| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 194/2025/0600/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/918 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/918
2025 04 14 2025/ШЦТ/918
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-д холбогдох эрүүгийн 240602026*** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *** өдөр Дархан-Уулаймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, Б**** тоотод оршин суух хаягтай,
Урьд нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1297 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 740 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тусгтай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. 2 удаагийн ялтай, хэрэг хариуцах чадвартай эсэх/, Б.Ч-, /РД:*** .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Си юу” гэх нэртэй дэлгүүрт хохирогч Ц.А -аас "мөнгө зээлээч, утсаар чинь яриад өгье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 28-ны өдөр "Редми нет 8 про” загварын гар утсыг авч нийт 330,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд
Шүүгдэгч Б.Ч нь “...Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт "Си юу” гэх нэртэй дэлгүүрт хохирогч Ц.А -аас "мөнгө зээлээч, утсаар чинь яриад өгье” хэмээн хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 100,000 төгрөг, 28-ны өдөр "Редми нет 8 про” загварын гар утсыг авч нийт 330,000 төгрөгийн хохирол учруулан залилсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Хохирогч Ц.А -ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ".. Би 2024 оны 03 дугаар сарын 27-ны өглөө баруун дөрвөн замаас такси барих гээд зогсож байтал нэг залуу ирээд намайг чи хаашаа явах гэж байгаа юм хоёулаа мөнгөө хуваагаад такси аваад явах уу гэж хэлсэн. Бид хоёр нэг таксинд хамт суухад тэр залуу хоёулаа танилцах уу аль сургуульд сурдаг юм, хэдэн оных вэ гэж надаас асуухаар нь би өөрийгөө танилцуулсан. Тухайн залуу өөрийгөө хорин тавдугаар эмийн сангаар хойшоо эргээд байдаг Солонгос хоолны газар тогооч хийдэг намайг Ч гэж танилцуулсан. Бид хоёр цахим инстаграм хаягаа хоорондоо солилцоод найзууд болсон. Удалгүй 2024 оны 03 дугаар сарын 27-ны 12 цагийн үед инстаграм хаягаараа Б.Ч нь надруу би ломбардад байгаа утсаа авах гэсэн гэж хэлээд надаас эхлээд *** гэсэн данс руу 70,000 төгрөг авсан удалгүй нэг утас авах гэсэн чинь 30,000 төгрөг дутсан байна зээлчих гэхээр нь *** гэсэн данс руу шилжүүлсэн. Маргааш нь буюу 2024 оны 03 сарын 28 ны өдөр надруу Б.Ч нь инстаграм хаягаар чат бичээд уулзаад зээлсэн мөнгөө өгье Баянзүрх дүүргийн офицер гэдэг газар хүрээд ир гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Хорго хотхоны хажууд байдаг Жое нэртэй дэлгүүрийн хажууд байдаг *** нэртэй дэлгүүрт Б.Ч тэй уулзсан. Бид хоёр уулзаад К gaming нэртэй Хорго хотхоны хажууд байдаг интернет тоглоомын газар хамт ороод Б.Ч нь утас зарсан хүнээсээ мөнгөө аваад ирье чи утсаа өгч бай надад утас байхгүй болохоор интэрнэт банкаа чиний утсаар түр орчхоод ирье гэж хэлсэн. Би Б.Ч тэй хамт явъя гэж хэлэхэд би ганцаараа явахгүй бол болохгүй гээд миний "Рэдми нет 8 про" нэртэй гар утсыг аваад явсан. Би 30 минутын дараа Ч гийн авч явсан өөрийнхөө дугаарлуу залгахад холбогдох боломжгүй байсан. "Рэдми нет 8 про" нэртэй гар утсаа 2022 онд Тэди нэртэй утас зардаг газраас 800.000 төгрөгөөр “Рэдми нет 8 про" нэртэй гар утсаа худалдаж авч байсан" гэх мэдүүлэг /хх-н 8-9х/,
"Дамно” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 631-24-723 дугаартай "...redmi note 8 pro загварын 1 ширхэг гар утас 230,000 төгрөг” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 17-19х/,
"Хаан” банкны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 29-5248 дугаартай албан бичиг, *** тоот дансны 2024 оны 03 сарын 27-ны өдрөөс 2024 оны 04 сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-н 24-26х/,
Яллагдагч Б.Ч гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “.. тухайн үед гар утас байхгүй байсан учир тухайн хүүхдээс 100,000 төгрөг түр зээлээч орой буцаагаад өгье гэж хэлээд өөрийн Хан банкзны *** дугаартай дансаар авсан ... тухайн хүүхдийн Редми 8 про загварын гар утсанд өөрийн сим картаа хийж ярих гээд авсан. Тэгээд би гар утсыг нь өгшөхгүй шүууд явсан ...би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 55-56х/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд прокурорын шүүгдэгч Б.Ч д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд шүүгдэгч Б.Ч г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн хувьд:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.А -т 330.000 төгрөгийн хохирол учирсан ба тус хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.Ч гээс 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А -т олгож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Ч г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Ч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Ч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оноох нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ч-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч г 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч гээс 330.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.А -т олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС