| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 311/2025/0014/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/46 |
| Огноо | 2025-04-21 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга М.Баярмэнд,
улсын яллагч Б.Сансарбаяр,
шүүгдэгч У....,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э....,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш....,
шинжээч М.... /цахимаар/,
Т....,
гэрч Э....,
Ж....,
Б....
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.... холбогдох .... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Завхан аймгийн ... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байгаа, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Нийслэлийн .... дүүргийн .... дүгээр хороо, .... хотхоны .... дүгээр байр, ... тоотод түр оршин суудаг, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.... эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүнийг торгох ялаас чөлөөлж байсан, .... овогт .... /РД:..../
Шүүгдэгч У.... нь Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн .... ажиллаж байх хугацаандаа буюу 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мухар олгойн хурц үрэвсэл оноштой бага насны хохирогч А... (13 настай) мухар олгой авах мэс засал хийж түүнийг тус эмнэлгийн Мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байх хугацаанд буюу 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй улмаас А.... нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр олон эрхтний дутагдал буюу үжлийн шоконд орж нас барсан нь “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хүний амь нас хохирсон” улмаас хохирогч нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч У... холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:
1.1 Амь хохирогч ... нь 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хэвлийгээр өвдөж байна гэсэн зовуурьтайгаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирсэн бөгөөд тухайн үед А.... мухар олгойн хурц үрэвсэл гэж оношлон мэс заслын тасагт мухар олгойг мэс заслаар авах хагалгаанд орсон байна. Уг хагалгааг тухайн үед Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт зөвлөх эмчээр ажиллаж байсан У.... удирдаж орсон байна.
.... овогт .... нь А.... мухар олгойг авах мэс заслын хагалгааны дараа эмчлүүлэгчийн биеийн байдалд хяналт тавьж ажиллах ёстой байсан боловч түүний биед илрэх зовуурь шаналгаа нь бүрэн арилаагүй байхад А.... 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эмнэлгээс түр гаргасан байна.
Амь хохирогч эмнэлгээс гарах үед эрүүл мэндийн хувьд гар, хөл өвдөөд байна гэх зэргээр зовуурь шаналгаатай байгааг А... эмэг эх Ж... эмч У... хэлсэн боловч тэрээр амь хохирогчийг эмнэлэгт буцаан хэвтүүлж хохирогчийн эрүүл мэндийг дахин үнэлж, нарийн шинжилгээ хийх болон бусад эмчилгээ үйлчилгээг хийлгүй 2021 оны 06 дугаар сарын ...-ны өдөр эмнэлгээс гарсан тухай өвчний түүхэнд тэмдэглэж гаргасан байна.
Эмнэлгээс гаргасны маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 12 цаг 20 минутад А.... биеийн байдал хүндэрч Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ирж, эмнэлгийн анхан шатны тусламж авсан боловч эмчилгээ үр дүнгүй болж нас барсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш... “...Миний зээ хүү А.... нь Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр олгойны хагалгаанд орсны дараа 2 гар 2 хөл өвдөөд байна гээд 2 хоног эмнэлэгт орилж хэвтсэн эмнэлгийн зүгээс гэртээ гарвал бас хүүхэд дээрдэх байх гэхэд би хүүгээ эмнэлгээс гаргаад гэртээ 2 хонуулсны дараа Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт буцаж хэвтээд хүүхдийн маань нурууны нугаснаас ус авахад тэр дороо нас барсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б... “...А.... нь миний ганц хүү маань байсан... манай ээж ..., ... эмчтэй уулзаж хүүхдийг гаргаж болох уу? гэхэд өвчний түүх хаалгүйгээр гэрт нь аваачаад хонуулчих гэж хэлсэн. Тэгээд өдрөөр ирж эмчилгээгээ хийлгэж болно гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөөс хойш тарианы цаг болохоор эмээ нь авч очиж хийлгэж байсан. Амь хохирогчид илрээд байгаа шинж тэмдгийг ... .... эмчид амь хохирогчийн хөл, гар 2 нь өвдөөд байна гэж хэлэхэд ... эмч зүгээрээ олгойн мэс заслын дараа ийм зүйл байдаг гэж хэлсэн. Тэгээд тэр өдрийн маргааш өглөө нь аав ... утсаар ярихад шөнө бараг унтсангүй хөл гар нь бүлээцэхгүй байна. Би барьж хонолоо гэж хэлсэн. ... Тэгээд л тэр өдрөө ажлаа хийж байгаад 10:00 цаг өнгөрч байхад хүүг нь эмнэлгийн сэхээн амьдруулах тасаг руу аваад орчихлоо хүнд байх шиг байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Р.... “...Аймгийн нэгдсэн эмнэлгийн ...103-ын өрөөнд ортол эмч, сувилагч нар сандралдсан, тал талаас нь шинжилгээ аваад нугасны ус аваад байсан ба амь хохирогч ухаангүй орчиндоо харьцаагүй болсон байдалтай байсан. Тэгээд зүрхний цахилгаан цохигчоор хэд хэдэн удаа цохиж байсан ба зүрх зогсоод байна гэж хоорондоо ярьж байсан. Тэгээд л удалгүй амьсгал хураасан. Тухайн үед миний таньдгаас ... эмч би алдчихлаа, би хөл рүү нь анхаарлаа хандуулаад байсан юм гэж хэлж байсан хүүхэд ... өвдөж, мухар олгой гэж оношлогдоод мэс засалд орсон, улмаар 4 хоногийн дараа нь нас барсан. Үзлэг хийсэн эмч, эмчлэгч эмч хэн гэдгийг мэдэхгүй, мэс засалд ... эмч ахалж орсон. Ямар шалтгаанаар мэс засалд орж 2 хоноод эмнэлгээс гарсан талаар би мэдэхгүй байна. Эмч нар гар гэсэн гээд гэртээ гарч ирсэн ба эмнэлгээс гарч ирэхдээ л бага зэрэг зовуурилж шөнөдөө өвчин зовуурь нь нэмэгдсэн юм...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ж... “... 2021 оны 6 дугаар сарын 11-ний шөнө зээ хүү А.... бие нь өвдөж эмнэлэгт хандахад мухар олгойн үрэвсэл оноштойгоор 2021 оны 06 дугаар сарын 12-ны хагас сайн өдөр шинжилгээ өгч тэгээд тэр өдрөө 14:00 цагийн үед мэс засалд орсон. Тухайн үед би амь хохирогчийг сахих хүсэлт гаргаж тэр өдрөө сахиж хоносон ба маргааш нь гэртээ ирсэн. Мэс заслын хувьд ямар нэгэн хүндрэл гараагүй ба гарч ирсний дараа өвдөөд байна гэхээр нь сувилагчид хандаж өвчин намдаах эм тариа хийлгэсэн. Тэгээд маргааш нь боолт хийлгэж би гэртээ харьж бүтэн сайн өдөр сахиургүй хоносон. 2021 оны 06 дугаар сарын 14-ний нэгдэх өдрийн өглөө би хоол цай аваад эмнэлэг дээр очиж хүүгээсээ миний хүү шөнө өвдсөн үү гэхэд намайг гаргахгүй гэнэ ээ гэж хэлсэн. Тэгээд хоол цайгаа өгчхөөд би эмч У... уулзаж урд шөнө жаахан зовуурилж сувилагчийг нь дуудаж тариа хийлгэсэн гэнэ, энэ чинь хоноод гайгүй болчихдог гээ биз дээ гэхэд У... эмч гайгүй, гайгүй гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр дуусаж би гэртээ харьж 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 2 дахь удаа эмнэлэг дээр очиж амь хохирогчийг дагуулаад У... эмч дээр очиж уулзсан. Тухайн үедээ энэ олгой өвдөх үед л хөл жаахан өвдөж байна гэж байсан энэ ямар учиртай юм бэ? ямар нэгэн үрэвслийн эм тариа дусал хийж өгөхгүй юм уу гэхэд У... эмч тийм зүйлүүдийн хэрэг байхгүй, өнөөдөр та нар гэртээ очиж хоноод ирэхгүй юу, хүүхэд юм болохоор гэрээ санасан байхаа гэж хэлсэн. Тэгээд би юу ч санаж бодолгүй хүүгээ аваад гараад шууд гэртээ ирсэн ба эмнэлгээс машинд сууж гэртээ ирсэн. Тэгээд тэр өдрөө гэртээ хоносон ба маргааш өглөө (16-ны өдөр) нь У... эмч та 2 яасан бэ гэхээр нь би амь хохирогчийг дагуулаад яваад очсон. Гэтэл У... эмч амь хохирогчийг гаргаж өвчний түүхийг хаана гэсэн ба тэгэхээр нь би энэ жаахан зовуурилаад байна гэж хэлэхэд У... эмч одоо эмнэлгээс шалтгаалах зүйл байхгүй боолтоо хийлгээд явчих гэж хэлсэн. Тэгээд боолтоо солиулах гээд мэс заслын сувилагчид боолтоо хийлгэх гэтэл гадуур хийлгэчих завгүй байна гэж хэлсэн. Тэгээд би амь хохирогчийг аваад амбулаториор боолт хийлгээд гэртээ харьсан. Тэр өдрийн орой (16) амь хохирогч хөл өвдөөд байна гэхээр нь би өөр тархи толгой цээж өвдөж байгаа зүйл байна уу гэхэд үгүй ганцхан миний хөл өвдөөд байна гэсэн ба орой 21:00 цагийн үед У... эмчийн дугаар руу залгаад хүүхэд зовуурилаад байна хөл нь өвдөөд байна уг нь олгой авхуулчхаад 2-3 хоночихлоо ийм зовуурь байдаг юм уу гэхэд У... эмч олгойн талаас ямар нэгэн асуудал байхгүй, та нар хүүхдийн эмчид хандаж болно шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэр шөнөдөө шөнөжин хөл өвдөөд байна гэж хэлээд л хоносон бөгөөд өглөө үүрээр 04:00 цагийн үед сэрж хөл гарыг нь барьж өгөөд өөр зүйл өвдөж байна уу? гэхэд байхгүй гэж байсан. Тэгээд өглөө гэгээ ороход хүүхдийн эмчид үзүүлье гэж бодоод өглөө нь ... өрхийн эмнэлэг дээр очиж хүүхдийг үзүүлэхгүйгээр 13 дугаар маягтыг аваад аймгийн эмнэлэг дээр очиж боолтоо хийлгэсэн. Тухайн үед хөл бүр өвдөөд явж чадахгүй байна гэхээр нь ... үүрч оруулаад боолтыг нь хийлгээд байж байхад мэс заслын эмч ... наадах хүүхдээ хүүхдийн эмчид яаралтай үзүүлээдэх гээд өөрөө хүүхдийн эмч ... руу залгаад энэ хүүхдийг яаралтай үзээч гэсэн. Тэгээд ... орж ирээд хүүхдийг үзэхэд ухаан санаа нь эрүүл саруул мөртөө хөлийн хуруунаас эхлэн цайрчихсан байсан. Тэгээд яаралтай тусламж руу очиж олгой хийсэн эмчийг нь дууд гэхэд У... эмчийг дуудаж энэ хооронд амь хохирогчид дусал шингэн залгаж байсан. Тэгээд л У.... эмч ирж олон 4-5 эмч нар ирж тэгээд амь хохирогчийг үзэж харж байснаа нэг эмэгтэй, өндөр эмч наадах чинь сэвс болчихсон байна шүү дээ гээд гэрэлд харах, ЭХО-д харахаар авч явсан. Тэгээд л тэд нугаснаас нь ус авахгүй бол болохгүй юм байна гэсэн шийдвэр гаргаж тэнд байсан эмч нар нугасны ус авахаар болсон талаар хэлсэн. Тэгээд ... бид нар миний хүү л эрүүл саруул болж байвал хамаагүй та нар авах арга хэмжээгээ л авч өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд л нугасны усыг авахаар яаралтай тусламжийн өрөө рүү авч орсон. Тэгээд тэр өрөөнд ороод л нугасны ус авсны дараа амьсгалын аппарат залгаад тэгээд л сандралдаад ирсэн ба тэнд байсан эмч нар найдлагагүй боллоо гэж хэлээд амь хохирогч нас барсан. Үүний дараа ... У... эмчийн өрөөнд орж би үүдэнд нь байхад У... эмч би алдчихлаа надаас болчихлоо гэж хэлсэн гэж байсан. Миний зээ хүү амь хохирогчид ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг байгаагүй. Олгойноос өөр өвдөх зүйл байгаагүй, олгой өвдөж авхуулахаас өмнөх 1 хоногийн өмнөөс эмээ хөл өвдөж байна, гэдэс өвдөж байна гэж хэлж байсан ба өөрөөр ямар нэгэн өвчин эмгэг байгаагүй. Сүүлийн хагас жилийн байдлаар ямар нэгэн ханиад томуу тусаж байгаагүй, даарч хөрж байгаагүй. Тэгээд би амь хохирогчийн цогцсыг хартал биеэр нь улаан толбо туурчихсан байсан энэ юун толбо юм бэ байгаагүй шүү дээ гэхэд хэн ч юу ч хэлээгүй...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Э.... “...2021 оны 6 дугаар сарын 17-ны ...өдөр байж байтал яаралтай тусламжийн эмч ... өөрийн .... гэсэн дугаараас миний ... гэсэн дугаарт 11 цаг 38 минутад залгаад яаралтай хүнд хүн ирсэн хурдан ирээрэй гэж хэлсэн, тэгээд би ажил дээрээ 11 цаг 50 минутад ирсэн. Намайг ирэхэд амь хохирогчийг мэс заслын дараах өрөөнд оруулж орон дээр хэвтүүлсэн, дэргэд нь хүүхдийн эмч .., ..., сувилагч ..., ... нар тусламжийн үйлчилгээ үзүүлээд байж байсан. Мөн У..., .. эмч нар байсан. Тэгээд би ирж үзлэг хийхэд хохирогчийн биеийн байдал маш хүнд, унтмал байдалтай, нүдээ нээж, тодорхойгүй үг хэл амандаа их сул хэлж, бие хямарсан, арьс зэвхий саарал, нэлэнхийдээ эрээнтсэн, уруул ам хуурай, хэл хуурайшсан, мөчдөөр судасны эргэн дүүргэлт хангалтгүй, 4 секундээс удааширсан, мөчид маш хүйтэн, хүүхэн хараа 2 талд гэрлийн урвалд сул оролцсон, дагзны булчингийн хөшингө 4 хуруу, чагнахад уушги 2 талд маш ширүүн амьсгалтай, амьсгал өнгөц олширсон, амьсгал 1 минутад 38-аас дээш, хүчилтөрөгчийн хэмжээ 30-40%, хамрын хос гуурсаар хүчилтөрөгч өгч байсан. Зүрхний авиа бүдгэвтэр, зүрхний цохилтын тоо 154, хэм жигд түргэссэн, хэвлий цордгор хатуу, тогшиход хэнгэргийн чимээтэй, чагналтаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сонсогдохгүй, гялтан цочролын шинжтэй, элэг, дэлүү тэмтрэх боломжгүй, гэдэс тэмтрэгдэх боломжгүй байсан. Тэгээд давсагт шээсний сүвэнд гуурс тавих үед шээсгүй байсан. 2 хөлийн шилбээр бага зэрэг хавантай, доод мөч эрээнтсэн, цусархаг цэгчилсэн тууралттай, булчин чангарч хөшсөн нугалагдахгүй байсан. Тэгээд үзлэг хийж хүүхдийн эмч ... яаралтай эмчилгээ авч тархи, нугасны шингэний шинжилгээ авсны дараа баруун эгмийн доор төвийн венийн гуурс байрлуулж яаралтай хийгдэх эмчилгээг эхэлсэн боловч амин үзүүлэлт өсөхгүй байсаар амин үзүүлэлт унаж, амьсгалын аппарат залгасан, энэ үед ходоодны агууламж ихээр гарсан. Тэгээд гарсан шингэнийг соруулж ахин амьсгалын аппарат залгахад амь хохирогчийн зүрх зогсож эхэлсэн. Тэгээд амилуулах тусламж үзүүлэхэд үр дүнгүй байсаар нас барсан. Дээрх шинж тэмдэг нь үжил, үжлийн шок өвчний үед илэрдэг шинж тэмдэг бөгөөд үжил гэдэг нь ямар нэгэн өвчний хүндрэл эцсийн шатанд бий болдог өвчин байгаа юм...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Х... “...2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ...103 дээр хүүхэд үзүүлье гэж сувилагч дуудаж тэгээд би зөвлөх эмч ... хамтаар ирж үзэхэд амь хохирогчид дусал залгасан, хүчилтөрөгч залгасан орон дээр хэвтүүлсэн байдалтай байсан. Тэгээд янцаглаж, амьсгал давхацсан ухаан санаа бүдгэвтэр 4 мөч хөшсөн, цэл хүйтэн, мөчдүүд хөшсөн, арьс эрээнтсэн, хэл нь хуурай үжлийн шоктой хүнд хүүхэд байсан. Тэгээд яаралтай ... эмчийг дуудаж рентген зураг авч эход үзүүлж Үжлийн шок олон эрхтний дутагдал гэсэн онош тавьж нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт шилжүүлж сэхээний эмч нарыг дуудуулж эрчимт эмчилгээнд орсон боловч үр дүн өгөлгүй нас барсан. Үжил гэдэг нь хүний бие махбодод ямар нэгэн тодорхойгүй голомтод нян цусанд орсноос эд эрхтний бүхий л үйл ажиллагааг нэгэн зэрэг доголдуулахыг хэлдэг. 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мухар олгойн хурц үрэвсэл гэж мэс засалд орсон юм билээ, хагалгааг У.... эмч хийсэн. Мэс засалд ямар хүндрэл гарсан талаар би мэдэхгүй байна. Ямар шалтгаанаар эмнэлгээс гаргасан талаар би мэдэхгүй байна. Мэс заслын тасаг хүүхдэд мэс засал хийсэн тохиолдолд хүүхдийн тасагт мэдэгдэж үзүүлдэг байсан энэ амь хохирогчийн хувьд ямар нэгэн байдлаар манай тасагт огт хандаагүй үзүүлээгүй юм байна лээ...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Х... дахин мэдүүлсэн “... Үжил, үжлийн шок гэдэг нь харилцан бие биетнийгээ хүндрүүлдэг өвчин. Үжлийн шок гэдэг нь ямар нэгэн халдварын шалтгаанаар үүсдэг, хүнд хэлбэрийн өвчин. Үжил гэдэг нь хүний цусанд нян бактери орж, үржиж цусаар эргэлдэж, амин чухал эрхтнүүдийн үйл ажиллагааг доголдуулдаг хурдан явцтай маш хүнд өвчин. Хүүхдийн эрхтэн тогтолцоо гүйцэд хөгжөөгүй байдаг учир нэг эрхтний үйл ажиллагаа доголдоход бусад эрхтний үйл ажиллагаа доголдон олон эрхтний үйл ажиллагааг нэгэн зэрэг доголдуулж, олон эрхтний дутагдлаар хүндэрдэг онцлогтой хүнд өвчин юм. Халдварын үүд хаанаас ч үүсэж болно. Нянг нян ургуулах шинжилгээгээр илрүүлнэ. Тухайн нянг 3 хоногийн хугацаанд ургуулж илрүүлж, оношилдог. Тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд байдалтай ирсэн тул уг шинжилгээг хийж, хариуг хүлээх боломж гараагүй. Энэ тохиолдолд цаг хугацааны тухайд үжил хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй. Нян судлалын шинжилгээ авсан тохиолдолд уг шинжилгээгээр үжил байгаа үгүйг тогтоох боломжтой. Мөн эмнэл зүйн шинжээр илрэх боломжтой. Тухайн хүүхдийн бие махбодод илэрсэн гарч байгаа шинж тэмдгүүдээр илэрч болно. Энэ нь дөрвөн мөч хөрөх, арьс эрээнтэх, өндөр цагаан (царай цонхийх, 4 мәч хөрөх) халуурах, бусад эрхтний дутагдлын (амьсгал, зүрх, тархи гэх мэт) шинжүүдээр илэрнэ. Эмнэл зүйн шинж, нян болон үжлийн шалгуур зэрэг оношилгоонуудыг хийж оношийг баталгаажуулна. Тогтсон цаг хугацаа байхгүй. Халдвар аваад үжил болох хугацаа тохиолдол бүрд харилцан адилгүй. Жишээлбэл дархлаа чадамж, тухайн бактерийн хоруу чанар, үжлийн голомт гэх мэтчилэн олон зүйлээс үжил үүсэх хугацаа хамаарна. Нян судлалын шинжилгээ хийгдээгүй бол өргөн хүрээний үйлчилгээтэй антибиотикоос сонгож хэрэглэнэ. Антибиотик нь үндсэн эмчилгээ. Бусад шинж тэмдгийн эмчилгээнүүдийг хавсарч хийнэ. Заавал хийгдэх шаардлагагүй. Толгой дараалан хийгдэхгүй. Мөрдөгчийн грамм эерэг нянгийн шалтгаан үжил өвчин нь эдгэрэх боломжтой эсэх, ямар хугацаанд үхэлд хүргэх боломжтой юу? гэсэн асуултад, аврагдах боломж маш бага гэж хариулжээ...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д.... “...Намайг очтол эрчимт эмчилгээний хэсгийн өрөөнд нэрийг нь мэдэхгүй нэг хүн бага насны болов уу гэмээр хүүхэд тэвэрчихсэн, орон дээр сууж байсан ба хүүхэд нь зовуурилаад уйлагнаж гиншиж байсан ба мэс заслын дараах боолт хийгдчихсэн байдалтай байсан. Тэгээд би тэр хүнээс хүүхэд хэрхэн яасан хэзээ ямар мэс засалд орсон ямар зовуурьтай байгаа талаар асуухад тэр хүн 4-5 хоногийн өмнө мухар олгойн мэс засалд орсон, тэгээд шөнө хөл гэдэс өвдөж байна гэж уйлаад үзүүлэх гэж ирлээ гэж хэлсэн. Тэгээд үзлэг хийхэд хүүхдийн гэдэс дүйрэнгэтэй, хэвлийн хэсэгт мэс заслын боолттой, гэдсэнд хүрэхээр зовуурилж уйлж байсан тэгээд сэхээний эмч, мэс засал хийсэн болон эмчлэгч эмч У.... нарыг дуудуулж тэр хооронд хүүхдийн хэвлийн томо рентген зураг авхуулахаар авч яваад зураг авхуулсан. Энэ үеэр У...., эрчимт эмчилгээний эмч ... нар ирсэн тэгээд бид зургаа аваад хүүхдийг эрчимт эмчилгээний хэсэгт аваачиж өрөөнд оруулж эрчимт эмчилгээний эмчид хүлээлгэн өгсөн. Рентген зургийн дүгнэлтийг хараагүй авхуулаад эрчимт эмчилгээнд оруулсан. Тэгээд эрчимт эмчилгээний эмч үзлэг хийж амьсгалын аппарат залгаж У...., эрчимт эмчилгээний эмч ..., эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ..., ... бид 5 уулаа нийлж үзлэг хийсэн. Үзлэгээр хүүхэд амьсгалын дутагдалд орж бүх бие хөшингө болж, арьсаар тууралт гарсан байсан ба тэгээд эмчилгээ хийсэн. Цус тогтоох, амьсгал дэмжих, антибиотик, зүрх судас дэмжих эмчилгээнүүдийг хийж эхэлсэн ба тэгээд ... бид 2 өөрсдийн тасаг руугаа явсан. Үндсэн эмчлэгч эмч, эрчимт эмчилгээний эмч ирсэн учир явсан. Тэгээд тасаг дээрээ очоод 1 цаг орчим болсны дараа ... яриад хүүхэд өнгөрсөн гэж ярьсан...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Д... “...2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ...10-11 цагийн үед хэвлий хүчтэй өвдөлттэй, ёолсон, өвөөдөө тэврүүлсэн эрэгтэй хүүхэд орж ирсэн ба үзлэг хийхийн өмнө асуумж авахад хэвлийгээр хүчтэй өвдөнө, энэ зовуурь нь 4 хоног илэрч байгаа 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мухар олгойн мэс засалд орж 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эмнэлгээс гарсан хүүхэд байсан. Тэгээд үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал маш хүнд, ухаан бүдэг, орчиндоо харьцаа сул, унтаарсан, асуултад ганц нэг үгээр хариулж байсан, биеийн хөгжил нь туранхай, захын тунгалгийн булчирхай томгүй, зүрхний авиа бүдэг хэм алдагдсан артерийн даралт унасан, захын судасны эргэн дүүрэлт 2 секундээс уртассан, уушги 2 талд сул амьсгалтай, хэвлий нэлэнхийдээ цардгар, хатуу, эмзэглэл ихтэй гар хүргэхгүй, шээсний гарц багассан, доод мөчдийн шилбэ хэсгээр хавантай, мөчдүүд хүйтэн хөхөрсөн байдалтай байсан. Тэгээд өвдөлт намдаах шингэн сэлбэж, цусны дэлгэрэнгүй, биохимийн, цус бүлэгнэлтийн шинжилгээ авч хүүхдийн эмч ..., ..., мэс заслын зөвлөх эмч У...., эрчимт эмчилгээний эмч ... нарт яаралтай мэдэгдэж эмч нар ирж үзлэг хийгээд хэвлийн ЭХО, хэвлийн тойм нэмж хийсэн ба тэгээд л хүүхдийн биеийн байдал улам хүндэрч ухаангүй болж эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн. Тэгээд шинжилгээний хариуг авч эмч нарт өгсөн. Тэгээд л хүүхдийн биеийн байдал муудсаар нас барсан. Миний хувьд амь хохирогчийг үжлийн шоктой хүүхэд байна гэж бодсон. Энэ нь шинжилгээний өөрчлөлтөөс л тэгж бодсон ба амь хохирогчийн алат асат ихэсч, уураг багасаж, цагаан эс ихэссэн байдалтай байсан. Өөрөөр бол миний хувьд урьд хэн ямар эмчилгээ хийж ямар мэс засалд орсон талаар надад мэдэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Ц.... “...Тухайн өдөр миний ээлж байсан ба 103-аас хүнд хүүхэд ирлээ, эрчимт эмчилгээнд авна гэж хэлээд тэгээд тэр хүүхдийг хүүхдийн эмч ... эмч үзлэг хийж хүлээн авсан. Тэгээд үзлэг хийхэд би хамт байсан. Хүүхдийн биеийн 4 мөчинд хөшилт үүсэж гэдэс нь хатуурсан, асуусан асуултад ганц нэг үгээр хариулсан, ухаан санаа нь орон гаран муудсан хүүхэд байсан. Тэгээд эрчимт эмчилгээний тасагт авч зохиомол амьсгалын аппарат залгаж тэгээд л эмч нар ирж үзэж эмчилгээ хийж байгаад удалгүй зүрх нь зогссон. ...Амь хохирогчид үзлэг хийхээр У..., хүүхдийн ..., ..., ... эмч нар сувилагчаас би байсан. Амь хохирогчийг зүрх зогссоны дараа сэхээн амьдруулалтыг ..., ... эмч нар нэлээд удаан хийсэн боловч дахин сэхээгүй...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б... “...Өвчний түүхийн бичилтийн бүрдлийг эмчлэгч эмч бичилт хийж, хяналт тавих нь чанарын менежер. Өвчтөний биед үүссэн байсан зовуурь арилсан гэж бичсэн байна. өвчтөний биеийн байдлыг бүрэн дүүрэн үнэлсэн байна. Мэс заслын дараах хяналтыг 2 удаа хийгдсэн байна. Мөрдөгчийн мэс заслын дараах хяналтыг ямар хэлбэрээр хэн хэрхэн яаж тавьж байсан талаар өвчний түүхэнд хэрхэн тэмдэглэгдсэн болон уг хяналтыг хэрхэн яаж тавих ёстойг ямар журмаар хэрхэн зохицуулсан байдаг талаар тайлбарлана уу? гэхэд ... эмч өдөр тутмын хяналтаар 2 удаа үзлэг хийсэн байна гэж хариулсан. Үргэлжлүүлэн дутагдалтай гэж үзэж байна. Учир өдөр тутмын тэмдэглэгээг хангалтгүй хийсэн байна. Мэс заслын эмчилгээний дараа үйлчлүүлэгчийн биеийн байдлыг тогтмол хянаж, өвчний түүхэнд тэмдэглэсэн байх ёстой. Эмнэлгийн тусламжийн холбогдох журмаар л зохицуулсан байдаг. Эмчлэгч эмч У..... Өвчний түүх дээр тэмдэглэгдэх ёстой. Бичилт хийгдээгүй байна. Өвчтөний цагаан эсийн тоо 6 сарын 12-ны өдөр 17.2 байсан. 06 сарын 15-ны өдөр 11.8 болж буурсан. Өвчтөн 6 сарын 16-н өдөр эмнэлгээс гарсан. Хамтарсан үзлэг хийх, хамтарсан шийдвэр гаргах асуудал эмчлэгч эмчийн шийдвэрлэх асуудал...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Н.... “...Би дүгнэлт гаргаагүй болохоор мэдэхгүй. 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 6 сарын хугацаатай Улаанбаатар хотод эс судлалаар курсэд сурч байсан. Миний эзгүйд томилсон хүн байхгүй. Томилох ёстой боловч томилоогүй. Үжил гэдэг нь хүний махбодод нян, вирус орсны улмаас хүний дахлааны систем хариу үйлдэл үзүүлж байгааг хэлнэ. Үжил үүсгэж байгаа бактерийн хоруу чанараас шалтгаалж халдвар авах үүд, халдварын шинж чанар, халдварласан хугацаа зэрэг тодорхой болно. Оношлох боломжтой. Үржлийг илтгэдэг лактад ихсэх, цагаан эс ихсэх гэсэн лабораторийн шинж тэмдгүүд байна. Цагаан эс гэдэг нь цусан дахь үрэвслийн хэмжээг илэрхийлдэг. Нян нь грамм эерэг болон сөрөг гэсэн төрөлтэй. Грамм эерэг нян бол үхэлд хүргэх магадлал өндөр. Хоруу чанар маш өндөртэй. Хоруу чанар гэдэг нь хүний цусанд ороод халдвар үүсгэх чадвар өндөртэй нян. Грамм эерэг нян бол амьд хүний цусанд амьдрах чадвартай. Нас барсны дараа биед амьдрах чадваргүй болдог. Иймд грамм эерэг нянгийн төрлийг тогтоох боломжгүй. Өвчтөн амьд ахуйд бактерлогийн шинжилгээгээр грамм нянгийн аль төрлийг тогтоох боломжтой. Төрлийг тогтоосноор үүсгэгчийг илрүүлэх боломжтой. Үүсгэгчийг тогтоосноор халдвар авсан байх боломжтой халдварын үүд, эх үүсвэрийн цаг хугацааг тогтоох боломж бүрдэнэ. Үжлийн үүссэн хугацааг тогтоох боломжгүй. Эмнэл зүйн зүйн шинжлэх ухаанд үжлийн хугацааг тогтоосон онолын ойлголт байхгүй. Аврагдах боломж маш бага. Хугацаа гэдэг ойлголтод тухайн өвчтөний биеийн дархлаа, үүсгэгч нянгийн хоруу чанар зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. 4-10 гэсэн тоон үзүүлэлтийг хэвийн хэмжээ гэж ойлгоно. 4-10 гэсэн тоон үзүүлэлт нь нэгжээр хэмжигддэг. Тодруулбал 4000-10000 гэсэн үг. ...Өвчний түүхийн хуулбараас харахад 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 16 цаг 45 минутад орсон байна. Зөв. Энэ цусан дахь цагаан эсийн тоон үзүүлэлт мухар олгойн үрэвслийг харуулж байна. Тухайн эмнэлэг судлалын шинжилгээнд орох эсэхийг Нэгдсэн эмнэлгийн дарга шийддэг. Даргын шийдвэрээр тухайн ажиллагааг эхлүүлдэг. А.... нас барсан энэ тохиолдолд Эрүүл мэндийн сайдын А/447 дугаартай тушаалын 2.1.10 дахь заалтад заасан "... гэмтлийн өгүүлэмжтэй, гадны нөлөөтэй, сэжигтэй тохиолдолд шүүх эмнэлгийн шинжилгээ хийнэ..." гэсний дагуу нас барсан шалтгааныг шүүх эмнэлгийн байгууллагаас тогтоосон. ...Аррendix appendectomy: Acute catarrhal appendicitis нь мухар олгойн улаймал үрэвсэл гэж байгаа эмгэг судлалын онош...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Б... “...2021 оны 6 дугаар сарын 15-ны өдөр биеийн байдал хүндэвтэр, эмнэлгийн түрдэг орон дээр хэвтсэн байдалтайгаар ирж 2 хөлийн өвдөгний эгц байрлалтай рентген зураг, 2 шилбэ ясны эгц байрлалтай рентген зураг авхуулж байсан. Тухайн үед рентген зургаар ямар нэгэн өөрчлөлт илрээгүй. Дараа 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр цээжний эгц байрлалын рентген зураг, хэвлийн тойм рентген зураг, 2 талын түнхний рентген зураг, шилбэ ясны эгц байрлалын рентген зураг авхуулсан. Энэ үед хэвлий, түнх, шилбэ ясны зурагт өөрчлөлт илрээгүй. Хэвлийн доод хэсгээр бага зэргийн хийтэй, зүүн уушгины угаар хэд хэдэн газар жижиг шохойжилт өөрчлөлт илэрсэн. Өөр ямар нэгэн өөрчлөлт илрээгүй. Миний зүгээс өөр ямар нэгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй. Шохойжилт нь хүүхдийн тухайд тунгалгийн булчирхай томорсон тохиолдолд, эрүүл хэвийн үед судасны хөндлөн огтлол шохойжилт мэт, мөн уушгины сүрьеэгийн үед, уушгины голомтлог хатгалгааны үлдэц, сорвижилт зэрэг тохиолдолд шохойжилт шиг харагддаг. Рентген зургаар яг нарийвчлан тогтоох боломжгүй. Рентген зураг нь нэг л байрлалаас тухайн шинжлүүлж байгаа зүйлийг рентген туяагаар тодруулж хардаг. Сая дурдсан шохойжилт нь яг юунаас үүссэн бэ гэдгийг компьютер томографикаар бүрэн тодруулах боломжтой. Эмчлэгч эмчийн шийдвэрээр компьютер томографикийн мэргэшсэн дүрс оношилгооны эмч хийдэг. Компьютер томографик оношилгоог надаас өөр хүн хийдэггүй...” гэсэн мэдүүлгээр,
гэрч Г... “...Би тухайн үед эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байсан. Намайг эмнэлгийн 3 давхарт эмч нартай уулзаж байхад бие нэлээн хүнд хүүхэд ирсэн. Тухайн хүүхдийн биеийн байдал маш хүнд, аминд үзүүлэлт хэмжигдэхгүй, амьсгаадсан, арьс ерөнхийдөө хөхөлбий саарал, хэвлий цардгар байсан. Тэгээд уг хүүхдийг яаралтай тусламжийн тасагт хүргэж, хэвлийн тойм харсан. Тэгээд эмч нарын багт хүлээлгэж өгсөн. Бөөлжих, бөөлжсөндөө хахах, амнаас цусархаг хүрэн улаан өнгийн шингэн зүйл гарах зэрэг болон хордлогын ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байсан. Эхний элжинд үжил гэж оношлогдсон. Үжил гэдэг нь хүний бие махбодод халдварын уурхай орж цусаар дамжиж олон эртхэний гэмтэл үүсгэж байгаа өвчнийг хэлнэ. Эмнэл зүйн шинж нь 38 дээш эсхүл 36-аас доош халуун буух, өсөх, зүрхний цохилт 1 минутад 90 олшрох, амьсгал 1 минутад 20-с дээш, цусны цагаан эс 12,000 их, эсхүл 4,000 доош болох зэрэг шинж тэмдгүүдийн 2 шинж тэмдэг илэрсэн тохиолдолд үжил гэж үзнэ. Үжлийн хугацааг илрүүлэх боломжгүй. Хүмүүс ихэвчлэн эдгээр шинж тэмдгүүдийг тэр бүр мэдэхгүй байж байгаад хугацаа алдаж хүндрүүлээд үжлийн шокийн байдалд ормогцоо эмнэлгийн байгууллагад ханддаг. Халдвар авснаас хойш хэдий хугацааны дараа үжил, үжлийн шок болдог талаар онолын тогтоосон хугацаа байхгүй. Хүний дархлааны тогтолцооноос хугацаа хамаардаг. Эрт оношлох юм бол хариу арга хэмжээг авснаар эдгэх боломжтой өвчин. Олон эрхтний дутагдал хурцаар илэрсэн тохиолдолд хариу арга хэмжээ авахад хүндрэлтэй нас баралтын тоо өндөртэй өвчин. Нянгийн халдвар авсан үүд олон эх үүсвэртэй. Халдварын эх үүсвэр, голомтыг тогтоохын тулд цуснаас, шархны арчдас, хамар залгиурын арчдас зэрэг хүний биеэс гарч байгаа илүүдэл шингэн болгоноос дээж авч бактерлогийн шинжилгээгээр тогтоож болно. Нас барсан хүний тухайд бактерлогийн шинжилгээг явуулах боломжгүй. Учир нь зүрх зогссоноор цусан хангамж эргэлтгүй болж бүх эрхтэн зогсоно. Шинжилгээ авах ямар ч боломжгүй. Өвчний түүхэнд тэмдэглэгдсэнээр хэвтэх үед тухайн өвчтөний цусан дахь цагаан эсийн тоо 17,2 мянга, эмнэлгээс гарах үед буюу 2021 оны 06 дугаар сарын 15- ны өдрийн шинжилгээгээр 11,8 болж цусан дахь цагаан эсийн тоо буурсан харагдаж байна. Энэ тохиолдолд үжил гэж шууд оношлох боломжгүй. Хэрэв эмнэлгээс гарах үед цусан дахь цагаан эсийн тоо өссөн байвал үжил гэж үзэх үндэслэлтэй. Энэ байдлаас харахад хагалгааны өмнө болон дараа, эмнэлгээс гарах үед үжил гэж онош тавих хангалтгүй байна. Хугацааг тодорхойлох боломжгүй. Антибиотик эмчилгээ хийгдэх ёстой байсан. Үзүүлж байгаа өвчний түүх дээрээс антибиотик эмчилгээ хийгдсэн эсэх харагдахгүй байна...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.
Амь хохирогч А.... үжил, үжлийн шок олон эрхтний дутагдлаар нас барсан болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай “1. Амь хохирогч А.... биед: Хэвлийн баруун доод талд эдгэрч буй мэс заслын шарх, дагзны хуйх, зүүн гарын сарвуу ар талд цус хуралт, бүх биеэр жижиг жижиг идээт тууралт гэмтлүүд учирсан байна. Мэс заслаар үүссэн шарх, дагзны хуйх, зүүн гарын сарвуунд цус хуралт нь хатуу мохоо зүйлээр үүснэ. Жижиг жижиг идээт тууралт нь арьсны ямар нэгэн шалтгаантай гарсан тууралт байна. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2. Амь хохирогч А.... биед учирсан гэмтлүүд нь амьд байх үедээ үүссэн гэмтлүүд байна. 3. Амь хохирогч А..... уушгины хатгаа өвчнийг оношлоогүй байна. Мэс заслаар мухар олгой авах мэс заслын талаас ямар нэгэн хүндрэл гараагүй, мэс заслын эмчилгээ зөв хийгдсэн байна. 4. Амь хохирогч А.... цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5. Амь хохирогч А... нь хоёр уушгины хатгаа өвчний хүндрэлээс үжил болж үжлийн шалтгаант зүрхний булчингийн үрэвслээр нас барсан байна.” гэсэн дүгнэлтээр,
Эрүүл мэндийн яамны Эмгэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнтэйгээ гаргасан шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн №210/01 дугаартай “...Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эдийн шинжилгээнд илэрч буй өөрчлөлтүүдийг дахин оношилж дүгнэвэл: Грамм эерэг нянгийн халдварын шалтгаант үжлийн улмаас зүрхний буглаажсан үрэвсэл, үжлийн пневмони, элэгний завсрын үрэвсэл, ходоод, нарийн, бүдүүн гэдэс, мухар олгойн цочмог цус эргэлтийн хямрал, салстын голомтлог үхжил, тунгалгийн тогтолцооны урвалжит өөрчлөлт, тархины зөөлөн бүрхүүлийн шүүдэст үрэвсэл, арьсны гадаргуу дахь идээт үрэвсэл (задлан шинжилгээний гадна үзлэгийн фото зураг болон протокол дээрх бичлэгээс үзсэн), бөөрний тахир сувганцрын үхжил, уушги цочмог гэмтэх хам шинж, тархи болон уушгины хаван зэрэг өөрчлөлт илрэв.
Үхлийн шалтгаан нь: Үжил, үжлийн шок, олон эрхтний дутагдлаар нас барсан байна.” гэсэн дүгнэлтээр, өөрийн гаргасан дүгнэлтэй тайлбарласан М... “...Эмгэг судлалын шинжилгээгээр уушгины хатгаагаар өвчилсөн байх хугацааг тодорхойлох боломжгүй. Өвчтөн амьд үед уушгины хатгалгаагаар өвчилсөн байна уу үгүй юу, ямар өвчнөөр өвчилсөн байна гэдгийг эмнэл зүйн эмч /эмчилгээ хийж байгаа эмч/ лабораторийн шинжилгээ, рентген шинжилгээ болон бодит үзлэг дээр үндэслэн тогтооно. Харин эмгэг судлаач эмч нар эмнэл зүйн эмч нарын тавьсан онош зөв эсэхийг баталгаажуулж үхлийн шалтгааныг тогтоох үүрэгтэй.
Хоёр буюу түүнээс олон эрхтэн үрэвсэж гэмтэж олон эрхтний дутагдалд орохыг үжил гэдэг. Энэ тохиолдолд 6 эрхтэн үрэвсэн гэмтсэн байна. Хамгийн их гэмтсэн нь зүрх, уушги, бүдүүн гэдэс, дэлүү, тархины зөөлөн бүрхүүл, элэг зэрэг эрхтнүүд үрэвсэж гэмтсэн байсан. Амь хохирогч А.... нь зөвхөн уушгины хатгаагаар нас бараагүй. Дээрх 6 эрхтэн үрэвсэн гэмтсэний улмаас олон эрхтний дутагдалд орж /үжлийн шоконд орж нас барсан байна. Олон эрхтэн нэгэн зэрэг үрэвсэн гэмтсэн үед үжлийн үүдийг (анхдагч халдвар хаанаас үүссэн талаар) тогтоох нь төвөгтэй, дэлхий нийтэд тогтоох төвөгтэй гэж үзэж байгаа, бактерологийн шинжилгээ (цус, цэр, шүлс, шээс, гуурс байрласан бол гуурсаас) хийж тогтоох боломжтой. Энэ тохиолдолд бактерологийн шинжилгээ хийгдээгүй учир үжлийн үүдийг тогтоох боломжгүй байсан. Олон эрхтэн нэгэн зэрэг үрэвсэн гэмтсэн үед үжлийн үүдийг (анхдагч халдвар хаанаас үүссэн талаар) тогтоох төвөгтэй. Үжлийг амьд ахуйд нь бактерлогийн шинжилгээгээр тогтоох боломжтой. Нас барсны дараа бактерлогийн шинжилгээ хийдэггүй. Эмгэг судлалын салбар зөвлөлийн гишүүд нь Завхан аймгаас ирүүлсэн тухайн тохиолдлын мухар олгой, тархи, уушги, зүрх, элэг, бөөр, дэлүү, нойр булчирхай, тунгалгийн булчирхай, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс зэрэг эрхтнүүдийн лааны тосон цутгамал бэлдмэлийг авч дахин зүсэж будан шилэн бэлдмэл бэлдэж микроскопоор харж онош дүгнэлтийг гаргаж баталгаажуулсан болно. Энэ тохиолдолд ирүүлсэн Б-278 дугаартай олгойн бэлдмэлийг дахин зүсэж будаж харахад олгойн үрэвсэл илрээгүй байна, ... Ямар ч эрхтэн үрэвсэн гэмтсэн үед цусан дахь цагаан эсийн тоо өндөр гардаг. Дээрх тохиолдолд олон эрхтэн үрэвсэж үжил болсон учир цусан дээрх цагаан эсийн тоо өндөр гарсан байх боломжтой. Хүүхдийн цусан дахь цагаан эсийн тоо дунджаар 9-10 байх ёстой, гэтэл амь хохирогч А.... цусанд хийсэн шинжилгээгээр эхний удаа 17.2*109, дараагийн удаа 11.8 байгаа нь цагаан эсийн тоо өндөр байсан байна. Энэ тохиолдолд нэмэлт шинжилгээ хийх, эход харах болон бусад шинжилгээг хийх ёстой байсан...” гэсэн мэдүүлгээр нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгалаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүх шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч У... нь 2021 оны 06 дугаар сард Завхан аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт эмчээр ажиллаж байсан болох хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5 -д “”эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг хэлнэ “ гэж заасны дагуу У.... нь эмнэлгийн мэргэжилтэн гэсэн ойлголтод хамаарч байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй” байх гэмт хэрэг нь эмнэлгийн мэргэжилтэн Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн 28.4.3-т заасан “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах”, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, зөвлөгөө өгөх, эмчилгээ, мэс засал, ажилбар хийх” зэрэг хуулиар хүлээсэн үүргээ санаатай зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд үүний улмаас хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан байх шалтгаант холбоог агуулна.
Гэм буруугийн хэлбэр нь хүндэтгэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйдээ санаатай, харин хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжтэй байна.
Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд эмнэлгийн ажилтны ёс зүйн дүрэм, Төрөлжсөн мэргэжлийн үйл ажиллагаа, эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS6330:2017 стандарт болон бусад үйл ажиллагааны стандартыг мөрдөж ажиллах үүрэгтэй.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А/406 дугаар тогтоолоор батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.5-д “эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчийн биеийн байдал сайжруулах, зовлон зүдгүүрийг багасгах хөнгөвчлөх аливаа нэмэлт зовиур шаналгаа үүсгэхгүй оновчтой тусламж үйлчилгээ үзүүлэхийг хичээж ажиллана “ гэж,
Төрөлжсөн мэргэжлийн үйл ажиллагаа, эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны MNS6330:2017 стандартын 9.5 дугаар зүйл буюу Үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргах зохицуулалтын 9.5.1-д заасан “ Үйлчлүүлэгчийг эмнэлгээс гаргахдаа цаашид баримтлах дэглэм заавар, зөвлөмж үргэлжлүүлэн авах тусламж үйлчилгээний талаарх мэдээлэл, эмнэлгээс гарах үеийн дүгнэлтийг иргэний эрүүл мэндийн дэвтэрт заавал тэмдэглэнэ” гэж,
9.5.2-д “ үйлчлүүлэгчийг эмнэлгээс гарах үеийн дүгнэлтийг монгол хэлээр бичих ба хуулбарыг өвчний түүхэнд хавсаргасан байна.” гэж
9.5.3-д “ Үйлчлүүлэгчийг эмнэлгээс гарахад нь хийгдсэн шинжилгээ эмчилгээ хийгдвэл зохих үйлчилгээний талаар тайлбарлан зөвлөгөө өгсөн байна” гэж тус тус заажээ.
Гэтэл А.... эмчлэгч эмч У... дээрх стандарт, журмыг зөрчиж амь хохирогчийн эрүүл мэндэд илтэд зовуурь илэрч өвдөлт байгаа талаар эмэг эх Ж... хэлсээр байтал хайхрамжгүй хандаж, өвчтөнийг биеэр үзэх, эрүүл мэндийн байдлыг тандаж, үнэлэх, дахин шинжилгээ авах зэрэг ажиллагааг хийлгүйгээр хохирогчийг эмнэлгээс гаргасан.
Мөн хохирогчид цаашид анхаарах асуудал болон эмчилгээ, үйлчилгээний талаар заавар зөвлөгөө өгөөгүй нь хэрэгт авагдсан 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр нээсэн А.... өвчний түүх, болон гэрч Ж.... мэдүүлгээр тогтоогдож байна.
Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх гэмт хэргийн үндсэн шинжийн нэг эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзүүлээгүй гэдэгт эрүүл мэндийн байдал, ар гэрт нь гачигдал гарсан, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай эм багаж төхөөрөмж байгаагүй зэрэг хувь хүнээс үл шалтгаалах нөхцөл байдал үүсээгүй байхад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлээгүй байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч У... нь тухайн үед өвдөлт зовуурь өгч байгаа А.... эрүүл мэндийг дахин үнэлэлгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр А.... эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлээгүй байна.
Шүүгдэгч У... А... эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүйгээс хохирогч нас барсан байна.
Шүүгдэгч энгийн ухамсрын түвшинд тухайн хүний биеийн үйл ажиллагаа алдагдсан байгааг мэдэх, эмчилгээ оношилгоо хийх боломжтой байсан боловч амь хохирогчид ямар нэгэн эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзүүлэхгүй байх нь хууль бус шинжтэйг ухамсарлаж, түүний улмаас хүн эрүүл мэнд болон амь насаараа хохирч хор уршиг учирч болохыг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч А... үзлэг хийж онош тодруулах арга хэмжээ авалгүй эмнэлгээс гаргаснаас хохирогч нас барсан нь хор уршигт болгоомжгүй хандсан гэж үзнэ.
Дээрх нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” буюу “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч У... Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э... шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “ Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгчээс хохирогч хохирол нэхэмжлээгүй учир түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч У... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.... эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар түүнийг торгох ялаас чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч У... дээрх шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болохоос өмнө энэ гэмт хэргийг үйлдсэн боловч Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоол биелэгдсэн байх тул дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэгтгэж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд шүүх уг тогтоолыг хөндөхгүйгээр шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамааруулахаар заасан.
Шүүгдэгч У... үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээг тодорхойлохдоо уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тодорхой субъектыг, харин 9 дүгээр зүйлд тодорхой гэмт хэргийг нэрлэн зааж хориглолт тогтоосон байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт 1991 оноос 2015 оны хооронд УИХ-аас батлан гаргасан 6 удаагийн өршөөлийн хуулийг нэрлэн зааж, тэдгээр хуулийн үйлчлэлд хамаарагдан хорих ялаас чөлөөлөгдснөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, урд батлагдсан 6 удаагийн өршөөлийн хуулийн үйлчлэлд хамарсан хүнийг субъектын шинжээр тусгайлан тодорхойлж өршөөлд хамруулахыг хориглосон байх бөгөөд харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хувьд, түүнийг зөвхөн нэг удаа хэрэглэх, эсхүл нэг гэмт хэрэг үйлдсэн хүнд хамруулна гэсэн хэм хэмжээ, агуулга тухайн хуульд илэрхийлэгдээгүй байна.
Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх журмыг тодорхойлсон 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж тусгажээ.
Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч У… 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн … дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт шүүхээс оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 торгох ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан ялаас чөлөөлсөн нөхцөл байдал нь У… 2021 онд үйлдсэн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт оногдуулсан ялын зохих хэсгийг уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар өршөөн хасах шийдвэрт нөлөөлөх үндэслэл болохгүй.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “ Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/ ... гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны...эдлээгүй үлдсэн хорих ялаас 2 жилийг хасна “ гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “ Шүүх энэ хуулийн 6.2, 6.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулсан бол торгох ялын арван таван нэгжийг, нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг өдрийг хорих ялын нэг хоногоор тооцож ялтны эдлээгүй буюу гүйцэтгээгүй хорихоос өөр төрлийн ялаас энэ хуулийн 6.2, 6.3-т заасан хэмжээгээр дүйцүүлэн хасна.” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч У... оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг дүйцүүлэн хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй байна. У... нь Завхан аймгийн ... суманд байнга оршин суух хаягтай болох нь хэрэгт авагдсан хаягийн мэдээллээр тогтоогдсон байх тул шүүгдэгчийг Завхан аймгийн ... сумаас 1 жилийн хугацаагаар гадагш явахыг хориглож шийдвэрлэв.
Шинжээчийн зардалд Завхан аймаг дахь Цагдаагийн газар 894,811 төгрөг төлсөн нь зардал төлсөн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчээс 894,811 төгрөг гаргуулж Завхан аймаг дахь Цагдаагийн газарт олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийн битүүмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.9, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч .... овогт ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У... эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.4 дэх хэсэгт зааснаар У... оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг дүйцүүлэн хасаж, нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар эмчлэх мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.... 1 жилийн хугацаанд Завхан аймгийн ... сумаас гадагш явахыг хориглож, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүргийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулсугай.
6. Шүүгдэгчид 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У... шинжээчийн зардал 894,811 төгрөгийг гаргуулж Завхан аймгийн Цагдаагийн газарт олгосугай.
8. Шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг өвчний түүх хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ