| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1134 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1134
2025 04 23 2025/ШЦТ/1134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Д.Доржсүрэн, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,
иргэдийн төлөөлөгч П.Отгонжаргал,
хохирогч **********, түүний өмгөөлөгч Б.Мөнхтөр,
шүүгдэгч **********, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ************* тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ************* тоотод оршин суух, урьд:
- Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 301 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон, ******************
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 01 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө *****************тоотод хохирогч **********ыг согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч **********ын хоолойг боож улмаар гурилын илдүүрээр нүүрэн тус газар цохиж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********** мэдүүлэхдээ: “...2025 оны 01 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Алтан-Очирын гэрт жолооны курсээ тараад хамт хотын жолоонд гарсан хэдээрээ очиж архи ууцгаасан. Тэднийд нэлээн байж байгаад Алтан-Очирын гэрээс шөнийн 12 цаг өнгөрч байхад гараад таксигаар Мөнхтуулыг гэрт нь хүргэж өгсөн. Мөнхтуулыг гэрт нь оруулаад орон дээр нь хэвтүүлэн бэлгийн харьцаанд орсон. Мөнхтуулыг сэрэхэд нь намайг мэдчихлээ, хүн дуудчих вий гэж айсандаа хоолойг нь боосон. Тэгээд явах гээд хувцсаа өмсөж байхад дахин сэрээд орилох гээд байхаар нь гурилын ганжин модоор хэд хэдэн удаа цохичхоод гарч явсан. Хохирогчийн гэрээс гараад өөрөө цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн. Хохирогчийг алах санаа зорилго байгаагүй. Гэм буруу дээрээ маргахгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ********** мэдүүлэхдээ: “...Би Алтан-Очирын гэрт байхдаа нэлээн муудсан байсан. Гэртээ яаж харьсан гэдгээ ч санахгүй байгаа. Намайг нэг сэрэхэд миний нүүр хэсэгт нэг юмаар цохиод байсан. Би тухайн үед ухаан алдаад эмнэлэгт очоод сэрсэн. Миний дагзны хэсэгт гавлын яс хугарсан мөн нүүрний зүүн тал хугарсан учраас хагалгаанд орох ёстой гээд эмнэлгээс гаргаагүй. Манай эгч намайг чи өөрөөсөө айчихна гээд толинд ч харуулахгүй байсан. Би 3 хоногийн дараа толинд өөрийгөө харахад аймар болсон байсан. Амаа ангайж чадахгүй, ярих чадваргүй болсон байсан. Зүүн талын нүүр хавдаж эхэлсэн. Одоо ч хавдар нь буухгүй байна. Хохиролд одоогийн байдлаар 647.550 төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосон. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байна. Би залуугаараа 5 шүдгүй болж байна. Миний 3 шүд унасан. Одоо хөдөлгөөнтэй байгаа 2 шүдийг мэдээ орохоор унана гэж эмч хэлсэн. Би шүдэндээ имплант хийлгэнэ. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дарханбаатарын ээж, өмгөөлөгчтэй уулзахад 2 сая төгрөг өгсөн. Дараа нь ээжтэй холбогдож 400.000 төгрөг авсан. Хохирлоо бүрэн барагдуулж авах хүсэлттэй байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч **********ын:
“...2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр жолооны курсээ тараад хамт хотын жолоонд гарсан Дарханбаатар, Алтан-Очир, Нарантуяа бид нар жолооны багш Баясгалангийн хамтаар тавуулаа Алтан-Очирын гэрт очиж архи уусан. Одоо миний санаж байгаагаар 2 шил 0,75 граммын архи ууссан. Би Алтан-Очирын гэрээс яаж гарсан, гэртээ яаж очсон талаар огт санахгүй байна. Би архи уугаад тасарчихсан байсан. Нэг мэдсэн чинь л би эмнэлэг дээр ирсэн. ...Дарханбаатар миний нүүр хэсэгт нэг зүйлээр цохиод байсан шиг санаж байна өөр зүйл огт мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
Хохирогч **********ын дахин өгсөн:
“...нүдний доод талын ухархайн яс мөн зүүн талын шанааны яс цөмөрсөн, тагнай хөндлөн цуурсан, эрүү, уруул болон толгойндоо оёдол тавиулсан, үүдэн дээд 3 шүд унаж буйл язарсан, доод 2 шүд хөдөлсөн. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нүүрний хагалгаанд ороод 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр буюу өнөөдөр эмнэлгээс гарсан. ...Бид хоёрын дунд ямар нэг дотно харилцаа хамаарал гэх зүйл огт байхгүй. Би 2024 оны 12 дугаар сараас “Дашийдэлэг” жолооны курст суусан. Энэ үед Дарханбаатар бас жолооны курст суралцаж таарсан, мөн хотын жолоонд нэг машин дээр хамт гардаг байсан учраас хоорондоо бие биетэнтэйгээ танилцсан өөр зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Гэрч Ю.Ганбаатарын:
“...төрсөн хүү болох Сандагдоржийн гэр манай хажууд байдаг ба эхнэр Мөнхтуул нь 3 хүүхдээ аваад ээжийндээ очихоор явсан юм. Тэгээд өнөөдөр орж үзсэн чинь орныхоо хажууд газар хэвтсэн байдалтай ямар ч хувцасгүй хэвтэж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуусан чинь юу ч ярихгүй байсан ба манай эхнэр Энхжаргал цагдаад дуудлага өгсөн ба давхар 103-д дуудлага өгсөн юм. ...Мөнхтуулыг хэдэн цагт ирснийг нь ч мэдэхгүй байна. ...шөнө гэрэл нь асаалттай байхаар нь ирснийг нь мэдсэн... ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Гэрч Ж.Энхжаргалын:
“...би Мөнхтуулын хадам ээж нь байгаа юм. ...2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Мөнхтуул гэрээсээ ойролцоогоор 14 цагийн орчимд жолооныхоо хичээлд сууна гэж хэлээд гэрээсээ гараад явсан юм. Жолооны хичээл дээрээ сууж байх үедээ над руу утсаар яриад ээж манай 3 хүүхдийг одоо дүү очиж авна. Би жолооны хичээлээ тараад ханын материалд хүүхдүүдтэйгээ аав, ээж дээр очиж хоночхоод ирье гэж хэлсэн. Удаагүй Мөнхтуулын төрсөн дүү нь гэрт нь ирээд 3 хүүхдийг нь аваад явсан юм. Манай нөхөр Ганбаатар бид 2 гэртээ байж байгаад 23 цагийн орчимд унтаж амарсан ба шөнө 02 цагийн үед би ус уухаар сэрээд байшингийнхаа цонхоор харсан чинь манай хашааны хаалга онгойчихсон байхаар нь гайхаад хулгайч орж ирсэн юм биш байгаадаа гэж бодоод гэрээсээ гараад Мөнхтуулын гэрт нь ороод хартал Мөнхтуул газар толгой, нүүр хэсэг нь битүү цус болчихсон, нүүр нь хавдчихсан, ямар ч хувцасгүй нүцгэн байдалтай ганцаараа хэвтэж байсан. Тэгэхээр нь юу болсон бэ Мөнхтуулаа гээд татсан чинь юу ч хэлэхгүй байхаар нь энэ талаар нөхөр Ганбаатарт хэлээд түргэн болон цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Гэрч Б.Баясгалангийн:
“...би Баянхошууны Жанцан дээр байрлах “Дашийдэлэг” гэдэг нэртэй жолооны курст багшаар ажилладаг юм. Дээрх өдөр 14 цагт суралцагч Мөнхтуул, Дарханбаатар, Алтан-Очир, Нарантуяа гэдэг хүүхдүүдийг аваад хотын жолоонд 18 цаг хүртэл гарсан. ...Баянхошууны эцэст гэр нь байдаг Алтан-Очирын гэрт тавуулаа очсон. ...нийт 3 шил 0,75 граммын архи хувааж уугаад хөзөр тоглож, хоорондоо юм ярьж сууцгааж байгаад оройны 00 цагийн үед Алтан-Очирын гэрээс такси дуудаад Мөнхтуул, Дарханбаяр, Нарантуяа бид 4 гэр гэртээ харихаар явсан. Алтан-Очир гэртээ ганцаараа үлдсэн. ...Мөнхтуулыг гэрт нь хүргэж өгөхөөр гэрийнх нь гадаа очсон. Тэгтэл Дарханбаатар би Мөнхтуулыг гэрт нь оруулж өгчхөөд гэр лүүгээ явчихна та 2 санаа зоволтгүй яв гэж хэлэхээр нь Нарантуяа бид 2 уг такситайгаа хөдөлж яваад гэр гэртээ харьцгааж амарсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
Гэрч Н.Нарантуяагийн:
“...энэ 7 хоногт бид нарын хотын жолоо дуусаж байгаа болохоор бүгдээрээ хамт жоохон сууцгаая гэж ярилцаад Алтан-Очир гэх хүний гэрт очих болсон. ...Дарханбаатар бараг архи уугаагүй, эрүүл шахуу байсан. Харин Мөнхтуул бол нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
Гэрч А.Алтан-Очирын:
“...Мөнхтуул их согтуу байсан. Такси ирсний дараа манай гэрээс Мөнхтуулыг Дарханбаатар, Нарантуяа нар 2 талаас нь түшээд бараг үүрээд авч гарсан. ...Баясгалан багш, Дарханбаатар нар гайгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0725/2235 дугаартай:
“...**********ын биед зүүн хоншоор яс, pterygoid сэртэн, зүүн хоншоорын хөндийн бүх хана дайрсан цөмөрсөн, зүүн нүдний ухархайн дотор, гадна хана, доод хана суурь ясны бага далавч, sphenozygomatic заадас, хацрын шонтон дайрсан ясны сэлтэрхийнүүд бүхий зөрүүтэй хугарал, зүүн хацрын нум зөрүүтэй хоёрлосон, хамрын баруун зүүн хажуу хана зөрүүтэй хугарал, тархины баруун тал бөмбөлгийн духны хэсгийн хатуу хальсан доорх бага хэмжээний цус хуралт, тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, амны зүүн булан, эрүүнд шарх, зүүн дээд 1-3-р шүдний булгаралт, буйланд цус хуралт, зүүн доод 1, 2-р шүд сулрал, баруун бугалга, шуу, зүүн бугалгад цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдоно. Цаашид 3-н шүдний булгаралт нь тогтонги 10% алдагдуулна. ********** нь 0/1/ бүлгийн цустай байна. **********ын үтрээний арчдас наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. Шинжлүүлэгч нь бэлгийн замаар дамжих ДОХ, Заг хүйтэн, Трихомониазын халдваргүй, Тэмбүүгийн халдвар эмчлэгдсэн байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0725/2216 дугаартай:
“...********** нь хурьцал үйлдэх чадвартай байна. Бэлгийн замаар дамжих ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдвар илрээгүй. Бэлэг эрхтэн орчимд гэмтэл, эмгэг өөрчлөлтгүй. Шодойн тээрхийн арьсан дор гаднын биетгүй байна. Нэгдүгээр бүлгийн цустай байна. ДНХ-н бүтцийг биологи, ДНХ-н шинжээч томилж тогтоох боломжтой...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0325/1123 дугаартай:
“...Гурилын илдүүр нь шинжилгээнд тэнцэж байна. Гурилын илдүүрээс цус илэрсэн. Илэрсэн цус нь шинжээчийн дүгнэлт №1122 дээр тусгагдсан **********ын тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-56 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГ0325/1055 дугаартай:
“...Улаан хүрэн өнгийн дотоожноос цус илэрсэн. Хар өнгийн дотоожноос хучуур эс илэрсэн. Улаан хүрэн өнгийн дотоожноос илэрсэн цус болон хар өнгийн дотоожноос илэрсэн хучуур эсийн ДНХ-ийг тогтцыг тогтоов. Улаан хүрэн өнгийн дотоож дээр илэрсэн цусны толбо болон хар өнгийн дотоожноос илэрсэн хучуур эсийн ДНХ-ийн тогтоц нь **********ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 81-85 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГ0125/633 дугаартай:
“...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотоожинд 9 мм хэмжээтэй, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ ханзралт байна. Дотоожинд үүссэн ханзралт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 102-105-р хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГ0325/1127 дугаартай:
“...3 ширхэг шүд нь шинжилгээнд тэнцэж байна. 3 ширхэг шүднээс цус илэрсэн. Илэрсэн цус нь шинжээчийн дүгнэлт №1122 дээр тусгагдсан **********ын тогтоцтой тохирч байна....” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 133-136 дахь тал/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 548 дугаартай:
“...********** /УП96022663/-н сэтгэцэд 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд түр зуурын эсхүл байнгын шинжтэй эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, биеийн эдгэрэл эмчилгээ, цаашид сэтгэл засал, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эсэх, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин зэргээс хамаарна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд шаардлагатай байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-39 дэх тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаартай:
“...********** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ********** нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. ********** нь үнэн зөв мэдүүлэг өгөх, өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй. Хэрэг хариуцах чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 231-232 дах тал/,
Шүүгдэгч **********ын яллагдагчаар өгсөн:
“...Мөнхтуул хөл дээрээ тогтож чадахгүй тасарчихсан. ...би Мөнхтуулыг үүрч Алтан-Очирын гэрээс гаргаад таксинд суулгасан. Тухайн таксигаар хамгийн түрүүнд Мөнхтуулын гэрийн гадаа очиж би Мөнхтуулыг үүрч гэр лүү нь оруулсан. ...Гэрт нь ороод Мөнхтуулыг орон дээр нь хэвтүүлээд хажуу талд нь хэсэг харж сууж байгаад бүх хувцсыг нь тайлж газар хэвтүүлээд бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд нэг л удаа орсон. Бэлгийн харьцаанд орсны дараа Мөнхтуул сэрээд бэлгийн харьцаанд орсон гэдгийг мэдээд намайг харчхаад зайлаач пизда минь гэж хэлээд орилсон. Энэ үед нь би намайг өөртэй нь бэлгийн харьцаанд орсон гэдгийг мэдчихлээ дээ гэж бодоод сандраад 2 гараараа хоолойг нь нэг удаа боосон чинь ухаан алдчихсан. Тэгэхээр нь би босоод гал тогооных нь өрөө лүү ортол шүүгээн дээр гурил илддэг ганжин мод байхаар нь түүнийг нь аваад Мөнхтуулын нүүр толгой хэсэгт нь 4-5 удаа цохичхоод гэрээс нь гараад зугтаасан. ...Би Мөнхтуулыг нь гэрт нь оруулж өгчхөөд шууд яваагүй шалтгаан нь надад тухайн үед Мөнхтуултай бэлгийн харьцаанд орчихъё гэсэн бодол байсан учраас би яваагүй юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 170-171 дэх тал/,
Шүүгдэгч **********ын хувийн байдалтай холбоотой баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч ********** нь хохирогч **********ыг согтуурсан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн хүчиндэх гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч **********ын хоолойг боож улмаар гурилын илдүүрээр нүүрэн тус газар цохиж алахыг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660.000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 9.900.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох, мөн хохирогчийн цаашид эмчилгээтэй холбоотой гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр “Шүүгдэгч нь хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа боловч прокурорын яллах дүгнэлтээр дурдсан хүнийг алах гэмт хэрэгт завдсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм байна. Шүүгдэгч нь хүчингийн гэмт хэргээ нуун далдлах санаа зорилгоор бол хүнийг алах зорилгоор гараараа боож хохирогчийг ухаан алдуулсныхаа дараа ганжин авчраад нүүр лүү нь цохиод байгаа нь энэ гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хүнийг алах зорилгоор тууштай үйлдэл хийсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хохирол төлбөрийн тухайд прокурорын зүгээс сэтгэцэд учирсан хор уршгийг 9.900.000 төгрөгөөр тогтоох саналыг гаргаж байна. Өмгөөлөгчийн хувьд сэтгэцэд учирсан хор уршигт 3 дугаар зэрэглэлд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хамгийн дээд хэмжээгээр буюу 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах боломжтой учраас энэ хэмжээгээр гаргаж өгнө үү гэж шүүхээс хүсч байна. Хохирогчийн зүгээс эмчлүүлэх хэрэгтэй байгаа талаар мөн цаашид хагалгаанд орох эмчилгээний зардлыг гаргуулах хүсэлтийг удаа дараа тавьж байсан боловч шүүгдэгчийн зүгээс 2.400.000 төгрөг өгсөн гэсэн байдлаараа хохирол төлөхгүй гэж ханддаг байсан. 2.400.000 төгрөгийг өмнө нь эмнэлэгт хэвтэн хагалгаанд орсон зардалд зарцуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол төлбөрийг төлсөн учраас дахин одоо Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирол нэхэмжлээгүй гэж ойлгож болно. Өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нийт 42.171.550 төгрөг дээр өмгөөлөгчийн зардал 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Дээрх хохиролд сэтгэцэд учирсан хохирлыг бүрэн хэмжээгээрээ гаргуулах, мөн хохирогчийн 5 шүдний имплант хийлгэх зардал багтсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг хохирогчийн биеийн байдалтай холбоотой нэхэмжилнэ. Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжилсэн зардал бодит хохирол тул дээрх хохирлыг гаргуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “Миний үйлчлүүлэгч ********** нь
шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэдэгтээ маргаан байхгүй. Өмгөөлөгчийн хувьд хорих ангид **********тай очиж уулзахад хохирогчийг согтуурсан байхад нь бэлгийн харьцаанд орсон үйлдлээ гэмт хэрэг гэдгийг мэдээгүй байсан ба хүнийг мэдээгүй байхад нь бэлгийн харьцаанд орсон үйлдэл чинь өөрөө гэмт хэргийн шинжтэй үйлдэл шүү гэдгийг тодорхой хэлээд ойлгуулсан. Харин улсын яллагчийн зүгээс **********ыг хүнийг алахаар завдсан гэж байна. Хүнийг алахаар завдсан гэж үзэх үндэсгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Улсын яллагч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж байна. Хэрэв шүүгдэгч нь хохирогчийг алах санаа зорилготой зодсон бол тухайн гэмт хэргийг төгсгөх боломж хоёр ч удаа байсан гэж үзэж байна. Учир нь гэрч болох хохирогч Мөнхтуулын хадам ээж болон хажууд талын байшинд байсан хүмүүс юу ч мэдээгүй буюу тухайн хэрэг шөнийн цагаар болсон хохирогчийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй буюу согтуурсан байсан. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын хувьд жолооны курст явсан хүмүүс нийлээд 0,75 грамм шилтэй архийг 3 ширхгийг тавуулаа хувааж уусан. Улмаар Дарханбаатар би тухайн үед хохирогчийг гэрт нь оруулж өгөөд бэлгийн харьцаанд ормоор санагдаад орсон хохирогч юу ч мэдээгүй болохоор нь хувцсаа өмсөөд явах гэтэл хохирогч сэрсэн болохоор нь сэрээд хохирогч одоо зайл гээд хөөгөөд орилоход нь хохирогчийг боож унагаачхаад хувцсаа өмсөөд гараад явах гэхэд нь хохирогчийг дахиад сэрэхэд нь зугтаах зорилгоор буюу өөрийг нь цагдаад бариад өгчих вий гэдэг үүднээс зугтаасан байдаг. Ямар нэгэн байдлаар үйлдлээ төгсгөх буюу хүнийг алах санаа зорилготой байсан бол энэ хүн үйлдлээ үргэлжлүүлэх боломжтой байсан боловч төгсгөөгүй. Энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мөн мэдүүлж байна. Сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ хохирогч ухаантай үлдсэн нас бараагүй гэдгийг мөн өөрийнхөө буруу зүйл хийснээ мэдээд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгч цагдан хоригдсон асуудал байдаг. Хэрэв хүнийг алахаар завдсан гэж үзэж байгаа юм бол өөрөөс нь шалтгаалахгүй буюу бусад хүчин зүйлээс хийж байгаа үйлдээ төгсгөх боломж нь байсаар байхад энэ хүн үйлдлийг төгсгөөгүй буюу хохирогч өнөөдөр амьд, ямар нэгэн сэтгэхүйн болоод бусад хүчин зүйл буюу хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл байдаггүй, хохирогчийн эсэргүүцэл байдаг уу бусад өөр гаднын хүн байдаг юм уу, ямар нэгэн байдлаар одоо таслан зогсоогдоогүй буюу гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргээ туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзахаас өмнө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь бие даасан өөр гэмт хэргийн шинжтэй байвал тухайн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан гэдэгтээ маргахгүй. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдэгтээ маргахгүй. Хохирол төлбөрийн тухайд улсын яллагчийн зүгээс сэтгэл санаанд учирсан хохиролд 9.900.000 төгрөгийг төлөх бүрэн боломжтой. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс өмгөөлөгчид удаа дараа санал тавьсан гэж байна. Эмчилгээний зардал мөнгө хэрэгтэй байна гэхээр нь Дарханбаатарын ар гэрийнхэнтэй нь холбогдож өгье гэж хэлсэн. Хохирогчийн хэлсэнчлэн 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хохирогчтой уулзаад тухайн 2.000.000 төгрөг төлүүлсэн. Шүүгдэгчийн ар гэрээс хохирол төлөх боломжгүй гэж хэлж байсан ч хохирогчийн хохирлыг төлөх ёстой гэсэн байдлаар өмгөөлөгчийн зүгээс зөвлөгөө өгч байсан...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Иргэдийн төлөөлөгч П.Отгонжаргал “...Шүүгдэгч ********** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч **********ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Иймд дээрх үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчлэв.
Шүүгдэгч ********** нь:
2025 оны 01 дүгээр сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо, “Баруун баян уул”-ын 15-20 тоотод хохирогч **********ыг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, улмаар өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор хохирогч **********ын хоолойг боож, гурилын илдүүрээр нүүрэн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
- хохирогч **********, гэрч Ю.Ганбаатар, Ж.Энхжаргал, Б.Баясгалан, Н.Нарантуяа, А.Алтан-Очир нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ЕГ0725/2235 дугаартай дүгнэлт, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0725/2216 дугаартай дүгнэлт, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЕГ0325/1123 дугаартай дүгнэлт, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГ0325/1055 дугаартай дүгнэлт, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГ0125/633 дугаартай дүгнэлт, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн ЕГ0325/1127 дугаартай дүгнэлт, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 548 дугаартай дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 162 дугаартай дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Түүнчлэн хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр өмгөөллийн хөлсөнд 1.500.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,
- мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, уг хорих ялуудыг нэмж нэгтгэн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Мөнхтөр “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буяндэлгэр “шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх ялыг нэмж нэгтгэн нийт 6 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
- шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэрэгт цагдан хоригдсон 99 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ************ тоот дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн гурилын элдүүр мод 1 ширхэг, 3 ширхэг хүний шүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч **********т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. ********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харилцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
- мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “Өөр гэмт хэргийг нуун далдлах зорилгоор” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Шүүгдэгч **********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ял,
- мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **********т оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ын энэ хэрэгт цагдан хоригдсон 99 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч **********аас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрт 15.173.400 төгрөгийг гаргуулж хохирогч **********д олгож, хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж,
- мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар хохирогч **********ын Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлт болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан төлбөрийг нэхэмжлэх прокурорын эрхийг нээлттэй үлдээж,
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч **********ын өмгөөллийн хөлсөнд нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн гурилын элдүүр мод 1 ширхэг, 3 ширхэг хүний шүд зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч **********т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Д.ДОРЖСҮРЭН
ШҮҮГЧ Г.ЗОЛБОО