Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2018/00099

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2018/00099

Орхон аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Ц

Хариуцагч: Б.А

5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов. 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Мөнхбаяр овогтой Ц Э ХХК-ний захирал Б.А Булган, Сэлэнгэ, Орхон аймгуудад үрийн төмс тээвэрлэх тухай хэлэлцэн тохиролцож, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр нярав Л.Ө гэрээ байгуулсан. Тус гэрээнд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор тээврийн хөлсийг төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Нийт 7 500 000 төгрөгийн тээвэрлэлт хийсэн бөгөөд 3 000 000 төгрөгийг шатахууны зардалд оруулсан. Үлдсэн 4 500 000 төгрөгийг удаа дараа нэхэмжилсэн боловч хойшлуулсаар байсан ба 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Э ХХК-ний захирал Б.А тодорхойлолт бичүүлж авсан. Уг тодорхойлолтонд тээврийн хөлсний үлдэгдэл төлбөрийг 10 дугаар сард багтааж төлнө гэсэн боловч одоог хүртэл холбогдоогүй байна. М.Ц миний бие Улаанбаатар хотод ажилладаг бөгөөд энэ хугацаанд 3-4 удаа Орхон аймагт ирж уулзсан. Сэтгэл санаа болон эд материалын гарз гарсан тул зардал, тэмдэгтийн хураамжийг нэмж 5 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компани 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр иргэн М.Ц тай тээврийн ажил гүйцэтгэх гэрээ хийж ажилласан. Тухайн үед санхүүгийн асуудлааа зохицуулах үүднээс түлш бусад зардлыг гаргаж үлдэгдэлийг намрын ургацаас өгөхөөр тохиролцсон болно. Гэрээний дагуу № УНЛ, № УНӨ дугаарын 2 машин 4 удаа явж 149.2 тн ачааг Төв аймгийн Жаргалант сумаас Орхон аймгийн Жаргалант сум хүртэл 1тн ачааг 45 000 төгрөгөөр тээвэрлэсэн. Ажлын явцад 4 удаа 1 840 литр түлшийг бөөний үнээр 1 450 төгрөгөөр бодож 2 668 000 төгрөгийг олгожээ. Нийт тээврийн хөлс 149.2тн*45 000=6 714 000 төгрөг болсон байна. Үүнээс олгосон 2 668 000 төгрөгийг хасаад 4 046 000 төгрөгийн үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй байна. Бид 4 046 000 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. М.Ц ын нэхэмжилсэн 5 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна, намайг байлцуулахгүйгээр хурлыг хийж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч М.Ц хариуцагч Э ХХК-д /захирал Б.А / холбогдуулан тээвэрлэлтийн гэрээний үүрэг 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу 4 046 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч 954 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж тайлбар ирүүлсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2017 оны 06 дугаар сарын 03-ны өдөр зохигчдын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаж, 2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотоос Булган, Сэлэнгэ,Орхон аймгийн нэр заасан газруудад үрсэлгээний төмс тээвэрлүүлэхээр тээвэрлэлтийн гэрээ байгуулсан бөгөөд Булганы Бугат хүртэл 1 тн тутамд 50 000 төгрөг, Сэлэнгийн Баруунбүрэн, Орхоны Жаргалант сум хүртэл 1 тн тутамд 45 000 төгрөг, нэг удаагийн тээвэрлэлтэнд 600 литр шатахууныг 1 450 төгрөгөөр тооцож тээвэрийн хөлснөөс хасч тооцох төлбөрийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны дотор хийж дуусгахаар Э ХХК-г төлөөлж нярав Л.Өлзийбаяр гэрээ байгуулсан байна. /хх-4/

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэж заасан тул нэхэмжлэгч М.Ц шаардах эрхтэй.

Талууд гэрээ байгуулагдсан хийгээд 4 удаагийн тээвэрлэлт хийгдсэн, шатахууны төлбөрт 2 668 000 төгрөг зарцуулсан талаар маргаагүй.

Нэхэмжлэгч тээвэрлэлтийн хөлсийг 1 тн тутамд 50 000 төгрөгөөр тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч 1 тн тутамд 45 000 төгрөг байх ёстой гэж тайлбар ирүүлсэн байна. Гэвч хариуцагчийн М.Ц т олгох тээврийн хөлсний 4 500 000 төгрөгийг 10 дугаар сард багтааж төлнө. Нийт 7 500 000 төгрөгөөс үлдэгдэл 4 500 000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сард 150 тн төмс тээвэрлэж зээлээр авсан гэсэн тодорхойлолт нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалын үндэслэл болсон тайлбарыг үгүйсгэж байна. /хх-5/ Өөрөөр хэлбэл 150 тн төмсийг 1 тн тутамд 50 000 төгрөгөөр тооцоход 7 500 000 төгрөг болох бөгөөд Б.А ын тодорхойлолтод энэ талаар тодорхой заасан байна.

Иймд хариуцагч Э ХХК-аас /захирал Б.А / 4 501 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 498 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Тодруулбал: Улаанбаатар хотоос Орхон аймагт хэд хэдэн удаа ирж уулзсан, сэтгэл санаа болон эд материалын гарз гарсан гэсэн нь холбогдох баримтаар нотлогдохгүй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад оруулан тооцсон нь үндэслэлгүй юм.

Хариуцагч Э ХХК-ний захирал Б.А өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлт, зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 86 976 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Э ХХК-аас 4 501 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ц т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 498 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94 950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-аас 86 976 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Ц т олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  Л.АРИУНЦЭЦЭГ