Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2018/00493

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-уул суманд 1989 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдрах одоо тусдаа Хөвсгөл аймгийн ***************** оршин суух Б овогт Б-ийн П /**************/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд 1983 онд төрсөн, 35 настай, эрэгтэй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах одоо тусдаа ************ оршин суух А овогт Дийн Б /*************/-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.П, хариуцагч Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нөхөр Д.Бтэй 2007 онд гэр бүлээ батлуулж, хамт амьдрах болсон. Хамтын амьдралын хугацаанд 2007 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүү Б.Ч, 2011 оны 8 дугаар сарын 27-ны өдөр охин Чу, 2012 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бага охин Э нарыг тус тус төрүүлсэн. Нөхөр Д.Б нь архи ууж, агсам тавьдаг байсан бөгөөд үүнээс болж 2015 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байна. Одоо би Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 3 хүүхэд болон ээжийнхээ хамт амьдарч байгаа ба цаашид хамт амьдрах боломжгүй тул гэр бүлээ цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргасан юм.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах хашаа, байшин, мал зэргийн эд хөрөнгийг надад өгсөн тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэр Б.Птэй гэр бүл болж хамт амьдрах хугацаанд 3 хүүхдийн эцэг, эх болсон нь үнэн ба миний хүүхдүүд мөн учир хүүхдийн асуудал дээр маргаан байхгүй. Таарч тохирохгүйн улмаас 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрах боломжгүй тул гэр бүл цуцлуулах шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна.

Иймд гэрлэлтээ цуцлуулна, 3 хүүхдээ эхийнх нь асрамжид өгнө, би гэр орон хашаа байшин, мал гэх эд хөрөнгөө бүгдийг нь эхнэр хүүхдүүддээ өгсөн ба бид хоёр хүүхдийн тэтгэлэгийн талаар хоорондоо тохиролцсон байгаа гэв.  

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Д.Бөд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.П нь хариуцагч Д.Б нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Б.Ч, охин Б.Чу, охин Б.Э нар төрсөн болох нь. Тухайлбал;

Гэрлэгчдийг 2007 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болсныг 2007 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн № 28 дугаарт бүртгэж Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын улсын бүртгэлийн ажилтан №0005333 дугаарын гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн бүртгэлийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Тэдний дундаас 2007 оны  7 дугаар сарын 18-ны өдөр хүү А овогт Бийн Ч /**********/, 2011 оны  8 дугаар сарын 27-ны өдөр охин А овогт Бийн Чу /**********/, 2012 оны  12 дугаар сарын 23-ны өдөр охин А овогт Бийн Э /**********/ нарыг төрүүлсэн ба тэдгээрт олгосон төрсний гэрчилгээг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна. 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:  Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2015 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлахыг харилцан тохиролцсон, гэрлэлт цуцлуулах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх болон тэтгэлэг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд маргаангүй байгаа зэргийг харгалзан үзээд шүүхээс гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэх, гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй байх тул гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд Б.П, Д.Б нарын гэрлэлтийг цуцалж насанд хүрээгүй хүү Б.Ч, охин Б.Чу, Б.Э нарыг эх Б.Пгийн асрамжид үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг  төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн, хариуцагч Д.Бөөс 70.200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар   А овогт Дийн Б /*************/, Б овогт Б-ийн П /**************/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны  7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн хүү А овогт Бийн Ч /**********/, 2011 оны  8 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин А овогт Бийн Чу /**********/, 2012 оны  12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А овогт Бийн Э /**********/ нарыг эх Б.Пгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Пг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлөх 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгөөс чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Д.Бөөс 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай. 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ