Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/376

 

 

 

 

 

      2021          04            13                                          2021/ДШМ/376    

 

А.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Өнөрбаяр,

шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор А.Б-т холбогдох эрүүгийн 2006000002614 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

А.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн гудамжинд өөрийн төрсөн ах Ц.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний хоёр гарны дал болон мөр хэсэгт хуучин шонгийн модоор, мөн толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, А.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгчийн хувьд зүйлчлэлийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байгаа. Шүүгдэгч, хохирогч нар нь үл ойлголцсоны улмаас харилцан зодолдож эхэлсэн бөгөөд ийнхүү зодолдох явцдаа шүүгдэгч нь чулуу хэрэглэсэн тухайгаа мэдүүлсэн. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээрт ''зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” хэмээн дүгнэсэн ба тодорхойлох хэсэгт /шийтгэх тогтоолын 6 дугаар тал/ зөвхөн “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэнэ гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно” гэж тодорхойлсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” тохиолдолд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан. Уг зохицуулалтаас үзвэл нэг бол “зэвсэг” хэрэглэсэн, эсвэл “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэсэн тохиолдолд хүндрүүлж зүйлчлэхээр байна. Гэтэл анхан шатны шүүх 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын “тусгайлан бэлтгэсэн” гэдэгт үндэслэл бүхий тайлбар хийхгүйгээр зөвхөн “зэвсгийн чанартай зүйл” хэрэглэсэн хэмээн үзсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэхийн тулд гэмт хэрэг үйлдэгч этгээд нь хүний биед гэмтэл учруулахаар зориудаар тусгайлан бэлтгэсэн, урьдаас засаж тохируулсан, тааруулсан байх шинжийг агуулж байна. Мөн тухайн бэлтгэсэн, тохируулсан, тааруулсан зүйл нь тодорхой иж бүрдэлтэй, бүтэцтэй, аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл байхаар байна. Ийнхүү зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйл /хууль ёсны зарчим/-ийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэсэнтэй зөрчилдөж байгаа ба “зэвсгийн чанартай зүйл” гэснийг “тусгайлан бэлтгэсэн" хэмээн тодотгон хуульчилснаас салгаж хэрэглэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтын “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэсэн өгүүлбэрт байгаа бүх шинжийг нэгэн зэрэг хангасан үйлдэл байгаа тохиолдолд ийнхүү зүйлчлэхээр хуульчилсан. Харин А.Б-т холбогдох эрүүгийн хэргийн хувьд харилцан зодолдох үйлдлийн явцад гарт баригдсан зүйлээрээ цохих үйлдэл хийснийг “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” хэрэглэсэн гэж үзэх боломжгүй юм. Тухайн гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй маргааны улмаас үүссэн байх бөгөөд дээр дурдсан тодорхойлолт, хүндрүүлэн зүйлчлэх шинжийн алийг нь ч хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, А.Б-т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зүйлчилж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Өнөрбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч хохирогчийн зулай хэсэгт чулуугаар цохиж хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шүүх тухайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж хүндрүүлж зүйлчилж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно. Эд зүйл, хэрэгсэл гэдэгт бороохой, ташуур, мод, төмөр, чулуу, шил, зодооны хэрэгсэл, бүх төрлийн химийн шингэн ба хатуу бодис гэх мэт эд зүйлийг ойлгоно гэж тайлбарласан. Ийм учраас тухайн чулуу эд зүйл гэсэн нэр томьёонд багтах тул шүүгдэгч А.Б-ыг тусгайлан бэлтгэсэн эд зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч А.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Хар усан тохойн гудамжинд өөрийн төрсөн ах Ц.Б-тэй “түрийвч, иргэний үнэмлэх, виза карт хулгайллаа” гэх шалтгааны улмаас маргалдан түүний хоёр гарны дал болон мөр хэсэгт хуучин шонгийн модоор, мөн толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б-ийн “...Ц.Б- миний хамгийн том ах. Одоо нэг үеэ бодвол бага зэрэг сайжирсан. Одоо А.Б-ын гэрт хэвтэрт байгаа. Ах ухаантай, дөрвөн мөч бага зэрэг хөдөлдөг, тэгэхдээ ярьж чадахгүй байгаа. Эмч хэл яриа ороход цаг хугацаа орно гэж хэлсэн. ...А.Б-т ямар ч гомдол саналгүй, оногдуулсан хорих ялыг багасгаж өгнө үү. ...” /хх 21/,

гэрч О.Наранцэцэгийн “...Б-, Б- хоёр “гэр лүүгээ харилаа” гээд явсан. Араас нь О “Б-ийн эхнэрийг гэрт нь хүргэж өгчихөөд ирлээ” гэж орж ирээд “Б-оо, сая ах Б-тэй муудалцаад ахыгаа цохичихлоо” гэж хэлсэн. ...” /хх 24-25/,

гэрч Б.А-ийн “...Б- ахын дүү Б- гэдэг залуу орж ирээд “та яагаад намайг сэгсэрч байгаа юм” гэж хэлээд Б- ахыг заамдаж авсан чинь О “хоёулаа уулзъя” гэж дагуулж яваад Б-т утсыг нь гаргаж өгч байсан. ...19 цаг 20 минутын үед А.Б- гэдэг залуу ахыгаа куртикнээс нь заамдаад гарч явсан. Удаагүй Б-ийн охин, Б-ын хүү хоёр орж ирээд ээж рүүгээ “архичин, балай авгай минь архиндаа живж үхээрэй, нөхөр чинь тэнд хүнд алуулж байна” гэж хэлээд гарч явсан. ...” /хх 26-27/,

гэрч Ц.У-ийн “...шөнө Б- ахын хүү, охин орж ирээд “аав энэ хашааны энд хүнд зодуулсан байна” гэхээр нь би хувцсаа өмсөөд Ц.Б- ахын гэр лүү ороход Ц.Б- ухаангүй, толгойноос нь цус их гарсан байдалтай орон дээрээ хэвтэж байсан. ...Харин маргааш өглөө нь А.Б- над руу залгаад “би Ц.Б- ахыг зодсон юм шиг байна, цагдаа дээр очиж мэдүүлэг өгнө, одоо ахын бие ямар байна” гэж асуугаад утсаа салгасан. ...” /хх 33-35/,

А.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн ах Ц.Б-ийг зодож биед нь хүнд гэмтэл учруулсандаа маш их харамсаж байна. ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /хх 74/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Ц.Б-ийн биед баруун зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт /хх 44-45/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 2-13/, 1 метр 50 см-ын урттай модон шон 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон чулуу 1 ширхэгийг түр хураан авч эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 14, 16/ зэрэг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

Харин хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч А.Б-ын үйлдэлд хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэх шинж тогтоогдохгүй байхад дээрх шинжээр хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарах ойлголтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт заасан агуулгаар ойлгож хэрэглэх бөгөөд тухайн тайлбарт “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэжээ. Өөрөөр хэлбэл зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь анхнаасаа иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулахаар байна.

Шүүгдэгч А.Б-ын “...хохирогч бид хоёр зодолдсон гудамж чулуу ихтэй байсан. Би хохирогчийн толгой хэсэгт нь чулуугаар нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг /хх 68/, 1 метр 50 см урттай модон шон 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон чулуу нэг ширхэгийг тус тус эд мөрийн баримтаар тооцон хураан авсан тэмдэглэл зэргээс үзэхэд хохирогчийн толгой руу цохисон чулуу нь анхнаасаа иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, зориулалттай хийгдээгүй, түүнийг шүүгдэгч тусгайлан бэлтгээгүй, өөрөөр хэлбэл чулуу нь иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, хэрэгсэл биш төдийгүй хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл биш тул шүүгдэгч А.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилснийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, тухайн зүйлд зааснаар шүүгдэгч А.Б-т гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, анх удаа гэмт хэрэгт холбогдож, гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн санал хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1 жил 6 сарын хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 Энэ талаар шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч А.Б- 29 хоног цагдан хоригдсоныг 30 хоног гэж  буруу тооцсоныг зөвтгөж шийдвэрлэв.

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн “...хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч А.Б-ын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 90 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч Б-ыг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...”,

2 дахь заалтад “...А.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...А.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Б-т оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Б-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэж,

4 дэх заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Б-ын цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Б-ын цагдан хоригдсон 29 /хорин ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б- нь 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт 90 /ер/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН