Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 0197

 

                         

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж,

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

            Хохирогч Н.Н-

Шүүгдэгч Ш.М-а

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.М-ад холбогдох 1725000200029 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, *** ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 2,  ээжийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум ** баг *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Ш-ийн М-а./ хх**************/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар

 

  Шүүгдэгч Ш.М-а нь Н.Н-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь :

             Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ш.М-а шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

 

     Шүүгдэгч Ш.М-а мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа “ 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ангийн хэдэн найз нарын хамт Говил багийн Хаппи ланд амралтын газар очиж амарсан. Бид нар ууж идэж байгаад шөнө 03 цагийн үед амарсан. Гэрт амарч байсан хүмүүс дотор дуу чимээ гараад байхаар нь хартал Н.Н- өөрийн эхнэрийнхээ толгой руу цохиж байгаа харагдсан. Тэгээд би орноосоо босч очоод болиулах гэтэл миний зүүн талын шанаа руу цохиод авсан. Намайг гэрээс гарч ирэхэд Н.Н- араас гарч ирээд бид хоёр муудалцаад би түүнийг зүүн хацар руу нь нэг удаа цохисон” гэжээ. /хх-ийн 09 тал/,

 

   Хохирогч Н.Н- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэв.

 

   Хохирогч Н.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбартаа: Намайг Ш.М-аас өөр зодож цохисон хүн байхгүй. Өвдөж байгаа зүйл байхгүй, намайг цохисон М-а гэх залуу уулчлалт гуйгаагүй. Миний хувьд гомдол санал гээд байх юм байхгүй гэжээ. /хх-ийн 13-14 тал/

 

   Гэрч Б.Т-ийн  мөрдөн байцаатын шатанд өгсөн: “...Н- машины зүг алхаад ирэхээр нь би машинаа хөдөлгөөд явахад баруун хойд талын хаалга дуугарахаар нь толиндоо харахад Н- газар унаж байсан. Гэхдээ Н-ийг мөргөсөн зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

 

    Гэрч Ц.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н- нэг гартаа чулуу атгасан намайг өдөөд байсан. Би Н-тэй зодолдоогүй, Т- машинаа хөдөлгөөд түрүүлээд явахад Н- араас нь гүйж байгаад газар уначихсан.  Н-ийн сууж байгаа газрын хажуугаар гарахад нүүр нь шороо болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

 

  Гэрч Ц.З-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Н- О-ий нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисон. М-а орноосоо босч ирээд Н-ийг чи эмэгтэй хүмүүсийг цохиод яаж байгаа юм бэ? гэхэд Н- чамд ямар хамаатай юм бэ? гээд М-ын нүүр хэсэг рүү гараараа цохихоор нь М-а зөрүүлээд Н-ийн цээж рүү цохиод хоорндоо зууралдаад гэрээс гарсан. Би О-ий хамт Т-ийн машинд суугаад хөдлөхөд араас Н- гүйж ирээд машины ар талаас хальт бариад газар унаад суучихаар нь бид нар явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/

 

  Гэрч Б.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...М-а босч ирээд чи эмэгтэй хүнийг цохихоо болиоч гэж хэлээд хоорондоо маргалдаад байхаар нь би гэрээс хүүхдүүдээ дагуулаад гарсан. Би гэрийн эд зүйлийг янзалж машины ар тал руу хийчихээд машинаа унаад горд орохдоо О-ий утас руу залгахад Н-ийг авсан уу гэж хэлэхээр нь би Н- замд байхгүй байна гэсэн. Би О-ий гэрт очоод байж байтал хадам ээж Оюунбилэг залгаад чи хаана байгаа юм бэ? гэхээр нь би хороололд байна гэж хэлэхэд удалгүй Н- аав, ээжийнхээ хамт гаднаас орж ирсэн. Тэр гаднаас орж ирэхдээ нүүр хэсэг нь шалбарчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/

 

Гэрч Э.О-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н-ийг М-а 1-2 удаа цохисон. Н- рүү ойртсон хүн байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

 

   Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 602 дугаартай:  Н.Н-ийн биед тархи доргилт, нүүр, хуйх, зүүн мөр, баруун шуу, бугуйнд зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.  Гэмтэл нь зүүн талын шанаа руу 3 удаа цохисон, машинд чирэгдэж замын хажуу талын ховил руу шидэгдэн унасан гэх мэдүүлгээр аль алинд нь үүссэн байж болно. Тархи доргилт нүүр мөрөнд үүссэн зулгаралт зэрэг нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад жижиг хэмжээтэй зулгаралт, цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гоо сайхан болон хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 29 тал/

     

          Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн байх тул шүүх үнэн зөвд тооцож хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд гэж үзлээ.

 

   Шүүгдэгч Ш.М-а нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Хаппи ланд амралтын газарт Н.Н-ийг зодож биед  нь тархи доргилт, нүүр, хуйх, зүүн мөр, баруун шуу, бугуйнд зулгаралт, зөөлөн эдэд цус хуралт  бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Н-, гэрч Б.Т-, Ц.Г-, Ц.З-, Б.Э-, Э.О-э нарын мэдүүлгүүд болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

     Шүүгдэгч Ш.М-ад Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

      Иймд шүүгдэгч Ш.М-ад ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг  харгалзан үзлээ.

 

    Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6,36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь :

 

          1. Шүүгдэгч Х овгийн Ш-ийн М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ш.М-ыг 450 /дөрвөн зуун тавь/  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

             4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

       5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, эс зөвшөөрвөл тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ