| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2017/0046/э |
| Дугаар | 48 |
| Огноо | 2017-07-26 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Б.Батнасан |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 48
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа
Улсын яллагч Б.Батнасан
Шүүгдэгч Т.Энхтүвшингийн өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** овогт ***-ийн ***-д холбогдох эрүүгийн 201707000067 дугаарын хэргийг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, төрсөн, *** настай, бүрэн дунд боловсролтой, *** мэргэжилтэй, одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл ***, эхнэр, хоёр хүүхдийн хамт, *** аймаг *** сум *** баг *** тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, *** овогт ***-гийн *** гэв.
Шүүгдэгч *** нь Говь-Алтай аймгийн *** сумын нутаг *** тоот хашаанд байх иргэн ***-ын гэрээс 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр BSB маркын 40 инчийн телевизорыг шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүгдэгч *** нь 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын нутаг *** тоот хашаанд байх иргэн ***-ын гэрээс BSB маркын 40 инчийн телевизорыг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч ***-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн урд өдөр нь *** бид хоёр архи уусан байсан. Өглөө нь бид хоёр таараад чи хойшоо ***-ынд яваад оч гэсэн. Тэгээд би яваад очсон чинь *** ирээгүй байсан. Эхнэртээ цай өгчихөөд байж байсан чинь *** ***-ынд хүрээд ир гээд утастсан. ***-ынд очиж нэг шил архи уучихаад гурвуулаа ***-ийнд очиж нэг шил архи уучихаад салсан. *** бид хоёр хоёр тийшээ салаад зурагтыг нь очиж авсан. Тэгээд ***-ийнд очиж барьцаанд тавьчихаад би алтанд явсан. ***-т хэлэх гээд нэг очсон чинь ажилруугаа явсан байсан. Тэгэхээр нь алтанд явсан. *** утасдаад зурагтаа ирж ав. Хүнийх юм байна гэсэн тэгээд би 22 хоночихоод ирсэн. Тухайн үед овоо согтуу байсан. Зурагтыг хулгайлахдаа хэн нэгэнтэй бүлэглээгүй. ***-ид 170.000 төгрөг өгөөд зурагтыг нь ***-т шалгаж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тэнсэнтэй болгож өгнө үү гэж хүсэж байна гэсэн мэдүүлэг,
Хохирогч ***-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2017 оны 03 дугаар сарын 05-нд гадуур явж байгаад 16 цагийн цагийн үед ирээд гэртээ орох гэтэл түлхүүр алга болчихсон гэр цоожтой байсан. Би хаалганы цоожийг эвдээд гэрт ороход 42 инчийн хавтгай дэлгэцтэй, BSB маркын телевиз удирдлага, заргуурын хамт алга болчихсон байсан. Би шууд яваад ***-гийнд ороход *** унтчихсан сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Хамт архи уусан. Түлхүүр хийхийг харсан болохоор ***, *** нарыг сэжиглэсэн. Зурагтаа буцаан авсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ16/,
Гэрч ***-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*** нь алтны ченж *** /***/ гэдэг айлд уг зурагтыг барьцаанд тавьсан байсан. *** ***-ийнд телевиз барьцаанд тавьсан байна гэж сонсоод ***-ийнд очоод уулзаж байх үед *** ирсэн гэсэн. Тэгээд алдагдсан телевизийг ***, *** нар надад авчирч өгсөн....” гэсэн мэдүүлэг /ХХ-18/,
Гэрч ***-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 03 дугаар сарын 06-нд санагдаж байна. *** мөнгөний хэрэг байна телевиз түр барьцаанд тавиад 200.000 төгрөг авъя гэсэн. Би нутгийн залуу хүн учраас зөвшөөрсөн. *** удалгүй хар өнгийн 40-42 инчийн BSB маркын хавтгай дэлгэцтэй телевизор авчирч барьцаанд үлдээгээд 170.000 төгрөг зээлж аваад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-19/,
Гэрч ***-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...*** зурагт алга болчихсон байна гэсэн. Би мэдэхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл гудамжинд архи уугаад согтуу явж байтал “*** ***-ид телевизор барьцаанд тавьсан байна гэнэ” гэж сонссон. Тэгээд би ***-ын ах ***-т хэлсэн....” гэсэн мэдүүлэг /ХХ-20/,
Гэрч ***-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...***-той уулзаад *** гэдэг хүн танайд зурагт тавьсан уу гэхэд хавтгай дэлгэцтэй зурагт тавиад мөнгө аваад явсан. Гэж хэлсэн... *** нь мөнгө хайж олоод ***-оос авсан мөнгөө өгч ***-ын телевизорыг удирдлага, заргуурын хамт шалгаж өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-21/ болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ6-8/ эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ9-14/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон бусад баримт зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хууль ёсны нотлох баримтууд гэж үнэлсэн бөгөөд талуудаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт, гомдол гаргаагүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд тусгайлсан санал гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүхээс шүүгдэгч ***-г бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр яллах дүгнэлтэд дурдагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй давхцуулахгүйгээр шинжлэн судлая гээд гэрч ***-ын мэдүүлэг /хх-17-рт/, гэрч ***-ын мэдүүлэг /хх-20-рт/, ***-гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-29-рт/, ***-нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-24-рт/, ***-гийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-8-рт/ зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ***-гийн хүсэлтээр хохирогч, иргэний нэхэмжлэгч ***-ын мэдүүлэг /хх-16-рт/, бусад нотлох баримт давхардаж байна. Ял шалгах хуудас /хх-34-рт/ урьд нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл дээр хохирогч *** нь хэргийн материалтай танилцлаа ямар нэгэн гомдол, саналгүй гэсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн шүүгдэгч, хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад нотлох баримтуудаар шүүдэгч *** нь хохирогч ***-ын 42 инчийн BSB маркын телевизорыг хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ***-д холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч ***-г 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм гэм буруутайд тооцож, ***-гийн эд хөрөнгийг хураахгүйгээj 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ,
Шүүхээс шүүгдэгч ***-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаас гэмшсэн зэрэг байдлыг 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Шүүгдэгч ***-д 2002 оны Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүх шүүгдэгч ***-г хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал зэрэг хувийн байдлыг нь харгалзан хуульд зааснаар оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, хохирогч ***-т хохирлыг төлсөн, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***-гийн ***-г 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***-гийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. 2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан ***-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. 2002 оны Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар ***-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулсугай.
5. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, хохирогч***-т хохирлыг төлсөн, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний цахим үнэмлэх шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг хүргүүлсэн буюу өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА