2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2025/ШЦТ/941

 

 

 

 

 

 

 

  2025        04          15                                    2025/ШЦТ/941

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Е” танхимд Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор М.Билгүүтэй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган,  

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч Ц.Х , түүний өмгөөлөгч Н.Нармандах нарыг оролцуулан 2506 00648 0250 дугаартай хэргийг 2025 оны 3 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц. Х  /РД:Ц /, Монгол Улсын иргэн, .............. өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өмнөговь аймгийн Номгон сум 4 дүгээр багт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Дугаар 2020/ШЦТ/......... тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Х  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо офицерийн замд “Toyota Mark-II” загварын 00-00 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Х  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драгер багажийн үр дүнг илтгэсэн хэвлэмэл хуудас шүүгдэгч Ц.Х ын жолоодох эрхийн лавлагаа, Өмнөговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн Дугаар 2025/ЗШ/79 шийтгэвэрийн хуулбар, шүүгдэгч Ц.Х  яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, хор уршигтай холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

            Шүүгдэгч Ц.Х  нь шүүх хуралдаанд оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон байна.

Шүүгдэгч Ц.Х  нь урьд Өмнөговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн Дугаар 2025/ЗШ/79 шийтгэвэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 14-ны өдөр 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо офицерийн авто замд “Toyota Mark-II” загварын 00-00 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан (ДР:2.03%) үедээ жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай, бүрэн, хөдөлбөргүй, эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 24-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, драгер багажийн үр дүнг илтгэсэн хэвлэмэл хуудас (хавтаст хэргийн 1-5 дахь тал),

Шүүгдэгч Ц.Х ын жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 6 дахь тал),

Өмнөговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн Дугаар 2025/ЗШ/79 шийтгэвэрийн хуулбар (хавтаст хэргийн 17-20 дахь тал),

Шүүгдэгч Ц.Х  яллагдагчаар мэдүүлсэн “...Би тухайн өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүрэг Жуковын ойролцоо найзындаа 3 лааз пиво уусан тэгээд өрийн эзэмшлийн Т.Марк 2 загварын 00-00 ӨМА дугаартай автомашиныг жолоодоод офицеруудын ордон орохоор явж байхад тойрог хэсэгт цагдаа нар намайг зогсоож шалгасан. Тэр үед 18 цаг орчим болж байсан санагдаж байна. Тэгээд драггер үлээхэд 2.03 хувийн согтолттой гэж гарсан”  гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Х  нь Өмнөговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн Дугаар 2025/ЗШ/79 шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар торгох шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2025 оны 1 дүгээр сарын 21-ны өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 21-ны өдрийн хооронд 1 жилийн хугацаагаар хасуулж шийтгүүлсэн байна.  

Шүүгдэгч Ц.Х  нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно гэсний а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж заасныг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хууль тогтоогчийн хийсэн тайлбараар согтуурсан гэдэг ойлголтыг “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тайлбарлажээ.

Эрх бүхий албан тушаалтан жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд шүүгдэгч Ц.Х ийн согтуурлыг 91102161 сериал дугаар бүхий драггер багаж ашиглан шалгахад 2.03% гэсэн тоон үзүүлэлтийг илтгэсэн нь амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промилл (%) гэснээс өндөр буюу согтуурсан болохыг нотолжээ.

Шүүгдэгч Ц.Х  нь урьд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтанд зааснаар торгуулийн шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, энэ хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох нь илэрхий ойлгомжтой, мөн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг бүрэн ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэрээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан тээврийн хэрэгслийн жолооч нь хохирол, хор уршиг бий болгохыг хүсээгүй, харин тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж буй үйлдлээ ухамсарлан мэдэж үйлддэг буюу болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй байдаг бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдлийн улмаас хохирол, хор уршиг бий болсон байхыг шаардахгүй тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна. Иймээс шүүгдэгч Ц.Х ыг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

Шүүгдэгч Ц.Х ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Х ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

            Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Х  нь бусдад төлөх төлбөргүй байна.

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ нь согтуурсан хүн тээврийн хэрэгсэл жолоодох нь орчны баримжаа алдагдах, жолоочийн самбаачлах чадвар, хугацааг эрс бууруулах, тийм чадваргүй болгох зэргээр зам тээврийн ноцтой осол гарах, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах үндэслэл болдог байдлаар тодорхойлогдоно.

            Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Ц.Х  нь урьд гэмт хэрэгт холбогдож ял шийтгэл эдэлж байгаагүй (хавтаст хэргийн 21 дэх тал) боловч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон болох нь хэнд ч тэр илэрхий ойлгомжтой боловч цагдаагийн албан хаагч илрүүлж, үйлдлийг таслан зогсоох хүртэл удааширсан үйлдлээр гэмт хэргээ үргэлжлүүлж байгаа нь тохиолдлын шинжтэй гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүгдэгч Ц.Х  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ц.Х ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, улсын яллагчийн санал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялын хугацааг түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссаны дараа тоолж эхлэхээр тогтов.

            Шүүгдэгч Ц.Х т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

            Шүүгдэгч Ц.Х  нь нь урьд шүүхийн шийдвэрээр согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлдээ торгох шийтгэл хүлээж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан боловч энэхүү хууль зөрчсөн үйлдлээ ухамсарлахгүйгээр дахин 24 хоногийн дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үед нь цагдаагийн алба хаагч илрүүлсэн, Эрүүгийн хуульд хүний амьсгалд агуулагдах спиртын агууламж 0.20 промилээс дээш байгааг согтуурсан гэж үзэхээр хуульчилсан байхад шүүгдэгч Ц.Х  нь урьд 2.45%, гэмт хэрэг үйлдэх үедээ 2.03% гэх зэргээр хүнд зэргийн согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байгаа нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээлгэсэн үүргийг биелүүлдэггүй, хориглосон заалтыг зөрчиж байгаа үйлдээ таслан зогсоох, хууль зөрчихгүй байх талаар ухамсарлан ойлгохгүй байгааг харуулж байна гэж үзлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч Ц.Х  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Х  /РД:Ц /-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Шүүгдэгч Ц.Х т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х т оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн хугацааг түүнд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Ц.Х  нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Х ыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болтол шүүгдэгч Ц.Х т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР