Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 721

 

 

 

 

 

 

 

 

 

Ч В Ж-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Б.Нармандах, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч В Ж-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Г к”  ХХК-д холбогдох

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Уб М” ХХК болон “Г б” ХХК

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 103 429 500 төгрөг, алданги 51 714 750 төгрөг, нийт 155 144 250 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус орцны 96 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Я нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ч В Ж- /Сhae won jun/ би “Т х”  ХХК-тай 2017 оны 11 сарын 02-ны өдөр Эрх шилжүүлэх тухай гэрээгээр “Т х”  ХХК болон “Г к” ХХК нарын хооронд 2015 оны 08 сарын 26-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу “Г к” ХХК-аас авах 257 661 500 төгрөгийн авлагыг нэхэмжлэх, төлбөрийг хүлээн авах тухай холбоотой эрх, үүрэг хариуцлагыг Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу эрх шилжүүлсэн. Дээрх шаардах эрх шилжүүлэх тухай хэлцлээр миний бие “Т х”  ХХК-аас авах ёстой байсан авлага 257 661 500 төгрөгийг түүнээс нэхэмжлэхгүйгээр, талууд гэрээний үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлэх, “Т х”  ХХК-ийн “Г к” ХХК-тай байгуулсан гэрээний бүхий л эрх, үүрэг, хариуцлага гэрээнд заасан нөхцлийг хэвээр хадгапж эрх хүлээн авагчид буюу Сhae won jun надад шилжүүлэхээр тохиролцсон. Дээрх шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу надад хариуцагч “Г к” ХХК-аас 257 661 500 төгрөг болон алдангийг шаардах эрх бий болсон. “Т х”  ХХК болон “Г к” ХХК-ийн хооронд 2015 оны 08 сарын 26-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх 015/09 дугаар гэрээгээр “Т х”  ХХК нь өөрийн зуурмагийн үйлдвэрээс М250 маркийн бетон зуурмаг /Ready mixed concrete/ нийлүүлэх, “Г к” ХХК нь бетон зуурмагийн үнийг төлөхөөр тохиролцсон. Гэрээгээр талууд 1 м.куб бетон зуурмагийг 145 000 төгрөгөөр тооцож, 4 000 м.куб бетон зуурмагийг “Т х”  ХХК нийлүүлж, 580 000 000 төгрөгийг “Г к” ХХК-д төлөхөөр тохиролцсон. “Т х”  ХХК нь барилгын норм, дүрэм стандартын болон гэрээнд заасан чанар, тоо, хэмжээний шаардлага хангасан бетон зуурмагийг нийлүүлж “Г к” ХХК хүлээн авсан бөгөөд талуудын хооронд 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Төлбөр барагдуулах хэлцэл байгуулагдаж, уг хэлцлээр “Т х”  ХХК нь 543 939 000 төгрөгийн бетон зуурмагийг худалдан авагч “Г к”  ХХК-д нийлүүлсэн талаар талууд маргаагүй бөгөөд Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 253 134 000 төгрөгийг худалдан авагч “Г к”  ХХК нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний дотор үл маргах журмаар төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. Мөн хэлцлээр гэрээнд заасан үүргийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд дээрх үлдэгдэл төлбөрийн асуудал 253 134 000 төгрөг болон Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу алдангийн хамт шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр талууд харилцан тохиролцсон. Бетон зуурмаг нийлүүлэх тухай гэрээний 4.7-д хугацаандаа нийлүүлсэн бетон зуурмагийн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байх бөгөөд шаардах эрх шилжүүлэх гэрээгээр уг алданги шаардах эрх Сhae won jun надад шилжсэн. Т х ХХК болон “Г к” ХХК нарын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний №2017/01/09 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-гээр “Г к” ХХК-ийн баригдаж буй орон сууцнаас бетон зуурмагийн төлбөрийн үлдэгдэл үнийн дүнгийн тодорхой хэсэгт 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 м.кв-ыг 55 562 000 төгрөгийн, мөн орцны 96 тоотод байрлах 3 өрөө 75.9 м.кв-ыг 98 670 000 төгрөгийн орон сууцнуудыг “Т х”  ХХК-д шилжүүлэх, “Т х”  ХХК-д 257 661 000 төгрөгийн бетон зуурмагийн төлбөрийг төлөхөөс энэхүү төлбөрт оролцуулан тооцож буй орон сууцнуудын нийт үнийн дүн буюу 154 232 000 төгрөгийг хасч үлдэгдэл 103 429 500 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон. Үүний дараа “Т х” " ХХК болон “Г к”  ХХК-ийн хооронд 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх тухай хэлцэл байгуулж, дээр дурдсан орон сууцнуудыг Сhae won jun надад шилжүүлэн өгч, “Г к”  ХХК нь орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн хийхээр харилцан тохиролцсон. Дээрх гэрээний дагуу миний бие хариуцагч болох “Г к”  ХХК-тай 257 661 500 төгрөгөөс 154 232 000 төгрөгийн авлагад “Г к”  ХХК-ийн барьж буй Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, Д.Лувсанцэвээний гудамж, УСУГ-ын ажилчдын 180 айлын орон сууцны 71A байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 м.кв-ыг 55 562 000 төгрөгийн, мөн орцны 96 тоотод байрлах 3 өрөө 75.9 м.кв-ыг 98 670 000 төгрөгийн орон сууцнуудыг Сhae won jun миний өмчлөлд шилжүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай №2017/02/25 дугаартай гэрээ байгуулсан. Тухайн гэрээг байгуулах болсон шалтгаан нь “Т х”  ХХК-аас миний бие Сhae won jun тухайн үед төлбөр авах авлагатай байсан бөгөөд “Т х”  ХХК надад төлөх төлбөрөө “Г к”  ХХК-аас авах байсан авлагын зарим хэсэг болох 154 232 000 төгрөгийг “Г к”  ХХК-ийн барьсан орон сууцаар, үлдэх 103 429 500 төгрөгийг бэлнээр Сhae won jun надад төлөхөөр болсон учир талууд тохиролцож уг гэрээ байгуулагдсан. 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг тухайн орон сууцыг Улсын комиссоос орон сууцыг ашиглалтанд оруулахыг зөвшөөрсөн акт гарсны дараа гаргуулах, орон сууцны төлбөрийг “Т х”  ХХК-тай “Г к”  ХХК байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу бүрэн төлөгдсөн бөгөөд “Г к”  ХХК захиалагч буюу Сhae won jun захиалсан орон сууцыг гэрээний турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй. Иймд “Т х”  ХХК-аас шилжүүлсэн шаардах эрхийн дагуу Сhae won jun би “Т х”  ХХК болон “Г к” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх 015/09 дугаар гэрээний үүрэгт төлөгдөх ёстой нийт 257,661,000 төгрөгөөс бэлнээр төлөх 103 429 500 төгрөгийг гаргуулж өгнө үү. Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын 71А байрны 2 орцны 96 тоот 75,90 м.кв хэмжээтэй 3 өрөө орон сууц, 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 2 өрөө 42.74 м.кв талбайтай орон сууцнуудыг “Г к”  ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6, 4.1.2, 4.1.4, 5.1 7.1-д заасны дагуу Сhae won jun өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй тул миний бие дээрх орон сууцнуудын өмчлөгч болохыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өгөхийг хариуцагч “Г к” ХХК-д даалгаж өгнө үү. “Т х”  ХХК болон “Г к”  ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Бетон зуурмаг нийлүүлэх 015/09 дугаар гэрээний 4.7-д заасны дагуу хугацаандаа нийлүүлсэн бетон зуурмагийн төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон бөгөөд уг заалтын дагуу хариуцагч тал болох “Г к”  ХХК-ийн төлөх төлбөр болох 257 661 500 төгрөгөөс зарим төлбөрт нь 154 232 000 төгрөгийн орон сууц худалдан авахаар тохиролцсон тул түүний үлдэгдэл төлбөр 103 429 500 төгрөг байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийн нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх заалтын дагуу 103 429 500 төгрөгийн 50 хувь болох 51 714 750 төгрөгийн алдангийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Р.Л шүүхэд гаргасан тайлбартаа болон төлөөлөгч И.Э, өмгөөлөгч Э.Э нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани Голомт банктай 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ8115100450 тоот зээлийн гэрээ /хугацаа сунгасан нэмэлт гэрээ/, түүнтэй холбогдох бусад гэрээг байгуулан хамтран ажилласны үр дүнд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хорооллын нутаг дэвсгэрт Ус сувгийн удирдах газрын захиалгаар 180 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгэж, 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр улсын комисс ажиллуулж, 2017/53 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу ашиглалтын шаардлага, Монгол улсад мөрдөгдөж буй стандартыг хангасан орон сууцыг захиалагч иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэн өгсөн. 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр “Т х”  ХХК-тай байгуулсан 015/09 тоот бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үнийн дүнгийн тодорхой хэсэгт УСУГ-аас ажлын төлбөртөө тооцон авсан өөрт ногдох 71А байрны 2 орцны 149 тоотод байрлах 42.74м.кв талбайтай, 2 өрөө, мөн байрны 96 тоотод байрлах 75.9 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнуудыг 154 232 000 төгрөгт тооцон “Т х”  ХХК-аас орон сууц захиалгын гэрээг шилжүүлэн хийж өгнө үү хэмээн гаргасан хүсэлтийн дагуу Солонгос улсын иргэн Ч В Ж- /Chae Won Jun/-тай 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр орон сууц захиалгын гэрээг хийсэн. Тус орон сууцнуудыг шилжүүлэн авсан үеэс эхлэн эзэмшиж ашигласаар байгаа бөгөөд Монголбанкнаас санхүүжүүлж буй ипотекийн зээлийн санхүүжилт зогсонги байдалд орж, удааширсны улмаас орон сууц захиалагч иргэд зээл авах нөхцлийг хангаж, зээл олгох шийдвэр гарсан хэдий ч бодитоор мөнгөн хөрөнгө нь шийдвэрлэгдэхгүй хэдэн сараар саатаж, улмаар цаг хугацаа алдах хэрээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү бодогдож, банкинд төлөх үндсэн төлбөр, зээлийн хүүг төлж чадахгүй нөхцөл байдал үүсэх, аж ахуйн нэгжид ажлын хөлс, бараа материалын үнийн төлбөрт тооцон шилжүүлсэн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарахгүй хэвээр байна. “Т х”  ХХК-д төлбөл зохих бетон зуурмагийн үлдэгдэл төлбөрийг шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Ч В Ж- /Chae Won Jun/-д шилжүүлсэн эсэх талаар манай байгууллагад мэдэгдээгүй тул “Т х”  ХХК-тай байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу талууд харилцан бие биенийхээ өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ. Иймд иргэн Ч В Ж- /Chae Won Jun/ нь “Т х”  ХХК-ийг төлөөлж “Г к” ХХК-аас бараа материалын үлдэгдэл төлбөрийг шаардах эрхгүй гэж үзэж байгаа тул мөнгөн төлбөрийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Уб М” ХХК-ийн төлөөлөгч Ж.Ж болон өмгөөлөгч К.Ж нар шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уб М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Г к”  ХХК-д холбогдох иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд явагдаж байгаа ба “Уб М” ХХК-аас Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71A байрны 23, 53, 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах, 271 843 143 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг “Г к”  ХХК-д холбогдуулан гаргасан. Уг иргэний хэрэгт Ч В Ж- /Chae Won Jun/ нь гуравдагч этгээдээр татагдан оролцож байгаа ба Ч В Ж- /Chae Won Jun/-ны гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай ижил шаардлагыг “Уб М” ХХК гаргасны дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана: 65.1.7-д зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэж заасны дагуу маргаж байгаа зүйл ижил хэрэг буюу “Уб М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Г к”  ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71A байрны 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын гэрчилгээ гаргуулах шаардлага бүхий иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй. Мөн “Уб М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М болон “Г к” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ц нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 63/УБМ тоот Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба уг гэрээний дагуу “Г к”  ХХК-д 603 591 640 төгрөгийн үнэтэй арматур нийлүүлсэн. Уг арматурын 50 хувийн төлбөрийг урьдчилж төлж, үлдэгдэл төлбөрт 7 орон сууц олгохоор талууд харилцан тохиролцсон байдаг. Манай компани нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 07/2015 дугаартай Орон сууц захиалгын гэрээг “Г к” ХХК-тай байгуулж Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэрэнгийн гудамж, 71А байрны 23, 47, 53,125,131,137,149 тоот орон сууцнууд буюу нийт 314.91 м.кв талбайтай орон сууцыг манай компани 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авахаар харилцан тохиролцсон. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 07/2015 дугаартай Орон сууц захиалгын гэрээний 3.2-т гэрээний зүйлийг заасан хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр барьж дуусган захиалагчид хүлээлгэж өгнө. 4.3-т энэхүү гэрээний 3.3-т заасны дагуу хэмжиж тогтоосон орон сууцны байшингийн 1 м.кв талбайн анхны үнэ 1 050 000 төгрөг байна, 4.4-т Захиалагч тал 326,6 тонн арматур, катанка буюу бараа солилцоогоороо хийж гүйцэтгэсэн болно гэж тус тус заасны дагуу 149 тоот орон сууцны үнийг “Г к” ХХК-д бүрэн төлсөн тул “Уб М” ХХК нь өмчлөгч мөн болно. “Г к” ХХК болон “Т х”  ХХК-ийн хооронд байгуулагдсан 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12017/01/09 дугаартай орон сууц захиалгын гэрээгээр 149 тоот орон сууцыг худалдах хэлцэл хийгдсэн боловч цаг хугацааны хувьд 1 жил 6 сарын дараа хийгдсэн байна. Иймээс аль хэдийнээ “Уб М” ХХК-ийн өмч болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ч В Ж- /Chae Won Jun/-ыг тогтоох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7, 117 дугаар 117.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Г.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 149 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын гэрчилгээ гаргуулан өгөхийг “Г к”  ХХК-д даалгах иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г б”  ХХК-ийн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг маргаан бүхий орон сууц нь “Г б”  ХХК-ийн барьцаанд байгаа. Иймээс манай талын эрх ашгийг хөндөхгүйгээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Г к”  ХХК-аас бетон зуурмаг худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 103 429 500 төгрөг, алданги 51 714 750 төгрөг, нийт 155 144 250 төгрөгийг гаргуулан Ч В Ж- /Chae Won Jun/-д олгож, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 96 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Ч В Ж- /Chae Won Jun/-ыг бүртгэхэд шаардагдах бичиг баримтыг түүнд шилжүүлэн өгөхийг “Г к”  ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өгөхийг даалгах тухай Ч В Ж- /Chae Won Jun/-ны нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 932 981 төгрөгөөс 1 427 021 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн болон хүлээн авахаас татгалзсан шаардлагад холбогдох 505 960 төгрөгийг улсын орлогоос гаргаж нэхэмжлэгчид, хариуцагчаас 1 427 071 төгрөгийг гаргаж нэхэмжлэгчид тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 96 тоот, 149 тоотод байрлах орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин 155 144 250 төгрөгийг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. “Т х”    ХХК нь нэхэмжлэгч Ч В Ж-тай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэх бөгөөд хариуцагчийн зүгээс тус гэрээгээр “Т х”    ХХК нь нэхэмжлэгч Ч В Ж-д эрх шилжүүлсэн гэж үзэхгүй байна. Учир нь эрх шилжүүлэх гэрээний 2 дугаар зүйлд ямар эрхээ шилжүүлж байгаагаа тодорхойлсон байх бөгөөд “Т х”    ХХК болон “Г к”  ХХК нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-ний нийлүүлэгчийн эрх, үүрэг, хариуцлагыг гэрээнд заасан нөхцөлийг хэвээр хадгалж, эрх хүлээн авагчид шилжүүлж байна” гэж заасан байна. Эндээс үзвэл, яг ямар эрх, үүргийг шилжүүлээд байгаа нь тодорхой харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл, эрх шилжүүлж байгаа тохиолдолд шаардах эрхийн хэмжээ, хязгаарыг тодорхой тусгасан байх ёстой бөгөөд ийнхүү тодорхой  тусгаагүй тохиолдолд Иргэний хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу шаардах эрхээ шилжүүлсэн гэж үзэхгүй. Мөн ийнхүү эрх шилжүүлж байгаа талаараа “Г к”  ХХК-д урьд өмнө нь мэдэгдээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А-ын зүгээс  мэдэгдсэн гэж шуудангийн хүргэлтийн дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн ч энэ нь “Г к”  ХХК-д эрх шилжүүлсэн талаар мэдэгдсэн гэдгийг нотолж чадаагүй. Мөн Ч В Ж-тай “Г к”  ХХК Орон сууц захиалгын гэрээ байгуулсан нь эрх шилжүүлэх гэрээг мэдсэн, хүлээн зөвшөөрсөн гэдгийг нотолж байна гэж шүүх дүгнэсэн байна. Ч В Ж- болон “Г к”  ХХК нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан бөгөөд эрх шилжүүлэх гэрээ 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан. Эндээс үзвэл, Орон сууц захиалгаар бариулах гэрээ эрх шилжүүлэх гэрээнээс өмнө  байгуулагдсан байна. Энэ гэрээг байгуулсан нь эрх шилжүүлэх гэрээг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас 51 714 750 төгрөгийн алданги нэхэмжилсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн бол хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй алданги тооцох хуулийн зохицуулалттай. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх хугацаа тодорхой байх ёстой бөгөөд үүргээ гүйцэтгэх ёстой байсан хугацаанаас хойш алданги тооцогдох ёстой. Гэтэл “Т х”    ХХК болон “Г к”  ХХК-ийн хооронд байгуулсан “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ”-д “Г к”  ХХК яг хэзээ үүргээ гүйцэтгэх ёстой байсан талаар зохицуулаагүй. Ийм байхад нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн алдангийг тооцсон байх бөгөөд ямар шалтгаанаар энэ хугацаанаас эхлэн алданги тооцсон нь тодорхойгүй байхад шүүх хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Мөн шүүх хуралдааны явцад шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар тодруулуулж /алдангийг хэднээс хэдний хооронд нийт хэдэн төгрөгний алданги тооцсоноо яг одоо тооцоолоод өг гэх маягаар/ мэтгэлцэх зарчмыг буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Мөн нэхэмжлэгч Ч В Ж-аас И.А-д олгосон итгэмжлэл нь хуульд заасан шаардлага хангаагүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

 

            Нэхэмжлэгч Ч В Ж- /Chae Won Jun/ нь хариуцагч “Г к” ХХК-д холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд  нийт 155 144 250 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус орцны 96 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тус тус тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан өгөхийг хариуцагчид даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх1-4, 40-41 дүгээр тал/

           

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд “Т х”  ХХК болон “Г к”  ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх 015/09 дугаартай, нийт дүн 580 000 000 төгрөгийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу нэхэмжлэгч 543 939 000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлж, үүнээс хариуцагч 286 278 000 төгрөг төлж, үлдэгдэл 257 661 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэнээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууц 55 562 000 төгрөг, мөн тус орцны 96 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 98 670 000 төгрөг нийт 154 232 000 төгрөгт тооцон “Г к”  ХХК болон Ч В Ж- нарын хооронд 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдсан байна./1хх15-21 дүгээр тал/

 

            Талууд дээрх гэрээний төлбөрт 103 429 500 төгрөг үлдсэн талаар маргаагүй байна.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Т х”  ХХК нь нэхэмжлэгч Ч В Ж-тай 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулсан гэх бөгөөд хариуцагчийн зүгээс тус гэрээгээр “Т х”    ХХК нь нэхэмжлэгч Ч В Ж-д эрх шилжүүлсэн гэж үзэхгүй байна” гэжээ.

           

            Хэргийн 8 дугаар талд авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн эрх шилжүүлэх хэлцэлд “Т х”  ХХК нь “Г к”  ХХК-тай 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний нийлүүлэгчийн эрх, үүрэг хариуцлагыг гэрээнд заасан нөхцөлийг хэвээр хадгалж эрх хүлээн авагчид шилжүүлж байна гэж заасан байх тул уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардах “Т х”  ХХК-ийн эрх бүхэлдээ Ч В Ж-д шилжсэн гэж үзнэ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдол нь үндэслэлгүй байна.

 

            Түүнчлэн, талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги шаардахаар гэрээндээ заасан учраас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан алдангийн хэмжээ 50 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтад нийцүүлэн алдангид 51 714 750 төгрөг шаардах эрхтэй байна. “Т х”  ХХК-ийн хариуцагчтай байгуулсан 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх 015/09 дугаартай гэрээний шаардах эрх нэхэмжлэгчид шилжсэн тул төлбөр төлөх гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үеийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр гэж нэхэмжлэгч тал тайлбарласны дагуу мөн үеэс алдангийг шүүх тооцсон нь хууль зөрчөөгүй байна.

           

            Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөр шаардсанаас гадна, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн тус орцны 96 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. /1хх 1-4 дүгээр тал/

 

            Анхан шатны шүүхээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 96 тоотод байрлах 75,9 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Ч В Ж-д шаардлагатай бичиг баримтыг шилжүүлж өгөхийг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.  

 

            Мөн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д.Лувсанцэвээний гудамж, 71А байрны 2 дугаар орцны 149 тоотод байрлах 42.74 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны маргаан үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 05129 дугаартай иргэний хэрэг үүсгэх тухай захирамж, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 11745 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгажуулах тухай шүүгчийн захирамж, 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШТ2018/00409 дугаар гомдол шийдвэрлэх тухай тогтоол зэргээр тогтоогдож байна./1хх 173, 200-201, 2хх 1-2 дугаар тал/ Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Нэхэмжлэгч энэ талаар давж заалдах гомдол гаргаж маргаагүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2019/00269 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 430 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОГТСАЙХАН

 

                            ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

                                                                                  С.ЭНХТӨР