Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2022/0743

 

2022 10 11 128/ШШ2022/0743

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Б.Ц*******ийн нэхэмжлэлтэй, Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдох Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.4 дэх заалтад зааснаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан цалингийн тооцоолол хийлгэх, нотлох баримт гаргуулахыг хүссэн гомдолд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, цалингийн тооцоолол болон улсын аварга болоход шаардагдсан нотлох баримтуудыг гаргуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,..., 66 дугаар зүйл.Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, 66.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана., 66.4. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн эсхүл бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байхаар байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахаар байна.

Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар, 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж заасны дагуу хэргийн оролцогч нарт уг захирамжийн үр дагаврыг тайлбарлан холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Б.Ц*******ийн нэхэмжлэлтэй Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдох 1983-1991 оны хооронд ажиллаж байсан 7 жилийн жишиг цалинг тогтоохоос татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, цалингийн тооцоолол болон улсын аварга болоход шаардагдсан нотлох баримтуудыг гаргуулахыг даалгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ц*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ