Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 36

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр, 

Шүүгдэгч Б.Цогбаатар, Д.Ганцогт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар Б.Цогбаатар, Д.Ганцогт нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201717000047 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 05 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Нэг. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн харьяат, 1991 оны 11 дүгээр сарын 30-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн 3 дугаар байр 8 тоотод оршин суух, Түмэнцогт сум дахь Төрийн банкинд эдийн засагч ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, гавъяа шагналгүй, ЛЙ91113019 регистртэй, Цагаачнууд овгийн Даваасүрэнгийн Ганцогт. 

 

Хоёр. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн харьяат, 1991 оны 04 дүгээр сарын 29-нд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Төмөртэйн өндөр гэх газар оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, гавъяа шагналгүй, ЛЙ91042911 регистртэй, Тэмээчин овгийн Бадрахын Цогбаатар.

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Яллагдагч Б.Цогбаатар, Д.Ганцогт нар нь 2017 оны 01 сарын 25-ны шөнө 22.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин иргэн Г.Жавхаатөгсийг ямар ч шалтгаангүйгээр зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Ганцогт шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би архи уугаад л юу хийж байгаагаа мэдэхгүй ийм зүйл хийсэн байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Энэ хэрэг болсноос хойш архи уугаагүй. Хохирогчид учирсан хохиролд 3.026.339 төгрөг бид хоёр бүгдийг нь төлсөн. Би сумынхаа төрийн банкинд харилцааны менежерээр ажилладаг. Одоо ажлаа хийж байгаа. Би шүүх хуралдаанд нэмж мэдүүлэг өгөхгүй, миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн ... гэв. 

 

          - Шүүгдэгч Б.Цогбаатар шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Надад тэр хүнийг зодох ямар нэгэн шалтгаан байхгүй. Би хааяа л архи уудаг. Хохирлыг бүгдийг нь төлсөн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би шүүх хуралдаанд нэмж мэдүүлэг өгөхгүй, миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд үнэн... гэв. 

 

 - Хохирогч Г.Жавхаатөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2017 оны 01 сарын 25-ны орой 17 цаг өнгөрөөж ажлаасаа тараад Бямбарагчаатай утсаар яриад тэднийх рүү очихдоо дэлгүүрээс 2 литрийн Нийслэл пиво нэг ширхэг аваад очсон юм. Бямбарагчаагийнд очиход Бямбарагчаа, түүний эхнэр хүүхдүүд нь байсан. Тэгээд л би авчирсан пивоо задлаад Бямбарагчаа түүний эхнэр Солонготой хамт хувааж ууж байхдаа Манлайбаярыг дуудсан юм. Удалгүй Манлайбаяр ганцаараа ирэхдээ 2 литрийн Нийслэл пиво нэг ширхэгийг авчирсан. Түүнийг нь Бямбарагчаа, Манлайбаяр, Солонго бид 4 хоол идэх зуураа хувааж уусан. Тэгээд л Манлайбаярыг орхичихоод Бямбарагчаа бид 2 дахиж ганц нэг пиво уух уу гээд Тамир рестораны дэлгүүр рүү алхаад явж байтал замд Өлзийдэлгэр ах машинтайгаа явж байгаа таархаар нь бид хоёр Тамир ресторан руу явж байна тэгээд буцаагаад хүргээд өгөх үү гээд гуйсан чинь суучих, суучих гэхээр нь машинд суугаад Тамир ресторан руу хүргүүлсэн юм. Би Тамир ресторан руу ганцаараа орох гэхэд гадна талд нь Ганцогт машиныхаа дэргэд байгаатай таарч түүнтэй мэндэлчихээд дотогшоо ороход Цогбаатар, Алтанхуяг хоёртой таарсан. Тэгээд л би дэлгүүр орж нэг пиво авах гэснээ дутаж магадгүй гээд нэг мөсөн хоёрыг аваад дэлгүүрээс гарахад Цогбаатар, Ганцогт нар Бямбарагчаатай маргалдаад байгаа юм шиг өнгө аястай Ганцогт жолоочийн эсрэг талын цонхоор толгойгоо шургуулчихсан, Цогбаатар нь машиных нь дэргэд зогсчихсон, Алтанхуяг болохоор жолоочийн зөв талын арын хаалгыг нээгээд дээрээс нь гараараа тулчихсан зогсож байхаар нь Алтанхуягийн дэргэдүүр орж авсан пивоо арын суудал дээр тавьчихаад Цогбаатарыг эхэлж машинаас холдуулах гэсэн чинь зангүй байхаар нь эргэж Ганцогтыг машинаас холдуулаад уулзах гэсэн чинь мөн зангүй байсан. Тэгэхээр нь Алтанхуягийг арай гайгүй болохоор нь түүнтэй ярьж байгаад энэ хоёр найзыгаа аваад явчих гэж хэлэх гэтэл Цогбаатар нь Алтанхуягийг машинаас татаад буулгачихсан. Тэгээд машины араар тойрч ирээд намайг машинаас татаад уулзая гээд байхаар нь би машинаас буусан чинь Цогбаатар миний энгэр заамнаас заамдаж аваад түрсээр байгаад Тамир рестораны зүүн урд булан руу очсон. Тэгээд л тэнд бид хоёр жаахан маргалдаж байснаа арай гайгүй эвлэрээд би түүнийг цохичих байх гэж айгаад бүсэлхийгээр нь тэврэх гээд байж байтал Ганцогт гүйж ирснээ миний нүүр рүү нэг удаа цохиод авахад Цогбаатар намайг заамдаж байснаа тавьчихсан. Тэгээд л Ганцогт нь Цогбаатарыг цааш нь түлхээд дахиад намайг цохих гэхэд нь би түүнийг барьж аваад доош нь дараад цохиулахгүй гэж байтал Ганцогтын гар нь орж ирээд миний толгойн араас цохиод байсан. Тэр үед Өлзийдэлгэр ах бид нарыг харчихаад болиулах гээд гүйж ирсэн. Энэ үед хэн нэг нь миний баруун мөрнөөс хойш татах үед Цогбаатар миний баруун нүд рүү өшиглөсөн. Тэгэхэд нүднээс гал бутрах шиг л болоод би бөгсөн биеэрээ газар ойчоод өгсөн. Тэр үед Ганцогт нь миний хамар луу өшиглөхөөр нь би босох гээд гараараа газар тултал Цогбаатар, Ганцогт хоёр миний хэнхдэг цээж, нуруу руу хаа хамаагүй өшиглөж байсан. ...тэгээд би тэр хоёрт та хоёр яах гээд байгаа юм бэ гэсэн чинь Цогбаатар нь машинаасаа бууж ирээд чамайг би барна шүү дээ гээд намайг заамдаж аваад цааш түлхээд явахдаа ташиж унагаагаад хэнхдэг цээж рүү 2 удаа өшиглөхөөр нь би хоёр хөлнөөс нь тэвэрч авсан. Тамир рестораны гадна Цогбаатар миний баруун нүд рүү өшиглөснөөс болоод баруун нүд хавдаж нүднээс цус гараад байсан. Тэгээд л Цогбаатар, Ганцогт хоёр хоёулаа намайг өшиглөж цохисноос болоод баруун талын 1 хавирга хугарч хоёр нүд хөхөрч хавдсан, дээд доод уруул язарч хавдсан байсан. Тэгээд л тэр оройдоо сумын их эмч Энхтуяад үзүүлж сумын эмнэлэгт 2 хоног хэвтэн эмчлүүлж байгаад дараа нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэн 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мөн баруун нүдний ухархайн дотор хугарлыг засах хагалгаанд 2017 оны 02 сарын 15-ны орчим Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт орсон юм. Цогбаатар, Ганцогт, Алтанхуяг нартай бол ямар ч харьцаа холбоо байхгүй. Нэг нутгийнх болохоор л зүс таньдаг юм. ...Одоогоор нийт 3.026.239 төгрөгийн зардал гарсан. Үүнээс Цогбаатар, Ганцогт нар надад 700.000 төгрөгийг 2017 оны 02 сард миний өөрийн Хаан банкны 5639041106 данс руу шилжүүлсэн байсан. Тийм учраас би Цогбаатар, Ганцогт хоёроос үлдэгдэл 2.326.239 төгрөгийг нэхэмжилнэ. Энэ зардлыг төлчих юм бол надад гаргах гомдол санал байхгүй. Би хэргийн материалтай танилцана. Мөн шүүх хуралд сууна... гэх мэдүүлэг /хх-13-15/ 

 

- Гэрч Х.Өлзийдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн: Нэг харсан чинь Ганцогт Цогбаатар хоёр Жавхаатөгс дээр оччихсон Жавхаатөгстэй зодолдож байхаар нь очиж салгах гэсэн чинь дийлдэхгүй, Жавхаатөгс нь Ганцогтоос салаад Цогбаатартай муудаж цохиулаад байхаар нь эргэж машин руугаа очоод Бямбарагчааг дуудаж наад хэд чинь дийлдэхгүй нэг нэгнийгээ аймаар болгосон байна, чи очиж салгалц гээд дагуулаад Жавхаатөгсийг Ганцогт, Цогбаатар хоёроос салгаад Бямбарагчаа, Жавхаатөгс хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр явахад Цогбаатар, Ганцогт хоёр араас цагаан өнгийн суудлын машинтай дагаад яваад байхаар нь жишиг хорооллын гудамжинд гэрлээ унтраагаад нуугдсан чинь араас хүрч ирээд машинаасаа буухад эд нар яагаад байгаа юм бэ гээд буусан. Тамир рестораны урд талд буюу гэрэл муутай газар зодолдож байсан болохоор Цогбаатар, Ганцогт хоёртой Жавхаатөгс ээлжилж зодолдсон боловч яг хаана хаана нь цохиж байгаа нь сайн харагдаагүй ямар ч байсан нэг нэгнийгээ цохиод байсан. Ихэвчлэн Жавхаатөгсийг Цогбаатар, Ганцогт хоёр зодоод байсан. Дараа нь Жавхаатөгс миний машинд суух үед нүүр ам нь цус болчихсон. Аль нэг нүд нь хавдсан байсан. Бямбарагчаагийн биед ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Ганцогт, Цогбаатар хоёрыг харанхуйд харсан болохоор юу ч мэдэгдэхгүй байсан”  ...гэх мэдүүлэг /хх-19/

 

- Гэрч Г.Алтанхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: Ганцогтынд очиход Ганцогтын аль нэг нүд нь хавдаад, хамар нь муруйсан байдалтай байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад “Өчигдөр Жавхаатөгстэй муудаад Жавхаатөгс намайг өшиглөчихсөн юм. Жавхаатөгсийн нүүр нь бүр хачин хавантай болсон гэж ярьж байсан. Тэгээд Жавхаагийн нүүр нь яагаад хавантай болсон юм гэж асуухад тэрээр “ямар ч байсан Цогбаатар нэг өшиглөх нь өшиглөсөн” гэж ярьж байсан”...  гэх мэдүүлэг /хх- 20/

 

- Гэрч М.Бямбарагчаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Өлзийдэлгэр Цогбаатарыг машинаасаа холдуулаад машинтайгаа хөдлөөд манайх руу явах замдаа Жавхаатөгсийг машины гэрэл асаагаад харахад нүүр ам нь цус болоод баруун нүд нь хавдчихсан байсан. Бид 3 манай гэрийн гадаа ирж зогсоод манай гэрийн гадаа буух гэж байтал араас Цогбаатар машинтайгаа хүрээд ирэхээр нь хөдлөөрэй гээд бид 3 хөдлөөд сумын төвийн урагшаа явж байгаад машины гэрлээ унтраагаад зогсоход Цогбаатар машинтайгаа харагдахаа больчихсон. Тэгээд л Жавхаатөгс цасаар нүүр амаа угааж байтал Цогбаатар, Ганцогт хоёр машинтайгаа хүрч ирээд машины зүүн хойд талд зогссон. Тэгтэл Жавхаатөгс машинаасаа бууж Цогбаатартай маргалдаж байгаад дахиад л муудаж дээр доороо орохоор нь би болиулах гээд машинаас буугаад очиход Ганцогт машинаасаа бууж орилоод Жавхаатөгс, Цогбаатар хоёр руу гүйгээд очих гэхэд нь би замаас нь түүнийг дарж унагаахад түүний хамраас нь цус гарсан байхаар нь би түүнд “би чамайг цохиогүй шүү гэхэд тэрээр би мэдэж байгаа гээд байсан. Тэр үед Өлзийдэлгэр Цогбаатар, Жавхаатөгс хоёр дээр очоод тэр хоёрыг  салгасан ... гэх мэдүүлэг /хх- 26/ 

 

- Гэрч Э.Энхзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би Д.Ганцогтын үйлдсэн хэргийн талаар нь мэдэхгүй байна. Их тайван, дөлгөөн зантай, ажилсаг, хөдөлмөрч хүн гэж боддог. Бусдад их тус нэмэр болдог элдэв муу зан, зуршил гэх зүйл мэдэгддэггүй. Бид 2004 оноос хойш найзалж, нөхөрлөж байгаа. Бусадтай маргалдаж муудалцаад байдаггүй л хүн байгаа юм ... гэх мэдүүлэг /хх-23/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 01-ний өдрийн 38 тоот хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын дүгнэлтэд: 1. Ц.Ганцогтын биед хамрын ясны цууралт, муруйлт, баруун нүдний салстад цусан хураа, баруун доод зовхинд, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй /хх-30/ ...гэжээ.

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 39 тоот хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын дүгнэлтэд: 1. Г.Жавхаатөгсийн биед тархи доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал, цээжний баруун талд 8 хавирганы зөрөөтэй хугарал, баруун нүдний алимны цусан хураа, баруун хацар дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор салстад язарч урагдсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдуулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна... гэжээ /хх-34/.

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 39 тоот хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын / нэмэлт / дүгнэлтэд: 1.Г.Жавхаатөгсийн биед баруун нүдний алимны доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдуулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна... гэжээ /хх-62/.

 

-  Д.Ганцогтын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 88/ 

 

-  Б.Цогбаатарын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх- 93/

 

-  Д.Ганцогтын иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 89/ 

 

-  Б.Цогбаатарын иргэний үнэмлэхийн хуулбар /хх- 94/

 

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017.02.17-ны өдрийн 18 тоот тодорхойлолт /хх- 92/

 

- Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2017.02.17-ны өдрийн 74 тоот тодорхойлолт /хх- 96/

 

-  Хохирогч Г.Жавхаатөгсийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-99/

 

-  Хохирлын баримтууд /хх-104-128/

 

- Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлын тооцоо /хх-129-130/

 

-  Гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирлын тооцоо /хх-131/

 

- Хохирогч Г.Жавхаатөгсийн 2017.05.05-ны өдөр тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-140/... зэрэг болно.

 

 

Шүүгдэгч Б.Цогбаатар, Д.Ганцогт нар нь 2017 оны 01 сарын 25-ны шөнө 22.00 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төв “ Тамир” дэлгүүрийн дэргэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин иргэн Г.Жавхаатөгсийг ямар ч шалтгаангүйгээр зодож бие махбодид нь “ баруун нүдний алимны доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал “ бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Жавхаатөгс, гэрч Х.Өлзийдэлгэр, Г.Алтанхуяг, М.Бямбарагчаа, Э.Энхзориг нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, 2017.02.25-ны өдрийн Эмчийн анхны үзлэгийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 сарын 06-ны өдрийн 39 тоот, 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 39 тоот хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын / нэмэлт / дүгнэлт, Хэрэг учралын газарт газарт үзлэг хийсэн тэмдэглэл/2017.03.23/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, Эд мөрийн баримтаар хураан авч, үзлэг хийсэн тэмдэглэл / 2017.03.23/, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 424 дугаартай шүүгчийн захирамж болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. 

 

   Хэргийн гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч Б.Цогбаатар, Д.Ганцогт нар бааранд үйлчлүүлж согтуурсан үедээ гудамжинд таарсан хохирогч Г.Жавхаатөгсийг ямар ч шалтаг шалтгаангүйгээр бүлэглэн гар, хөлөөр цохиж зодож биед нь гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба энэ нь хохирогч Г.Жавхаатөгсийн “Цогбаатар, Ганцогт хоёр хоёулаа намайг өшиглөж цохисноос болоод баруун талын 1 хавирга хугарч хоёр нүд хөхөрч хавдсан, дээд доод уруул язарч хавдсан байсан. Тэгээд л тэр оройдоо сумын их эмч Энхтуяад үзүүлж сумын эмнэлэгт 2 хоног хэвтэн эмчлүүлж байгаад дараа нь аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэн 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мөн баруун нүдний ухархайн дотор хугарлыг засах хагалгаанд 2017 оны 02 сарын 15-ны орчим Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт орсон юм “ гэх, гэрч Х.Өлзийдэлгэрийн “Нэг харсан чинь Ганцогт Цогбаатар хоёр Жавхаатөгс дээр оччихсон Жавхаатөгстэй зодолдож байхаар нь очиж салгах гэсэн чинь дийлдэхгүй, Жавхаатөгс нь Ганцогтоос салаад Цогбаатартай муудаж цохиулаад байхаар нь эргэж машин руугаа очоод Бямбарагчааг дуудаж наад хэд чинь дийлдэхгүй нэг нэгнийгээ аймаар болгосон байна, чи очиж салгалц гээд дагуулаад Жавхаатөгсийг Ганцогт, Цогбаатар хоёроос салгаад Бямбарагчаа, Жавхаатөгс хоёрыг гэрт нь хүргэж өгөхөөр явахад Цогбаатар, Ганцогт хоёр араас цагаан өнгийн суудлын машинтай дагаад яваад байхаар нь жишиг хорооллын гудамжинд гэрлээ унтраагаад нуугдсан чинь араас хүрч ирээд машинаасаа буухад эд нар яагаад байгаа юм бэ гээд буусан “ гэх, гэрч Г.Алтанхуягийн “ Ганцогтынд очиход Ганцогтын аль нэг нүд нь хавдаад, хамар нь муруйсан байдалтай байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад өчигдөр Жавхаатөгстэй муудаад Жавхаатөгс намайг өшиглөчихсөн юм. Жавхаатөгсийн нүүр нь бүр хачин хавантай болсон гэж ярьж байсан. Тэгээд Жавхаагийн нүүр нь яагаад хавантай болсон юм гэж асуухад тэрээр ямар ч байсан Цогбаатар нэг өшиглөх нь өшиглөсөн гэж ярьж байсан “ гэх, гэрч М.Бямбарагчаагий “Өлзийдэлгэр Цогбаатарыг машинаасаа холдуулаад машинтайгаа хөдлөөд манайх руу явах замдаа Жавхаатөгсийг машины гэрэл асаагаад харахад нүүр ам нь цус болоод баруун нүд нь хавдчихсан байсан “ гэх мэдүүлгүүд, “ Г.Жавхаатөгсийн биед баруун нүдний алимны доргилт, баруун ухархайн дотор ханын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтлүүд нь ШЭГЗТЖ-ийн 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар алдуулах тул  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна “ гэх Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 сарын 16-ны өдрийн 39 тоот хүний биед шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актын / нэмэлт / дүгнэлт зэргээр хэрэгт хангалттай нотлогджээ.

              

Шүүгдэгч Д.Ганцогт, Б.Цогбаатар нар ямар ч шалтгаангүйгээр гудамж талбайд маргаан өдөж, зодоон үүсгэн хохирогчийн бие мах бодид хөнгөн гэмтэл бүлэглэн учруулан хуулиар хамгаалагдсан бусдын халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд хүч хэрэглэн халдаж, мөн маргаан дууссаны дараа араас нь очиж зодолдож өөрсдийн догшин авир, бүдүүлэг үйлдлээ зориуд удтал үргэлжлүүлэх зэргээр нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн хийгээд тэдгээрийн дээрх үйлдлүүд танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзнэ.

 

Дээр дурдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ганцогт, Б.Цогбаатар нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдож, тогтоогдсон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт бүрдсэн байх тул тэдгээрийг бүлэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж бусдын бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар хорих ял шийтгэл оногдуулах үндэстэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Ганцогт, Б.Цогбаатар нар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт болон бичиг баримт хураагдаагүй, тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.Жавхаатөгс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Шүүгдэгч нарт ял оногдуулахад тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан хөнгөрүүлэх, харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдлууд болно. 

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан байснаа хүлээн зөвшөөрөх ба энэ нь хохирогч Г.Жавхаатөгс, гэрч М.Бямбарагчаа, Г.Алтанхуяг  нарын мэдүүлгүүдээр давхар нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.Ганцогт, Б.Цогбаатар нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад хөнгөн гэмтэл учирсан, хохирогч Г.Жавхаатөгс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

           

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаачнууд овгийн Дамдинсүрэнгийн Ганцогт, Тэмээчин овгийн Бадрахын Цогбаатар нарыг бүлэглэн, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д  зааснаар шүүгдэгч Д.Ганцогтыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Цогбаатарыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Д.Ганцогтод оногдуулсан 3 жил 1 сарын, ялтан Б.Цогбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан  Д.Ганцогтод оногдуулсан 3 жил 1 сарын, ялтан Б.Цогбаатарт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялуудыг тэнсэж, тус бүрийг 1 / нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

 

5. Ялтан Д.Ганцогт, Б.Цогбаатар нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд тэдгээр нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу  хохирогч Г.Жавхаатөгс гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Ганцогт, Б.Цогбаатар нар хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т заасныг баримтлан ялтан Д.Ганцогт, Б.Цогбаатар нарт шүүхийн шатанд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

                                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.НАСАНБУЯН