Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0753

 

2022 10 12 128/ШШ2022/0753

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, холбогдох хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Ж.Э*******ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ Нэхэмжлэгч Ж*******гийн Э******* нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02/2016 дугаартай Контрактын гэрээг дүгнэж өгөхийг хүссэн өргөдлийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан боловч Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай Монгол улсын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрлэсэн эсэх талаар хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Ж.Э******* миний 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02/2016 дугаартай Контрактын гэрээг дүгнүүлэх тухай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл гомдлыг хууль журамд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ. Хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр маргааны зүйл болох өргөдлийн хариуг нэхэмжлэгч Ж.Э*******ийн нэр дээр А-1/843 дугаартай албан бичгээр ирүүлж маргаан бүхий харилцааг дуусгавар болгосон болно. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан зохицуулалтын дагуу хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах,..., 66 дугаар зүйл.Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах, 66.1. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно., 66.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана., 66.4. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ хэсэгчлэн эсхүл бүхэлд нь татгалзаж, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байхаар байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахаар байна.

Маргаан бүхий тохиолдолд, нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлтийг хангаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар, 69.2.Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж заасны дагуу хэргийн оролцогч нарт уг захирамжийн үр дагаврыг тайлбарлан холбогдох баримтад гарын үсэг зуруулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ж.Э*******ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 02/2016 дугаартай Контрактын гэрээг дүгнүүлэх тухай өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, өргөдөл гомдлыг хууль журамд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.4, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ С.ГАНБАТ