Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/16

 

З.Ш-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд

Прокурор: В.Төгсбаяр /онлайнаар/,

Өсвөр насны яллагдагчийн өмгөөлөгч: Н.Энхтөр /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/52 дугаар шүүгчийн захирамжтай, өсвөр насны яллагдагч З.Ш-д холбогдох 2129000000007 дугаартай эрүүгийн хэргийг өсвөр насны яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг

Яллагдагч З.Ш нь Өмнөговь аймгийн Ц сумын гэртээ олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр мөрийтэй тоглоом зохион байгуулан 2020 оны 12 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 30 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18 000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь өсвөр насны яллагдагч З.Ш-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “З.Ш-д холбогдох эрүүгийн 2129000000007 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол З.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1-6 хүртэл дугаарласан цагаан өнгийн А-4 хэмжээтэй цаас тойруулж наасан ТЕХАS гэсэн бичиглэлтэй хар өнгийн ватом цаас 1 ширхэг, цэнхэр, шар өнгийн цэцгийн дүрс бүхий хөзөр 42 ширхэг, 48.000 төгрөгийг хэрэгт хавсарган хүргүүлэхээр” шийдвэрлэжээ.

Өсвөр насны яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах гомдолдоо“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдал бүрэн хангагдсан байхад анхан шатны шүүхээс “...өсвөр насны яллагдагчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд шилжүүлж байгаа нь хэр зохимжтой эсэх, ... хөзрөөр мөрийтэй тоглоомыг хэдэн удаа тоглуулсан, хичнээн хэмжээний ашиг олсон, хичнээн хэмжээний хохирол учруулсан зэрэг нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоож, нотлоогүй, ... прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай санал нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллах дүгнэлтээс зөрүүтэй байгаагаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол шаардахгүй буюу мөрийтэй тоглоом зохион байгуулснаар төгсдөг гэмт хэрэг юм. Шүүгдэгчийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл мэдээллийн технологи ашиглан хөзрөөр мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь хавтаст хэргийн 76-80-р хуудаст авагдсан Хаан банкны дансны хуулгаар нотлогддог. Бас хэдэн төгрөгийн орлого олсон болохыг уг дансны хуулгаар тооцож тогтоох боломжтой. Харин хэдэн удаа мөрийтэй тоглоом тоглосныг заавал тогтоох шаардлагагүй, түүнийг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй юм. Хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай техникийн шинжтэй алдааг прокурор шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд залруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар санал, дүгнэлтээ хэлсэн.

Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар тогтоон, нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой, прокурорт буцаах шаардлагагүй байхад шүүхээс шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж үндэслэлгүйгээр прокурорт буцаасанд гомдолтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 1-д “...ердийн журмаас гадна...” гэснийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж болохгүй гэж буруу ойлгон хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, заавал ердийн журмаар шийдвэрлүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгчийн буцаасан захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг удирдлага болгосон байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлтээсээ татгалзаагүй, хэрэг хянан шийдвэрлэгдэх ажиллагааны явцад тогтоогдоогүй зүйл байхгүй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт хүсэлтийг харгалзан гэж заасан байна. Гэтэл шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаагүй  байхад дээрх хуулийн заалтыг удирдлага болгосон нь үндэслэлгүй байна. Өмнөх алдаагаа шүүх хуралдааны үеэр засварласан. Бичгээр дахин гаргаж өгөх боломжтой байсан” гэв.

Өсвөр насны яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...шүүх хуралдааны үеэр нөхөх гүйцэтгэх бүрэн боломжтой байхад прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь яллагдагч З.Шын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15 дугаартай яллах дүгнэлт үйлдэж /хх 98-100/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

“Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгч Г.Даваанарангийн шүүгчийн захирамжид “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд бүрэн нотлоогүй байна”, “прокурор яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналдаа шүүгдэгч З.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэсэн гурван гэмт хэрэгт тооцуулахаар санал гаргасан нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллах дүгнэлтээс зөрүүтэй, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан аль гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байна” гэсэн дүгнэлтүүдийг хийсэн байна.

З.Шод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-109-112/ Даргалагчаас: Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтээ сонсгоё гэхэд Улсын яллагч: ..Нотлох баримтуудаар З.Ш нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 2 дугаар бар Ямаан хүрэнгийн 6-7 тоот дахь гэртээ 2020 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө олон нийтийн сүлжээгээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзрөөр мөрийтэй тоглоом зохион байгуулан 30000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 18000 төгрөгийн ашиг олсон, нийт 15 удаа зохион байгуулж 70000 төгрөгийг ашиг олсон гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна гэв”,

Даргалагчаас: Шүүгдэгчийн  өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтээ сонсгоё гэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч З.Ш нь өөрийн гэртээ хууль бусаар мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн. Энэ үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн. Хэргийн зүйлчлэл, гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэв”,

...Даргалагчаас: Шүүгдэгч танд шүүхэд хандаж эцсийн болгож хэлэх зүйл байна уу гэхэд Шүүгдэгч: Хууль бус зүйл хийсэн, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв” гэж тус тус бичигдсэнээс үзэхэд шүүхээс хийсэн дүгнэлт нь шүүх хуралдаанд оролцогчдын тайлбар, мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар З.Шод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нөхцөл байдал нь хангагдаагүйг хянан шийдвэрлэлгүйгээр хэргийг прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг болон /талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулаагүй байж/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсгийн заалтуудыг давхар хэрэглэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудыг шүүгч хэрэгжүүлээгүй байна.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдолд “Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хохирол шаардахгүй буюу мөрийтэй тоглоом зохион байгуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.

Шүүгдэгчийн хувьд 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл мэдээллийн технологи ашиглан хөзрөөр мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь хавтаст хэргийн 76-80-р хуудаст авагдсан Хаан банкны дансны хуулгаар нотлогддог. Бас хэдэн төгрөгийн орлого олсон болохыг уг дансны хуулгаар тооцож тогтоох боломжтой. Харин хэдэн удаа мөрийтэй тоглоом тоглосныг заавал тогтоох шаардлагагүй, түүнийг тогтоох нь хэрэгт ач холбогдолгүй юм.

Хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай техникийн шинжтэй алдааг прокурор шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд залруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар санал, дүгнэлтээ хэлсэн.

Эдгээр ажиллагааг шүүх хуралдаанаар тогтоон, нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой, прокурорт буцаах шаардлагагүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн үндэслэлийг давж заалдах шатны шүүх хүлээн авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЗ/52 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. З.Ш-д холбогдох 2129000000007 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол З.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.НАСАНЖАРГАЛ

                                   ШҮҮГЧИД                                   Х.ГЭРЭЛМАА

                                                                                       Ш.ТӨМӨРБААТАР