Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2018/00184

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2018/00184

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Ц

Хариуцагч: Б.А

8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б , хариуцагч Б.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц нэхэмжлэлийн шаардлагадаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие өөрийн төрсөн ах М.Б авч буй 5 000 боодол өвсийг бэлтгэн нийлүүлэх тухай гэрээг 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Э ХХК-ийн захирал Б.А байгуулсан. Тус гэрээгээр бэлтгэн нийлүүлэгч Э ХХК нь 5 000 боодол малын тэжээлийн зориулалттай өвсийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нийт гэрээний төлбөрт 15 000 000 төгрөгийг төлөх, үүнээс урьдчилгаанд 6 000 000 төгрөгийг төлж, үлдсэн 9 000 000 төгрөгийг өвсийг бэлтгэн нийлүүлж, ачсаны дараа төлөхөөр тохирсны дагуу урьдчилгаа 6 000 000 төгрөгийг гэрээнд заасан Б Хаан банк № тоот дансанд төлсөн. Мөн тус гэрээнд ачааг авах цэг буюу газар зүйн байрлалын хувьд Сэлэнгэ аймаг, Хушаат, Ерөө, Сант сум гэж тодорхойлсон бөгөөд Э ХХК-ийн захирал Б.А утсаар холбогдож, газрын байрлалын талаар асуухад Дарханаас 50-60 орчим км цаана гэж тодорхойлсон. Бэлтгэн нийлүүлэгч Э ХХК-ийн захирал Б.А холбоо барьж, эхний ачих өвс бэлэн болсон тул ирж өвсөө үзэх хэрэгтэй гэсний дагуу өвсөө үзэхээр Дархан орж, тэндээс гэрээнд тээвэрлэлт хариуцахаар болсон Б.Б уулзаж, Дарханаас өвс байгаа газар руу явсан. Гэтэл 50-60 км зам явсан боловч өвс байгаа газар болоогүй байна гэсэн. Цааш үргэлжлүүлэн явсаар байтал 90 гаруй км өнгөрсөн бөгөөд цаашлах тусам өвс тээвэрлэх бүү хэл машин ч явах боломжгүй болж, сүүлдээ шавартын даваа гэх газарт машин маань шаварт суусан. Б.Б ярьж байгааг ажиглахад Шавартын даваа гэх газар нь бороо орсон үед машин давдаггүй бөгөөд цас орсон үед амьтан хүнгүй зэлүүд газар гэж ярьж байсан. Замд олон өвс ачсан машин суусан байсан. Шавартын даваагаар 600-1 200 боодол өвс ачсан машин давах ямар ч боломжгүй байсан тул бага багаар нь тус давааг давуулж, наана нь том машинд ачсан байсан ч шаварт суусан байсан. Өвс нь овор хэмжээ ихтэй, том оврын машинд өндөрлөн ачдаг онцлогтой бөгөөд өвс тээвэрлэх зам шавартай байтугай хотгор гүдгэр байх нь өвс тээвэрлэх боломжийг хязгаарладаг. Өвсөө ачуулах машин олох гэхээр явах замыг нь сонсоод л жолооч нар ачихаас татгалздаг эсхүл 2 дахин илүү өндөр үнээр ачуулах санал тавьж байсан. Аргаа барахдаа үнэтэй ч хамаагүй ачуулахыг хүссэн боловч бороо орж, шавартын давааг давах боломжгүй, өвсөндөө ч хүрэх боломжгүй байдал үүссэн Гэрээнд заасны дагуу Э ХХК тээвэрлэлт хариуцах байсан боловч машин олж өгөөгүй тул сүүлдээ урьдчилгаанд өгсөн төлбөрөө буцаан авахаар Э ХХК-ийн захирал Б.А тохирсон. Э ХХК-ийн захирал Б.А өвсөө зарах хүн оллоо өвсөө аваад тооцоо хийхээр өгнө гэж удаа дараа хойшлуулсан ч бороо ороод Шавартын давааг давсангүй, өвс авсан хүн нь мөнгөө өгөөгүй байна. Өнөөдөр маргааш хүлээгээч гэсээр сүүлдээ утсаа авахгүй нөхцөл байдал үүссэн. 2017 оны 10 сарын эхээр дэЭ гэрээг цуцалж, урьдчилгаанд төлсөн 6 000 000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн өдрийн 0.3 хувийн алданги тооцож төлөхөөр тохирсон. Иймд Э ХХК-иас урьдчилгаанд төлсөн 6 000 000 төгрөг, алданги /хүү/ 2 000 000 төгрөг, нийт 8 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: М.Ц нэхэмжлэлтэй Э ХХК хариуцагдах гэрээний үүргийн 6 000 000 төгрөгийг гэрээний дагуу байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2 тал харилцан тохиролцож өөр худалдан авагчид бэлтгэсэн өвсийг шилжүүлсэн билээ.Гэтэл эхний худалдан авагч компани 3 200 боодлыг татан аваад зам хаагдаж, худалдан авалт хийсэн компани 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдөр өгөх гэрээтэй боловч одоог болтол өгөөгүй байна. Үлдсэн 100 боодлыг тус бүрийг 5 500-6 000 төгрөгөөр Төв аймгийн Жаргалант суманд малчдад мах бэлтгэлийг дараа мөнгөө авахаар зээлээр олгосон болно. Гэтэл Төв, Сэлэнгэ аймгийн зарим нутгаар шүлхий өвчин дэгдэсний улмаас өвс зээлээр авсан 3 хүн нядалгаа хийх боломжгүй болсон. Ингээд ноолуурын мөнгөнөөс өгөхөөр тохиролцоод байгаа билээ. Нийт нэхэмжилсэн мөнгөний үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ц нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан бэлтгэн нийлүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэл 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Э ХХК-ийн захирал Б.А 8 000 000 төгрөгийн тодорхой хэсгийг зөвшөөрч байна. Аавд нь өгсөн өвсний үнийг хасуулж тооцуулах хүсэлтэй гэж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Зохигчид 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бэлтгэн нийлүүлэх тухай 08/17 дугаартай гэрээ байгуулж нэг бүрийн 20 кг жинтэй 5 000 ширхэг боодол өвсийг нийт 15 000 000 төгрөг байхаар тооцож, урьдчилгаа 6 000 000 төгрөгийг гэрээ байгуулснаар худалдан авагч төлж, үлдэгдэл 9 000 000 төгрөгийг өвсөө ачсаны дараа төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 6-7/

Гэрээний үүргээ биелүүлэхийг худалдан авагч тал удаа дараа шаардсан төдийгүй, үүрэг биелэгдэхгүй байх нөхцөл байдал үүссэн тул гэрээг цуцалж урьдчилгаанд төлсөн 6 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 30-ны дотор төлөх, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс хоногт 0.3 хувийн хүү тооцохоор 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулсан байна. /хх-7/

Гэрээ байгуулсан, өөрчлөлт оруулсан хийгээд урьдчилгаанд төлсөн 6 000 000 төгрөгийн талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч Э ХХК-ийн захирал Б.А нэхэмжлэгчийн аав Мягмарт 100 ширхэг боодол өвс өгсөн буюу 650 000 төгрөгийн үүрэг гүйцэтгэсэн тул хасуулж тооцуулах хүсэлтэй гэсэн нь үндэслэлтэй байна. 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр № ОРХ улсын дугаартай автомашинаар өвс тээвэрлэн хүргэсэн баримт хэрэгт авагдсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч өвс хүлээн авсныг хүлээн зөвшөөрч байх тул гүйцэтгэвэл зохих үүргээс хасч тооцох нь зүйтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Мөн хуулийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй. Иргэний хуулийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох анзыг хариуцагчаас гаргуулан олгохоор шийдвэрлэв.

Бэлтгэн нийлүүлэх гэрээ гэж талуудын нэрлэн заасан гэрээ нь худалдах худалдан авах гэрээ байх бөгөөд уг гэрээний 7 дугаар зүйлд нэмэлт оруулсан хүү гэсэн нь угтаа Иргэний хуулийн алдангийн шинжийг агуулж байх тул хариуцагчаас гүйцэтгээгүй үүрэг, алдангийг тооцон гаруулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн анз тооцвол 6 000 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн анз 1 080 000 төгрөг /60 хоног*18 000 төгрөг/, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 650 000 төгрөгийн үүрэг биелэгдсэн тул гүйцэтгэх анз 786 450 төгрөг /49 хоног*16 050төгрөг/, нийт 7 216 450 төгрөг /5 350 000+1 080 000+786 450/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 783 550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 130 413 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Цээндрийд олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч Э ХХК-аас 7 216 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 783 550 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 142 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 130 413 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦ