Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/19

 

Т.Э, Б.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Прокурор: Б.Амармөрөн /онлайнаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Мөнгөнцэцэг /онлайнаар/,

Нарийн бичгийн дарга: О.Очмаа нар оролцов.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Т.Э, Б.Х нарт холбогдох 2029000450125 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Ж нарын давж заалдах гомдлуудыг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг,

Монгол Улсын иргэн, ам бүл 1,

Шүүгдэгч Б.Х нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8 дахь хэсэг “...зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах' бүстэй ажиллана” гэсэн заалтуудыг зөрчин захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш.С-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажилд гаргасны улмаас засварчин Б.Э нь М86 загварын дампын пайльцыг ковшны шанаган дотор зогсон засварлаж байхдаа Ш.С-ын баруун гарын 4, 5 дугаар хурууны дунд лантуугаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан,

Шүүгдэгч Т.Э нь Өмнөговь аймгийн Ц сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-нд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед М86 загварын дампын пайльцыг янзлах үедээ засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бүстэй ажиллана” Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 7 дахь /өөрийн болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчин захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ковшны шанаган дотор байрлаж, дээш өргүүлэн янзалж байхдаа Ш.С-ын баруун гарын 4, 5 дугаар хурууны дунд лантуугаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь шүүгдэгч Т.Э, Б.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч Б.Х, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Т.Э нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Т.Э нарт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.С 20.000.000 төгрөг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасны дагуу нөхөн төлбөрт иргэний хариуцагч “Э” ХХК-аас 4.340.346 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.С-д олгохоор, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.С-н нэхэмжлэлийн шаардлагаас 15.659 654 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ш.С нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нар болон иргэний хариуцагчаас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х, Т.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Х, Т.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж” шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч Б.Ж давж заалдах гомдолдоо: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.2-т ...хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэх тусгуулах, мөн зүйлийн 1.9-д ...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах ... талаар хохирогчийн эрхэд заасан байдаг.

Хохирогч нь 1,2-р хавтаст хэргийн хүрээнд нэг ч хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй. Манай талаас нэгэнт хүний бие махбодод хүндэвтэр гэмтэл учирсан байна гэж үзээд компанийн зүгээс хохирогчид байнга мөнгө төгрөг, эм тариа, эмчилгээний шаардлагатай гэсэн бүх зүйлээр тусалж, дэмжиж байсан. Сүүлдээ хохирогч ясаа цайтал, хөлөө хүрэх газар хүртэл явна гээд байнга мөнгө төгрөг нэхэж дарамталдаг болсон.

1-р хавтас 86 -р хуудасны ар талд хохирогч Ш.С-н 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан хүсэлтдээ “Э ' ХХК-аас 8,000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...гэж ,

2-р хавтас 92-р хуудсанд хохирогч Ш.С-н 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ ...бие эрхтэнгүй болсон учраас 20.000.000 төгрөгийг “Э" ХХК-аас тус тус гаргуулахаар нэхэмжилсэн байдаг.

Гэтэл дээрх нэхэмжлээд байгаа мөнгөтэй холбоотой нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад, шүүхээс хохирогч Ш.С 20,000.000 төгрөг нэхэмжилснээс 4.340.346 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, тооцоо гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл хохирогч нь эд эрхтэнгүй болсон учраас 20.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Гэтэл шүүгч Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1 д заасны дагуу нөхөн төлбөрт иргэний хариуцагч “Э" ХХК-аас 4.340.346 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.С-д олгохоор шийдвэрлэсэн явдал нь нэхэмжлэлийн шаардлагад огт нийцэхгүй дүгнэлт хийж шийдсэн.

Өөрөөр хэлбэл шүүх хохирогч, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой атал, хохирогч талаас огт нэхэмжлээгүй үнийн дүнг гаргаж ,

эрх хэмжээгээ хэтрүүлж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хохирогч нь эд эрхтэнгүй болсон гэж үзэж байгаа бол 20.000.000 төгрөгийн нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ёстой.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д ... үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хүртэл хувь алдсан ажилтанд 5 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно... гэж заасны дагуу нөхөн төлбөрт 8,800,000 төгрөг / 5сар*1,760.000 төгрөг =8.800.000 гэж/ тооцоо гаргасан.

1-р хавтас 135-136 талд/ Ш.С-н хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалинг 1.000.000 төгрөг гэжээ. Хэргийн хүрээнд Ш.С-н цалингийн тооцоолол, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар өөр бусад цалинтай холбоотой бичгийн нотлох баримтууд огт авагдаагүй байхад, шүүгч хохирогчийн цалинг шууд сарын 1.760.000 төгрөг гэж бодсон нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхээс хариуцагч "Э" ХХК-иас 4.340.346 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.С-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах гомдолдоо: ”... Б.Х нь “Э” ХХК-д хүний нөөц, хөдөлмөр хамгааллын ажилтнаар 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр орж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан байдаг.

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу хэрэг гардаг өдөр хохирогч Ш.С нь ажлын хуваарьгүйгээр өөрөө дур мэдэн ажилд гарсан байдаг.

1-р хавтаст хэргийн 37-р талд Ш.С-н хохирогчоор өгсөн мэдүүлэгт :

...та ажилд гарах үедээ хөдөлмөр хамгааллын ажилтандаа мэдэгдэж, гарын үсэг зурж, үүрэг чиглэл авсан уу? гэхэд, ...би хөдөлмөр хамгааллын ажилтандаа мэдэгдээгүй. тэр үед захирал намайг авч явж ажил хийлгэсэн... гэж мэдүүлсэн байдаг.

Ш.С-н ажлын байрны тодорхойлолтод / 1 хавтас 137-р талд/ зааснаар ... ээлжийн ажил эхлэх бүрд ажлын хуваарь хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурж, ажлын гутал хувцас болон шаардлагатай хамгаалах хэрэгсэл ашиглан ажилд гарах...талаар заасан.

Хэргээс харахад хохирогч Ш.С нь ХАБ-ын ажилтанд мэдэгдэлгүйгээр, дураараа ажилд гарсан нь тогтоогдож байдаг. Ш.С нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн ээлжинд ажилд гарсан бөгөөд, хуулийн хүрээнд ажлын нарядын дагуу /1 хавтас 234-р талд авагдсан ажлын нарядын бүртгэлийн дэвтэр/, ХАБ-ын ажилтнаас зааварчилгаа авч, гарын үсэг зурж ажилласан болох /2 хавтас 37-р талд/ нотлох баримт авагдсан. Үүнээс үзэхэд, хохирогч Ш.С нь өмнөх өдөр нь шөнийн ээлжид ажилд гарсан байж амрах ёстой хүн буцаад ажилд дураараа гарсан бөгөөд ажилд гарч байгаа талаараа ХАБ-ын ажилтанд огт мэдэгдээгүй.

Б.Х-н хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлийн 4.7-д ...ээлжид ажиллахаар гарч буй нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өдөр бур өгч гарын үсэг зуруулах... гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Б.Х нь зөвхөн ажлын нарядын дагуу ажилд гарч байгаа ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өгөх үүрэгтэй.

Тухайн үед хохирогч Ш.С нь ажилд гарах талаараа, ХАБ-ын ажилтан Б.Х-д огт мэдэгдэлгүйгээр, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг авалгүй, дураараа ажилд гарч хүндэвтэр гэмтэл авсан хэрэгт Б.Х-ыг буруутгах ямар ч үндэслэл тогтоогоогүй байхад, түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан явдал нь анхан шатны шүүгч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Т.Э-ын тухайд: Т.Э нь “Э” ХХК-д 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан засварчнаар ажилд орсон байдаг. Т.Э-ын ажлын байрын тодорхойлолтод /2-р хавтас ХХ-35 талд/ механикийн удирдлага доор машин техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэнэ гэж заасан.

Өөрөөр хэлбэл тухайн хэрэг гарсан гэх өдөр Т.Э нь ажлын байран дээр, ажил үүргээ гүйцэтгэж байсан гэж үзнэ. 2015 оны Эрүүгийн хуулийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний бие махбодод удаан хугацаагаар эрүүл мэндийг сарниулж хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл болгоомжгүйгээр учруулсан бол ...” гэж уг гэмт хэргийн шинжийг тодорхойлсон.

Уг гэмтлийг учруулахдаа “ зөвхөн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны акт болон хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” бол уг гэмт хэргийн бүрдэл хангагдахаар тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр гэмтэл учруулахдаа хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөн байхыг шаардаж байна. Аливаа үүрэг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй нь заавал санаатай байх хууль зүйн шаардлага байдаг ба ямар нэгэн болгоомжгүй байдлаар үүргээ зөрчих гэсэн ойлголт байхгүй болно. Гэтэл Т.Э нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад гэм хор учруулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь үүргээ биелүүлээгүйн улмаас гэж эс үйлдэхүйгээр илэрч байна. Т.Э-н үйлдэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ... ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад гэм хор учруулсан үйлдэл... байна.

Анхан шатны шүүгч Т.Э нь болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч Ш.С-н биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэж байгаа нь уг гэмт хэргийн объектив талын шинжийг үгүйсгэж, гэм буруугийн хэлбэрээр нь тодорхойлж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Э” ХХК-ийн засварчин Т.Э нь ажил үүргийн хувьд М86 загварын дампын пайльцыг янзалж байх үедээ бусдад гэм хор учруулсан үйлдлийг үүргээ биелүүлээгүйн улмаас хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж, зөвхөн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг үндэслэн гэм буруутайд тооцож ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй болно.

Иймд шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгож Б.Х, Т.Э нарыг цагаатгаж өгнө үү”гэжээ.

Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдолдоо “..Анхан шатны шүүхээс намайг Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжээр торгох ялаар шийтгэж шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.Х миний бие дээрх шийдвэрийг хууль ёсны бөгөөд .үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй гэж үзэж байна.

1-р хавтаст хэргийн 37-р талд Ш.С-н хохирогчоор өгсөн мэдүүлэгт:............таажилд гарах үедээ ХАБ-ын ажилтандаа мэдэгдэж гарын үсэг зурж үүрэг чиглэл авсан уу? гэхэд........би ХАБ-д мэдэгдээгүй тэр үед захирал намайг авч явж ажил хийлгэсэн.........гэж мэдүүлжээ.

Ш.С-н ажлын байрны тодорхойлолтод /1 хавтаст 137-р талд/ зааснаар ээлжийн ажил эхлэх бүрд ажлын нярад, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч гарын үсэг зурж, ажлын гутал хувцас болон шаардлагатай хамгаалах хэрэгсэл ашиглан ажилд гарах талаар ажлын байрны чиг үүрэгт нь заасан байдаг.

Үүнээс харахад хохирогч Ш.С нь ХАБ-ын ажилтан надад мэдэгдэлгүйгээр, дураараа ажилд гарсан нь тогтоогдож байдаг. Ш.С нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны шөнийн ээлжид ажилд гарсан байдаг бөгөөд хуулийн хүрээнд ажлын нярадын дагуу 1 хавтас 234-р талд авагдсан ажлын нярадын бүртгэлийн дэвтэр/, ХАБ-ын ажилтнаас зааварчилгаа авч.гарын үсэг зурж ажилласан болох / 2 хавтас 37-р талд/ нотлох баримт авагдсан байдаг. Үүнээс үзэхэд хохирогч Ш.С нь өмнөх өдөр нь шөнийн ээлжид ажилд гарсан байж, өглөө нь амрах ёстой хүн буцаад ажилд дураараа гарсан байдаг бөгөөд ажилд гарч байгаа талаараа ХАБ-ын ажилтан надад огт мэдэгдээгүй.

Миний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4-р зүйлийн 4.7-д...........ээлжид ажиллахаар гарч буй нийт ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өдөр бүр өгч гарын үсэг зуруулах.....гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл миний үүрэг бол зөвхөн ажилд гарч байгаа ажилтанд хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өгөх үүрэгтэй.. Хохирогч Ш.С 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн өглөө ажилд гарах ёсгүй, амарч байх ёстой хүн ажилд гарснаа надад мэдэгдээгүй. Мөн надад мэдэгдээгүй гэдгээ хохирогчийн мэдүүлэгтээ өгсөөр байтал Б.Х намайг гэм буруутайд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр юм.

Тухайн үед Ш.С нь надад мэдэгдэж хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа авалгүй дураараа ажилд гарсан хүний өмнөөс огт мэдээгүй би хариуцлага хүлээж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймээс давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн намайг цагаатгаж, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  Прокурор Б.Амармөрөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “... Яллагдагчаар татагдсан 2 хүн нь болгоомжгүйгээр хохирол учруулсан гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбарлалаа. Хавтаст хэргийн хүрээнд хөдөлмөрийн улсын байцаагчийн 2 удаагийн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлтүүдээр “Э” ХХК нь хөдөлмөр аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн гэж дүгнэсэн. Тухайн өдөр хохирогч маань захирал Ж ажилд гар гэсний улмаас ажилд гарсан байдаг. Ажлын байранд явж байхыг Хонгорзул харсан ба “чи энд юу хийж яваа юм бэ?” гэж асуусан байдаг. Мөн Энхбаяр нь ажлаа гүйцэтгэхдээ бусдад аюул учруулж болохгүй талаар мэдэж байсан. Энэ хоёр хүний буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Ажил тараад явж байхдаа Х-тай таарсан гэж хэллээ. Шүүгдэгч нарын зүгээс үүнийг үгүйсгэж байна. Тухайн өдөр таарахад ажил хийж яваа талаараа хэлээгүй. Ажлын бус цагаараа хаана ч юу ч хийж явж болно. Ажлын байранд гарах хуваарийн дагуу ажиллах ёстой байхад Хонгорзул мэдэх боломжгүй байсан. Уг гэмт хэргийн обьектив талын шинжийг хангахгүй байна. Тиймээс миний үйлчлүүлэгч нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Ж нарын бичсэн давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Х нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8 дахь хэсэг “...зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх”, засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах' бүстэй ажиллана” гэсэн заалтуудыг зөрчин захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш.С-д хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөөгүй ажилд гаргасны улмаас засварчин Б.Э нь М86 загварын дампын пайльцыг ковшны шанаган дотор зогсон засварлаж байхдаа Ш.С-н баруун гарын 4, 5 дугаар хурууны дунд лантуугаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан,

Шүүгдэгч Т.Э нь Өмнөговь аймгийн Ц сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-нд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн үед М86 загварын дампын пайльцыг янзлах үедээ засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах бүстэй ажиллана” Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухайн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 7 дахь /өөрийн болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх/ гэсэн заалтуудыг зөрчин захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ковшны шанаган дотор байрлаж, дээш өргүүлэн янзалж байхдаа Ш.С-н баруун гарын 4, 5 дугаар хурууны дунд лантуугаар цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан болох нь хохирогч Ш.С /1хх-37-38/, гэрч Б.А /1хх-43-44/, Ё.Ц /1хх-45-46/, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Ж /1хх-130/, яллагдагч Б.Х /1хх-123-124/, Т.Э /1хх126-127/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн өвчний түүх /1хх-69-77, 90-103/, рентген зураг, амбулаториор эмчлүүлэгчийн карт /1хх-79-85/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 966 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2020 оны 04 дүгээр сарын 09, 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 03, 04 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /1хх-109-110, 112-113/, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт /1хх-147-149/ зэргээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож, шүүгдэгч болон тэдний өмгөөлөгчийн гаргасан мэдүүлэг, дүгнэлт няцаагдсан болно /2хх-136-138/” гэж анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Х, Т.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Т.Э нарыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Т.Э нарт оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн агуулга, зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 966 дугаартай “...1. Ш.С-н биед баруун 5-р хурууны угийн шивнүүрийн алга-хурууны үений түвшин дэх тайрагдал, 3, 4-р хурууны хөдөлгөөний хязгаарлагдал, 4-р хурууны 1-р үений сорви гэмтэл тогтоогдлоо. 2. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.15.89-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 15% алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна”/1хх-105-106/ гэсэн,

Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 03 дугаартай “Уг осол нь үйлдвэрлэлийн осол мөн. Ш.С нь “Э” ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулж дампын оператор албан тушаалд ажилласан байна.

Тухайн осол болсон 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш.С нь “Э” ХХК-д ажилладаг байсан байна. Дампын оператор албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод “техник үйлчилгээ хийх үед болон бусад урсгал засварын үед механик, засварчин нартай хамтран засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэх” гэсэн чиг үүргийг тусгасан байна.

Ажилчдад ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Х болон ээлжийн мастер, механикууд өгдөг, аюулгүй ажиллагааны дэвтрээс харахад бичгээр танилцуулж ажилтан бүрээр гарын үсэг зуруулдаг байсан байна.

“Э” ХХК нь Ш.Сад зааварчилгаа танилцуулаагүй ажилд гаргасан, засварын ажил гүйцэтгэж байсан газрын орчин хангалттай гэрэлтүүлэггүй байсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.4, 28.1.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Тухайн осол болдог өдөр зааварчилгааг Ш.С аваагүй ажилд гарсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2, 18.2.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна” /1хх-109-110/ гэсэн,

Ослын хэрэгт шинжээчээр ажилласан тухай Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч, шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 04 дугаартай “ “Э” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль зөрчсөн байна. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш.С нь өглөөний нэгдсэн зааварчилгаа аваагүй ажилд гарсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28.1.8-ын заалтыг, мөн тухайн байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдлын дотоод хяналт сул, аюул эрсдлийг урьдчилан илрүүлээгүй, үнэлээгүйн улмаас Засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны  зааврын “Машин механизмын тэвш, тавцан зэрэг 1.5 метрээс дээш өндөрт засварын ажил гүйцэтгэхдээ шат, гишгүүр өргөгч тавиур ашиглан дээр нь гарах бөгөөд өндрийн хамгаалах' бүстэй ажиллана” гэсэн заалтыг зөрчиж ковшны шанаган дотор байрлаж, дээш өргүүлэн пайлц хадах ажилбарыг хийсэн байна. Энэ үйлдэл нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх хэсгийн заалтуудыг “Э” ХХК нь зөрчсөн байна.

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр аюулгүй ажиллагааны заавартай засварчин ажилтай Т.Э танилцаж гарын үсэг зурсан байна.

Т.Э нь Засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын заалтыг зөрчиж ковшны шанага ашиглан өндөрт ажилласан байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7 дахь заалтыг тус тус зөрчсөн байна. Ажилтан Ш.С нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа авалгүй ажилд гарч, ажилтныхаа үүргийг биелүүлээгүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.2 дахь заалтыг зөрчсөн” /1хх-112-113/ гэсэн шинжээч нарын дүгнэлтүүдтэй 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.Х нь танилцаад “санал хүсэлт байхгүй” /1хх-114/, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Т.Э нь танилцаад “санал хүсэлт байхгүй” /1хх-116/ гэж тус тус гарын үсгээ зурж тэмдэглэл үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Б.Х, Т.Э нар нь Засварын ажлын үед ажиллах аюулгүй ажиллагааны зааврын заалт болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн заалтуудыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд болгоомжгүй хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, шүүгдэгч нарын үйлдлийг цагаатгах нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Шүүгдэгч Б.Х, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнгөнцэцэг нарын бичсэн давж заалдах гомдолд заасан үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй болно.

Хохирогч Ш.С нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ц сумын Цагдаагийн хэлтэст “Миний бие Ш.С нь 2019 оны 12 дугаар сард гараа гэмтээж гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг компани төлсөн. 2020 оны 05 сарын мөн эмчилгээтэй холбогдон гарсан эмчилгээний зардлыг мөн компаниас хариуцсан болно. Гүйцэтгэх захирал болон Ш.С миний бие харилцан тохиролцож нөхөн төлбөр авсан. Би дээрх асуудлаар цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл гомдлоо буцаан авч цаашид энэ асуудлаар маргаан үүсгэхгүй нь үнэн болно” /2хх-45/ гэж, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр “Миний бие Ш.С нь 2019 онд “Э” ХХК-д жолоочоор ажиллаж байх үедээ захирал болон ХАБ-ын буруутай үйлдлээс болж 2-р хуруугаа тайруулж ажил хийх боломжгүй болсон тул маш их гомдолтой байна. Иймд бүтэн жил ажилгүй болгосон “Э” ХХК-аас 20 сая төгрөг нэхэмжилж байна. Миний хохирлыг яаралтай барагдуулж өгнө үү” /2хх-46/ гэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “...Уг компаниас бие эрхтэнгүй болсон учраас 20000000 төгрөг нэхэмжилж байгаа тул уг хүсэлтийг олгуулж өгнө үү” /2хх-97/ гэсэн хүсэлтүүдийг тус тус гаргасан боловч дээрх нэхэмжлэлүүдтэй холбоотой нотлох баримтуудыг хохирогч шүүхэд гаргаж өгөөгүй, хүсэлтэд нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байхад анхан шатны шүүх “Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн  97.1.1-т зааснаар нөхөн төлбөрт 4340346 төгрөгийг иргэний хариуцагч “Э” ХХК-аас гаргуулан хохирогчид олгосон нь нотлох баримтад тулгуурлахгүйгээр гэм хорын хохирлыг шийдсэн гэж дүгнэхээр байна.

Иймд “шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгдэгч Б.Х, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнгөнцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, иргэний хариуцагчийн төлөөлөгч Б.Ж-н “хариуцагч “Э” ХХК-иас 4340346 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.С-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. “Шүүгдэгч нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгдэгч Б.Х, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Мөнгөнцэцэг нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 5 дахь заалтаас Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-т заасны дагуу нөхөн төлбөрт иргэний хариуцагч “Э” ХХК-аас 4.340.346 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.С-д олгохоор,” гэснийг хассугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                          Ш.ТӨМӨРБААТАР