| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2021/00496/И |
| Дугаар | 139/ШШ2022/00107 |
| Огноо | 2022-03-02 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 139/ШШ2022/00107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар баг, Морьт Нарлаг дэнж 7 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, Баюуд овогт Даанинцадмидын Алтансаргай /РД: ЗН71050707/
Хариуцагч: Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2 дугаар баг, Хөвийн хар гэх газар нутаглах, Баатарууд овогт Баатарын Ариунжаргал /РД:ЗВ82020128/
Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Алтансаргай,
Хариуцагч: Б.Ариунжаргал, түүний өмгөөлөгч Ж.Чимэддулам,
Гэрч Б.Хорлоо, П.Мөнхөө,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтансаргай нь Б.Ариунжаргалд холбогдуулан хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 2015 оны 3 дугаар сард Говь-угтаал сумын Засаг даргын А/11 тоот захирамжаар Хөвийн хар гэдэг газар хаваржааны зориулалтаар газар эзэмших гэрчилгээ авсан. Газрын гэрчилгээ авсны дараа иргэн Б.Ариундэлгэр би үүнийг эзэмших ёстой гэж загнаад хороо барьсан, хэлсэн боловч загнаад байгаа тул хуулийн дагуу газраа чөлөөлүүлэх өөрийн эзэмшлийн хороогоо барих хүсэлтэй байгаа тул газар чөлөөлүүлж өгнө гэжээ.
Нэхэмжлэгч Д.Алтансаргай шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2015 онд Говь-Угтаал сумын Засаг даргын А/11 тоот захирамжаар Жирмийн хүрээ гэдэг газрыг эзэмших эрхтэй болсон. Тухайн үед газрын байцаагч нь газар эзэмших эрхийн гэрчилгээг нь гаргахдаа Хөвийн хар гэж буруу нэрээр гаргасан байсан. Би газрыг архивд аль нэрээр явдгийг мэдэхгүй байсан юм сая шүүх хурлаас өмнө очоод архиваас материалыг нь шүүгээд үзсэн чинь миний газар Жирмийн хүрээ гэдэг нэрээр явдаг байна. Харин хөвийн хар гэдэг газар нь хариуцагч Б.Ариунжаргалын хадмуудын эзэмшлийн газар юм байна. Би бол Жирмийн хүрээ гэдэг газрыг 2015 онд Засаг даргын захирамжаар авсан. Би газар дээрээ хороогоо барих гэсэн чинь Б.Ариунжаргалынх хашаа барьчихсан байгаа. Жирмийн хүрээ, Хөвийн хар гэдэг газрууд хоёр өөр тусдаа газар юм гэв.
Хариуцагч Б.Ариунжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн яриад байгаа Жирмийн хүрээ гэх газарт манайх байхгүй. Манайх Хөвийн хар гэдэг газарт нутагладаг. Тэнд хаваржаа маань байгаа. Тэр газарт манай хадам ээж, аав хоёр маань 1980-аад оноос хойш нутаглаж амьдарч ирсэн. 2002 онд би нөхөртэйгөө гэр бүл болсноос хойш тэндээ л амьдарч байгаа. Нэхэмжлэгчийн яриад байгаа Хөвийн хар гэдэг газар нь Цагаандэлгэр сум, Говь-Угтаал сум хоёрын яг зааг дээр байдаг. Тэр газар 2020 оноос хойш Говь-Угтаал сумын нутаг болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Гэрч Б.Хорлоо шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Д.Алтансаргайн газар эзэмших хувийн хэргийн тодорхойлолтод газрыг Жирмийн хүрээ гэсэн байсан. Газрын гэрчилгээ дээр Хөвийн хар гэж бичигдсэн байсан. Нэр нь андуурагдаад бичигдсэн байсан. Уг нь бол Жирмийн хүрээ гэдэг нь зөв юм. Хөвийн хар бууцны эзэмшигч нь Батмөнх гэдэг хүн эзэмшдэг бөгөөд манай 2023 оны газрын төлөвлөгөөнд суугдаж хувийн хэрэгтэй хамт ирсэн. Жирмийн хүрээ, Хөвийн хар гэдэг нь 2 өөр газар. Гэрчилгээ нь андуурагдаж бичигдсэн байгаа гэв.
Гэрч П.Мөнхөө шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Хөвийн хар гэдэг газарт 1980 оны үеэс хойш Цагаандэлгэр сумын Өлзийбаатар гэдэг хүн нутаглаж амьдарч байсан. 1976 оны газар зохион байгуулалтаар уг газар Говь-Угтаал сумын нутаг дэвсгэрт багтдаг байсан бөгөөд хорооноос нь хэдхэн километрийн зайтай сумын хил дайрч өнгөрдөг гэсэн. Өлзийбаатарын хүү Баянмөнх гэдэг хүнтэй манай ахын охин Д.Ариунжаргал гэр бүл болсон. Уг бууц Д.Ариунжаргалын хадам аав, ээжээс нь хүүд нь өвлөгдөж ирсэн. Хадам аав, ээж нь нас бараад дараа нь нөхөртэйгөө уг бууцанд амьдардаг байсан. Нөхөр нь нас бараад одоо ганцаараа амьдарч байгаа гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас 0005666610 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар гаргасан байна.
Хариуцагчаас Говь-Угтаал сумын хоёрдугаар багийн засаг даргын 2021.12.24-ний өдрийн 1/73 тоот албан тодорхойлолт, Цагаандэлгэр сумын 1 дүгээр багийн засаг даргын 2022.01.14-ний өдрийн 07 дугаар албан тодорхойлолт, Дундговь аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993.03.06-ны өдрийн 03 дугаар шинэ эхлэлт нэгдлийг хувьчлах тухай тогтоолын хуулбар, хавсралтын хамтиргэн Б.Батмөнхийн эзэмшиж байгаа Хөвийн хар газрын байршлын кадастрын зураг, 000531192 дугаартай Б.Батмөнхийн Хөвийн хар нэртэй өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмших гэрээний хуулбар /хүчингүй/-ыг гаргасан ба хариуцагчийн хүсэлтээр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 2015.03.19-ний өдрийн А/11 тоот захирамжийг үндэслэн олгосон Жирмийн хүрээ гэх газрын хувийн хэрэг, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газар эзэмших гэрчилгээний хуулбар, кадастрын зураг зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д.Ариунгэрэлийг миний эзэмшлийн хаваржаа болох Хөвийн хар гэх газрыг хууль бусаар эзэмшээд хашаа барьсан байгаа уг газрыг би 2015 оны 3 дугаар сард Говь-Угтаал сумын Засаг даргын А/11 тоот захирамжаар эзэмших эрхтэй болсон учир уг газрыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс 0005666610 дугаартай Хөвийн хар гэх нэртэй газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг үндэслэн Д.Ариунжаргалын эзэмшлээс газраа чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
Хариуцагч Д.Ариунжаргал ...Уг газрыг миний хадам аав, ээж 1980-аад оноос хойш амьдарч эзэмшиж байгаад манай нөхөрт өвлүүлсэн, түүнээс хойш манайх эзэмшиж байгаа учир газрыг чөлөөлөх боломжгүй. Нэхэмжлэгчийн яриад байгаа Жирмийн хүрээ гэх газарт манайх байхгүй. Манайх Хөвийн хар гэдэг газарт нутагладаг. Тиймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаас үзэхэд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн А/11 дугаар захирамжаар Даанинцадьмидын Алтансаргайд Хөвийн хар нэртэй газрыг хаваржааны зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь тогтоогдож байна.
Гэвч нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт ...Говь-Угтаал сумын Засаг даргаас надад эзэмшүүлсэн газар нь Хөвийн хар биш, Жирмийн хүрээ нэртэй газар, тус сумын Засаг даргын тамгын газрын архивд байгаа баримтаар миний эзэмшлийн Жирмийн хүрээ нэртэй газрын нэр нь гэрчилгээнд андуурагдан Хөвийн хар гэж бичигдсэн байна. Хариуцагчийн эзэмшилд байгаа Хөвийн хар гэдэг газар нь түүний эзэмшлийнх би түүнийг булаацалдахгүй гэх тайлбар нь хэрэгт авагдсан 2015.03.19-ний өдрийн А/11 тоот захирамжийг үндэслэн олгосон Жирмийн хүрээ нэртэй газрын хувийн хэрэг, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний хуулбар, газар эзэмших гэрчилгээний хуулбар, кадастрын зураг зэрэг баримтаар нэхэмжлэгчийн эзэмшлийн газар нь Хөвийн хар нэртэй биш, Жирмийн хүрээ гэдэг нэртэй, уг газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээнд андууран бичсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид энэ талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн нэрийг Б.Ариундэлгэр гэж тодорхойлсныг шүүхээс хариуцагчийн эрх зүйн байдал тодорхойгүй байна гэж үзлээ. Өөрөөр хэлбэл Б.Ариундэлгэр нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд мөн эсэх, мөн түүнчлэн маргааны зүйлийн талаар нэхэмжлэгч төөрөлдсөн байх тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Алтансаргайн бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Алтансаргайн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ