Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2018/00733

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймагт 1994 онд төрсөн, 24  настай, эмэгтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, ээж, эгч, хүүгийн хамт Хөвсгөл аймгийн ******************* оршин суух Т овогт Г-ийн У /************/н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл ******************* оршин суух Ш овогт Д-ын М /*************/-т холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Г.У нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Г.У нь Д.Мтай 2010 онд танилцан үерхэж байгаад, жирэмсэн болж хамт амьдарч байсан боловч таарч тохирохгүйн улмаас өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүү Тыг төрүүлсэн. Бид хоёр гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй тул хүүгээ би өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээг нь авсан юм. Одоо цаашид хамт амьдрах боломжгүй болсон учир шүүхэд эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан болно.

Иймд 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Тулгын эцгээр Д-ын М мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг хуульд заасан хэмжээгээр гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.М миний бие Г.Утай 2010 онд танилцаж, 6 жил үерхсэн. Энэ хугацаанд хүүхэдтэй болсон ба эхийн гэдсэнд 2 сар болж байхад салсан. Би эцэг  нь мөн учраас хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Г.У нь хариуцагч Д.Мыг хүү У.Тын эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Д.М нарыг хамтын амьдралтай байх хугацаанд тэдний дундаас хүү У.Т төрсөн болох нь Тухайлбал:

2016 оны 4 дүгээр сарын 19ы өдөр хүү Т овогт Уын Т /РЮ-16241911/ төрсөн болох нь түүнд олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн: ....У овогтой Т 1 настай эр эрүүл бойжиж байгаа.... гэх өрхийн эмнэлгийн их эмчийн тодорхойлолт,

Хөвсгөл аймаг, Мөрөн сумын Уран дөш багийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 14/15 дугаартай: ....Г-ийн овогтой У /************/ нь Мөрөн сумын 8-9-53 тоотод оршин суудаг. Ам бүл 4 ээж, эгч, хүү нарын хамт амьдардаг нь үнэн.... гэх ам бүлийн тодорхойлолт,

 Нэхэмжлэгч Г.Уын: ....миний бие Г.У нь Д.Мтай 2010 онд танилцан үерхэж байгаад, жирэмсэн болж хамт амьдарч байсан боловч таарч тохирохгүйн улмаас өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүү Тыг төрүүлсэн.... гэх шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг,  

Хариуцагч Д.Мын: ....Д.М миний бие Г.Утай 2010 онд танилцаж, 6 жил үерхсэн. Энэ хугацаанд хүүхэдтэй болсон ба эхийн гэдсэнд 2 сар болж байхад салсан. Би эцэг  нь мөн учраас тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.... гэх шүүх ирүүлсэн тайлбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд 2016 оны 4 дүгээр сарын 19ы өдөр төрсөн хүү Т овогт Уын Т /***********/-ын эцгээр Д.М мөн болохыг тогтоож, эцэг Д.Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулан насанд хүрээгүй хүү У.Тыг тэжээн тэтгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Харин хариуцагч нь шүүхэд ....М миний бие У.Тын эцэг мөн тул тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна би одоогоор хотод хэлний сургалтад сууж байгаа. Олон дахин Улаанбаатар Мөрөн чиглэлд явах боломжгүй учраас намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү.... гэх тайлбараа ирүүлсэн ба нэхэмжлэгч нь хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул хариуцагчийн эзгүйд, хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзэж хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн шүүхээр хүүхдийн эцэг тогтоолгох шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлөх хэмжээ 70.200 төгрөг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөг байгаагаас 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн буюу 2 нас 7 хоногтой хүү У.Тад 11 хүртэлх настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 1.095.600 төгрөг болох ба 1 жилийн тэтгэлэг ногдох улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30.844 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас 101.044 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Уд буцаан олгож шийдвэрлэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 19ы өдөр төрсөн хүү Т овогт Уын Т /***********/-ын эцгээр Ш овогт Д-ын  М /*************/ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хариуцагч  Д.Маас 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү У.Тыг тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Маас улсын тэмдэгтийн хураамжид 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Уд олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ЭРДЭНЭБАТ