Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 142/ШШ2020/00481

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ГБ ХХК

Хариуцагч: Б.Б,

Хариуцагч: А.О

Зээлийн гэрээний үүрэг 16 879 708.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагч бөгөөд хариуцагч Б.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мичидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б овогтой Б /АЭ:№ /, А овогтой О /ФВ:№/ нар нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр № тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 17 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэй цалингийн зээлийг авсан болно. Б.Б нь ажлаас гарч цалингийн орлогогүй болсон шалтгааны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байгаа юм. А.О нь Жаргалант сумын Бүрэн дунд сургуульд бага ангийн багш албан тушаалд ажилладаг. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар тус цалингийн зээл нь 204 өдрийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 15 650 936.35 төгрөг, хүү 1 217 702.76 төгрөг, торгуулийн хүү 11 069.01 төгрөг нийт 16 879 708.12 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа болно. Хариуцагч нарт зээл дуудах мэдэгдэл хүргүүлсэн боловч ахиц гараагүй тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлтэй. Иймд Б.Б , А.О нараас зээлийн үлдэгдэл, хүүгийн төлбөрт нийт 16 879 708.12 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагч А.О шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б овогтой Б , А овогтой О бид хамтран 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Голомт банкнаас 17 000 000 төгрөгийн цалингийн зээлийг 60 сарын хугацаатай авсан бөгөөд уг зээлээ хугацаанд нь төлж байгаад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаасаа халагдаж үүнээс хойш буюу сүүлийн 6 сард зээлээ төлж чадаагүй болно. Голомт банкнаас нэхэмжилж байгаа энэхүү 16 879 708.12 төгрөгийг бүхэлд нь одоо төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь уг зээл 60 сарын хугацаатай бөгөөд 2024 онд хугацаа нь дуусах болно. Харин график зөрчсөн төлөгдөөгүй мөнгийг төлж цаашид графикийн дагуу зээлээ төлөх хүсэлтэй байна. Б.Б нь ажилд орсон тул цалингаа авч, зээлээ төлж байх болно гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний Орхон салбар нь хариуцагч Б.Б , А.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 16 879 708.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрөө төлөөд гэрээний хуваарьт заасны дагуу зээлээ үргэлжлүүлэн төлөх хүсэлтэй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцэж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.

Голомт банк зээлдэгч Б.Б , А.О нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр № дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулагдан 17 000 000 төгрөгийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан байх ба уг гэрээ байгуулагдсан хийгээд мөнгөн дүнгийн талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээтэй ба зээлдэгч Б.Б ажлаасаа халагдсаны улмаас зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн эргэн төлөлтийн хуваариа зөрчсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч Голомт банк шаардах эрхтэй.

Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн нь нотлогдож байгаа хэдий ч банкнаас зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар тайлбарлан нэмэлт хугацаа тогтоон зээл төлөх мэдэгдэлийг хүргүүлсэн гэх боловч хариуцагч Б.Б мэдэгдлийг хүлээн аваагүй, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдэлд хэдний өдрийн дотор үүргээ гүйцэтгэх нь тодорхойгүй, 2019 оны 12 дугаар сарын 10-ны дотор үүргээ гүйцэтгэх тухай мэдэгдлийг хэзээ хүргүүлсэн нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхгүй байна.

Иймд хариуцагч Б.Б , А.О нараас зээлийн хугацаа хэтэрсэн төлбөрт нийт 1 942 557.13 төгрөг / үндсэн зээлийн төлбөрт 713 785.36 төгрөг, хүүний төлбөрт 1 217 702.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 11 069.01 төгрөг/ гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 937 150.99 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Хариуцагч нар зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс үр дагавар үүсгэж дахин нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 241 898.55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 46 030.91 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б , А.О нараас хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрт нийт 1 942 557.13 төгрөг /нэг сая есөн зуун дөчин хоёр мянга таван зуун тавин долоон төгрөг, арван гурван мөнгө/ гаргуулж, нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний Орхон салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14 937 150.99 төгрөгийг /арван дөрвөн сая есөн зуун гучин долоон мянга нэг зуун тавин төгрөг, ерэн есөн мөнгө/ хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241 898.55 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б , А.О нараас 46 030.91 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ний Орхон салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ