Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00423

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2018/00423

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Б

Нэхэмжлэгч: Ч.О

Хариуцагч: НК ХХК

18 417 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: НК ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д багийн нутаг дэвсгэрт Баян-Өндөр нэртэй орон сууц барьж байх үед уг байрны 4 давхарын № тоот орон сууцыг худалдаж авахаар тохироод орон сууц захиалан бариулах гэрээг 20№ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж байрны үнэ болох 61 390 000 төгрөгийн 30 хувь болох 18 417 000 төгрөгийг 20№ оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 9 208 500 төгрөг, 20№ оны 12 дугаар сарын 21-ний өдөр 9 208 500 төгрөгөөр хоёр хувааж төлсөн юм. Үлдсэн 42 973 000 төгрөгийг байр ашиглалтанд орсоны дараа ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцсон боловч арилжааны банкууд бид хоёрыг зээл төлөх чадваргүй гээд орон сууцны зээл өгөөгүй. Бид Эрдэнэтийн бүх банкаар явж хөөцөлдсөн.Тэгээд НК ХХК-д энэ тухай мэдэгдээд урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авья гэхэд байрыг зарж байж мөнгийг чинь буцааж өгнө гээд 1 жил 7 сар боллоо. Байр зарагдахгүй байна л гээд байдаг, айлууд ороод дүүрчихсэн юм шиг л харагдах юм. Тэгээд мөнгийг минь буцааж өгөхгүй хохироогоод байх юм. Иймд НК ХХК-иас байрны үнийн урьдчилгаанд төлсөн 18 417 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Ц овогтой Б , Ч овогтой О нар нь 20№ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Өндөр хотхоны № -р байрны 4 давхарын № тоот 43.85 м.кв 61 390 000 (жаран нэгэн сая гурван зуун ерэн мянга) төгрөгний үнэ бүхий орон сууцны байрыг иргэний хуулийн 190-р зүйлийн 190.2-т зааснаар сайн дурын үндсэн дээр НК ХХК-тай харилцан тохиролцож урьдчилгаа төлбөр төлөн захиалж, хоёр талын гарын үсэг зурж, гэрээ байгуулсан. Төлбөрын үлдэгдэл 42 973 000 (дөчин хоёр сая есөн зуун далан гурван мянган төгрөг)-ийг байр ашиглалтанд оруулж, улсын комисс хүлээн авсны дараа захиалагч банкны зээлээр төлөхөөр гэрээний 7-р зүйлд заасан. НК ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцны барилгыг 2016 оны 5 дугаар сард Улсын комисст хүлээлгэн өгч, бүрэн ашиглалтанд оруулсан. НК ХХК нь ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс, гүйцэтгэгчийн ашиг орлогод сөргөөр нөлөөлсөн, тухайн байртай холбоотой илүү зардал одоог хүртэл гаргасаар байна. Энэхүү маргаан нь захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, захиалгын үлдэгдэл төлбөрийн хугацаанд нь төлж барагдуулаагүй, захиалгын гэрээг цуцалж, орон сууцыг буцаах санал, хүсэлтээ гүйцэтгэгч талд албан ёсоор гаргаагүйгээс үүссэн. НК ХХК нь гэрээгээр заасан үүргээ биелүүлэн захиалагчийн байрыг хадгалан 1 жил 9 сарын хугацаанд тухайн байрны халаалтын мөнгө ашиглалтын зардал 299 540 төгрөгийг төлсөөр ирсэн. Энэ төлбөрийг захиалагчаас гаргуулж авна. Орон сууц захиалан бариулах гэрээний 14-р зүйлийн б-д зааснаар Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувь 3 069 500 төгрөгийг захиалагч талд буцаан огохгүйгээр гүйцэтгэгч тал гэрээг дангаараа цуцлах эрхтэй бөгөөд тухайн байрыг өөр худалдан авагч худалдан авч, төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд үлдэгдэл төлбөрийг захиалагч талд эргүүлэн олгоно. Гэрээний 9-р зүйлд зааснаар төлбөр төлөх хугацаа хожимдуулсан хоног тутамд төлбөл зохих үнийн дүнгээс 0.1 хувийн алдингийг захиалагчаас нэхэмжилж байна. Гэрээний 17-д зүйлд Иргэний хуулийн 245.2 заасны дагуу захиалагч нь уг гэрээтэй холбогдон гарах тэмдэгтийн хураамж болон зардлыг хариуцах үүрэгтэй гэсэн тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдаанд гэрээнд зааснаар 3 069 500 төгрөгийг хохирол гэж, дулааны төлбөр 299 539.35 төгрөгийг хасаад энэ байр зарагдахаар үлдэгдэл төлбөрийг буцааж өгч болно гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ц.Б , Ч.О нар хариуцагч НК ХХК-д холбогдуулан байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 18 417 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч орон сууц захиалан бариулах гэрээний 14 дүгээр зүйлийн б-д зааснаар гэрээний нийт үнийн дүн 61 390 000 төгрөгийн 5 хувь болох 3 069 500 төгрөг, № тоотын дулааны төлбөрт төлсөн 299 539.35 төгрөгийг хасаад энэ байр зарагдахаар үлдэгдэл төлбөрийг буцааж өгч болно гэж тайлбарлаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Зохигчид 20№ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д багт байрлах НК ХХК-ний барьж буй орон сууцны 1 дүгээр байрны В блокын 4 давхарын № тоот 43.85 м2 талбай бүхий Баян-Өндөр орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулж, 20№ оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 9 208 500 төгрөг, 20№ оны 12 дугаар сарын 21-ний өдөр 9 208 500 төгрөг урьдчилгаанд төлсөн байна.

Дээрхи гэрээний 7 дугаар зүйлд орон сууцны нийт үнийг 61 390 000 төгрөг, урьдчилгаанд 30 хувиа төлөөд үлдэх 70 хувийг улсын комисс хүлээн авсны дараа банкны зээл авч төлж барагдуулна гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нараас урьдчилгаанд 18 417 000 төгрөг төлсөн болох нь зохигчдын тайлбар, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордеруудаар нотлогдож байна.

Гэрээ байгуулагдсан хийгээд, урьдчилгаа төлбөр төлөгдсөн талаар талууд маргаагүй. Харин байрны зээл олгох банк байхгүйн улмаас нэхэмжлэгч нар үлдэх 70 хувийг төлөх боломжгүй болсон тул урьдчилгаанд төлсөн мөнгөө буцааж авна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагчаас гэрээний нийт үнийн дүнгийн 5 хувийг болон дулааны төлбөрт төлсөн 299 539.35 төгрөгийг хасч уг байр зарагдсан тохиолдолд мөнгийг буцаан олгоно, гэрээнд энэ талаар заасан, талууд гарын үсэг зурсан, энэ бол манай компанид учирч байгаа хохирол гэж мэтгэлцэж байна.

Талуудын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв. Тодруулбал худалдах худалдан авах гэрээний агуулга, талуудын хүлээх үүргээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан харилцаа үүссэн гэж үзлээ.

НК ХХК Баян-Өндөр хотхоны орон сууцыг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч үүргээ гүйцэтгэсэн байна. Уг үйл явдлын талаар талууд мөн маргаагүй.

Улсын комисст орон сууцыг хүлээлгэн өгснөөр захиалагч тал үүргээ биелүүлэх ёстой байсан бөгөөд уг үүрэг биелэгдэхгүй байгааг хариуцагч мэдэж байсан болох нь Төрийн банкны 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн НК ХХК-наас гаргасан орлогын ордероор батлагдаж байна. Өөрөөр хэлбэл орон сууцны зээлд хамрагдахын тулд НК ХХК-наас 2016 оны 06 дугаар сарын 9-ны өдөр байрны урьдчилгаанд 18 417 000 төгрөгийг төлсөн гэсэн баримт дүр үзүүлсэн баримт бөгөөд энэ үеэс хариуцагч зээл бүтэхгүй байгааг мэдэж байсан гэсэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч няцааж чадаагүй.

Хэдийгээр гэрээг албан ёсоор цуцлах тухай нэхэмжлэгч нар бичгээр хүсэлт гаргаагүй ч хариуцагч НК ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгэж чадахгүй байгаа, үүрэг гүйцэтгэх боломжгүй болсныг харгалзан нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээнээс татгалзаж, учирсан хохиролоо арилгуулахаар шаардах эрхтэй байжээ.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 227.3-т үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан тул гэрээнд зааснаар 5 хувийг орох ёстой байсан орлого 42 973 000 төгрөгөөс тооцон 2 148 650 төгрөгийг хохиролд гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээнд нийт үнийн дүнгийн 5 хувийг буцаан олгохгүйгээр гэрээг цуцлах бөгөөд өөр худалдан авагчид худалдсан тохиолдолд төлбөрийг эргүүлэн олгохоор заасан байгаа нь тэгш эрх, шудрага ёсны зарчимд үл нийцэж байх тул зохигчдын гэрээгээр тохиролцсон хувь хэмжээг харгалзан орох байсан орлогын 5 хувийг хохиролд тооцож хасах нь зүйтэй гэж дүгнэв.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Д багт байрлах Баян-Өндөр хотхоны № дугаар байр № тоот орон сууцны дулааны төлбөрт НК ХХК-аас төлсөн 299 539.35 төгрөгийг нэхэмжлэгч нар төлөх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нар уг байрны өмчлөгч биш бөгөөд орон сууцанд амьдарч дулааныг хэрэглээгүй болох нь үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн төлөөлөгчөөс ирүүлсэн фото зургаар батлагдана.

Нэхэмжлэгч нарын шүүхэд ирүүлсэн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй боловч талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний нөхцөл, улсын комисс хүлээн авсан, он сар өдөрт маргаагүй тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд харгалзан үзсэн болно. Хариуцагчийн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй ч гэрээний талаар маргаагүй.

Иймд хариуцагч НК ХХК-аас 16 268 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б , Ч.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 148 650 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч нараас шүүхэд төлөөлөх эрхийг Дашдэндэвийн Оюунчимэгт, хариуцагчаас шүүхэд төлөөлөх эрхийг Дэхчингийн Оюунчимэгт олгосон нь хуульд заасан хэлбэрээр олгосон төлөөлөл байх бөгөөд хүчин төгөлдөр итэмжлэл гэж үзнэ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нарын урьдчилан төлсөн 250 035 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 239 292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1№ дугаар зүйлийн 1№ .2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч НК ХХК-аас 16 268 350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б , Ч.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 148 650 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 250 035 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч НК ХХК-аас 239 292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б , Ч.О нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.АРИУНЦЭЦЭГ