Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                           Хэргийн индекс: 307/2025/0164/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.С,

улсын яллагч Б.Д ,

шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2518000000149 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С  овогт Г-ын Б, (РД:ТБ*******), **** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, ** настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эцэг, эх, ах, эгч нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, ** дугаар хэсэг, ** дугаар гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь согтуугаар 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, Мангиртын ** дугаар хэсэг **-*** тоотод хажуу өрөөг түрээслэн амьдардаг хохирогч Б.О-ыг гэрт битгий архи уугаад бай гэж шаардлага тавьсанд дургүйцэн хэл  амаар доромжилж маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж биед нь санаатайгаар халдан зодож хамар ясны цөмөрсөн хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан  үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

 

Шүүгдэгч Г.Б  нь согтуурсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын ** дугаар баг, ** дугаар хэсэг **-**  тоотод хажуу өрөөг түрээслэн амьдардаг хохирогч Б.О-ыг “гэрт битгий архи уугаад бай, албаар цахилгаан тасаллаа” гэж хэлэхэд харилцан маргалдаж  улмаар хэл  амаар доромжилж маргалдах явцдаа түүний нүүр хэсэгт нэг удаа цохиж биед нь хамар ясны цөмөрсөн хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19 цагийн үед Дархан-Уул аймаг, Дархан сум ** дугаар баг ** дугаар хэсэг **-** тоотод Г.Б-д зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “...Миний бие Б.О Дархан-Уул аймаг, Дархан сумын ** дугаар баг, **-** тоот хашаа байшин түрээсэлж амьдардаг. 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 19:30 минутын орчимд тухай хашаа байшингийн эзэн М түүний үеэл гэх Г.Б  нар миний амьдарч байгаа байшинд ирж архи ууж хэл амаар доромжилсон. Би тухайн үед арай хэтэрч байна гэр оронд ирж архи уулаа гэж хэлсэн чинь түрээсэнд өгсөн мөнгийг чинь өгчий зайл гэж хэлээд нүүрэн тус газар цохиж маш их цус гарч нүүр тэр даруйдаа хавдаж нүд юм харахгүй болсон. Хамар яс цөмөрсөн, олон хэлтэрхий хугаралтай хамрын таславч зүүн тийш муруйсан, хугаралтай. Нүүр нүд орчим хавантай, толгой маш их өвдөлттэй даралт ихсэлттэй гэх оноштой биеийн байдал маш их гомдолтой байна. Иймд энэ байдлыг харгалзан тохирох журмын дагуу шийдэж гомдлыг барагдуулж өгнө үү” гэх өргөдөл (хавтаст хэргийн 5-6 дахь тал),

 

2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Б.О-ыг хохирогчоор тогтоох тухай тогтоол (хавтаст хэргийн 7 дахь тал),

 

Хохирогч Б.О-ын өгсөн “...Би Дархан сумын ** дугаар баг ** дугаар хэсэг **-** тоотод түрээслэн амьдардаг. Манай байрны эзний хамаатан болох Г.Б  гэх залуу 2025 оны 02 сарын 14-ний өдөр 19:00 цагийн үед манай байрны гал тогооны өрөөнд байрны эзний хүүтэй хамт архи уугаад сууж байсан. Тухайн үед би гаднаас орж ирээд байраа түрээсэлж байгаа бол битгий орж ирээд архи уугаад бай гээд хэлсэн чинь Г.Б  гэх хүн намайг “халтайсан, долийсон пизда минь тэр цагдаагаа дууд надаас мөнгө авч нүдний эмчилгээнд явах уу” энэ байрнаас гар зайл би мөнгийг нь өгье гээд орилоод дайраад байсан. Тэгээд орилоод нүд, ам хэлбэр дүрсээр доромжлоод дайраад байхаар нь би ширээн дээр байсан задлаагүй бэлэн гоймонг нь аваад хана руу шидсэн чинь миний хамар руу гараараа цохиод авсан. Тэгээд би эхнэр рүүгээ залгаад байрны Г.Б намайг зодчихлоо гээд хэлсэн. ... Тэгээд надтай хамт яваад Саран эмнэлэг дээр эмчилгээ хийлгээд 340,000 төгрөгийн  төлбөр төлсөн. Тэгээд эмчилгээгээ үргэлжпүүлээд хийсэн чинь надад мөнгө төгрөг байхгүй цагдаадаа өг гээд байгаа. Би эмнэлэгт хамрандаа чихээс 80,000 төгрөгөөр хийлгэсэн. Саран эмнэлэгт хамрын зураг 180,000 төгрөгөөр авхуулсан. 205,000 төгрөгөөр эмийн сангаас эм авсан. Одоогоор өөр эмчилгээ хийлгээгүй байна. Энэ гарсан зардлуудаа Г.Б-оос гаргуулж авсан байгаа. Энэ эмчилгээний баримтуудыг Г.Б ээжээс авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),

 

Гэрч А.М ийн өгсөн: “...Г.Б  нь манай үеэл ах байгаа юм. Б.О  гэж сайн мэдэхгүй манай хажуу өрөөг сүүлийн 2 сар түрээсэлж байгаа. Б.О  гэх хүн Г.Б-ийг зодож цохисон зүйл байхгүй, цамцнаас нь заамдаж бариад бэлэн гоймон шидсэн. Тухайн гоймон нь ус хийгээгүй задалсан бэлэн гоймон байсан. Тэрийг шидэхийг нь харсан, оносон оноогүй талаар хараагүй хурдан болоод өнгөрсөн. Г.Б ах бид хоёрыг гэрт байж байхад хажуу өрөөнөөс Б.О гэх хүн орж ирээд пизда нар минь албаар тог тасалчихлаа гээд загнаад эхэлсэн. Гаднаас орж ирсэн Б.О  гэх хүнд Г.Б хандаж тийм юм байхгүй гээд тайлбарласан боловч тэрээр ширээн дээр байсан бэлэн гоймонг авч Г.Б ахын нүүр рүү шидээд оносон. Тэгээд Г.Б уурлаад нөгөө хүнтэй барьцалдаж аваад нөгөө хүний нүүр хэсэгт гараараа нэг удаа цохьсон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тухайн өдөр би дүү А.М ийн хамт гэрт нь пиво ууж дуусаад гоймон идэх гээд сууж байхад өрөө түрээсэлдэг ах гаднаас орж ирсэн. Тэгээд усаа буцалгах гээд залгасан чинь тог тасарсан чинь нөгөө ах пизданууд минь албаар  тог таслаад байгаа юм уу, яагаад байгаа юм гээд дайраад байсан. Тэгээд зайл гээд  хөөгөөд намайг заамдаад авахаар нь түлхээд салгасан чинь хажууд байсан гоймон аваад миний  нүүр рүү шидсэн. Тэгэхээр нь би уурандаа нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд нөгөө ах доошоо суугаад хамраас нь цус гарсан. Тэгээд цагдаа нар ирсэн. Миний хамарны хэсэг улаан савтай дардаг гоймон хамар хэсэгт очоод тухайн үедээ мэдрэгдээд өнгөрсөн.  (хавтаст хэргийн 21 тал),

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 217 дугаартай “...Б.О ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул түүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

Саран элит эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу (хавтаст хэргийн 25 дахь тал) зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б : “...Хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй байсан. Би өрөө түрээслэгч дүүтэйгээ пиво уугаад сууж байсан. Оройхон дүүтэйгээ хамт дэлгүүр гарч гоймон авчхаад гоймонгоо чанах гээд ус буцалгаад сууж байхад пускатель унаад тог тасарчихсан. Тэгтэл хажуу өрөө түрээсэлдэг Б.О  нь орж ирээд гэрлээ албаар унтраагаад тогоо албаар таслаад байгаа юм уу гээд орилоод орж ирснээ архичин бацаан минь гээд намайг хараагаад байхаар нь хэрэлдсэн. Хохирогч нь эхлээд намайг заамдахад хамт байсан дүү маань салгаад байж байтал хажууд байсан гоймонг миний нүүр рүү аваад шидчихсэн. Тэгээд би тэвчихгүй уурлаад хохирогчийг нэг удаа хамар руу нь цохисон гэв.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй болно.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.Б  нь бүрэн дунд боловсролтой, Монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Дархан-Уул аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 217 дугаартай дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хөнгөн хохиролд тооцогдоно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Г.Б  нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хохирогч Б.О ын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Б  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

1.5. Хохирол, хор уршиг

 

Шүүгдэгч Г.Б  нь гэмт хэргийн улмаас хохирогч Б.О ын эрүүл мэндэд учирсан хамрын чихээс 80,000 төгрөг, хамрын зураг авсан 180,000 төгрөг, эм авсан 20,500 төгрөг, нийт  280,500 төгрөгийн  хохирлыг тус тус төлж барагдуулсан байна.

 

Хохирогч Б.О нь сэтгэцэд учирсан хохиролд 3,000,000 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, ... сэтгэцэд ... хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “...Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус заасан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/278 дугаар тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын хоёрдугаар хавсралтад тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтэд Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2 дугаар зэрэглэлд хамаарч байна.

 

Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” журмаар хоёрдугаар зэрэглэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр зохицуулжээ.

 

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын зэрэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн тооцож 3,300,000 төгрөгийг шүүгдэгч Г.Б-оос гаргуулж хохирогч Б.О-д  олгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Б-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

  2.1. Талуудын санал, дүгнэлт

 

Улсын яллагч: Шүүгдэгч Г.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг сарын 100,000 төгрөгөөр тогтож 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчид авсан албадлагын арга хэмжээгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагүй зардалгүй” гэх саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

Шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, (хавтаст хэргийн 37-39, 41 дэх тал), болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Иймд эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь  шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд тохирсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

  

2.3. Бусад асуудлын талаар

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй,  түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С  овогт Г-ын Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар Г.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.  

 

4. Шүүгдэгч Г.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-оос гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж Дархан-Уул аймаг, Дархан сум, ** дугаар баг, ** дугаар хэсэг **-** тоотод оршин суух Б  овогт Б-ийн О (РД:*********, утас:*******)-д олгож, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 (гучин таван мянга гурван зуун ерэн зургаа) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан дахь 100900020080 дугаартай дансанд оруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТ-АМГАЛАН