2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/779

 

  

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

гэрч П.О,

иргэний хариуцагч Г.Э,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Золжаргал, Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан эрүүгийн 2406069881104 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт Б.Г

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Г нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Б дүүргийн 00 дугаар хороо дүүргийн автобусны буудлын орчим Тoyota Aqua маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйл дэх "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.2.16 дугаар зүйлд "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг гэснийг зөрчсөний улмаас Yutong ZK6116HG маркийн 00-00 улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Л.Э- унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Л.Э-, гэрч Б.О- нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн эмч Б.Д-гийн 2024 оны 9 сарын 30-ны өдрийн №12*** дугаартай дүгнэлт, шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт, шүүгдэгч Б.Г-ын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Б дүүргийн 00 дугаар хороо дүүргийн автобусны буудлын орчим Тoyota Aqua маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйл дэх "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.2.16 дугаар зүйлд "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг гэснийг зөрчсөний улмаас Yutong ZK6116HG маркийн 00-00 улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Л.Э- унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г-ын Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч Л.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь: 

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ын мэдүүлсэн: “...2024 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр 6 цагийн үед би дүүргийн хойд талын автобусны буудлын туслах замаар орж ирсэн. Урдуур 2 автобус орж ирээд явган хүний зам дээр зогссон. Автобусны хаалга онгойгоод сандраад очтол та хүн гэмтчихлээ гэсэн. Жолооч нь бууж ирээгүй. Автобусанд нэг хүүхэн байсан. Би сонсоогүй. Миний урд 2 автобус ар араасаа байрлалтай 5-6 минут зогссон. Жолооч нь бууж ирээгүй. Цагдаа ирээгүй тэгээд байж байгаад автобус хөдлөөд явсан. Би урдуур нь орж мөргөсөн зүйл байхгүй. Өөрийгөө буруугүй гэж бодож байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…2024 оны 09 дүгээр сарын 17-ний өдөр 14:00 цагийн орчимд би цаг өнгөрөөд Б дүүрэг 00 хороо У-ийн баазаас хүнтэй уулзаад буцаад Б  дүүрэг Дүүргийн эмнэлгийн баруун туслах замаар төв зам руу баруун эргэх гээд явж байсан. Тухайн үед би 00-00улсын дугаартай Акуа загварын үзмэн ягаан өнгийн авто машинтай явж байсан. Тэгээд зам руу орох гэтэл замын урд хоёр автобус зогссон. Ард талын автобус хүчтэй тоормослоод зогссон. Урд талд нь байсан автобус зогссон байсан. Тэгээд урд талын автобус зогссон байсан тул арын автобус хүчтэй тоормос дарж зогссон гэж би ойлгож байгаа. Тэгээд арын автобус урд хаалгаа онгойлгосон чинь би буугаад очсон. Жолооч нь гарч ирээгүй. Би бууж очсон чинь танаас болоод энэ хөгшин хүн уналаа нэг зорчигч хүүхэн хэлсэн. тэр автобус их хүчтэй тоормос гишгэсэн байсан. би ямар хамаатай юм би мөргөсөнгүй шүргэсэнгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн автобус хөдлөөд яваад өгсөн. Жолоочтой нь уулзаагүй, өөр ямар нэг хүнтэй уулзаагүй. Тэгээд би буцаад машиндаа суусан автобус хөдлөөд яваад өгсөн. Миний бодлоор автобус огцом тоормос гишгэсэн гэж бодож байна. Автобус тоормос гишгээд баруун дараад миний машин руу дарж зогссон байсан. Яагаад баруун дарж зогссон гэдгийг мэдэхгүй байна. Урд талын автобус нь зогссон байсан тул зайлах гэж баруун дарсан байх. Тэр хавьд камер байдаг бол камер дээр харагдаж байгаа байх. Миний машин төв зам руу ороогүй. Явган хүний гарц жоохон өнгөрөөд зогссон. Миний машин автобус хоёрын хооронд зайтай байсан. би ямар нэг утсаар ярьсан зүйл болоогүй. Ерөөсөө тийм л зүйл болсон. Урд талд нь явж байсан автобусны урдуур хүн гүйсэн үү тэгээд тэр урд талын автобус нь зогссон байсан тул ард нь байсан автобус огцом тоормос гишгэсэн байх гэж би бодож байгаа. Би ганцаараа байсан. Автобусны жолооч гарч ирээгүй. Уг нь гарч ирээд надтай яримаар юм. Гарч ирээгүй тул ярилцаагүй. Би 1979 онд жолооч болсон. 1981 оноос хойш машин барьж байна....” гэсэн мэдүүлэг /хх-н 83-84/,

хохирогч Л.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: Д ордог автобус орж ирэхээр нь ийм хурдан ирж байгаа юм уу гээд автобусан дотор ороод цүнхнээсээ автобусны картаа авах гээд зогсож байсан чинь автобус гэнэт тоормослоод би унасан. Тэр үед зөндөө хүмүүс байсан, миний дээрээс хүүхдүүд унасан. Тэгээд хүмүүс хүн бэртчихлээ гэж хэлсэн чинь автобусны жолооч хохь нь байхгүй юу цагдаагаа дуудахгүй юу гэж хэлсэн. Тэгээд 3 дугаар сургууль дээр буух гээд сандал дээрээс босоод хөлөө газар тавьсан чинь миний хөл янгинаад өвдөөд байсан. Миний 2 талаас хүүхдүүд түшээд буулгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

гэрч Б.О-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед 1 дүгээр эгнээгээр зорчиж явсан. Хойд замаар байрны уулзварын жижиг замаас гэнэт урдуур машин гараад ирсэн. Акуа маркийн хар өнгөтэй тээврийн хэрэгсэл байсан. Хажуу тийшээ дарах гэсэн 2 дугаар эгнээнээс нэг автобус гарч ирсэн. Шахаж зогсоогүй. Огцом торомзлоход хальт зогссон. Би 40-50 метр цаг хурдтай явсан байх. Зам чөлөөтэй хэвийн байсан. Би нөхөн үзлэгт оролцсон. Төв замын цагдаа дээр очиж нөхөн үзлэг хийсэн. Шүүгдэгч нөхөн үзлэгт оролцоогүй. Би өдөр нь ажилтай байж байгаад орой амраад очсон. Тухайн осол болох үед 1 дүгээр эгнээгээр кино үйлдвэрийн замаар явж байхад туслах замаас машин гарч ирээд гэнэт тооромсолсон. Тухайн үед автобусны буудал байхгүй байсан. Хамаг хүчээрээ торомзлоод дарсан. Хажууд явсан автобусыг мөргөх шахсан. Төв замын цагдаа дээр Т-н хажуу талын нарны замд нөхөн үзлэг хийсэн...” гэх мэдүүлэг

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2024 оны 09 сарын 17-ны өдөр Би К-н автобусны буудал дээрээс зорчигч нараа суулгаад хөдлөөд К-ийн хойд уулзвараас цэнхэр өнгийн приус маркийн машин ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормос гишгээд хажуу тийшээ дараад тоормослоод зогссон. Хоёр дугаар эгнээнд Зайсангийн автобус явж байсан. Хэрэв хоёрдугаар эгнээнд автобус яваагүй байсан бол би шууд дараад орох боломжтой байсан автобус байсан болохоор би яалтач үгүй тоормос гишгэсэн. Би гулгуулаад тоормосоо зөөлөн гишгээд зогссон. Би хүчтэй тоормос гишгэсэн бол автобусны бүх хүн унах байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 18/,

 

Иргэний хариуцагч Г.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Би мэдүүлэг өгөхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Дээрх гэмт хэргийн улмаас Л.Э-т 524.028 /таван зуун хорин дөрвөн мянга хорин найм/ төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000***** дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 86/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Д-гийн 2024 оны 09 сарын 30-ны өдрийн №12*** дугаартай “1. Л.Э-ийн биед баруун шаант ясны дээд булууны гадна ёврон хэсгийг дайрсан олон тооны зөрөө бүхий хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/,

 

Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Yutong ZK6116HG маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтыг биелүүлсэн байх тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Toyota Aqua маркийн 00-00 улсын дугаартай автомашины жолооч Б.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйл дэх “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 дугаар зүйлд "зам тавьж өгөх" гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг; гэж заасан байх тул Б.Г-ыг "Зам тавьж өгөх" үйлдлийг буруу гүйцэтгэсэн гэж үзэж байна.

Yutong ZK6116HG маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Л.Э-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

Уг зам тээврийн осол нь Toyota Aqua маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөний улмаас гарсан гэж үзэж байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 55-56/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Б дүүргийн 00 дугаар хороо дүүргийн автобусны буудлын орчим Тoyota Aqua маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйл дэх "Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, мөн дүрмийн 1.2.16 дугаар зүйлд “зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг гэснийг зөрчсөний улмаас Yutong ZK6116HG маркийн 00-00 улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Л.Э- унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Г-ын дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан уг торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Л.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр хэрэгт баримтаар нэхэмжилсэн хохиролгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас 524.028 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” нөхөн төлүүлэхээр заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн 524.028 төгрөгийг шүүгдэгч Б.Г-оос гаргуулах нь зүйтэй.   

 

Шүүх шинжилгээний тухай хуулийг шинэчлэн найруулан баталсантай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...Хүний сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жижиг аргачлал...”-ыг баталжээ.  Уг аргачлалын 4 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг 3 дугаар зэрэглэлд хамруулан  9-15 хувиар тооцож, нөхөн төлбөрийг Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор баталсан байна.

Уг аргачлалын дагуу хохирогч Л.Э-т учирсан сэтгэл санааны хохирлыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 8.580.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Б.Г-оос нийт 9.104.028 төгрөг гаргуулж хохирогч Л.Э-т 8.580.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 524.028 төгрөг тус тус олгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь энэ тогтоолоор оногдуулсан 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Г-оос 9.104.028 төгрөг гаргуулж хохирогч Л.Э-т 8.580.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 524.028 төгрөг тус тус олгосугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1 ширхэг сидиг хэрэгт хасваргасугай.

 

8.Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай

 

9.Эрүүгийн Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР