| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/08048/И |
| Дугаар | 102/шш2017/00393 |
| Огноо | 2017-02-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 102/шш2017/00393
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарантуяа даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэйгээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...рын,
Хариуцагч: ...д холбогдуулан гаргасан,
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,176,740 /нэг сая нэг зуун далан зургаан мянга долоон зуун дөчин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч...., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д...., иргэдийн төлөөлөгч Ө.... нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Миний бие Баянгол дүүргийн ... тоот дахь 2 өрөө орон сууцыг өмчилдөг. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 22:30 цагт Д....ын өмчлөлд байдаг тус байрны 11 давхрын 55 тоот дахь 2 өрөө орон сууцны ванны өрөөний алчуур хатаагчаас ус алдаж, паркетан шал, таазны замаск, ханын обой зэрэг зүйлс их хэмжээгээр гэмтэж, манай орон сууцанд их хэмжээний хохирол учирсан. Миний бие “...” ХХК-иар хохирлын үнэлгээ хийлгэж, хохирлын хэмжээг тогтоолгосон. Тус компани хохирлын хэмжээг 1,126,720 төгрөг гэж тогтоосон. Мөн хохирлын үнэлгээ хийлгүүлсэн ажлын хөлс гэж 50,000 төгрөг төлсөн. Миний бие энэхүү 2 өрөө орон сууцыг зарж борлуулах төлөвлөгөөтэй байсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын эхээр миний бие засварын ажлыг хийж гүйцэтгэсэн ба нийт засварын зардал 1,180,000 төгрөг болсон. Миний зарж борлуулах гэж байсан 2 өрөө орон сууцыг гэмтээсэнд маш их гомдолтой байгаа. Би байраа худалдахаар гэрээ хийсэн байсан. Энэ ус алдсанаас болж манай байрыг худалдаж авах гэж байсан хүн больсон. Зарах гэж байгаа орон сууцыг маань гэмтээж хохирол учруулсанд маш их гомдолтой байна. Иймд Д....аас гэм хорын хохирол болох 1,126,740 төгрөг, хохирлын үнэлгээний ажлын хөлс болох 50,000 төгрөг, нийт 1,176,740 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д....а шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2014 оны 2 дугаар сарын 19-нд хөрөнгө оруулалтын гэрээг “...” ХХК-тай байгуулсан. 2015 оны 3 дугаар сард үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ авсан боловч энэ байранд хүн амьдраагүй, шинэ, зарах байр байгаа юм. Захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.9 дэх заалтын дагуу “...” ХХК нь улсын комисс ашиглалтад хүлээлгэж өгсөн өдрөөс 36 сарын баталгаа өгсөн ба ашиглалтын бус шалтгааны улмаас гарсан аливаа эвдрэлийг өөрийн зардлаар захиалагч талын шаардлагад нийцүүлэн засварлана гэсэн заалт байдаг. Мөн Монгол улсын Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилга байшингийн дутагдал, доголдлын талаар ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болох талаар ч заалт байдаг. Иймд гэм хорын хохиролд нэхэмжилсэн 1,176,740 төгрөгийг “...” ХХК-иас нэхэмжлэх эрх нь нээлттэй байна. “...” ХХК-ийн ус алдалтын гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлтээр алчуур хатаагч цоорсон гэдэг дүгнэлт гарсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.... шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Ус алдсан гэсэн мэдээллийг аван н....гийн эхнэр н....аас орон сууцны түлхүүрийг авсан байсан. Манай байранд хүн амьдраагүй, шинээрээ байсан байр юм. Ус алдсан гэсэн мэдээллийг байрны контор, СӨХ-ныхон түлхүүр авч “алчуур хатаагчаас ус алдсан байна солих шаардлагатай” гэсний дагуу манай дүү алчуур хатаагчийг сольж өгсөн. Тухайн үед би дүүтэйгээ хамт хөдөө байсан тул очиж чадаагүй. Бид ус алдсанаас болж нэхэмжлэгчийн байр ямар болсныг очиж үзээгүй. Хэргийн материалтай танилцаад, хохирол учирсныг харсан. Бид бас байрыг худалдаж аваад ороогүй, шинээрээ байсан. Алчуур хатаагчаас болсон бол барилгын компани хариуцах ёстой гэж хэлсэн. Нэгэнт хохирол учирсан байгаа тул үнэлгээн дээр маргахгүй. “...” ХХК-д очиж уулзахад, манай компани төлөх ёстой гэж амаар хэлсэн. Нэхэмжлэгч Ч....тай ярилцаад тохирохгүй байна гэж надад хэлсэн. Ус алдсаны улмаас зарах гэж байсан байранд нь хохирол учирсан болохоор нэхэмжлэгч анх орж уулзахдаа бухимдсан байх гэж бодож байна. Түлхүүрийг бол СӨХ-ноос орж авсан юм билээ. Бид орон сууцны гэрчилгээ гарсан боловч албан ёсоор байрыг хүлээж аваагүй, түлхүүрийг хүлээж аваагүй. Танайх байраа зарах гэж байгаа юм чинь асуудал үүсвэл бид орох шаардлагатай гээд бидэнд мастер түлхүүрийг өгөөгүй байсан. Хуулийн дагуу Д....ын нэр дээр энэ орон сууц байдаг тул цаг хугацаа сунжруулах шаардлагагүй, нэхэмжлэгчийн гаргасан хохирлыг барагдуулах ёстой байх гэж бодож байна. Бид дараа нь “...” ХХК-тай уулзаж хохирлоо барагдуулна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.... нь хариуцагч Д....ад холбогдуулан, ус алдсаны улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 1,126,740 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэсний хөлс 50,000 төгрөг, нийт 1,176,740 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д....а нь ус алдсан үйл баримтын талаар маргахгүй хүлээн зөвшөөрөх боловч хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тухайн орон сууц нь түүний өмчлөлийнх мөн боловч хүн амьдардаггүй, бусдад худалдахаар хадгалж байсан бөгөөд ус алдалт нь ашиглалтын улмаас бус, харин алчуур хатаагч цоорсны улмаас болсон учир тухайн барилгын ажлыг гүйцэтгэсэн байгууллага хариуцна гэж маргасан.
Маргааны зүйл болох Баянгол дүүргийн ... тоот дахь 2 өрөө орон сууц нь хариуцагч Д....ын өмчлөлийн, мөн байрны 48 тоот дахь 2 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Ч....ын өмчлөлийнх болох нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа болон Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар тогтоогджээ. /хх 15, 44/
Нэхэмжлэгч Ч.... нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч Д....ын оршин суух хаягийг Баянгол дүүргийн ... тоот хаягаар тодорхойлон гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь Хан-Уул дүүрэгт оршин суух байнгын хаягтай болох нь тогтоогдсон.
Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байвал нэхэмжлэлийг эд хөрөнгө нь байгаа газрын шүүхэд гаргаж болно” гэж заасны дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийн харьяалал зөрчөөгүй гэж үзнэ.
2016 оны 10 дугаар сарын 10-ны 22:30 цагт Баянгол дүүргийн ... тоот буюу хариуцагч Д....ын өмчлөлийн орон сууцны банны өрөөний алчуур хатаагчаас ус алдсаны улмаас нэхэмжлэгч Ч....ын өмчлөлийн дээрх байрны 48 тоот орон сууцанд хохирол учирсан болох нь зохигчдын тайлбар, Орон сууц нийтийн аж ахуйн “...” ХХК-ийн Ус алдалтын гэмтлийн шалтгааныг тогтоох дүгнэлтээр тогтоогдсон, улмаар нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд 1,126,740 төгрөгийн хохирол учирч, тийнхүү хохирлын үнэлгээ хийлгэхэд нэхэмжлэгч Ч.... нь 50,000 төгрөг төлсөн болох нь “...” ХХК-ийн “Хохирлын хэмжээ тогтоосон дүгнэлт”, фото зургууд болон төлбөр төлсөн баримт зэргээр тус тус тогтоогдсон байна. /хх 4-13, 21/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан бөгөөд хариуцагчийн зүгээс ус алдсан үйл баримтын талаар маргаагүй боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу Ч....ын эд хөрөнгөд гэм хор учирсан үйлдэлд хариуцагч Д....а нь өөрийгөө гэм буруугүй болохыг нотлоогүй байна.
Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ...аас 1,176,740 /нэг сая нэг зуун далан зургаан мянга долоон зуун дөчин/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Ч....т олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 32,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА
ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ
Х.ЭНХЗАЯА