| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2022/00187/И |
| Дугаар | 183/ШШ2022/01323 |
| Огноо | 2022-05-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2022/01323
| 2022 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2022/01323 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ........... байрлах, улсын бүртгэлийн 0000, регистрийн 00 дугаартай, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, ...... тоотод оршин суух, регистрийн дугаар ЦД00000, Д овогтой Эр-ийн Ц,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум, ........ тоотод оршин суух, регистрийн дугаар ЕЮ0000, Б овогтой Г-ийн У нарт холбогдох,
Орон сууц хөлслөх гэрээний төлбөр, алданги, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын зардал нийт 25.103.203 төгрөг гаргуулах, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, хариуцагч Э.Ц-ын өмгөөлөгч Н.Д хариуцагч Г.У-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Э.Ц, Г.У нарт холбогдуулан Орон сууц хөлслөх гэрээний төлбөр, алданги, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын зардал нийт 25.103.203 төгрөг гаргуулж, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Снэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1 Хариуцагч Г.У нь манай компанийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Туул ван хотхон, 29 дүгээр байрны 0 тоотод байрлах, 125.52 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1.800.000 төгрөгөөр 12 сарын хугацаатай түрээсийн гэрээ хийж, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дахин 1 жилээр сунган амьдарч байсан. Одоо тус байранд Э.Цэрэнтогтох гэдэг хүн 2020 оны 12 дугаар сараас хойш амьдарч байгаа бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх түрээсийн төлбөр 20.700.000 төгрөг /11 сар 15 хоног/, түүний алданги 3.928.500 төгрөг, мөн цахилгааны төлбөр 17.928 төгрөг, орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөр 456.775 төгрөг /сарын тогтмол 41.525 төгрөг/, нийт 25.103.203 төгрөгийг гаргуулж, бусдын эзэмшлийн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа Э.Ц-ыг тус байрнаас албадан чөлөөлж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэг зүйл тодорхой болсон бөгөөд Г.У-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, харин Э.Ц-хын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлж, түүний ашиглалтын зардлыг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
2. Хариуцагч Э.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Ц миний бие СХХК-ийн нэхэмжлэлтэй түрээсийн төлбөр 25.103.203 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний найз Ц-ын танилцуулсан ТОСК-д ажилладаг гэх Э.С гэдэг эмэгтэй Хямдхан байр зарж байна. Ипотекийн 8 хувийн зээлд оруулж өгнө гэж хэлсэн. Би Э.С-ой танилцаад 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр банкнаас зээл авч байрны урьдчилгаа болох 29.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Э.С-ын 0000000 тоот дансаар 18.000.000 төгрөг, нийт 47.000.000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн. Би Э.С-той холбоо барьж Хан-Уул дүүрэг, 0 дүгээр хороо, Туул гол гудамж, Туул ван 29 дүгээр байр, 104 тоотод байрлах, 125.52 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцыг очиж үзсэн. Ингээд надад 8 хувийн зээл гаргаж өгнө гээд 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр орон сууцны түлхүүрийг өгсөн. Ипотекийн зээл удахгүй гарна гэж хэлсэн. Миний бие уг байрныг ипотекийн зээлээр авах сонирхолтой байсан. Би түлхүүрээ аваад байрандаа орох гэтэл тог усгүй байсан тул орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөр болох 1.112.400 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 000000 тоот А-ын дансанд төлж барагдуулсан. 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ус дулааны мөнгө болох 1.500.000 төгрөгийг төлсөн. Тог ус ирэхгүй удаад Э.С руу залгаж асуухад Бичиг баримт удахгүй гарна, хүлээж бай гэж хэлсэн. Харин 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байрандаа нүүж орсон. Энэ байртай холбоотой хэргийг Нийслэлийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гаргасан. Энэ байртай холбоотой хэргийг Нийслэлийн Цагдаагийн мөрдөн байцаах газарт өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа. Миний бие энэ шалгагдаж байгаа хэргийг эрүүгийн журмаар шийдвэрлэгдсэний дараа иргэний хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Хариуцагч Г.Уянга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр СХХК-ийн Туул ван байрны 104 тоотыг нэг жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Уг гэрээг хийх саналыг миний үеэл эгч болох Ц.С-ийн найз Э.С гуйсан болохоор гэрээ байгуулсан. Тухайн үед иргэний үнэмлэхтэйгээ явж байсан болохоор татгалзаагүй. Мөн тус гэрээг дахин сунгаж байгаагүй болно. Уг орон сууцанд би нэг өдөр ч амьдарч үзээгүй болно. Иймд орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний төлбөрийг Э.Солонго болон одоо амьдарч байгаа хүн хариуцах ёстой гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 353.670 төгрөг төлсөн баримт /хэргийн 2-3 дугаар тал/, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хэргийн 4 дүгээр тал/, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хэргийн 5 дугаар тал/, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 100 дугаар итгэмжлэл /хэргийн 6-8 дугаар тал/, С ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 9 дүгээр тал/, Синофийк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 10 дугаар тал/, ******* ХХК-ийн мэдэгдэх хуудас /хэргийн 11-18 дугаар тал/, 104 дүгээр байрны түрээсийн төлбөр, түүний алдангийн тооцоо /хэргийн 19 дүгээр тал/ зэргийг бүрдүүлсэн байна.
5. Хариуцагч Э.Ц-оос Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 38-39 дүгээр тал/, түүний Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 40-42 дугаар тал/, 2022 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 101/2022 дугаар хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 54-55 дугаар тал/ зэргийг ирүүлсэн.
6. Хариуцагч Г.У-аас 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 0046 дугаар итгэмжлэл /хэргийн 46 дугаар тал/-ийг ирүүлсэн.
7. Шүүхийн бүрдүүлсэн буюу Хаан банк ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 29/0000 дугаар албан бичиг /хэргийн 53 дугаар тал/, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 12/4-2220 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /хэргийн 56-58 дугаар тал/, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хохирогчийн эрх, үүрэг тайлбарласан хууль сануулсан баталгаа /хэргийн 59 дүгээр тал/, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 60-62 дугаар тал/, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 0000 дүгээр тогтоол /хэргийн 63-64 дүгээр тал/, мөн газрын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 00000 дугаартай тогтоол /хэргийн 65-66 дугаар тал/, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн яллагдагчид эрх, үүрэг танилцуулсан баримт болон яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хэргийн 67-69 дүгээр тал/, 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа, түүнээс авсан мэдүүлэг /хэргийн 70-71 дүгээр тал/ зэрэг баримт бүрдсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангах үндэслэлгүй хэмээн шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Манай компани нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 104 тоотод байрлах, 125,52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч бөгөөд тухайн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа Э.Ц-оос орон сууц чөлөөлүүлэх, орон сууцны ашиглалтын зардал болон хөлслөх гэрээний дагуу хөлс болон алданги 25.103.203 төгрөг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч Э.Ц Би тухайн байрыг Э.С-ос худалдан авахаар тохиролцож, нийт 47.000.000 төгрөг түүнд өгсөн, үлдсэнийг нь ипотекийн зээл гарахаар төлөхөөр тохиролцоод 2021 оны 8 дугаар сараас хойш тухайн байранд амьдарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Г.У Би маргаан бүхий байранд амьдарч үзээгүй, Э.Со-ын гуйлтаар бичиг баримтаа ашиглуулж түрээсийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү маргаанд Э.Солонго хариуцагчаар оролцох нь зүйтэй гэж тус тус маргасан.
3. Нэхэмжлэгч С ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 104 тоотод байрлах, 125,52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ү000000000000 тоотод бүртгэгдэж, өмчлөгч болсон, энэ талаар талууд маргаагүй.
Тэгэхээр нэхэмжлэгч нь хариуцагч Э.Ц-н хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх эрхтэй байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хариуцагч Э.Ц-хын хууль бус эзэмшлээс маргаан бүхий орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хариуцагч Э.Ц-ын өмгөөлөгч нь Тухайн байранд одоо Э.Ц амьдрахгүй байгаа гэх боловч энэ талаарх нотолсон баримтаа ирүүлээгүйгээс гадна нэхэмжлэгчид орон сууцны түлхүүргийг хүлээлгэн өгөөгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй байна.
4. Харин нэхэмжлэгч талаас орон сууц хөлслөх гэрээний дагуу жишиг үнэлгээгээр тухайн байршилд бусад байруудыг нэг сарын 1.800.000 төгрөг гээд нийт 11 сар 15 хоногийн хөлс 20.700.000 төгрөг, алданги 3.928.500 төгрөг, мөн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 456.775 төгрөг, цахилгааны төлбөр 17.928 төгрөг, нийт 25.103.203 төгрөгийг хариуцагч Э.Ц-оос гаргуулахаар шаарджээ.
Гэтэл нэхэмжлэгч СХХК нь тухайн орон сууцны өмчлөгчөөр 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэгдсэн, түүнээс өмнөх хугацаанд тухайн орон сууцны өмчлөгч, эзэмшигч байсан болохоо нотлоогүй, нөгөө талаар, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК болон хариуцагч Э.Ц нарын хооронд аман болон бичгийн хэлбэрээр Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч ******* ХХК нь орон сууц хөлслөх гэрээний жишиг үнэлгээгээр хөлс 20.700.000 төгрөг болон алданги 3.928.500 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй.
Түүнчлэн Орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 456.775 төгрөг, цахилгааны төлбөр 17.928 төгрөг хэмээн нэхэмжлэлд дурдсан байгаа боловч тухайн зардал хэдийгээс хэдий хугацааны төлбөр болох нь тогтоогдоогүй, сууц өмчлөгчдийн холбооны нэрийн өмнөөс тухайн зардлыг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй, ашиглалтын зардлыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С нь шүүх хуралдааны үеэр хариуцагч Г.У-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул шүүх хэргийн 4-5 дугаар талд авагдсан Байр түрээслэх, түрээслүүлэх гэрээ-ний талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
5. Хариуцагч Э.Ц нь Э.С-ой тохиролцон тухайн орон сууцыг худалдан авахаар мөнгө шилжүүлсэн бөгөөд энэхүү асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гээд холбогдох нотлох баримтыг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас гаргуулсан ба уг баримтаас үзэхэд иргэн Ж.Б, Э.С нар Э.Ц-ыг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх бөгөөд Э.Ц нь тухайн эрүүгийн журмаар өөрт учирсан хохирлоо гаргуулан авах боломжтой ба энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
6. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 0 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000000 дугаартай, 125,52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч Э.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хариуцагч Э.Цэрэнтогтохоос орон сууц хөлслөх гэрээний жишиг үнэлгээгээр нэг сарын 1.800.000 төгрөг, нийт 11 сар 15 хоногийн хөлс 20.700.000 төгрөг, алданги 3.928.500 төгрөг, мөн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 456.775 төгрөг, цахилгааны төлбөр 17.928 төгрөг, нийт 25.103.203 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц-оос 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч СХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж, 29 дүгээр байрны 104 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаарт бүртгэлтэй, 125,52 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч Э.Ц-ын хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.
2. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Ц-од холбогдох Орон сууц хөлслөх гэрээний жишиг үнэлгээгээр нэг сарын 1.800.000 төгрөг, нийт 11 сар 15 хоногийн хөлс 20.700.000 төгрөг, алданги 3.928.500 төгрөг, мөн орон сууцны дундын өмчлөлийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээний зардалд 456.775 төгрөг, цахилгааны төлбөр 17.928 төгрөг, нийт 25.103.203 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч С ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353.670 /гурван зуун тавин гурван мянга зургаан зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ц-хоос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С к ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Г.У-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА