Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 102/шш2017/01382

 

  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдоржийг суулган, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ...гийн,

            Хариуцагч: ...ХХК-д холбогдуулан гаргасан,

            Ятга хөгжмийн үнэд 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.... /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Л.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...” ХХК-ийн илгээмжийн үйлчилгээгээр миний бие 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр АНУ-ын Чикаго хотод оршин суух өөрийн төрсөн дүү Л..... руу ятга хөгжим явуулахаар харилцан тохиролцож, хүлээлгэн өгсөн юм. Гэтэл уг илгээмж эзэндээ хүрэлгүй, АНУ-ын хил, гааль дээр хураагдсан тул тус байгууллагад хандан ачаагаа эзэнд нь хүргүүлэх, боломжгүй бол буцаан ирүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргаж, өнгөрсөн оны 4 дүгээр сараас хойш одоог хүртэл хөөцөлдсөн боловч асуудлыг шийдэж өгөлгүй ихээхэн чирэгдүүлсэн. Иймд миний бие өмгөөлөгчид хандан хууль зүйн туслалцаа хүсч, хоёр удаа өмгөөлөгчөөрөө дамжуулан албан бичиг явуулсан, мөн өөрийн биеэр өмгөөлөгчийн хамт захирал эмэгтэйтэй нь очиж уулзсан. Албан бичгээр хандахад уг илгээмж гааль дээр саатуулагдаж, одоог хүртэл шалгагдаж байгаа гэсэн хариу өгсөн. Уг илгээмжийг хүлээж авсан манай байгууллагын ажилтан гаалийн мэдүүлгийг 250 ам.доллар гэж бөглөсний улмаас саатуулагдан шалгагдаж байгаа, манай компанийн зүгээс АНУ дахь гаалийн зуучлагч буюу гаалийн брокертоо хандаж, гаалийн шалгалтын ажиллагаа хэзээ дуусах талаар тодруулж, илгээмжийг эзэнд нь хүргэх арга хэмжээг даруй авч өгөхөөр ажиллаж байгаа, манайд өгсөн албан бичгээ англи хэл дээр орчуулаад өгчихвөл албан бичгийг чинь хавсаргаад АНУ дахь оффис руу явуулаад нөхцөл байдлыг тайлбарлаад хариу өгье гэхээр нь албан бичгийг орчуулуулж, тус компанид дөгч, өнөөдрийг хүртэл асуудал нааштай шийдэгдэх байх гэж найдаж хүлээсэн.

            Гэтэл асуудал одоог хүртэл шийдвэрлэгдээгүй, тус илгээмжийн үйлчилгээ эрхэлдэг компанийн зүгээс арга хэмжээ авч өгөхгүй байгаа тул асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт “илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Захиалгын хуудас бөглүүлж, илгээмжийг хүлээн авсан тул тус илгээмжийн бүрэн бүтэн байдлыг илгээгч хариуцаж, захиалагчийн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй бөгөөд илгээгч ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас захиалагчид учруулсан хохирлыг илгээгч байгууллага бүрэн хариуцах хууль зүйн үндэслэлтэй тул уг ятганы зах зээлийн ханш болох 1,5 сая төгрөгийг хариуцагчаас гаргуулж, иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Уг ятга нь миний ээж дүүд минь бэлэглэх гэж гадаадаас захиулж авчруулж байсан, миний хувьд юугаар ч сольшгүй нандин бэлэг байсан бөгөөд тухайн үедээ Монгол мөнгөөр тооцоход 1,500,000 төгрөгийн үнэ бүхий хөгжим байсан тул хариуцагч “...” ХХК-иас 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            Маргаан бүхий ятга хөгжмийг хүлээн авагч авах боломжгүй байдал үүсч АНУ-ын гааль дээр саатуулагдсан шалтгаан нь илгээмжийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон учир нэгэнт хөгжмийг биет байдлаар буцааж авах боломжгүй болсон учир 1,500,000 төгрөгөөр үнэлж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан байгаа. Илгээгч байгууллага нь илгээмжийн үйлчилгээгээр барааг хүлээн авагчид хүлээлгэж өгөөд төлбөрөө авах ёстой. Гэвч хүлээлгэж өгөөгүй учир төлбөрийг төлөөгүй байгаа. Хариуцагчийн зүгээс ятга хөгжмийг 378 ам.долларын үнэлгээ тогтоосон гэж байгаа боловч энэ дүн нь хүлээн авагч очиж авахдаа төлөх үнийн дүн болохоос, ятгыг 378 ам.доллар гэж үнэлсэн явдал биш. Ирсэн имэйлийн орчуулгыг харахад буруу орчуулсан байдаг. Саатуулагдах болсон гол шалтгаан нь гаалийн мэдүүлгийг захиалагч Л.... бөглөж өгөхдөө энэ талаар сайн шалгаагүй, “ятга хөгжим” гэж мэдүүлгээ бөглөөд л явуулсан. Үнийн дүн болон бусад тодруулах ажлыг илгээмжийн байгууллагын ажилтан шалгах ёстой байсан. Мөн 200 ам.доллараас дээш үнэтэй барааг АНУ-ын гааль дээр шалгадаг гэдгийг үйлчлүүлэгчид урьдчилан сануулж анхааруулах ёстой байсан. Үйлчлүүлэгч мэргэжлийн байгууллагын үгийг дагах болохоос 200 ам.доллараас дээш бараа явуулахад шалгадаг эсэхийг мэдэхгүй. Нэхэмжлэгч нь иргэн хүн бөгөөд гааль, шуудан холбооны дүрэм журмыг заавал мэддэг байх шаардлагагүй. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагыг сонгож үйлчлүүлсэн учир тус байгууллага нь тухайн мэдүүлгийг хэрхэн бөглөх, бөглөөгүйгээс ямар үр дагавар үүсч, хариуцлага ногдож болзошгүйг тайлбарлах ёстой байсан ч энэ талаар нарийн тайлбарлаж өгөөгүйгээс энэ асуудал гарсан. Шуудангийн тухай хуульд илгээмж, шуудан илгээлтийн бараа алдагдсан бол Иргэний хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэж заасан байдаг. Тус бараа гааль дээр удсан бөгөөд устгагдсан байх боломжтой. 6 сараас дээш хугацаагаар эзэн нь авахгүй, төлбөр төлөөгүй тохиолдолд устгагддаг гэсэн. Энэ нь үрэгдсэнээс ялгаагүй учир үнийн дүнг нэхэмжилж байгаа. Байгууллагын ажилтан тухайн илгээж байгаа бараа бүтээгдэхүүнийг шалгаад хүлээж авах ёстой байсан ч шалгаагүйгээс шалтгаалан бараа бүтээгдэхүүн үрэгдсэн тохиолдолд тус байгууллага нь хариуцлага хүлээх зохицуулалт байдаг. Иймд 1,500,000 төгрөгийг “...” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч “...” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Л.... нь 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай компанид ятга хөгжим 1 ширхэг, еэвэн, зураг, ааруул, далбаа зэргийг Чикаго хот руу илгээхээр илгээмж өгсөн. Илгээгч Л....ийн илгээмжийн нийт тээврийн зардал болох 466 ам.долларын төлбөр нь энд хийгдээгүй бөгөөд уг төлбөрийг Чикаго хотод хүлээн авагч Л..... нь төлбөр төлөн хүлээн авах ёстой байсан ба уг илгээмж нь гаалийн хяналт шалгалтаар орон ятга хөгжим нь саатуулагдсан. Гаалийн байгууллагаас шаардсан бичиг баримтыг илгээмжийг хүлээн авагч Л..... нь гаргаж өгч чадахгүй байгаагийн улмаас уг ачаа АНУ-ын гаалийн агуулахад одоо хүртэл байгаа бөгөөд нэмэлт хадгаламжийн зардал гарсаар байгаа. Уг ачаа нь алга болж үрэгдээгүй, гаалийн бүрүдүүлэлтээ хийж чадаагүйн улмаас гаалийн хяналтын талбайд хадгалагдаж байгаа бөгөөд тухайн хүлээн авагч шаардсан бичиг баримтыг гарган өгч гаалийн татвар болон агуулахын хөлсөө төлсөн тохиолдолд уг ачааг хүлээн авах боломжтой байгаа. Манай байгууллагын зүгээс 2015 оны 12 дугаар сард тухайн хүлээн авагчид АНУ-ын гаалийн байгууллагын тавьсан нөхцөл шаардлагыг хүлээлгэн өгч, гаалийн байгууллагын шаардсан бичиг баримтыг гаалийн татвар хураамж, хадгаламжийн төлбөрийн хамт төлөөд уг ачааг авахыг санал болгосон боловч авах боломжгүй гэж хариулсан тул манай зүгээс ямар нэгэн алхам хийх боломжгүй болсон.

Л..... нь уг ачаатай хамт илгээсэн ачааныхаа тээврийн хөлсийг төлөөгүй байгаа ба манай байгууллагаас зээлээр авсан унтлагын тавилганы төлбөр болох 350 ам.долларыг төлөх үлдэгдэлтэй гээд манай байгууллагад нийт 438 ам.долларын өглөг үүссэн байгаа боловч одоо болтол уг төлбөрийг төлөөгүй байна. Бидний зүгээс үйлчлүүлэгч АНУ-ын гаалийн байгууллагын шаардсан материалыг төлбөрийн хамт төлсөн тохиолдолд уг ачааг гаалийн хяналтаас авч олгох бүрэн боломжтой байгаа болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Барааны баримтанд ятга хөгжмийг 378 ам.доллар гэж бичсэн байгаа. Нэхэмжлэгч тал 88 ам.долларын үнэтэй бараагаа хүлээн авсан. Тухайн үед АНУ-ын гааль дээр гэнэтийн шалгалт хийж таарсан бөгөөд 250 ам.доллараас дээш үнийн дүнтэй бараануудыг шалгасан байдаг. Ийнхүү шалгахад тус ятга дээр үнийн дүнг нь бичээгүй байдаг. Ямар ч улсын гаалиар орсон барааны татвар авдаг. Гэвч тухайн ятга дээр үнэ бичигдээгүй байсан учир АНУ-ын гааль тус барааг түр хорионд авч хянан шалгасан байдаг. Гаалийн байгууллага тухайн бараанд үнэлгээ хийгээд 300 ам.доллар гэж тогтоогоод очоод ав гэсэн боловч Л..... нь хууль ёсны бүртгэл байхгүй байсан учраас авч чадаагүй удаасан учир устгалд орсон байх гэсэн таамаг байгаа. Иймд “...” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа гэж тогтоогдоогүй байгаа. АНУ-ын гаалиас 466 ам.долларыг төлөөд ав гэсэн боловч өнөөдрийг хүртэл аваагүй байгаа. Иргэний хуулийн 409.1, 409.2-т зааснаар захиалагч нь өөрийн үүргүүдийг биелүүлээгүйгээс АНУ-ын гааль дээр үнэлгээ, татвар, хадгалсан хугацааны төлбөрийг төлөөд бараагаа ав гэсэн боловч аваагүй байсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үйлчилгээний хураамж 378 ам.доллар гэж Л.... өөрөө бичиж мэдүүлгээ бөглөсөн. Үүнийг АНУ-ын гааль хараад хураамжийн үнэ шаардсан байсан. Иргэний хуулийн 409.1, 409.2-т зааснаар үйлчлүүлэгч үнэн зөв мэдээлэл гаргаж өгөөгүй. Баглаа боодол, таних тэмдэггүй, эсхүл тэдгээр нь дутуу буюу буруу байгааг илгээгч мэдсээр байж энэ талаар захиалагчид мэдээлээгүйгээс бусад тохиолдолд энэ хуулийн 409.5, 409.6-д заасан шаардлагыг биелүүлээгүйн улмаас учирсан гэм хорыг захиалагч хариуцна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай ажилтан барааны үнийг тавиарай гэхэд үйлчлүүлэгч нь үнэ тавих боломжгүй гэсэн байдаг. Устгалд орсон талаар баттай мэдээгүй. 378 ам.доллар нь тээвэрлэлтийн хөлс байгаа юм. Манай ажилтан үйлчлүүлэгчид анхааруулж мэдэгдсэн гэдэг нь маягтанд “бэлэг” гэж бичсэнээр нотлогдоно гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Л.... нь хариуцагч “...” ХХК-иас ятга хөгжимний үнэ 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

            2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Л.... нь хариуцагч “...” ХХК-ийн илгээмжийн үйлчилгээгээр АНУ-ын Чикаго хотод оршин суух дүү Л..... руу ятга хөгжим болон ааруул, зураг, еэвэн, далбаа зэргийг агуулсан ачааны хамт явуулахаар болж, ятга хөгжмийг 378 ам.доллараар, бусад зүйлийг 88 ам.доллараар илгээх тарифт үнэ буюу хөлсийг илгээмж хүлээн авагч төлөхөөр тохиролцсон болох нь зохигчдын тайлбар болон “илгээлтийн маягт” зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд тэдний хооронд Иргэний хуулийн 407 дугаар зүйлд заасан илгээмжийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх 89/

            Илгээмжийг хүлээн авагч нь 88 ам.долларын илгээмжийн үйлчилгээний тарифт үнэ бүхий бараануудыг хугацаанд нь хүлээн авсан боловч 378 ам.долларын илгээмжийн үйлчилгээний тарифт үнэ бүхий ятга хөгжмийг хүлээн авч чадаагүй байна.

            Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан илгээмжийн зүйлийн үнэлгээг бичээгүйгээс уг бараа АНУ-ын гаалийн байгууллагад шалгагдаж, устгагдсан байх магадлалтай тул ятга хөгжмийн үнэ 1,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан гэж тайлбарлана.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээчийн дүгнэлтээр уг ятгыг 1,600,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй байхаар тогтоосон боловч нэхэмжлэгч нь хариуцагчаас 1,500,000 төгрөгийг шаардсан бөгөөд, хариуцагчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч маргаагүй болохыг дурдан, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргахдаа захиалагч илгээмжийн зүйлийн талаар бүрэн мэдээллийг илгээгчид өгөх үүргээ биелүүлээгүй, илгээгч байгууллагын ажилтан анхааруулсан боловч “бэлэг” гэдэг үндэслэлээр үнийг тавихаас татгалзсан бөгөөд маягтын тайлбарыг сайн уншиж, бүрэн бөглөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарласан.

            2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн маргаан бүхий илгээлтийн маягтад захиалагч нь илгээж буй барааны нэрийг “ятга” гэж, барааны тоо ширхэгийг “1” гэж бөглөн, “үйлдвэрлэсэн улсын нэр”, жин хэмжээ, үнэ зэрэг мэдээллийг бөглөлгүйгээр, нийт жин, тарифт үнэ зэрэг мэдээллүүд бөглөгдсөн байна.

            Дээрх гэрээний дагуу хүргэвэл зохих бараанууд АНУ-ын Чикаго хотод хүрсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдоно. Мөн, 88 ам.долларын хөлс бүхий бусад жижиг барааг хүлээн авагч Л..... хүлээн авсан байх тул энэ гэрээний дагуу илгээгч үүргээ гүйцэтгэсэн гэж үзнэ.

            Харин 378 ам.долларын тээвэрлэлтийн зардал бүхий ятга хөгжмийг гаалийн мэдүүлэгт барааны үнэ бичээгүй гэх үндэслэлээр АНУ-ын гаалийн газар шалгасны улмаас хүлээн авагч барааг авч чадаагүй байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс захиалагчид илгээгч байгууллагын ажилтан мэдүүлгийг бүрэн бөглөх талаар зааварчилгаа өгснийг захиалагч үл харгалзан илгээмжийн талаарх шаардлагатай мэдээлэл, түүний тээвэрлэлттэй холбоотой баримт бичгийг илгээгчид өгөх үүргээ биелүүлээгүйгээс илгээлтийн маягт бүрэн бөглөгдөөгүй учир АНУ-ын гаалийн шалгалтаар орсон гэж тайлбарлах боловч “...” ХХК-ийн ажилтан захиалагч Л....т тийнхүү зааварчилгаа өгсөн болохыг, мөн ажилтан зааварчилгаа өгсөөр байхад захиалагч түүнийг үл харгалзан мэдээллийг бичээгүй гэх тайлбараа баримтаар нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.

            Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1 дэх хэсэгт “Илгээгч нь илгээмжийн гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангахуйц байдлаар ачаа, илгээмжийг тээвэрлэх, тээвэрлэлтэд оролцох этгээдийг сонгох, захиалагчийн ашиг сонирхлын дагуу түүний өгсөн даалгаврыг биелүүлэх үүрэгтэй” гэж заажээ.

Мөн “...” ХХК-ийн Үйлчилгээний ерөнхий журмын 2.11 дэх хэсэгт зааснаар “шуудангийн үйлчилгээ үзүүлэхээр тогтоосон хугацаа, журмын тухай мэдээллийг үйлчлүүлэгчид гаргаж өгөх буюу мэдээлэх” үүргээ тус компанийн үйлчилгээний ажилтан биелүүлээгүйн улмаас гаалийн мэдүүлгийн маягт дутуу мэдээлэл бичигдсэн байна.

            Иймд дээрх үндэслэлээр болон Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.9 дэх хэсэгт “илгээгч өөрөө, эсхүл түүний ажилтан гэм буруутай бол гэрээнээс үүсэх хариуцлагыг хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч Л.... нь ятга хөгжмийн үнэ 1,500,000 төгрөгийг хариуцагч “...” ХХК-иас шаардах эрхтэй гэж дүгнэн, шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 408 дугаар зүйлийн 408.1, 408.9 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “...” ХХК-иас 1,500,000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л....т олгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА