Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 221/MA2017/0361

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 23 өдөр                   Дугаар 221/МА2017/0361                          Улаанбаатар хот

        

Т.*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0227 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Т.*******ын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0227 дугаар шийдвэрээр: Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.*******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, Т.*******ын жагсаал, суулт хийх мэдэгдлийг хүлээн авч, бүртгэхийг хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “…Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль нь 1994 онд батлагдан мөрдөгдөж байгаа бөгөөд 1995 он, 2005 онд нэмэлт өөрчлөлт оруулсан боловч одоогийн нийгмийн харилцааг бүрэн зохицуулахад учир дутагдалтай байдаг учир дүүргийн Засаг дарга ... иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор арга хэмжээ авч ажилладаг.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт:

Нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа “жагсаал, суулт хийх” хэмээн тайлбарлаж байгаа боловч Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд жагсаал, цуглааныг тус бүрт нь салган тайлбарлаж тодорхойлсон, зайлшгүй иргэдийн тоог хуулиар тогтоогоогүй бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ”, 2-т “Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан
явж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа
илэрхийлж байгааг жагсаал гэнэ” гэж тус тус заасан байхад нэг иргэний гаргасан мэдэгдэл, үйл ажиллагааг цуглаан гэх ойлголтод хамаарч байна гэж хуульд нарийвчилж тусгаагүй зүйлийг хамааруулж байгаа нь хуулийг төсөөтэй хэрэглэхгүй зарчмыг зөрчсөн.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ “нэхэмжлэгч Т.******* нь “... суулт хийхдээ хүний тоо 1, эхлэх, дуусах хугацаа, хэрэглэх техник, хэрэгсэл ... зэргийг” мэдэгдэлдээ тодорхой заасан байх бөгөөд ийнхүү нэг хүний цуглаан буюу суулт нь эмх замбараагүй, ёс суртахуунгүй байдал бий болгох нөхцөл бодитоор харагдахгүй” гэж үзсэн байна. Энэ нь тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх тусгаар тогтнолын талбайд 3, 4, 5, 6 дугаар саруудад Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан Тусгаар тогтнолын эзэд, андгай өргөх ёслол, Номин карнивал-2017, БСБ Экспо-2017 үзэсгэлэн худалдаа зэрэг өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулагдахтай давхцаж байсан нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд үйл ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч гар, хөл, хүзүүндээ дөнгө зүүж, шорттой зогсох нь эмх замбараагүй, ёс суртхуунгүй байдал бий болгох нөхцөл байдал болохгүй гэж дүгнэсэн байна.

Тусгаар тогтнолын талбайд Тэнгис кино театр, Үлэг гүрвэлийн музей, унадаг дугуй, тоглоомын машинаар үйлчилгээ үзүүлж буй зөвшөөрөл бүхий иргэд, түүгээр үйлчлүүлж буй иргэд, чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлж буй иргэдийн эрх ашиг хамаагүй мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй, учир дутагдалтай байна. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй аж ахуйн нэгж, байгууллага, албан хаагчид, иргэд, олон нийтийн үзэсгэлэн худалдаа, арга хэмжээтэй давхцуулан нэхэмжлэгч Т.******* нь гар, хөл, хүзүүндээ дөнгө зүүж, шорттой зогсох нь ёс суртхуунгүй байдал бий болохгүй гэдгийг шүүх хэрхэн тогтоож, дүгнэсэн нь тодорхойгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд дүүргээс тухайн талбайд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах үед суултаа түр зогсоогоод үргэлжлүүлэх боломжтой тухайгаа илэрхийлсэн тул цуглаан хийх цаг хугацааг дүүргийн Засаг дарга Т.*******той тохиролцох боломжтой байхад арга хэмжээ аваагүй байна.

“Хэдийгээр Чингэлтэй дүүргийн Засаг дарга 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 3/115 дугаар албан бичгээр “Хөдөөгийн иргэдийн мэдлэг хөгжлийн төв” ТТБ, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3/446 дугаар албан бичгээр “БСБ сервис” ХХК-ийн үйлчилгээ, хангамжийн захиралд, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 466 дугаар албан бичгээр “Номин трединг” ХХК-ийн Номин электроникс салбарын гүйцэтгэх захирал нарт тэдгээрийн мэдэгдлийг бүртгэсэн тухай хариу өгсөн ч энэ нь хариуцагч Т.*******ын мэдэгдлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохгүй юм” гэж дүгнэсэн.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д “Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хэлснийг анх Засаг даргад хүсэлт гаргасан цаг хугацаанд тохиролцох боломжтой байхад арга хэмжээ аваагүй байна гэж буруутгах үндэслэл болохгүй, мөн тохиролцох арга хэмжээ аваагүй гэдгийг шүүх хэрхэн тогтоосон нь тодорхойгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0227 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Т.******* нь ахмад настнуудад зориулсан орон сууц барих төслийг дэмжихгүй байгаа асуудлаар Тусгаар тогтнолын талбайд 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл суулт хийхийг хүсч, энэ тухай мэдэгдлээ бүртгүүлэхээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад ханджээ. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь “Тус дүүргийн нутаг дэвсгэр дэх Тусгаар тогтнолын талбайд 2017 оны 3, 4, 5, 6 дугаар саруудад өдөрлөг, арга хэмжээнүүд зохион байгуулагдана” гэх үндэслэлээр мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан хариуг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 дүгээр албан бичгээр хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь “түүний мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан дээрх шийдвэрийг хүчингүй болгож, Т.*******ын жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг хүлээн авч, бүртгэхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх ба Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 3/484 дүгээр шийдвэр нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд нийцээгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Тодруулбал,

Жагсаал, цуглаан хийх журмын тухай 3 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ”, 10 дугаар зүйлийн 1-д “Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэл хүлээн авсан Засаг дарга дор дурдсан үндэслэл байвал түүнийг хийхийг бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан хугацаанд жагсаал, цуглаан зохион байгуулагчид бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус зохицуулснаас гадна мөн хуулийн 7, 8 дугаар зүйлд жагсаал, цуглаан хийхийг хориглох газар, нөхцөл байдал зэргийг тусгайлан заажээ.

Нэхэмжлэгч Т.*******ын суулт хийхийг хүссэн зорилгоос үзвэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д заасан цуглаанд хамаарч байх ба энэхүү цуглаан нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан цуглаан хийхийг хориглосон хязгаарлалтад хамаарахгүй байхад хариуцагч хуульд заагаагүй шалтгаан, үндэслэлээр мэдэгдлийг бүртгэхээс татгалзсан нь хууль бус байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...олон нийтийн үзэсгэлэн худалдаа, арга хэмжээтэй давхцуулан нэхэмжлэгч нь гар, хөл, хүзүүндээ дөнгө зүүж, шорттой зогсох нь эмх замбараагүй, ёс суртахуунгүй байдал бий болгоно..., Тусгаар тогтнолын талбай нь Тэнгис кино театр, Үлэг гүрвэлийн музей, унадаг дугуй, тоглоомын машинаар үйлчилгээ үзүүлдэг иргэд, түүгээр үйлчлүүлж буй иргэдийн эрх ашигт хамаагүй мэтээр дүгнэсэн нь ойлгомжгүй...” гэх үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Т.******* нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу цуглаан хийх тухай мэдэгдэлдээ хэрэглэх техник хэрэгслийг заасан байх ба ганцаараа дөнгө зүүж, шорттой зогсохыг хуулиар хориглоогүй байна. Түүнчлэн жагсаал, цуглааныг зохион байгуулагч нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1, 6-д заасны дагуу жагсаал, цуглаан хийх газарт нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байх үүргийг хүлээх бөгөөд цуглааныг зохион байгуулагч нь дээрх үүргээ биелүүлээгүйн улмаас нийгмийн хэв журам алдагдаж, эмх замбараагүй байдал бий болсон тохиолдолд Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хариуцагч нь цуглааныг албадан тараах шийдвэр гаргах эрхтэй байна.

Мөн хариуцагч нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4-д зааснаар  мэдэгдлийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулах асуудал гарвал 3 өдрийн дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах ажиллагааг явуулаагүй атлаа “...нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад хэлснийг анх Засаг даргад хүсэлт гаргасан хугацаанд тохиролцох боломжтой байхад арга хэмжээ аваагүй байна гэж буруутгах үндэслэл болохгүй...” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй.

Харин шүүхээс “Т.*******ын жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг хүлээн авч, бүртгэхийг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаатай холбогдуулан, цаг хугацаа өнгөрсөн өөрчлөлтийг харгалзаж, Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь цуглаан хийх тухай Засаг даргад урьдчилан мэдэгдэж, цуглаан хийх цаг хугацааг тохиролцох үүрэгтэй болохыг тэмдэглэв.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2017/0227 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

            ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН