| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 203/2021/0000/Э |
| Дугаар | 2021/ДШМ/15 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 10.1.2.11., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ДШМ/15
Л.Э, Б.Х нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор: Б.Энхмэнд /онлайнаар/,
Яллагдагч: Б.Х /онлайнаар/,
Яллагдагч нарын өмгөөлөгч: И.Олонмөнх, Н.Энхтөр /онлайнаар/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Р,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/36 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Л.Э, Б.Х нарт холбогдох 2029000870099 дугаартай эрүүгийн хэргийг Ерөнхий прокурор Б.Энхмэндийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,
Яллагдагч Б.Х, Л.Э нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Ө аймгийн Ц сумын төвөөс урд зүгт 25 километрт байдаг хот айлд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Ц.Ц-тай бэлчээр уснаас маргалдан улмаар зодож, амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Энхмэнд нь яллагдагч Л.Э, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э, Б.Х нарт холбогдох эрүүгийн 2029000000130 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол Л.Э, Б.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлүүдийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт хүргүүлэхээр” шийдвэрлэжээ.
Ерөнхий Прокурор Б.Энхмэнд нь давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т заасны дагуу шинжээч С.Шүрцэцэгийг оролцуулж, дүгнэлтийг тодруулах талаар гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлд заасан ...хүсэлтийг хангах, хэсэгчлэн хангах, хангахаас татгалзах тухай шүүх шийдвэр гаргана гэснийг зөрчсөн.
Гэмт хэрэг гарахаас өмнө Б.Х-гийн ногоон өнгийн дэлгүүрээс авчирсан 1 шил архийг Д.Э-ын гэрт Э буюу Д.Э, Х, Э нар уусан, архи уух үед талийгаач Ц.Ц байхгүй, М байсан болох нь:
Гэрч Д.Э-ын “...би Х-н хонийг эргүүлээд гэрт нь очоод байж байхад Х нэлээд байж байгаад гэртээ 0,75л Ерөөл архи авч орж ирсэн. Тэгээд архиа задлаад надад нэг хийж өгчхөөд хоол хийсэн. Бид 2 хоол хийж байх хооронд би тэр архийг аягалаад ууж байхад Х нь Б ахыг дуудъя гээд утсаар Э-ыг дуудсан. Э удалгүй хоол болж байхад ганцаараа ирээд бид 3 хоол идэнгээ тэр архийг хувааж ууж дуусахад утас нь дуугараад нэг хүнтэй ярьчхаад явлаа гээд явсан.
Би жаахан байж байгаад араас нь гараад гэр лүүгээ явах замд байдаг Э-ын худгаар дайрч очиход худаг дээр Э талийгаачтай юм яриад сууж байсан. Тэгээд Э-ыг манайд очъё гэхээр нь бид нар ар араасаа цуварч Э-ын гэрт очиход тэнд хүн байгаагүй. Тэгээд бид нар гэрт ороод талийгаач 0,5л архи гаргаж ирээд өөрөө аягалаад тойруулаад ууж байхад М орж ирчхээд гараад явсан.
Тэгээд бид 3 юм ярингаа архи уугаад дуусаж байхад Х орж ирсэн. Х тэр архинаас нь нэг татаад тэр архи нь дууссан. Тэгж байтал Э талийгаач руу агсарч чи яахаараа тэмээгээ урагшаа оруулж өвөлжөө идүүлдэг юм бэ гээд босож ирээд талийгаачийг сууж байхад толгой руу нь гараараа нэг цохиод зүүн хөлийнх нь гуя орчимд өшиглөөд авсан.
... Тэгж байгаад талийгаач би явлаа гээд гэрээс гарахаар нь би араас нь гарахад талийгаач мотоциклоо асаагаад явсан. Тэгээд би шууд гэр лүүгээ явсан. Дахиж Э-ын гэрт очоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 129-131/,
Сэжигтэн Б.Х-гийн: “...Гэрт ороход нэг шил архиа өвөртөө хийгээд нэг архиа мотоциклынхоо ганзаганд хийчхээд ороход Э ах гэрт байж байсан. Би нэг шил архиа задалж Э ахад шаазан аяганд дундуур нэг хийж өгсөн чинь уучихаар нь та тойруул гэж өгчхөөд өөрөө 1-2 уучхаад би Э ах усан дээрээ байгаа байх дуудчих уу гээд Э-ын утас руу залгахад худаг дээр байна за хүрээд очъё гээд удалгүй ганцаараа ирсэн.
Тэгээд бид 3 архи хувааж ууж байх үед нь мах чанаж өгөөд бид нар тэр архийг ууж дуусаж байх үед Э ахтай хамт амьдардаг Б гэдэг ах ирсэн. Тэгээд хоол идчихээд байж байхад Э ахын утас дуугарч хүнтэй ярьчхаад худаг дээр найз ирчихлээ гээд яараад тэр 3 явсан” гэх мэдүүлэг /233-238/,
Гэрч С.Б-ы “...Урд орой нь гэрт ирсний дараа гэр чинь усгүй байна гэж намайг хэлэхэд талийгаач ганцаараа яваад ус аваад ирэхдээ архи авч ирээд бид хоёр 1 шил архийг нь хувааж уусан. Ус авчрах үед мотоциклынх нь ганзагалдаг уутанд нь шар тортой чихэр, боов, архи байсныг би гэрт нь оруулж орных нь хөлд тавьсан.
Өглөө нь талийгаач тэр ууттай юмыг аваад явсан. Дотор нь яг хэдэн шил архи байсныг мэдэхгүй ямар ч байсан нэг шил архи харагдаж байсан. Тэр тор нь надад нэлээд хүнд л санагдаж байсан.
Э-тай уулзана гээд нэлээд хэд хоногийн өмнөөс л яриад байсан. Миний бодлоор мал услах талаар л ярих гэж байсан байх” гэх мэдүүлэг /х-ийн 132-133/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн талийгаач Ц.Ц-ын авчирсан архийг Л.Х-ийн гэрт хувааж ууж байхдаа бэлчээр усны асуудлаас болж маргалдсан нь гэмт хэрэг гарах шууд шалтгаан нөхцөл болж, архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлсэн хэрэглэсэн нь шууд бусаар нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Худалдагчаас гэрчээр мэдүүлэг авах нь гэм бурууг нотлоход нотолгооны ач холбогдолгүй, архи согтууруулах ундааны зүйл зарсан зөрчил нь шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой Зөрчлийн тухай хуулийн 5.13, 6.5. дугаар зүйлд заасныг зөрчсөн харилцаа болж байна.
Мөрдөгчөөс хэрэгт ач холбогдол бүхий асуултаа тавьж, шинжилгээний объектыг /цогцсыг/ шинжээчид шилжүүлснээр шинжээч тусгай мэдлэгээ ашиглан шинжилгээ явуулж дүгнэлт гаргах ажиллагаа хийгдсэн байна.
Шүүхээс дээрх хоёр гэмтлийн аль хүнд гэмтлийн улмаас нас барсан болох нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь шинжээчийн дүгнэлтийн 4 дэх заалтад дээрх хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан гэж олон тоон дээр буюу гавалын ясны хугарал, дөрвөн хавирганы хугарал, уушгины эдийн няцрал гэмтлүүдийн улмаас нас барсан гэж эргэлзээгүй, тодорхой бичжээ.
Шинжээчийн дүгнэлт тодорхойгүй бүрэн бус, шинэ баримт бий болсны улмаас зарим зүйлийг нэмж тодруулах шаардлагатай үед нэмэлт шинжилгээг хийх ажиллагааг шүүхийн аль аль шатанд хийж гүйцэтгэж болдог.
Шүүх болон оролцогч талуудаас шинжээчийн дүгнэлтийг бүрэн биш, тодорхойгүй гэж өөр, өөрийн өнцгөөс үнэлж дүгнэлт хийж, тайлбар гарган урьдчилсан хэлэлцүүлэгт оролцсон ба тухайн урьдчилсан хэлэлцүүлгээр шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй байсан.
Учир нь шинжээч дүгнэлтээ хариуцдаг, түүний бодитой байхын баталгаа болдог тул шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах замаар дүгнэлтийг хэрхэн үнэлэх эсэхийг шийдвэрлэх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог төрөл бөгөөд үүний дараа хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Ийм ч учраас прокуророос шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах санал гаргасан.
Шинжээчийг оролцуулснаар дүгнэлтэд байгаа мэргэжлийн нэр томьёо, үг, хэллэгийг тайлбарлуулах, шинжилгээний хэсэг, дүгнэлт хоёрын хооронд утга агуулгын зөрөөтэй мэдээлэл байвал түүнийг тодруулах, шинжээчийн дүгнэлт зөрсөн шалтгааныг тодруулах, дүгнэлтэд тусгагдаагүй зарим зүйлийг тодруулж авах зэрэг нотолгооны ач холбогдолтой байсан байна.
Л.Э, Б.Х нарын мэдүүлэгт “Э үйлдсэн, би үйлдээгүй” гэх харилцан эсрэг сонирхолтой гэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчиж, хэргийн бодит байдалд нийцээгүй Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/З6 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэжээ.
Прокурор Б.Энхмэнд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг яагаад зөрчсөн бэ? гэвэл шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахад шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэдэг. Тэгэхээр нь прокурорын зүгээс шинжээчээ оролцуулъя гэсэн боловч хүлээж аваагүй ба яагаад хүлээж аваагүй талаарх үндэслэлээ захирамждаа дурдаагүй. Дүгнэлт эргэлзээтэй, тодорхойгүй гэж үзэхгүй байна. Иймээс дахин дүгнэлт гаргах үндэслэл тогтоогдохгүй байна. Гэм буруугийн хувьд асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв
Яллагдагч Б.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулж өгнө үү гэв.
Яллагдагч нарын өмгөөлөгч И.Олонмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “ ...Шинжээчийн дүгнэлтийг учир дутагдалтай байна гэж үзээд дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргахад урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг прокурорт буцаасан. Шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Ялгаж салгалгүйгээр шинжээчийн дүгнэлт ерөнхий гаргасан гэж үзэж байна. Хүнд гэмтлүүдийн улмаас амь нас нь хохирсон гэдэг. Гэтэл хэний цохилтын улмаас гэмтэл үүссэн эсэхийг ялгаж салгаагүй байхад бүлэглэсэн гэж зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 36 дугаартай анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Яллагдагч нарын өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхээс хэргийг нэмэлт шинжилгээ хийлгэх, гэрч асуулгахаар буцаасныг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шинжээч бүрэн дүүрэн дүгнэлт гаргаагүй. Талийгаачид олон тооны шарх үүссэн. Шинжээч мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэдэг боловч зарим гэмтлийг мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэхэд эргэлзээтэй байна. Талийгаачийн амь насанд хүрсэн гэх гэмтлүүд нь гэрч О-ын мэдүүлгээр талийгаач баруун хавирга эвгүй байна гээд байж байсан талаар мэдүүлдэг. Ингэхээр хавирганы гэмтлээс болж үхсэн гэдэг эргэлзээтэй байна. Иймд хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй байна гэж үзэж байна Эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Р давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Хэлэлцүүлгээс гарсан шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Ямар ч маргаан гараагүй. Зүгээр байсан хүнийг зодож, амь насыг нь хохироосон. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой байгаа. Прокурорын эсэргүүцэлд дурдсан зүйлс буруу байна. Миний аавд 4-5 цаг маш олон тооны гэмтэл учруулж, тарчлаан зовоосон. Гэтэл прокурор тарчлаан зовоогоогүй гэсэн байна. Үүнийг миний зүгээс санаатайгаар онц, харгис хэрцгийгээр хүнийг алсан гэж үзэж байна. Хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Прокурор ял завших боломжийг олгож байна. Маш их гомдолтой байна. Захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Өмгөөлөгчийн зүгээс эсэргүүцлийг хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй байна. Эсэргүүцэлдээ шүүх яг ямар ажиллагаа хийснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн талаар тодорхой бичээгүй байна. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, зохион байгуулсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна. Мөн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 36 тоот шүүгчийн захирамжаар шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан 17 асуудлын хүрээнд хэргийг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн. Иймд шүүх хуулийн дагуу ажилласан учир прокурорын эсэргүүцлийг хүлээн авах эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд үндсэн 4 нөхцөл байдлыг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан. Тэгэхээр энэхүү 4 үндсэн нөхцөлийг шүүх зөрчөөгүй учир эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ерөнхий прокурор Б.Энхмэндийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бичсэн 07 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Хэргийн бүх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд нь яллагдагч Л.Э, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар зүйлчлэн 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 02 дугаартай яллах дүгнэлт үйлдэж /2хх 116-123/, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Яллагдагч Б.Х-гийн өмгөөлөгч И.Олонмөнхөөс анхан шатны шүүхэд гаргасан: “...Хэрэг мөрдөх ажиллагааны явцад гаргасан Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020-11-23-ны өдрийн 118 тоот шинжээчийн дүгнэлтийн 1 дэх заалтад ...2 талын чамархай ясны цөмөрсөн хугарал, гавалын дунд хонхор дахь хугарал, аалзан хальс доорх жижиг цус харвалт, тархины эдийн жижиг голомтот няцрал, ...баруун талын 8, 9-р, зүүн талын 11, 12-р хавирганы хугарал, уушгины голомтот няцрал ...гэмтэл үүссэн гэсэн бөгөөд Ц.Ц нь дээрх хүнд гэмтлүүдийн улмаас нас барсан гэжээ.
Гэтэл талийгаачийг шууд үхэлд хүргэсэн амь насанд аюултай гэмтэл нь аль болохыг ялгаж тогтоогоогүй бөгөөд аль гэмтэл нь эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь насыг аварч болох эсэхийг ялгаж тогтоож өгөөгүй хэтэрхий ерөнхий дүгнэлт гаргасан байх тул дахин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилон дүгнэлт гаргуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.15-д заасан ажиллагааг хийлгүүлэх хүсэлтийг гаргаж байна” /2хх-151/ гэсэн хүсэлтээс үзэхэд шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэсэн агуулгагүй байна. Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1, 27.8 дугаар зүйлийн 2 дахь дэх хэсэгт зааснаар шүүхээс шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэж болохоор заасан заалтыг шүүх хэрэглээгүй үндэслэлээ заагаагүй байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Батмөнх нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өмгөөлөгч И.Олонмөнхийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгийн явуулсан байх бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд оролцсон ерөнхий прокурор Б.Энхмэндээс ...Прокурорын зүгээс шинжээчийн 119 дугаартай дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэхгүй байгаа. ...Хүнд гэмтлийн улмаас нэс барсан байна гэж тодорхой заасан байгаа. Гэтэл хоёр талын өмгөөлөгч уушгины гэмтлээс болоод нас барсан юм уу, эсхүл тархины гэмтлээс болоод нас барсан юм уу түүнийг нотлуулах шаардлагатай гэж байна. Миний хувьд шинжээч дахин томилуулах асуудлыг урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэх боломжгүй байна. Хэрвээ тодруулж асуух шаардлагатай гэж үзэх юм бол хэргээ шүүхэд шилжүүсний дараа шинжээч томилуулах тухай хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шинжээчийг оролцуулж байгаад шийдье.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т урьдчилсан хэлэлцүүлгээр шийдэх боломжгүй хүсэлтийг хэлэлцэхгүйгээр орхиод анхан шатны шүүх хуралдаанаар шинжээчийг оролцуулж байгаад энэ хүмүүсийн ойлгохгүй байгаа, тайлбарлуулах гээд байгаа зүйлийг шинжээч Шүрэнцэцэг эмчийг оролцуулъя.
Прокурор үүний дагуу шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10-т заасны дагуу шинжээч Шүрэнцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулъя.
Өмгөөлөгч нарын яриад байгаа зүйлүүдийг нь тодруулъя. Өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг өөр өөрийнхөө өнцгөөс ойлгож тайлбарлаад байна. Тиймээс шинжээч эмчийг өөрийг нь оролцуулж байгаад тодорхойгүй зүйлийг нь тодруулж байгаад ойлгохгүй байгаа юмыг нь асууж байгаад дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох эсэх асуудлыг шүүх хуралдаан дээр шийдье /2хх-174/ гэснээс үзэхэд ерөнхий прокурор Б.Энхмэнд нь шүүх хуралдаанд шинжээч эмчийг оролцуулах санал, хүсэлтийг гаргасан байхад “хэргийг прокурорт буцаах тухай” /2хх-177-182/ шүүгчийн захирамжинд прокурорын санал, хүсэлтийн талаар дүгнэлт хийгээгүй байна.
Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжид “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс талийгаачийн эхнэр Ц.Д-г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохтой холбоотой асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх боломжтой” /2хх-181/ гэж дүгнэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана гэж заасан заалттай нийцэхгүй байна.
Ерөнхий прокурор Б.Энхмэндийн эсэргүүцэлд “...яллагдагч Л.Э, Б.Х нар нь бүлэглэн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ...согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Ц.Ц-тай бэлчээр уснаас маргалдан зодож амь насыг нь хохироон хүнийг алах гэмт хэрэгт холбогдсон. ...шүүхээс нэмэлт шинжилгээ хийх, ногоон дэлгүүрийн худалдагчаас гэрчийн мэдүүлэг авч гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг тогтоох гэж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т заасан шинжээч С.Шүрцэцэгийг шүүх хуралдаанд оролцуулж дүгнэлтийг тодруулахаар гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй орхиж эрхийг нь зөрчсөн” гэж заасан үндэслэлийг давж заалдах шатны шүүх хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Иймд ерөнхий прокурор Б.Энхмэндийн “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах тухай” эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/36 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Л.Э, Б.Х нарт холбогдох 2029000870099 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Л.Э, Б.Х нарт цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР