Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/02222

 

 

 

 

 

 

 

 

 

  2022 о      05 с       12 ө

Дугаар           101/ШШ2022/02222

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...................-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................./-д холбогдох,

97,483,229 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х, хариуцагч А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалболд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хулан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А *******тай 2014 оны 05 сарын 8-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 55,000,000 төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд ..................................тоотод байрлах 200 м.кв хүнсний дэлгүүр, нийтийн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 596 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг тус тус барьцаалсан. А зээл авснаас хойш үндсэн зээлээс 17,035,479.77 төгрөг, үндсэн хүүнээс 18,071,201.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 463,202.34 төгрөг, нийт 35,569,883.23 төгрөг төлсөн байна. 2021 оны 12 дугаар сарын 6-ны байдлаар үндсэн зээл 37,964,520.23 төгрөг, үндсэн хүү 54,173,875.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,344,833.26 төгрөг, нийт 97,483,229.01 төгрөгийн зээл, зээлийн хүүний үлдэгдэлтэй байна. Зээлдэгч Агаас зээл, зээлийн хүүний төлбөрт 97,483,229 төгрөг гаргуулж *******анд олгож өгнө үү. Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ..................................тоотод байрлах 200 м.кв хүнсний дэлгүүр, нийтийн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 596 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.

Агийн нөхөр нь 2016 онд нас бараад сэтгэл санаагаар унаад, хүнсний дэлгүүрийг тодорхой хэмжээнд ажиллуулах гэж үзсэн байсан. Яагаад зээлээ төлөхгүй байна гэхээр Агийн газрыг дайруулаад улсаас барих гэж байгаа үерийн далан дайраад, зурагт ороод явна гэсэн самбар байсан. Улсаас мөнгө аваад зээлээ төлөөд хаана гэсэн бодолтой хариуцагч явж байсан. Тэр нь удаан хугацааны туршид 3-4 жил хүлээхэд далангийн ажил нь 2021 онд өөрчлөгдөөд Агийн газрыг дайралгүй өөр газраар явсан. Тэгээд Агийн хүлээсэн хүлээлт байхгүй болсон. Бид тодорхой хэмжээгээр хүлээсэн. Тэгээд уулын үерийн ус Агийн байшингаар орж ирээд байшингийн үзэгдэх байдал, байшингийн доодох нь хөгцөрсөн байдалтай, хоёр талдаа хугацаа алдсан нөхцөл байдал үүссэн. Гэхдээ А нь алга болоогүй, бид нартай байнга уулзаж нөхцөл байдлаа хэлж байсан. Аль аль тал нь улсын ажилд итгэсэн байсан. А өмнө нь *******анд ажиллаж байхдаа зээл авсан. Шүүх хуралдаанаас өмнө тодорхой нөхцөлөөр хүүгээс хасна гэж тохиролцсон байсан. Тэгж бодоод баримтуудаа шүүхэд авч ирсэнгүй. Уулзалтын тэмдэглэл, тухайн үед байгууллагад хандаж байсан зэрэг нотлох баримтууд хэргийн материалд байхгүй учир нотлох баримт гаргуулж өгөхөөр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэв.

 

Хариуцагч А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2011 онд  нөхрийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 6 дугаар гудамж, 2228 тоотод хашаа байшин аваад дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан. 2016 онд хэвийн зээлээ төлөөд явдаг байсан. 2016 оны 01 сард нөхөр нас бараад үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод би зарах шийдвэрт хүрч байсан. Тэр үед үл хөдлөх хөрөнгөө зарж банкны зээлээ төлөх гэхэд тухайн үед үерийн далан явна, танайх газарт орж байгаа юм байна гэдэг яриа яригдаж, манай хажуу талд самбар байрлуулж зарахад саад учруулсан. Үерийн далан барихыг нь хүлээсэн. Үерийн далан 2018 оны 05 дугаар сард хийгдээд 2019 онд дуусах ёстой гэсэн байсан. Тус ажил 4-5 жил хүлээлгэсэн. Хүлээсний эцэст 50.000.000 төгрөгийн зээлийн хүүгийн өрөнд оруулсан байна. Би яагаад ажил явагдахгүй байна вэ гэж хандаад 3 хариу бичиг авч байсан. Танай 250 м.кв чинь үерийн далангийн зурваст орсон байна. Нөхөн олговор өгнө гэж 3 удаа бичгээр хариу өгч байсан. 2021 оны 05 дугаар сард тус ажил хийгдэж эхлэхэд манай газрыг тойруулаад тус ажил хийгдсэн. Хөрөнгө мөнгөний асуудлаас болоод танай газар газарт орох боломжгүй болсон гэсэн. Тэгээд гараа зарах болоход тэр үерийн далангаа барихдаа манайх уруу уулаас бууж ирж байгаа ус нь манай хашаа уруу цутгаж орж ирэхээр хийгээд, өнгөрсөн зун гэхэд 3 удаа ус орж ирсэн. Одоо байшингаа заръя гэхээр хана нь хөгцөрсөн хүн амьдрах шаардлагагүй болсон гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байдаг. Зээлийн хүүгийн цаг хугацаа, мөн үл хөдлөх эд хөрөнгөөр хохирч байна. *******анд өөрийн буруугаас болж дээрх нөхцөл байдал үүссэнгүй, хүүг нь бууруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Төрийн ажлаас болоод би үл хөдлөх хөрөнгөөрөө хохирч байна. Хүүг нь бууруулж өгнө үү...” гэв.

 

 

Шүүхэд болон шүүх хуралдааны үед зохигчдын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХКхариуцагч А-дхолбогдуулан “үндсэн зээлд 37,964,520.23 төгрөг, хүүд 54,173,875.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,344,833.26 төгрөг, нийт 97,483,229 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч тал “нэхэмжлэгч тал хүүгийн төлбөрөөс 20,000,000 төгрөгийг хөнгөлнө гэсэн, манай газрыг үерийн далангийн зориулалтаар улс худалдан авна гэсэн боловч аваагүйгээс хүү их хуримтлагдсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 20 сая төгрөгийг зөвшөөрөхгүй гэж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн Төв салбар 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 55,000,000 төгрөгийг хариуцагч А, хамтран зээлдэгч Б нарт 60 сарын хугацаатай, сарын 1.9 хувийн, жилийн 22.8 хувийн хүүтэйгээр зээлж, зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-11-15/

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Зээлдүүлэгч Т ХХК зээлдэгч А, Б нартай байгуулсан зээлийн гэрээний дагуу Агийн *******ны 340004022777 тоот дансанд 2014.05.09-ний өдөр 55,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь   зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.

 

Зээлдэгч А үндсэн зээлд 17,035,478 төгрөг, хүүд 18,071,201 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 463,202 төгрөг, нийт 35,569,883 төгрөг төлсөн болох нь зээл, хүүгийн тооцооны хуудсаар тогтоогдож байна.

 

Зээлдэгч Агийн хамтран зээлдэгч буюу нөхөр Б 2016 оны 01 сарын 26-ны өдөр нас барсан болох нь зохигчийн тайлбар, нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

.............. дугаарт бүртгэлтэй, ..................................тоотод байрлах 200 м.кв хүнсний дэлгүүр, нийтийн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах ............ дугаарт бүртгэлтэй 596 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг А өвлөж авсан болох нь 2021 оны 5 сарын 21-ний өдрийн Нийслэлийн тойргийн нотариатч Ш.Алтайгийн өвлөх эрхийн 26, 27 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.

 

Зээлийг 2014.06.20-ны өдрөөс 2019.05.08-ны өдрийн хооронд 60 сарын хугацаанд сар бүр төлөх хуваарьтай байсан байх ба 2017 оны 7 дугаар сараас зээлийг төлөх үүрэг зөрчигдөж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, зээл, хүүгийн тооцооны хуудсаар тогтоогдож байх ба зээлийг төлөх үүрэг зөрчигдсөнөө хариуцагч ....нөхөр нас барж, дэлгүүрийн үйл ажиллагаагаа ганцаар явуулах боломжгүй болсон... гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6-д “Үүрэг гүйцэтгэгч төлбөрийн чадваргүй болсон буюу үүргийн гүйцэтгэлийг хангах эд хөрөнгийн хэмжээ багассан, эсхүл эд хөрөнгөгүй болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь энэ хуулийн 208.4-т заасан хугацаанаас өмнө үүргээ нэн даруй гүйцэтгэхийг түүнээс шаардах эрхтэй” гэж заажээ.

Зээлдэгч Агийн хамтран зээлдэгч буюу нөхөр нас барж, 2017 оны 7 сараас хойш үүрэг гүйцэтгэгч А төлбөрийн чадваргүй болсон талаар *******анд удаа дараа хүсэлт гаргаж, хугацаа олгож байсан болох нь зохигчийн тайлбар, хэргийн нөхцөл байдлаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч тал хугацаа олгож байсан талаар маргаагүй.

Зээлдэгч Агийн хамтран зээлдэгч буюу нөхөр Б 2016 оны 1 сард нас барж, зээлийн гэрээний үүрэг 2017 оны 7 сараас зөрчигдөж эхэлсэн, гэрээний хугацаа 2019.05.08-ны өдөр дуусахад зөрчил арилаагүй байхад нэхэмжлэгч тал зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээл, хүүг шаардах эсхүл зээлийн гэрээ дуусахад зээлийн гэрээний үүргийг шаардах боломжтой байсан байна.

Гэрээний хугацаа дууссан 2019.05.09-ний өдрөөс нэхэмжлэл гаргасан 2021.12.06-ны өдөр хүртэл 2 жил 7 сарын хугацаанд нэхэмжлэгч шүүхэд хандаагүйгээс хүүд 22,363,079 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 3,371,474 төгрөг, нийт 25,734,553 төгрөг нэмэгдсэн болох нь зохигчийн тайлбар, зээл, хүүгийн тооцооны хуудсаар тогтоогдож байна.

 

Зээлдүүлэгч  “үүрэг гүйцэтгэгч Аг төлбөрийн чадваргүй болсон”-ыг мэдсээр байж түүний ...газраа төрд зараад төлнө... гэх хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл 1 жил 10 сар, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 7 сарын хугацаанд тус тус нэхэмжлэл гаргаагүй *******ны үйлдэл зээлдэгчийн төлөх хүү, нэмэгдүүлсэн хүү нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

 

Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэхэд үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй үйлдэл нөлөөтэй гэж үзэхээр байх тул зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хуримтлагдсан хүү 22,363,079 төгрөгийн тавин хувь болох 11,181,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,371,474 төгрөгийн тавин хувь болох 1,685,737 төгрөг, нийт 12,867,277 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэв.

 

Хариуцагчийн ...төр газрыг авна гээд аваагүй... гэх тайлбараар хариуцагчийг 20 сая төгрөгийн хүүгээс чөлөөлөх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч тал 20 сая төгрөгөөр хүүг бууруулах хүсэл зориггүй, нөхцөл зааж эвлэрэх, хариуцагчийн зөвшөөрлийг нэгэн зэрэг шийдвэрлэх хуулийн зохицуулалтгүй, энэ талаар 2022.03.21-ний өдрийн 6738 дугаартай шүүгчийн захирамжид тодорхой бичсэн болно.

 

Иймд хариуцагч Агаас үндсэн зээлд 37,964,520 төгрөг, үндсэн хүүд 31,810,797 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,973,359 төгрөг, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш бодогдсон хүүд 11,181,540 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,685,737 төгрөг, нийт 84,615,953 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс хэтрүүлсэн хугацааны зээлийн хүүд нэхэмжилсэн 11,181,539 төгрөг, хэтрүүлсэн хугацааны нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 1,685,737 төгрөг, нийт 12,867,276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох ............ дугаарт бүртгэлтэй, ..................................тоотод байрлах 200 м.кв хүнсний дэлгүүр, нийтийн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах .......... дугаарт бүртгэлтэй 596 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 84,615,953 төгрөгийг гаргуулж, ******* ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Агийн зээлийн төлбөрийг хойшлуулах хугацаа олгох талаарх хүсэлт, бусад баримт гаргаж өгье, эвлэрнэ гэж бодоод авч ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү.. гэсэн хүсэлтээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, энэ заалтыг хэрэгжүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.6, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-гаас 84,615,953 /наян дөрвөн сая зургаан зуун арван таван мянга есөн зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлээс 12,867,276 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч А үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох ........... дугаарт бүртгэлтэй, ..................................тоотод байрлах 200 м.кв хүнсний дэлгүүр, нийтийн байрны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах ......... дугаарт бүртгэлтэй 596 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 84,615,953 төгрөгийг гаргуулж, Т  ХХК-д олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 715,567 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А-гаас 651,229 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                                    Д.БАТЦЭЦЭГ