Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 102/шш2017/00314

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймааг суулган, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ...ны,

            Хариуцагч: ...д холбогдуулан гаргасан,

            Сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардалд 364,373 /гурван зуун жаран дөрвөн мянга гурван зуун далан гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч М.... оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч “...” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хорооллын 11А байрны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээг манай СӨХ хариуцаж үйл ажиллагаа явуулж байгаа билээ. М.... нь өөрийн амьдарч байгаа орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, цахилгаан, лифт, цэвэрлэгээ үйлчилгээ, бусад зардалд зарцуулах төлбөрөө 2014 оны 5, 6 дугаар сар, 2015 оны 2-12 дугаар сарууд, 2016 оны 1-7 дугаар саруудын төлбөрөө төлөхөөс санаатай зайлсхийсэн. Иргэний хуулийн 147.1, 148.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй, СӨХ-ны төлбөрөө цаг хугацаандаа төлж байгаа оршин суугчдыг хохироож завшиж байгаа тул М.... нь төлөх ёстой 364,373 төгрөгийг “...” СӨХ-нд олгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч М.... шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ..тай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийж, Худалдаа хөгжлийн банкнаас 8 хувийн зээлээр тус үл хөдлөх хөрөнгийг худалдаж авсан бөгөөд 4 дүгээр сарын 20-нд нүүн ирж, тус орон сууцанд амьдарч эхэлсэн. Тийм учраас 2014 оны 5, 6 дугаар сар, 2015 оны 2-12 дугаар сарууд, 2016 оны 1-4 дүгээр саруудын төлбөрийг “...” СӨХ нь М....аас нэхэмжлэх нь зөв гэж үзэж байна. Би өөрийн амьдарсан хугацааны СӨХ-ны төлбөрийг төлөх гэтэл өмнөх өмчлөгч М.... нь дээрх саруудын төлбөрийг төлөөгүйн улмаас төлбөр төлж чадаагүй. Би өөрийн амьдарсан хугацааныхаа СӨХ-ны төлбөрийг төлнө, өмнөх өмчлөгчөөс энэ төлбөрөө шаардахыг СӨХ-нд мэдэгдсэн. М.... нь СӨХ-ны төлбөр төлөгдөөгүй байрыг намайг хуурч мэхлэн зарсан учраас би өөрөө хайж олоод төлбөрөө төлөхийг шаардсан байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “...” СӨХ нь хариуцагч М....ас дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын 2014 оны 5, 6 дугаар сарын төлбөр 26,337.6 төгрөг, 2015 оны 2-12 дугаар сарын төлбөр 166,856.8 төгрөг, 2016 оны 1-7 дугаар сарын 171,178.6 төгрөг, нийт 364,373 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч М.... нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 5-7 дугаар сарын СӨХ-ны төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч, дээрх хугацаанаас өмнө амьдраагүй учир бусад төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.

            “...” СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 192 дугаар гэрчилгээгээр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэж, Ч....г СӨХ-ны гүйцэтгэх захирлаар 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тогтоолоор улируулан томилсон байх тул шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхтэй байна. /хх 3, 4/

            Хариуцагч М.... нь Баянгол дүүргийн ... тоотод оршин суудаг болох нь зохигчийн биеийн байцаалт болон түүнийн тайлбараар тогтоогдсон.

            Гэвч тэрээр маргаан бүхий орон сууцыг 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр худалдан авч, 7 дугаар сарын 06-ны өдрөөс шилжин ирсэн болох нь зохигчийн тайлбар, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, М....ын иргэний үнэмлэх, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Шилжин ирсэн тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх 18, 20/

            Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “... орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна...” гэж, мөн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д “... сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй...” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 5,6 дугаар сар, 2015 оны 2-12 дугаар сар, 2016 оны 1-4 дүгээр саруудад хариуцагч М.... нь уг орон сууцанд амьдраагүй буюу өмчлөгч биш байсан болох нь баримтаар тогтоогдсон тул дээрх хугацааны СӨХ-ны дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээний хуримтлалын төлбөрийг төлөх үндэслэлгүй байна.

Харин хариуцагчийн зүгээс 2016 оны 5-7 дугаар сарын төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул уг хугацааны СӨХ-ны төлбөр 45,506 төгрөгийг нэхэмжлэгч “...” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 318,867 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “...” СӨХ-ны гүйцэтгэх захирал Ч....д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн хүсэлтээр хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...ас дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний 2016 оны 5-7 дугаар сарын төлбөрт 45,506 /дөчин таван мянга таван зуун зургаан/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “...” СӨХ-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 318,867 /гурван зуун арван найман мянга найман зуун жаран долоон/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шүүхийн шийдвэрийг 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА