| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0046/э |
| Дугаар | 2025/ШЦТ/49 |
| Огноо | 2025-04-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж,
Нарийн бичгийн дарга П.Энхбат,
Улсын яллагч Б.Ануужин,
Шүүгдэгч Б.С түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Б-ийн Сд холбогдох эрүүгийн 2517000000046 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Петротрак” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн ................сумын ...... дугаар баг, ........ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Х ургийн овогтой Б-ийн С, регистрийн дугаар /............./
Холбогдсон хэргийн талаар:
/прокурорын яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Яллагдагч Х ургийн овогтой Б-ийн С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБ центр” бааранд хохирогч О.Отэй “ах захаа мэдэхгүй, хүндлэхгүй” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас биед нь хамар ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд, баруун нүдний салстанд, баруун хацар, хамрын баруун талаар цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 03-р сарын 18-ны өдөр ажлынхаа хамт олонтой Оргилын хажуу талын караокед 19:00 цагаас 21:30 цагийн хооронд дуулж 0,75 литрийн 1 шил архи ажлынхантайгаа хувааж ууж орой 22:00 цагийн орчимд Сүмбэр сум 2-р баг ТБ центр гэх бааранд үргэлжлүүлэн суухаар орсон. Тус бааранд ороход надтай хамт Б, М, Н болон бусад 5 хүн байсан тэгээд бид нар ТБ центр бааран дотор байх үедээ 0,5 литрийн “Lite” гэх нэртэй пиво 10 ширхэг, 0,75 литрийн 1 шил архи авч ууж суусан. Би Мын хамт тамхи татахаар баарнаас 22:30 цагийн өнгөрч байх үед гарч тамхи татаад зогсож байх үед манай ажлын найз Б гэх эмэгтэйн нөхөр болох О.О Мтай хамт баарнаас гарч ирж бид нарын хажууд тамхи татан зогсож байсан. Бид хэд тамхи татаад хоорондоо юм яриад зогсож байхад О нь хажуугаас “Худлаа шаагаад байгаа, пизданууд чинь” гэж хэлсэн тэгэхээр нь би уурлаад “Чи юу яриад байгаа юм бэ ах захаа хүндлэхгүй” гэж хэлэхэд О нь “би чамтай ах дүү явснаа санахгүй юм байна” гэж хэлж намайг мөргөх гэж хоёр удаа урагш дайрсан би тэгэхээр нь бултаж байгаад зөрүүлээд 1 удаа баруун талын хацар орчимд гараараа цохисон тэгээд бид хоёрыг М, А хоёр салган хоёр тийш болгож М Ог дагуулан ТБ центр баарны 00 руу авч орсон.
...Бид хэд 20 орчим минутын дараа дахин тамхи татахаар баарнаас гарч тамхи татчихаад буцаад орохоор үүдний хаалгыг онгойлгоход О нь урдаас шууд 1 гараараа миний баруун талын нүүр орчимд 1 удаа цохисон би зөрүүлэн 1 удаа гараараа цохиход О нь бултаж цохиулаагүй өнгөрсөн тэгээд надтай хамт явсан Н, Б, М нар бид хоёрыг салгаж дахин ямар, нэгэн зодоон бололгүй өнгөрч удалгүй цагдаа нар ирж намайг машинд суулган эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн, би тухайн үед архи уусан байсан болохоор ийм зүйл болсон, маш их гэмшиж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 103-104 дүгээр хуудас/
2. Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 03-р сарын 18-ны өдөр ажпынхаа найзуудтайгаа нийт 8-уулаа Сүмбэр сум 2-р баг ТБ центр бааранд 22:00 цагийн орчимд орж ширээ авч “Сэнгүр” гэх нэртэй 0,5 питоийн 8 ширхэг пиво авч ууж суусан. Би 22:30 минут өнгөрч байх үед баарнаас тамхилхаар гараад тамхи татаж байгаад М гэх найзтайгаа таараад тамхиа татчихаад буцаад орох гэж байсан чинь манай эхнэрийн ажлын ах болох С гэх хүнтэй тааралдаж хоорондоо ах захаа хүндлэхгүй, мэнд устай явахгүй байна гэх шалтгааны улмаас хоорондоо хэрэлдэн маргалдаж намайг С 1 удаа гараараа
миний баруун талын хацар орчимд цохисон, би зөрүүлэн цохих гэхэд хамт байсан М бид хоёрыг салгаж бид хоёр 00 орж нүүр гараа угаасан тухайн үед миний хамар бөглөрч хамарнаас цус их хэмжээгээр гараад тогтохгүй толинд нүүрээ харахад хамар хавдчихсан, баруун нүд хөхөрч тагларчихсан юм харахгүй болчихсон байсан. Бид хоёр 00-д ойролцоогоор 20-30 орчим минут болчихоод тухайн баарнаас гарахдаа Стэй үүд хэсэгт дахин таарч би уурандаа 1 удаа баруун хацар орчимд гараараа цохисон С зөрүүлэн цохиход би бултаж байснаа санаж байна. Тэгээд бид хоёрыг Стэй хамт явсан М, Б, Н нар салгаж хоёр тийш болгосон... Би Сээс хохирол төлбөрт 4 000 000 төгрөг авсан, одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16-18 дугаар хуудас/
3. Гэрч Э.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би
2025 оны ОЗ дугаа сарын 18-ны өдрийн 22:00 цагийн орчимд Сүмбэр сум 3-р баг ТБ центр гэх бааранд ажлынхаа найзууд болох Б, М, С болон бусад 5 найзуудын хамт бааранд орж 0,5 литрийн “Lite” гэх нэртэй пиво 10 ширхэг 0,75 литрийн 1 шил архи /орос нэртэй архи байсан нэрийн санахгүй байна/ ширээн дээр авч бид нар сууж уусан. Тэгээд дараа нь 23:30 цагийн орчимд ТБ центр баарны гадна машин дотор Б, М бид 3 хоорондоо юм яриад сууж байгаад баар орохоор машинаас бууж С ах түүний араас нь би орж байсан гэтэл О гэх залуу баарны дотор талаас гадагшаа гарахдаа миний урд явсан С ахын толгой орчимд 1 удаа гараараа цохихоор дайрч цохих шиг болсон. Харин С зөрүүлэн Огийн нүүр хэсэг рүү гараараа 1 удаа цохиж бид нар тэр хоёрыг салгаж хоёр тийш болцгоосон Тэгээд Огийн хамарнаас цус гарч баарны үүдний баруун талд цусаа газар гоожуулаад суусан, тухайн үед баарны үүд хэсэгт олон хүн байсан тул зарим зүйлсийг тод сайн харж чадаагүй өнгөрсөн тэгээд бид нарыг бааранд байх үед 2 цагдаа ирж Сийг машиндаа суулган авч явсан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/
4. Шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 93 дугаар дүгнэлтэнд:
- О.Огийн биед хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд, баруун нүдний салстанд, баруун хацар, хамрын баруун талаар цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
- Хамрын ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд
цус хуралт, баруун нүдний салстанд цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдпоо.
- Баруун хацар, хамрын баруун талаар цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 47 хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 64 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.С нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цаг 30 минутын үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБ центр” бааранд хохирогч О.Отэй “ах захаа мэдэхгүй, хүндлэхгүй” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас биед нь хамарны ясны баруун хажуу хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд, баруун нүдний салстанд, баруун хацар, хамрын баруун талаар цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сийн өгсөн мэдүүлэг, хохирогч О.О, гэрч Э.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 93 дугаар шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Иймд шүүгдэгч Б.Сийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул шүүхээс гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн шүүгдэгч Б.С нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаж хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн тухайд хохирогчийн таагүй харилцаанаас үүдэлтэй байна.
Шүүгдэгч Б.С нь гэм буруугийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөнийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч О.Огийн “эмчилгээний зардалд 4 000 000 /дөрвөн сая/ төгрөг авсан одоо гомдол санал, нэхэмжлэхгүй зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвөөр хохирогч О.О үйлчлүүлсний төлбөр 60102 /жаран мянга нэг зуун хоёр/ төгрөгийг шүүгдэгч Б.С Эрүүл мэдний даатгалын санд төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
ХОЁР. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Х овогт Б-ийн С нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ТБ центр” баранд хохирогч О.Отэй ялимгүй зүйлээр шалтаглан хоорондоо маргалдаж, түүний нүүр хэсэгт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч О.Огийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Мөн хохирогчийн эмчилгээний зардалд шүүгдэгч нь нийт 4 000 000 төгрөг төлсөн байна. Хэрэгт иргэний нэхэмжлэл буюу Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 60 102 төгрөгийг мөн шүүгдэгч нь төлсөн тул шүүгдэгчийн хувьд бусдад төлөх төлбөргүй болно. Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал гэмт хэргийн улмаас учирсан хохиролдоо төлөх төлбөргүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй. 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал: Гэмт хэргийн тухайд миний үйлчлүүлэгч Б.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Гэм буруугийн тухайд гэмт хэрэг үйлдсэн тухайгаа анхнаасаа үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэргээс нь хангалттай тогтоогддог. Хохирол төлбөрийн тухайд хохирогч О.Огийн нэхэмжилсэн 4 000 000 төгрөгийг төлж барагдуулсан учраас бусдад төлөх төлбөргүй. Мөн Эрүүл мэндийн даатгалын санд 60 102 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 76 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогддог. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан учраас прокурорт хүсэлт гаргасны дагуу прокуророос түүний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Мөн прокурортой эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон учраас түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасныг шүүгдэгч Б.С нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв. Шүүгдэгч Б.Сийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авч 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэлээ.
Эрүүгийн 2517000000046 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч О.О нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б-ийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ