2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/698

 

 

 

 

 

 

 

 

   2025       03         17                                      2025/ШЦТ/698

 

 

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “А” танхимд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Өнөбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа,

улсын яллагч Б.Өнөбат,

хохирогч Ш.А , түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 2409 01331 0023 дугаартай хэргийг 2025 оны оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б.Б  /РД:............./, Монгол Улсын иргэн, 2002 оны .......... өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ................ их сургуулийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн .............. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Б.А ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож, цохисны улмаас  хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тэр өдөр амралт авсан байсан. Орой нь найзуудтайгаа ажил дээрээ уулзъя гэж ярилцаад бөөндөө уулзсан. Уугаад сууж байхдаа хүнтэй муудаагүй. Би нээх их уугаагүй, согтоогүй байсан. Х  гэдэг нэг охин тэнд байсан. Анхны маргаан бол бид хоёрын дунд үүссэн зүгээр л хэл амаараа учраа олох маргаан байсан. Зодоон болсон үйл явдал нь би зүгээр Н г чамтай маргалдмааргүй байна, чи зүгээр чимээгүй сууж бай гээд баарнаас гарахдаа хэлсэн. Яг гарахад илүү үг хэлээд араас татаад байсан. Тэрнээс болоод жоохон маргаан болсон, нөгөө хэд нь машиндаа суугаад зугтаад яваад өгсөн. Н гийн  найз залуу надаас уучлалт гуйгаагүй нэлээн удсан. Эмнэлэг дээр ирсэн ч надтай уулзаагүй. Н  ирэхэд нь би орноосоо босож чадахааргүй байсан учраас уулзаж чадалгүй явуулсан. Үнэхээр би болохгүй байсан бол намайг цагдаа дуудаад өгч болох байсан.” гэв.

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.А, гэрч Ж.Х, Б.Т, Д.Н, Г.Э, А.С, насанд хүрээгүй гэрч У.З, шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнэ нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 4806 тоот дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 149 тоот дүгнэлт, шүүгдэгч Г.Б  нарын мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлж, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ нь дээрх байр суурийг дэмжиж оролцсон болно.  

            Шүүгдэгч Г.Б  нь 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хохирогч Б.А тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан зодож, цохисны улмаас хүний биед баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун чамархай, зулайн хуйх, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, уруулын доод хэсгийг хамарсан 2 дугаар зэргийн түлэнхийн шарх, баруун чихний шарх, зүүн гарын алга, баруун гарын 1 дүгээр хурууны цахилгаан тэмдэгт, баруун шилбэний цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүй, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Дугаар 4806 тоот дүгнэлтээр “...Б.А ын биед баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун чамархай, зулайн хуйх, 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, уруулын доод хэсгийг хамарсан 2-р зэргийн түлэнхийн шарх, баруун чихний шарх, зүүн гарын алга, баруун гарын 1-р хурууны цахилгаан тэмдэгт, баруун шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэм, цахилгаан гүйдлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” (хавтаст хэргийн 89-91 дэх тал) гэх дүгнэлтээр хохирогч Б.А ын биед Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалаар батлагдсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хүнд хохирол учирсан байна.

Энэхүү хүнд хохирол учирсан үйл баримтын талаар оролцогч нар мэдүүлэхдээ:

Хохирогч Б.А  мэдүүлсэн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ажлынхаа газрын хүмүүстэй уулзахаар болоод 2024 оны 4 сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн хүүхдийн зуу нэртэй газрын тэнд нэрийг нь мээхгүй пабад ороод З  бид хоёр байж байгаад гаднаас Х , Т , Э , Н , С  нар гаднаас хальт орж ирээд тэд нар дундаа орж аваад ууцгаасан. Харин З  бид хоёр тусдаа Сөжү нэртэй архи уусан. Тухайн архинаас З  уугаагүй. Би ганцаараа уусан. Манай ажилтан С , З  нарыг архиар шахаад байхаар нь би уухгүй гээнд байхад яах гэж байгаа юм гэж хэлээд архийг нь өмнөөс нь уусан. Тооцоо хийх болоод гарах гэтэл хийх хүн олдохгүй байсан. Тэгэхээр нь би бүх тооцоо буюу 335.400 төгрөгийн тооцоог би хийгээд гадаа гарсан. Т  надад архи өгөөд З т яагаад өгөхгүй байгаа юм гээд надтай муудалцаад миний баруун шанаа руу гараараа 1 удаа цохихоор нь би зөрүүлж цохиод газар унагаад цохисон. Тухайн үед Х  миний араас ирээд үснээс зулгаасан эргээд харахад нэг хүн миний толгойны ар хэсэг рүү маш хүчтэй цохихоор хоёр машины завсар би ухаан алдаж унасан. Тэрнээс хойш би юу болсон талаар санахгүй байгаа.”,

“...Н  орж ирээд надтай бас маргалдаад байсан. Тэгэхээр нь би Н д хандаж бага зэрэг муухай үг хэлсэн. Гэтэл тухайн үйл явдлыг найз залуу нь харж байсан тул Н г өмөөрөөд надтай маргалдсан. Тэгээд тэр залуу намайг дагуулаад машинаасаа бага зэрэг холдож байгаад эхлээд гараараа нэг удаа миний толгой руу дээрээс цохиод байсан бас толгойн баруун хэсэг рүү өвдөглөөд байсан. Тэгээд би тэр залууд зодуулаад ухаан алдаад уначихсан”,

“...Тухайн үед Х аа бид хоёр ажлаас болж бага зэрэг ам муруйж маргалдсан. Тэгээд сууж байгаад бид нар гарахаар болоод текэн дээр ирэх үед тооцоо хийх хүн байгаагүй. Тэгээд би тооцоог нь хийгээд түрүүлээд гарсан бөгөөд би гадаа Т тэй цуг тамхи татаад байж байх үед Т  хэг ёг хийгээд надтай маргалдаад байсан. Тэгэхээр нь би Т д хандаж ахын дүү ахыгаа зодмоор байвал нэг удаа цохичихгүй юу? гэж хэлэхэд Т  намайг нэг удаа цохисон тэгэхээр нь би зөрүүлээд Т гийн гэдэс хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа бөгөөд нэг мэдэхэд эмнэлэгт хагалгаанд ороод сэрсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-41, 43, 76 дахь тал),

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 121-124 дэх тал),

Гэрч Ж.Х  мэдүүлсэн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө 00 цаг 40 минутын орчим Н , Т , С  бид дөрөв манай ажлаас гараад Э  гэж найзыгаа 3 дугаар эмнэлгийн хажуунаас очиж аваад 1 дүгээр сургуулийн хажууд байдаг пабад орцгоосон. Тухайн пабад ороход А , З  нар архи согтууруулах ундаа уугаад сууж байсан. Бид нарыг А  тухайн байсан пабдаа дуудсан юм тэгээд бид нар тэр газар нь очсон. Бид нар нийлж суугаад архи согтууруулах ундаа хэрэглээд 2 цаг орчим суусан. Би ариун цэврийн өрөө рүү С тэй хамт яваад тэндээ юм ярьж зогсож байгаад 20 минут орчим байж байсан чинь Т  гаднаас цус болоод орж ирээд гар нүүрээ угаахаар нь юу болсон талаар асуухад А тай муудалцаад намайг цохиодавсан гэж надад хэлсэн. Би С , Т  хоёртай хамт тэр лоунжны гадаа гараад байж байхад Н гийн найз залуу Б  нартай хамт буцаж орох гээд явж байхад А  Н гийн найз залуу руу үг хаяад Б тэй муудалцаад байхаар нь Н  найз залуугаа аваад би хамт тэр лоунжнаас гарсан. Тухайн үед гадаа харих гээд зогсож байхад А  бид хоёр маргалдаад байсан юунаас болж маргаснаа санахгүй байна. Би хэрэлдээд зогсоод байвал хэрэлдээд л байх юм байна гэж бодоод би Т , Э тай такси бариад гэр гэр рүүгээ явцгаасан. Би тэр газраас хөдлөөгүй байж байхад А , З  нар нь түрүүлээд нэг машинд суугаад яваад өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49 дэх тал),

Гэрч Б.Т  мэдүүлсэн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 06-ны шөнийн 00 цаг 30 минутын орчимд ажлаасаа тараад би Х аа, С , Н  бид нар миний машинтай 10 дугаар хороолол Э г авч хүүхдийн 100-ын орчимд байх нэрийн сайн анзаараагүй караокед очиход уг караокед очиход уг караокед А , З  хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хүлээж байсан. Бид нар орж архи согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн нээх удаагүй байхад А  ах хүмүүс рүү үг хаяад байсан. Тэр үед Х аа эгч дургүйцээд яагаад ингэж ялгаж харьцаад байгаа юм гэх зүйл ярьсан. Түүний дараа С  гар утсаар ярих гээд нойлийн өрөө рүү явсны дараа Х аа эгч, Н  хоёр араас нь явсан. Би Элбэгээ, З , А  нарт тамхи татах уу гээд бүгд тэгье гээд босоход А  ах миний хажууд алхангаа над руу үл хаяж эхэлсэн. Шалтгаан гэвэл манай ажил дээр хоёр хэсэгт хуваагдаад байгаа чи алинд ч байхгүй байгаа учир би дургүйцээд байна гэх зүйл яриад би чамайг зодмоор байна гэж эхэлсэн. Түүнээс хойш би зайгаа бариад тамхи авах гээд түц хайж эхлэхэд А  өөр зүйл яриад зогсоолын харанхуй хэсэг рүү дагуулж явахдаа нэг удаа миний гэдэс орчимд гараараа цохисон би үг хэлэхгүйгээр гарнаас нь бариад доош нь дарсан би зодмоор байна гэж хэлээд миний хамар нүүр орчимд 4-5 удаа цохисон. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад газар унасан тэр миний хамарнаас цус гараад газар хэвтэж байхад А  хэд хэдэн удаа толгой руу өшиглөж эхэлсэн. Тэр үед З  ирж А ыг холдуулсан Э  намайг ариун цэврийн өрөө рүү дагуулж орсон тэнд Х аа эгч, С  хоёр байж байсан би нүүрээ угаачихаад бөөндөө гарсан А  орилж хашгирсан байдалтай байсан. Би шууд машиндаа суусны дараа А  бүх хүмүүстэй  маргалдаж юм цохиж хашигчаж байсан. Хэсэг хугацааны дараа А , З  хоёр алга болсон байсан. Н гийн найз залуу дээр очоод гар барьж уучлалт гуйгаад  салцгаасан миний машинд Х аа, Э , С  хөдөлсөн тэгээд нөгөөдүүлийг гэрийнхэн ойролцоо буулгаж өгөөд би Э тай хамт  гэрт нь орж хоносон. Би А ыг өөр хэнтэй маргалдсан мэдэхгүй, би А ыг цохиогүй”,

“...А  машины гаднаас машин руу цохиод агсам тавих шинжтэй байсан бөгөөд тэр үед Н  найз залуу гээд нэг залуу машинтайгаа ирсэн. Машин дотроо сууж байсан. Тэр үед манай ах ирээд дээр дурьдсан гуравтай би цуг явсан. ...Маргааш нь А  ажилдаа ирээгүй бөгөөд нөгөөдөр нь бид нар цагдаагийн газар дээр бүгд таарахад Н гийн найз залуу А ыг маргалдаж зодолдсон гэж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51, 84 дэх тал),

Гэрч Д.Н  мэдүүлсэн: “...Би саяхан зөөгчийн ажилд ороод байгууллагаараа гадуур гарч уулзахаар болсон. Манай ажил 00 цагт тардаг юм тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ажлаа тараад Ж.Х , Т , Сувд нартай хамт ажлын залууг очиж авсан. Бид нар 1 дүгээр сургуулийн замын эсрэг талд байдаг пабад очиход манай ажлын газрын 2 эрэгтэй хүн байсан нэрийг нь сайн санахгүй байна. Бид нар архи согтууруулах ундаа уугаад сууж байтал манай ажлын А  гэж залуу Х аатай маргаж байгаад Х аа босоод явсан тэгээд Т , З , А  бид дөрөв ширээндээ суугаад үлдээд маргаж байгаад над руу хараад чи юм яриахгүй сууж байхад болно гээд над руу янз бүрийн юм яриад байсан Т , З , А  нар тамхи татах гээд гарсан. Би тухайн үед ариун цэврийн өрөө ороход Т  гэх залуу А  намайг зодчихлоо гээд цусаа угаагаад сууж байсан. Би явах санаатай найз залуу Б ийг ирээд авчих гэж хэлсэн. Би пабын гадаа найз залуугаа ирсэн байна уу гээд гадаа гараад үзэхэд байхгүй байсан А  гадаа байж байгаад над руу дайраад байсныг би санаж байна. Манай найз залуу Б  ирээд А ыг чи яагаад байгаа юм гээд А ыг болиулсан. Би пабдаа буцаж ороод ажлыхантайгаа юм яриад сууж байхад тухайн паб хаахаар боллоо гээд тооцоогоо хийхээр болсон. Бүгд тооцоогоо хийгээд гадаа гэр рүүгээ явцгаах гээд байж байхад А  гарч ирээд намайг түлхээд чи одоо яагаад байгаа юм гээд маргасан чинь дахиад намайг А  нэг удаа түлхсэн чинь манай найз залуу Б   машин дотроосоо бууж ирээд А тай маргалдаад  зодолдоод эхэлсэн үйл явдлыг санаж байна. Би тэр хоёрыг зодолдоод байхаар нь айгаад эмнэлэг орьё гээд З , Б , А  бид дөрөв эмнэлэг явсан. Би явж байх замдаа хойд суудалж сууж байсан А ыг харахад баруун хөмсөг нь сэтэрчихсэн байсан. Замдаа явж байхад А  эмнэлэг орохгүй гээд би тэгвэл цагдаа явья гээд Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа ирсэн. Гэхдээ цагдаа руу ороогүй А  цагдаа руу ормооргүй байна эндээ учраа олъё гэж хэлээд гадаа З , Б , А  бид дөрөв юм ярьж байгаад гомдол санал байхгүй гээд А  халдварт дээр буулгаад өгчих гэхээр нь халдвартын буудлын орчим А , З  хоёрыг буулгаад Б  бид хоёр явсан. Би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор зарим үйл явдлыг санахгүй байна. ...Миний санаж байгаагаар нэг нэгнийгээ заамдаж аваад Б  нь А ыг баруун гараараа 1-2 удаа цохисон. Хаашаа цохисон талаар санахгүй байна. ...Б  нь А ыг цохиход ухаан алдсан, газар унасан зүйл болоогүй”

“...Б  машинаас бууж ирээд А т хандаад чи яагаад байгаа юм найз охин зүгээр байлгаач гэж хэлсэн. Тэр үед А  Б ийн өөдөөс маргалдаад тэгээд манай найз залуу А ыг түлхээд тэр хоёр хоорондоо зодолдсон. ...Халдвартын эмнэлэгийн наана байх Central mall-н замын эсрэг талын караокены үүдэнд З , А  хоёрыг буулгасан. ...Ямар нэгэн эд зүйлээр цохиогүй гараараа цохиж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54, 88 дахь тал),

Гэрч Г.Э  мэдүүлсэн: “...Би 2024 оны 4 сарын 06-ны 01 цагийн орчим би Баянгол дүүрэг 3 дугаар эмнэлгийн хажууд ахындаа хонох гээд байж байхад Т  над руу залгаад гадаа чинь ирсэн байна гараад ир гэхээр нь очиход Т , Х , С , Н  нар байсан. Бид нар хүүхдийн 100-д байдаг Sunrise гэсэн нэртэй пабад очиход А , З  хоёр суугаад архи согтууруулах ундаа уугаад сууж байсан. Бид нар хамт суугаад архи согтууруулах ундаа хэрэглээд байж байхал А , Т , Х  хоёр руу үг хаяад хоорондоо хэрэглээд байсан. Би З, Т , А  бид дөрөв тэр пабын гадаа гарч тамхи татаад зогсож байхад А , Т г хоёулаа булан тойръё гэж хэлээд дагуулаад явахаар нь би тамхинд явж байна гэж бодсон. Удалгүй араас нь очихшд А , Т гийн хамар хэсэг рүү нь цохихоор нь салгасан чинь А , Т гийн дээрээс нүүр хэсэг рүү нь дэвсээд нүүр хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Би Т гийн хамарнаас цус гараад байхаар нь би дагуулаад ариун цэврийн өрөө рүү оруулахад Х , С  хоёр байж байсан. Дараа нь надад С  хэлэхдээ гадаа гараад очиход А  нь З ийг толгойгоороо мөргөөд алгадаж зодоод байсан гэж хэлсэн. Бид нар гэр рүүгээ явцгаах гээд тухайн Sunrise нэртэй пабын гадаа зогсож байхад Ж.Х  нь Т  бид хоёрыг машинд суу гээд суулгасан А  тэр хавиар агсан тавиад машины шил рүү цохиод хүн болгон руу дайраад байсан. Тухайн үед Н  болон найз Б  нар ирээд А ыг З тэй цуг арай гэж авч явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.”

“...Н гийн найз залуу ирээд Н г авч явах гэсэн бөгөөд Т гийн машины гадаа А тай маргалдаад байсан. Тэгээд А , Н , З , Н гийн найз залуу 4 цуг явсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55, 82 дахь тал),

Гэрч А.С  мэдүүлсэн: “...Би 2024 оны 4 дүгээр сарын 06-ны 02 цагийн орчим хүүхдийн зуугийн орчим нэг пабад Х аа, Т , Н , Э  нарын хамт очсон. Бид нарын очсон газар А , З  нар хүлээгээд сууж байсан. Бид нар архи согтууруулах ундаа хэрэглээд тоглоод сууж байгаад би ариун цэврийн өрөө орчихоод ирсэн чинь Х аа, А  хоёр муудалцаад байж байсан. Намайг Х аа ариун цэврийн өрөө хамт орьё гэхээр нь хамт ороод юм яриад зогсож байхад гаднаас Т , Э  хоёр орж ирээд А  намайг зодсон гээд Т  цусаа угаагаад байсан. Би ганцаараа тухайн пабын гадаа гарсан чинь Зөнчилэг, А  хоёр зогсож байхаар нь юу болсон талаар асуухад Т г Х аагийн талд ороод байхаар нь зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед А  нь З ийг цохиж зодсон чинь Н  гарч ирээд чи жоохон хүүхэд яагаад зодож байгаа юм би чамайг харнаа гэж Н  хэлсэн. Удалгүй Х аа пабаас гарч ирээд А  руу бас жоохон хүүхэд зодлоо гээд дайраад байсан. Бид нарын үйлчлүүлж байсан Пабын ажилчин гарч ирээд тооцоогоо хий гэхээр нь З  бид хоёр дотогшоо ороод тооцоогоо хийгээд сууж байхад Т , Э  орж ирээд бид дөрөв сууж байхад Х аа гаднаас орж ирээд Т , Э  хоёрыг гараад машинд суу гээд аваад гарсан. Намайг харахад Н гийн найз залуу ирсэн машиндаа хамт сууж байсан. Харин Т , Э , Х аа нурав өөр машинд сууж байсан А  надад цаадуул чинь бүгд чиний эсрэг байна гээд надад хэлээд байсан би Т гийн машинд суугаад явах гэтэл А  чи наад машиндаа битгий суу ганцаараа төв ззам уу ганцаараа алхаж байхдаа Х аатай утсаар ярихад энэ А  намайг захирлынхаа бөгсийг долоодог гэж хэлээд байна гэхээр нь би нөгөө пабын гадаа ажлын хүмүүс байсан газартаа очсон чинь Н , А , З  гурав хамт Н гийн найз залуутай хамт явчихсан байсан. Би гэртээ хариад З  рүү залгахад А ыг таксинаас буугаад алга болчихсон хайгаад олохгүй байна надад цүнх, түрүүвч, утас, цаг нь надад байна гэж хэлэхээр нь гэртээ харьсан байх гэж би бодсон. Тэр өдөр Н , Х аа руу залгаад чанга яригч дээр нь тавиад яриахад А , З  хоёрыг цагдаа руу орох уу гэхэд орохгүй гомдол, санал байхгүй явлаа гэж хэлсэн гэж ярьж байсан.  Надад З  хэлэхдээ пабын гадаа байхдаа Н  найз залуугийнхаа машины хаалгыг онгойлгоод чи буудаа гэж хэлсэн чинь найз залуу нь бууж ирээд А ыг зодсон гэж надад хэлсэн.”

“...З  А  ах пабын гадаа Н гийн найз залуутай маргалдаад Н гийн найз залуу А ыг гараараа цохиод А  уначихсан. Уначихаад сэрэхгүй хэсэг хугацаанд байж байгаад сэрсэн бөгөөд Н гийн найз залуу А ыг машиндаа суулгаад Баянзүрх дүүргийн цагдаагийн гадаа ирсэн. Тэгсэн А  цагдаа руу орохгүй гээд ороогүй. А  ах бид хоёр цагдаагийн гадаа буугаад тэндээсээ такси бариад явж байгаад дотор муухайраад байна гэж хэлээд машинаас буугад алга болчихсон гэж хэлсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59, 86 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч У.З  мэдүүлсэн: “...2024 оны 4 сарын 05-ны өдөр манай ажлын газрын А  ах 20 цагийн орчим гэрээс ирж аваад ажил руу явж байгаад замдаа ажил руу явахаа болиод Хүүхдийн 100-д байрлалтай Sunshine /гэж санаж байна/ нэг лоунжид бид хоёр цуг ирсэн. Манай ажлын газрынхан мөн ирнэ гэж байсан учир А  ах бид хоёр тухайн газар хэсэг хөзөр тоголж байгаад караоке руу нь орсон. Тухайн газар ороод 1 цаг орчим болж байх үед манай ажлын Х , С , Н , Э  болон Т  нар хамт орж ирсэн. Тэгээд бди нар цуг нэг ширээ нь дээр суугаад ажлаас ирсэн хэд маань Gin авсан. Мөн А  ах шар айраг захиалаад тэд нартай цуг ууж эхэлсэн. А  ах тухайн үед Н г их шахаад байсан учир Х  менежер дургүйцээд А  ахтай маргалдаж эхэлсэн. Тэгээд би ариун цэврийн өрөө ороод буцаад гараад ирэх үед Э , Т , Н , А  ах нар тамхи татах гээд гарсан байсан. Харин Т  тэр үед ахыгаа машин дотроо хүлээнэ гээд бид нар машин дээр нь ирсэн. Гэтэл А  ах Х аа эгч Н  эгч хоёрыг машин дотор суулгахгүй маргалдаад байсан. Тэр үед Н  эгчийн найз залуу машинтайгаа ирсэн бөгөөд Н  эгч найз залуугийнхаа машинд суух гээд очих үед А  ах Н  эгчийн ардаас татсан. Тэр үед Н  эгчийн найз залуу машинаасаа бууж ирээд А  ахыг аваад машинаас холдсон. Тэгээд А  ахыг заамдаж явж байгаад зүүн талын хацар хэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Дараа нь гараараа нүүр хэсэг рүү доороос нь өлгөж нэг удаа цохисон. Тэгээд доош нь толгойг нь дараад толгой руу нь өвдөглөөд байсан. Тэгээд А  ухаан алдаад уначихсан бөгөөд тэд нь А  ахыг орхиод машин дээрээ хүрээд ирсэн. Тэр үед А  ах дээр Н  эгч очоод малгаатай цамцнаас нь өргөөд босгох гэж оролдсон. Гэтэл А  ах сэрэхгүй байсан чинь найз залуу нь ирээд тэр хоёр цуг өргөөд машин дээрээ авч ирээд машины арын суудал дээр суулгасан. Тэгээд явах гэж байхад нь би цуг машин дотор суусан. Машин дотор ороод ч А  ах сэрэхгүй байсан бөгөөд Н  эгчийн найз залуу нь шууд цагдаагийн хэлтэс рүү явна гэж явж байгаад замдаа утсаар ярьж байгаад танихгүй 2 эрэгтэй хүн мөн машины арын суудал дээр суусан. Тэгээд БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн гадаа ирээд Н  эгчийн найз залуу нь машинаасаа буугаад А  ахыг дуудаж сэрээгээд машинаасаа татж буулгад цагдаа руу орьё гэсэн. Тэгээд А  ах орохгүй байсан юм. Тэгээд тэд нар машиндаа буцаж суусан бөгөөд Н  эгч гар утсаараа бичлэг хийж эхэлсэн. Тэгээд А  ахыг ямар нэгэн гомдол санал байхгүй. Дараа нь цагдаад мэдэгдэхгүй гэж хэлүүлээд бичлэг хийсэн. Тэгээд хэсэг байж байгаад Н  эгчийн найз залуу нь гэрт нь хүргэж өгье гэсэн. Тэгээд би халдварт орьё гэж хэлээд Халдвартын эхний буудал дээр ирсэн чинь А  ах энд бууя гэж хэлээд бид хоёр цуг буусан. Тэгээд А  ах бид хоёр цуг төв зам дээрээс таксинд суугаад буцаад БЗД-ийн нэгдсэн эмнэлэг рүү очсон. Содмонголын ШТС-аар баруун эргээд 100-200 метр яваад А  ах бөөлжлөө гэж хэлээд шууд буучихсан. Тэгээд таксины ах бид хоёр 1-2 минутын дараа араас нь буусан чинь А  ах байхгүй болчихсон байсан. Тэгээд таксины ах бид хоёр хэсэг байж байгаад машиндаа буцаад суусан чинь А  ах  цүнхээ машинд орхисон байсан. ...Эхлээд болзүүн талын шанаа хэсэг рүү нь гараараа 2 удаа дараа нь доороос нь өлгөөд гараараа нэг удаа цохисон. Тэгээд толгойг нь дараад толгой хэсэг рүү 3-4 удаа өвдөглөсөн тэр үед А  ах толгойн баруун хэсгээрээ цемент нь дээр уначихсан тэгээд ухаан ороогүй. ...Миний бодлоор Н  эгчийн найз залууд зодуулж байхдаа энэ гэмтлийг авсан байх. Тэр ах толгой хэсэг рүү нь олон удаа цохисон.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80 дахь тал),  

Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мэдүүлсэн “...Баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, гэмтэл нь бичлэг дээрх үйлд явдлын улмаас мөн гэрч З ийн мэдүүлэг дээрх цлхиулаад хатуу гадаргуу дээр унах үед үүсэх боломжтой. ...Баруун чаммархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа гэмтэл нь хүнд, харин 2 нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, баруун хацар, уруулын доод хэсгийг хамарсан 2-р зэргийн түлэнхийн шарх, баруун чихний шарх, зүүн гарын алга, баруун гарын 1-р хурууны цахилгаан тэмдэгт гэмтэл нь хөнгөн гэмтэл үлдсэн нь гэмтлийн  зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-109 дэх тал),

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 1 дүгээр сарын 1 дүгээр сарын 07-ны өдрийн Дугаар 149 дүгнэлт “...Хохирогч Б.А  /РД: ............/-ын сэтгэцэд 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинж тэмдгүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 99-101 дэх тал),

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 33 дахь тал),

Нөхөн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 143-146 дахь тал),

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 133-136, 139-142 дахь тал),

Шүүгдэгч Г.Б  яллагдагчаар мэдүүлсэн “...2024 оны 4 сараын 05-ны өдөр манай найз охин Н  ажлынхаа хүмүүстэй 1 газар уулзахаар болж намайг орой ирээд аваарай гэж хэлсэн юм. Тэгээд би орой нь 1 дүгээр сургуулийн замын эсрэг талд  нэг пабын гадаа машинтайгаа очиж зогссон тэгээд хэсэг хугацааны дараа хохирогч А  манай найз охин, манай найз охины найз 3 гарч ирсэн. Тэгээд би машиныхаа цонхоор харахад тэр 3 үүдэнд нэг юм яриад зогсоод байсан тэгж байснаа А  нь буцаад паб руу орох гэхэд манай найз охин түүний найз 2 нь оруулахгүй гэж байгаа юм шиг үйлдэл гаргаад байсан. Тэгээд хоорондоо маргалдсан тэгэхэд Н  А ын куртикнээс нь зуурчихсан байсан чинь А  Н гийн гар руу цохисон. Тэгэхээр нь би машинаасаа бууж очоод эмэгтэй хүнийг яагаад байгаа юм бэ гэхэд Н  намайг салгаад явахаар болоод пабаас юм аа авах гээд ороход  дотор байсан хүмүүс бөөндөө явахаар болсон. Тэгээд бид бөөндөө гарч ирсэн. Би Н г аваад явж байхад Н гийн найз нь гэх хүн залгаад цуг явья намайг дөхүүлээд өгөөч гэж хэлсэн тэгээд буцаад пабын гадаа очсон. Тэгэхэд Н гийн цуг байсан найзууд нь цагаан өнгийн Приус-30 маркийн машинд А  нэг эрэгтэй, нэг эмэгтэйтэй байж байсан тэгээд Н  найзыгаа авах гээд тухайн машинд суусан. Тэр үед А  цуг байсан хүмүүстэйгээ муудалцаад чанга дуугаар орилоод байсан нэг хүнтэй учраа ольё гээд цонхийг нь нүдээд байсан би машин дотроосоо хараад байаж байсан тэгэхэд Н  эмэгтэй найзтайгаа гарч ирээд А ыг болиулах гэж оролдсон, чи одоо болчихсон байна гэртээ харь гэж хэлээд Н г өөрийнхөө машинд буцаагаад суулгасан тэгэхэд А  тэр хавьд байсан хүмүүс болон Н той хэрэлдээд над руу бас агсраад байсан би яг юу гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгээд надтай үзчихэе гээд байсан тэгэхээр нь би машинаасаа буугаад тэгье гэж хэлээд цаашаагаа явья гэсэн тэгээд А тай пабын зүүн талаар дагуулж явсан тэгээд бичлэг нь дээр харагдаж байгаа зүйлс болсон. Тэгсний дараа А ыг Н той цуг машиндаа суулгаад мөн цуг байсан найз З  бид 4 машинд суусан. Би А ыг эмнэлэг явья гэж хэлсэн. Тэгэхэд Алтаангадас сэргээд эмнэлэг явахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь цагдаа руу явья гэж хэлэхэд тэгье газар дээр нь асуудлаа шийдье гэж хэлсэн. Тэгээд би Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэс дээр очиход А  орохгүй гээд гэрт хүргээд өг гээд байсан юм. Тэгэхээр нь гэрийн хаягаа хэлчих гэхээр хэлэхгүй хамт байсан Зөнчилэг нь Халдвартад байдаг гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс буцаад зүүн 4 замаас халдварт тал руугаа явж байхад намайг энд буулгачих гээд байсан. Тэгэхээр нь З , А  2-ыг тэнд буулгаад явсан. ...Би А ын нүүрний шанаа хэсэг рүү нь зүүн гараараа 2 удаа, нүүр рүү нь 1 удаа өвдөглөсөн дараа нь хэвлий хэсэг рүү нь 1 удаа өвдөглөсөн, өөр цохиогүй. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-24 дэх тал) зэрэг болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б  нь хохирогч Б.А т эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Б  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд аливаа хэлбэрээр хүч хэрэглэн халдах нь хууль бус шинжтэй үйлдэл болохыг ухамсарласан /ердийн ухамсрын Т д хангалттай ойлгон ухамсарлах үүрэгтэй/ боловч түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлджээ.

 Шүүгдэгч Г.Б ийн үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Г.Б ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Г.Б ийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Б.А аас хавтаст хэрэгт хавсарган ирүүлсэн гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбогдох баримтуудыг шинжлэн судалж, танилцахад 1.960.120 /нэг сая есөн зуун жаран мянга нэг зуун хорь/ төгрөгийн баримтыг үнэлж хүлээн авах боломжтой байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Дугаар 149 тоот дүгнэлтээр Хохирогч Б.А  /РД: ............/-ын сэтгэцэд 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинж тэмдгүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэсэн дүгнэлт гаргажээ.

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай тогтоолын Дөрөв. Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн хоёрдугаар зэрэглэлд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор заажээ. Гэмт хэрэг үйлдэгдэн төгсөх цаг хугацаанд буюу 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сард 660.0 мянган төгрөгөөр тогтоожээ. Энэхүү нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож хохирогч Б.А ын сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг 8.573.400 /найман сая таван зуун далан гурван мянга дөрвөн зуу/ төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгч Г.Б  нь хохирогч Б.А ын эрүүл мэндэд, сэтгэцэд учирсан хохирол-хор уршгийг баримтаар тогтоогдсон дүнгээр нөхөн төлсөн байна.

Хохирогч Б.А аас цаашид хийлгэх эмчилгээний зардал, ажилгүй байсан үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж Иргэний хуульд заасан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Хохирогч Б.А аас хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжилснийг хүлээн авахаас татгалзав. Учир нь хохирогчоос өмгөөлөгчид төлөх хөлс нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал хамаарна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 161 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараахь зардлыг дор дурдсанаар тооцно гэсний 2.6.6. насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гэж заасан байна. Хохирогч Б.А  нь журмын дээрх заалтын шаардлага, хэм хэмжээг хэрэглэх урьдчилсан нөхцлийг хангасан хүн биш байх тул өмгөөлөгчийн хөлс, зардлыг олгох боломжгүй болно.

Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 158 дахь тал) авагдсан дүнгээр хохирогч Б.А  нь 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас 6.768.800 /зургаан сая долоон зуун жаран найман мянга найман зуу/ төгрөгийн хохирол учирсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг болон холбогдох хуульд заасныг үндэслэн шүүгдэгч Г.Б эс 6.768.800 /зургаан сая долоон зуун жаран найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж ............ хаягт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Г.Б  нь урьд  эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгүүлж байгаагүй. (хавтаст хэргийн 167 дахь тал) Иймээс шүүгдэгч Г.Б ийг урьдаас гэмт хэрэг үйлдэхээр төлөвлөсөн, бэлтгэсэн гэмт санаа зорилгогүй тухайн тохиолдолд шууд үүссэн санаатай гэм буруугийн хэлбэрээр хохирогч Б.А ын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хүнд хохирол учруулсан буюу  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Б.А ын хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх дүгнэв. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Г.Б д ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Г.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурьдах нь зүйтэй.

            Шүүгдэгч Г.Б ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Б ийг заавал нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулахгүйгээр түүнийг гэм буруутайд тооцож буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын сонгох санкцыг хэрэглэж 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжыг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

            Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтааар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалж, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б  /РД:............./-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Г.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б д сануулсугай.

5. Шүүгдэгч Г.Б эс 6.768.800 /зургаан сая долоон зуун жаран найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж .................. хаягт үйл ажиллагаа явуулах Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Шүүгдэгч Г.Б  нь хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсон хохирлыг хохирогч Б.А т төлж барагдуулсан, хохирогч Б.А  нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, ажилгүй байсан үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг Иргэний хуульд заасан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтааар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэгт хадгалж, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР