| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоржийн Насанжаргал |
| Хэргийн индекс | 144/2020/0066/Э |
| Дугаар | 2021/ДШМ/18 |
| Огноо | 2021-03-29 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2021/ДШМ/18
Ц.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд
Прокурор В.Төгсбаяр /онлайнаар/,
Шүүгдэгч Ц.Т /онлайнаар/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр /онлайнаар/,
Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ц.Т-д холбогдох, 2029000020036 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ам бүл 1,
Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-ны өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт иргэн Г.М-ын өмчлөлийн 2 тооны хээлтэй ингэн тэмээг хулгайлж бусдад 5 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь Ц.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч Ц.Т бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Т-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/-н сарын хорих ял дээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнийг хүчингүй болгож оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нэмж нийт 1 /нэг/ жил 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д оногдуулсан 1 /жил/ 6 /зургаа/-н сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-д өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйл болон эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөрт 5 000 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор В.Төгсбаяр нь эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Т-гийн 2019 оны 12 дугаар сарын 16-17-ны өдрийн хооронд дахин санаатай буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд шүүхээс 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнө оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 4 жилийн хугацааг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгүүдэд зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосон нь шүүхээс хэт хөнгөн ял оногдуулсныг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлнэ үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нь давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих, мөн өмнөх үйлдэлд нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6 9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна" гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхээс өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Нэгэнт өмнөх шийтгэх тогтоол хүчингүй болсон тул өмнөх үйлдэлд нь ямар ял оногдуулах нь тухайн шүүгчийн эрх хэмжээний асуудал байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.
Үүн дээр сүүлийн үйлдэлд нь 6 сарын хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жил 6 сараар тогтоосон нь хууль зөрчсөн зүйлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйл бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай ойлголт байдаг. Харин мөн хуулийн 6.9 дүгээр зүйл бол шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа этгээдэд хамааралтай ойлголт юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлээр хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж байгаа тохиолдолд эдлээгүй үлдсэн ял гэсэн ойлголт байхгүй, мөн тэнссэн хугацааг шууд хорих ял болгоно гэсэн ойлголт байхгүй юм.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзсэн байдаг. Тухайн хэрэгт ял шийтгэлийг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Тиймээс прокурорын зүгээс хэт хөнгөн ял оногдуулсан гэж үзэж эсэргүүцэл бичсэн нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Ялтан Ц.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү “ гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокурор В.Төгсбаярын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Ц.Тд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасны дагуу эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын прокурор нь Ц.Т-г 2019 оны 12 дугаар сарын 16-наас 17-ны өдрийн хооронд иргэн Г.М-н өмчлөлийн 2 тооны хээлтэй ингэн тэмээг хулгайлж, бусдад зах зээлийн ханшаар 5 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэж, үйлдлийг нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн байна.
Анхан шатны шүүх Ц.Т-г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ хугацаагаар хорих ял шийтгэжээ.
Шүүгдэгч Ц.Т-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 4 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, зан үйлээ засах үүрэг хүлээлгэх арга хэмжээ авсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр хэвээр байна.
Ц.Т тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн нь мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх үүрэг шүүхэд бий болжээ.
Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн тохиолдолд “Шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож” гэдэг нь хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн өмнөх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн тэнссэн заалтыг хүчингүй болгохыг ойлгох бөгөөд уг шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон гэмт хэрэгт нь оногдуулахаар заасан ялын төрлөөс сонгож ял оногдуулж уг ялыг сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэх эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоох үр дагавар үүсснэ. Учир нь, тэнсэх нь ялын төрөлд хамаарахгүй тул шинээр ял оногдуулж нэмж нэгтгэнэ гэсэн үг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд зааснаар өөр үндэслэлээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй.
Гэтэл шүүх өмнөх шийтгэх тогтоолын тэнссэн шийдвэрийг биш, харин адил шатны шүүхийн шийтгэх тогтоолыг буюу Ц.Т-гийн ял шийтгүүлсэн 2019 оны 76 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хуульд нийцээгүй шийдвэр гаргасан байна.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосноор гэм буруу, хохирол зэрэг тухайн тогтоолоор шийдвэрлэсэн асуудлууд нь хууль зүйн дагавар үүсгэх боломжгүй болох тул тухайн гэмт хэрэгт гэм буруугүй гэж үзэх нөхцөл үүсч байхад шүүхээс ял оногдуулж байгаа нь шүүхийг гэм буруутай нь нотлогдоогүй хүнд ял оногдуулж гэм буруугийн зарчим ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болно.
Түүнчлэн анхан шатны шүүх нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд нэг шийтгэх тогтоолоор ял нэмж нэгтгэн оногдуулах, мөн хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтын ялгааг өөр агуулга, утгаар ойлгож хэргийг шийдвэрлэсэн байх тул эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцсэн, ял оногдуулах шударга ёсны зарчмыг хангасан гэж үзэх боломжгүй байна.
Анхан шатны шүүх “Ц.Т-гийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ” гэсэн дүгнэлт хийсэн боловч түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй эсэхэд болон хэд хэдэн шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцох гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг байгаа зэрэгт дүгнэлт хийгээгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс ял нэгтгэх журмыг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр жинхэнэ эдэлбэл зохих ялыг тогтоож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой боловч хуулийг агуулгаас өөрөөр хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэл нь ойлгомжгүй байх тул прокурорын “хэт хөнгөн ял оногдуулсан” гэх үндэслэлээр бичсэн эсэргүүцлийг хүлээж авч, шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ц.Т-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Т-д холбогдох, 2029000020036 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Ц.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НАСАНЖАРГАЛ
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Ш.ТӨМӨРБААТАР