байна.
Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.А-гийн нүүр хэсэг рүү айфоне 15 про макс загварын гар утас шидэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогчийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.А, гэрч Б.Б нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Э.С нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааны явцад Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардал болох 106 190 төгрөгийг нөхөн төлсөн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөхгүй гэж үзлээ.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 8 цагаар тогтоох саналтай байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Э.С эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохиролоо нөхөн төлсөн байгаа. Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн хор уршгийг ойлгосон. Дахиж ийм асуудал гарвал шууд гэрээсээ гарч явна гэсэн бодолтой болсон байна. Мөн шүүгдэгч Б.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1200000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1200000 төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б-н овогт Б-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ