| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 129/2017/0017/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2017-07-18 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | Б.Мээпам |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 61
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Мээпам
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Эрдэнэцогт, Д.Насанжаргал
Хохирогч: Д.Рэгмааханд, М.Мөнхзул
Хохирогчийн өмгөөлөгч: М.Жаргалсайхан
Хэлмэрч: П.Сайнбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорс овогт Төмөр-Очирын Рэгзэнд холбогдох эрүүгийн 201603000466 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын 1 дүгээр баг Улаан хужир гудамжны 03-08 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2001 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 27 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 131.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан Цорс овогт Төмөр-Очирын Рэгзэн /РД:АМ78060518/
Шүүгдэгч Т.Рэгзэн нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Хотонт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Улаанчулуу” хүнсний дэлгүүрийн гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өр, авлагын асуудлаас болж маргалдан хохирогч М.Мөнхзулын нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, давтан үйлдээр хохирогч Д.Рэгмаахандын нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Д.Рэгмааханд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хотонт суманд амьдарч байхдаа Т.Рэгзэнд 3 хонь зарсан юм. Зараад бараг 5 жил болж байна. Улаанбаатар хот руу буяны ажилд явах гээд сумын төвийн Улаанчулуу дэлгүүрийн үүдэнд зогсож байхад Т.Рэгзэн ирсэн. Тухайн үед би Т.Рэгзэнгээс мөнгөө нэхэхэд надаас зугтаагаад Тайван гэх хүний дэлгүүр рүү орсон. Тэгэхээр нь би дэлгүүрийн цаагуур тойроод гарч ирэхээр нь мөнгөө авъя гэсэн чинь та тэр Жагар ахаасаа авахгүй юу гэхээр нь, би ямар Жагар ахад өгсөн биш дээ. Чамд өгсөн юм чинь чамаас л авна гэсэн чинь намайг муу цагаачин, гичий гэх мэт үгээр доромжлоод миний урдаас салаавч гаргасан. Тэгээд хэрэлдээд зогсож байсан миний охин М.Мөнхзул та яасан бэ гэхээр нь энэ хүнээс мөнгө авах ёстой гэж хэлсэн чинь Т.Рэгзэн миний охиныг 2 удаа цохиод газар унагаасан. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ, яагаад эмэгтэй хүнийг цохиж байгаа юм бэ гэсэн чинь намайг цохиод авсан. Дэлгүүрээс Магнай гарч ирээд ээж шигээ хөгшин настай хүнийг яагаад цохиж байгаа юм бэ гэж хэлээд салгасан. Т.Рэгзэн машинаа унаад яваад өгөхөөр нь цагдаад хэлэх гэсэн боловч сонгуулийн ажилтай байна та өөрөө хүрч ирээд болсон явдлыг яриад өг гэхээр нь би өөрөө цагдаа дээр очиж хэлсэн. Улаанбаатар хот руу буяны ажилтай, унаа явах гээд байсан учраас хотруу шууд гарсан. Дараа нь 3-4 хоногийн дараа сумандаа ирээд цагдаа дээр болсон хэргийн талаараа мэдүүлэг өгсөн. Би Т.Рэгзэнг мөнгөө өгөх байх гэж бодоод мөрдөн байцаалтын шатанд охиныгоо гомдол саналгүй гэж хэл гээд хүчээр хэлүүлсэн. Одоо энэ охин надад та яах гэж гомдолгүй гэж хэл гээд байсан юм бэ гээд уурладаг. Миний охины зүүн нүд нь орой ажлаа тараад гэртээ ирэхэд нь маш их хавддаг. Унтаж чадахгүй, арьс нь татдаг байсан. Үүнийгээ гар утас нь дээрээ бичлэг хийж зургийг нь авсан байгаа. Би хохирол төлбөрт анх 2.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Одоо бол өмгөөлөгчийн хөлс, наашаа цаашаа ирж очсон зардал болон хонины мөнгө нийлээд 3.800.000 төгрөг нэхэмжилж байна гэв.
* Хохирогч М.Мөнхзулын өгсөн: Т.Рэгзэн гэх хүнийг сайн танихгүй. Ээж энэ хүнтэй уулзаад ирье гээд гарсан чинь ээж рүү салаавчаа гаргаад, нэг тийм уурласан байдалтай хэрэлдээд зогсож байсан. Би ээжийгээ өмөөрөх гэж очсон биш Т.Рэгзэн ахад 2 удаа цохиулсан. Үнэндээ ээж маань түрүүлж цохиогүй, Т.Рэгзэн ах эхэлж ээжид гар хүрсэн. Ээж рүү салаавч гаргаад гараа атгаж байгаад цохиод байсан. Би юу ярьж байгааг нь мэдэхгүй учраас царай руу хараад маш их уурласан байна гэж ойлгосон. Би маш их гомдолтой байна. Өглөө ажилдаа яваад орой гэртээ ирэхэд миний зүүн талын нүднээс эхэлж чимчгэнэж эхлээд нөгөө талын нүдрүү хавдаж эхэлдэг. Тэгэхээр манай нөхөр миний нүдэнд хүйтэн жин тавьж өгдөг байсан. Өглөө ажилдаа явахад хүртэл хавдар нь буугаагүй байдаг байсан. Иймэрхүү зүйл 4-5 удаа тохиолдсон. Дахиад ингэж хавдаад эхлэхээс нь өмнө би ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол миний эрүүл мэнд, гоо сайханд муу нөлөө үзүүлж байна. 4 сарын үед хавдаж байсан. Тухайн үед нүүр, нүднийхээ зургийг гар утас нь дээрээ авсан байгаа. Тухайн зургаа өмгөөлөгч рүүгээ аваад явуулдаг байсан. Одоо түүнийг харуулж болно. Хавдаад байгаа нь харшлын гаралтай биш, зүгээр л зодуулсанаас болсон. Надад маш их зовиуртай байдаг. Зодуулаагүй байхад ингэж байгаагүй. Т.Рэгзэн ах миний нэхэмжилсэн мөнгийг цагаан сарын үеэр л өгнө гээд өгөөгүй болохоор миний хувьд энэ хүнд итгэл алдсан. Надад маш их гомдолтой байна гэв.
Эрүүгийн 2016000466 дугаартай хэргээс:
* Хохирогч Д.Рэгмаахандын өгсөн:
“...би 2016 оны 10 дугаар сарын 19-ний орой 19 цагийн үед өөрийн төрсөн охин хэлгүй, дүлий хөгжлийн бэрхшээлтэй Мөнхзултай хамт Улаанбаатар хот явах гээд автобусны тасалбар бичдэг дэлгүүр дээр байж байтал миний танил Рэгзэн гэх залуу архи үнэртүүлчихсэн халамцуу орж ирсэн тэгээд би Рэгзэнгээс 350.000 төгрөг авах ёстой байсан болохоор дуудсан тэгсэн чинь Рэгзэн дэлгүүрийн дотор байсан хаалгаар ороод цааш дамжаад Энтайваны гэрийн хаалгаар гараад машиныхаа хажууд очхоор нь би дэлгүүрийн хаалгаар гараад араас нь явж очоод эгч нь мөнгөө авъя гэж хэлхэд намайг чи тэр Жагараасаа ав гэж хэлсэн. Тэгээд би үгүй би чамаас авах ёстой гэж хэлсэн тэгсэн чинь манай охин Мөнхзул бид хоёрын дундуур орсон тэгсэн Рэгзэн манай охины зүүн нүд хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Рэгзэнд хандаж чи яагаад хүүхэд зодож байгаа юм гэж хэлээд дундуур нь ороод Рэгзэнгийн цээжин хэсэг рүү нь түлхсэн чинь миний зүүн нүд хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд би газар унасан тэгээд би босоод ирэхэд охин Мөнхзулын толгой хэсэг рүү нь дахиад нэг удаа цохисон тэгээд Рэгзэнг чи яаж байгаа юм гэхэд чи муу цагаач гэж хэлээд салаавч өгч байгаад миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл мах зардаг Магнай гэдэг залуу гарч ирээд Рэгзэнг чи болиоч гэж хэлсэн. Тэгсэн чинь Рэгзэн машинаа өөрөө бариад ганцаараа явсан. Тэгээд Мөнхзул бид хоёр Улаанбаатар хот руу буяны ажилтай байсан болохоор цагдаагийн байгууллагад хандалгүй автобусанд суугаад явсан. Би Рэгзэнд 2011 онд 3 тооны хонь зараад мөнгийг нь аваагүй байсан юм тэгээд би тухайн орой Рэгзэнтэй таараад мөнгөө нэхсэн чинь уурлаж Мөнхзул бид хоёрыг зодсон. Бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Би мэдэхгүй байна 2011 онд Рэгзэнд би 3 тооны хонь зарахад тухайн үед манайх манай нөхөр Мягмарын төрсөн ах Жагар гэдэг айлтай хамт байсан юм тэгээд Жагар ах Рэгзэнд бас хонь зарсан. Би цохиогүй, харин манай охин Мөнхзул Рэгзэн рүү чулуу шидсэн гэж хэлсэн, оносон үгүйг би мэдэхгүй байна. Бид гурваас өөр хүн байгаагүй Магнай сүүлд нь гарч ирсэн, тэгээд зодуулсаны дараа тасалбар бичдэг дэлгүүрт ороход худалдагч хүүхэн ямар байдалтай зодуулсныг харсан. Би гомдолтой байна Рэгзэнгээс 3 сая төгрөг нэхэмжилж байна. Манай охин Мөнхзул Рэгзэнгээс ямар нэгэн зүйл нэхэмжлэх үгүйг би мэдэхгүй байна.
Би 2.000.000 төгрөг нэхэмжилсэн уг мөнгийг Т.Рэгзэн удахгүй өгнө гэж хэлж бид 2 тохирсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 59 дүгээр тал/
* Хохирогч М.Мөнхзулын өгсөн:
“...Би 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өөрийн төрсөн ээж Рэгмаахандтай хамт Улаанбаатар хот явах гээд Хотонт сумын төвд автобусны тасалбар бичдэг дэлгүрт ороод байж байтал нэг танихгүй ах орж ирээд гараад явсан тэгээд манай ээж араас нь гарсан би дагаад гарсан тэгээд манай ээж тэр хүн дээр очоод хэрэлдээд байх шиг байсан тэгээд би ээжээс юу болсон талаар асуухад энэ эрэгтэйгээс би мөнгө авах ёстой юм гэж хэлсэн тэгээд би тэр Рэгзэн гэх хүн дээр очоод түлхсэн чинь миний зүүн нүд хэсэг рүү гараараа цохисон. Тэгээд би газар унасан тэгээд босоод ирэхэд дахиад цохиод унагаасан юм тэгтэл манай ээжийн нүүрэн хэсэг рүү нь бас цохиод унагаасан тэгээд Рэгзэн гэх хүн машинаа асаагаад явсан. Тэгээд ээж бид хоёр Улаанбаатар хот руу ажилтай байсан болохоор автобусанд суугаад явсан. Рэгзэн ганцаараа явсан, архи үнэртэж байсан. Өөр хүн байгаагүй дэлгүүрийн худалдагч харсан байх. Миний хамар хугарсан, зүүн нүд хавдсан улаалттай байгаа.
Би ээжийгээ өмөөрч очоод хамгаалах гэхэд над руу гараараа салаавч гаргаад чи хэлгүй, дүлий, тэнэг, мангар гээд гараараа дохио зангаагаар үзүүлээд байсан. Тэгээд намайг гараа атгаад заамдаж байгаад миний зүүн нүд рүү 1 удаа аймар хүчтэй цохисон. Тэгээд би хэсэг ухаан алдаад эргээд сэргэсэн. Намайг хүчтэй цохисон. Би босоод ирэхэд миний хамраас цус их гарч, нусаа нийж байгаа юм шиг нийх гэхэд болохгүй байсан. Намайг босоод ирэхэд тэр эрэгтэй хүн алга болсон. Тэр эрэгтэй над руу хурууныхаа дундуур эрхий хураагаа гарган над руу харуулж доромжилсон. Энэ эрэгтэй хүн манай ээжийн зүүн нүд рүү 2 удаа гараараа цохиж байсанг би харсан. Миний зүүн нүд, хамар орчим нэг удаа гараараа цохисон. Одоо миний хамар битүүрээд байнга нусаа нийж байгаа. Бас хамар их өвддөг. Зүүн талын нүд жижгэрээд, хацар чимчигнэж чичрээд их өвчтэй байдаг. Би сонсголгүй, хэлгүй болохоор хамар, нүд хамгийн гол эрхтэн байдаг. Би зодуулсанаас болж хамар болон нүдэнд ямар үр дагавар үүсэх вэ гэдгийг нэмэлт шинжилгээ хийлгэж тогтоолгохыг хүссэн. Тэрнээс өмнөх дүгнэлт зөв үү буруу юу гэж асуугаагүй. Би гомдолтой байна. Надад ямар нэгэн хохирол төлөөгүй. Надад учирсан хохирол их байгаа. Би учирсан хохирлоо шүүхэд гаргасан байгаа. Би хамраа засуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14, 169-171 дүгээр тал/
* Гэрч Л.Ханджамцын өгсөн:
“...2016 оны 10 сарын 19-ний орой би дэлгүүртээ сууж байтал 19 цагийн үед Улаанбаатар хот явах тасалбар авах гэсэн юм суудал байна уу, гэж асуусан тэгэхэд Рэгзэн гэх хүн орж ирээд Энхтайван ах байна уу гэж асуусан тэгэхээр нь би байхгүй гэхэд дэлгүүр дотор байсан Рэгмааханд гэх хүн Рэгзэн гэх хүнд хандаж өрөө авъя гэж хэлсэн тэгээд Рэгзэн гэх хүн байж бай гэж хэлээд дэлгүүрээр дамжаад Энхтайван ахын гэр рүү орсон тэгээд тэр хүн цааш гэрийн хаалгаар гараад явсан. Харин Рэгмааханд гэх эмэгтэй охинтойгоо хамт дэлгүүрийн хаалгаар гарсан. Тэгээд байж байтал хүмүүс зодолдох чимээ гараад байсан тэгээд би айгаад дэлгүүрийнхээ хаалгыг дотроос нь цоожилсон. Тэгээд би гадна байгаа хүмүүс чимээгүй болохоор нь 10-20 минутын дараа дэлгүүрээ онгойлгоод сууж байтал Рэгмааханд гэх хүн охинтойгоо орж ирээд Улаанбаатар хот явах тасалбар бичсэн үү гэж асуусан тэгээд би бичээгүй Улаанбаатар хот явах автобусанд суух суудал байхгүй дүүрсэн байна гэж хэлсэн тэгээд тэр хоёр гараад явсан. Анх орж ирээд тасалбар асуухдаа тэр хоёрын нүүр болон бусад зүйл нь ямар нэгэн бэртэж гэмтсэн зүйлгүй орж ирсэн. Тэгээд Рэгзэн гэх хүний араас гараад хэсэг хугацааны дараа буцаж орж ирэхдээ Рэгмааханд гэх хүний зүүн нүд нь хавдсан байдалтай, охиных нь зүүн нүд нь бас хавдсан байдалтай орж ирээд Рэгзэнд зодуулчихлаа гэж хэлж байсан. Би дэлгүүрээс гараагүй болохоор ямар хүн байсан талаар би мэдэхгүй байна. Дэлгүүрт орж ирэхдээ Энхтайван ахыг асууж орж ирээд явсан ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар би мэдэхгүй байна. Манай дэлгүүрт байхад ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/
* Гэрч Г.Баярмагнайгийн өгсөн:
“...би Т.Рэгзэн, Рэгмааханд, Мөнхзул нарыг нутгийн хүмүүс болохоор танина, ямар нэгэн төрөл садангийн холбоо байхгүй. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Тухайн орой би дэлгүүрээ хаагаад гэр рүүгээ орох гэж байтал манай дэлгүүрийн хажууд У.Энхтайваны дэлгүүр байдаг юм тэдний дэлгүүрийн хажууд манай сумын иргэн Т.Рэгзэн, Рэгмааханд түүний охин Мөнхзул нар байсан тэгээд Рэгмааханд Рэгзэн намайг зодчихлоо гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Рэгзэн дээр очоод чи яагаад хөгшин хүн цохиж байгаа юм гэж хэлсэн. Тэр үед Мөнхзул нь нүдээ дараад хашааны хажууд зогсож байсан. Тэгээд би чи боль гэж Рэгзэнд хэлээд орхиод гэр рүүгээ орсон манайх дэлгүүртэйгээ залгаад байдаг юм. Тухайн үед бүрэнхий болсон байсан учир хараагүй, Рэгмааханд Рэгзэн намайг зодчихлоо гээд орилоод байсан. Өөр хүн байсан үгүйг би хараагүй. Би аль альныг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/
* Гэрч М.Төмөр-Очирын өгсөн:
“...миний хүү Рэгзэн нь 1978 оны 06 сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын хүн эмнэлэгт миний эхний хүүхэд болж төрсөн. Доороо 3 дүүтэй айлан том хүүхэд. Бага насаа аав, ээжийн гар дээр өссөн. Хотонт сумынхаа сургуульд 8 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. 1996 онд Улаанбаатар хотын 013 дугаар ангид цэргийн алба хаасан. Миний хүү Рэгзэн 1999 онд Сорцэцэг гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж хамт амьдран охин Лхамсүрэн, хүү Эрдэмтөгс гэж 2 хүүхэдтэй болсон. 2003 онд эхнэр Сорцэцэг нь нас барчихсан юм. Тэрнээс хойш Рэгзэн өөр хүнтэй гэр бүл болоогүй 2 хүүхэдтэйгээ хамт Хотонт суманд амьдардаг байсан. Рэгзэн тодорхой эрхэлсэн ажилгүй ч хувиараа сумын төвд ажил хийж 2 хүүхдээ тэжээдэг. Рэгзэнгийн том хүүхэд Лхамсүрэн нь миний нэрээр овоглож явдаг бөгөөд охиныг төрж байхад нь тухайн үеийн сумын захиргаа миний нэрээр овоглуулсан байсан. Би яагаад өөрийн нэрээр овоглох болсныг мэдээгүй бөгөөд одоо Лхамсүрэнгийн овгийг аавых нь овог болгож өөрчлүүлэх гэж байгаа. Рэгзэн архи уусан халамцуу байхдаа Мөнхзул, Рэгмааханд гэх 2 хүнийг зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 дугаар тал/
* Гэрч С.Тогоонямын өгсөн:
“...миний хүү Рэгзэн нь 1978 онд Архангай аймгийн Хотонт сумын хүн эмнэлэгт миний анхны хүүхэд болж төрсөн. Айлын том хүүхэд бөгөөд 3 дүүтэй. Хүүхэд насаа аав, ээж дээрээ мал маллаж өссөн бөгөөд Хотонт сумынхаа дунд сургуульд сурч 8 дугаар анги төгссөн. Улаанбаатар хотын цэргийн алба хааж байсан. Миний хүү Рэгзэн Сорцэцэг гэдэг хүүхэнтэй гэр бүл болоод хамт амьдран 2000 онд охин Лхамсүрэн, 2002 онд хүү Эрдэмтөгс гэж 2 хүүхэдтэй болсон. 2003 онд эхнэр Сорцэцэг нь Улаанбаатар хотод өвчний улмаас нас барчихсан юм. Тэрнээс хойш миний хүү Рэгзэн өөр хүнтэй гэр бүл болоогүй бөгөөд 2 хүүхдээ харж Хотонт суманд амьдарч байгаа. Рэгзэн тодорхой эрхэлсэн ажилгүй ч хувиараа сумын төвд олдсон ажил хийж 2 хүүхдээ тэжээдэг. Рэгзэнгийн том хүүхэд Лхамсүрэн нь өвөөгийнхөө нэрээр овоглож явдаг. Одоо Лхамсүрэнгийн овгийг аавынх нь овог болгож өөрчлүүлэх гэж байгаа. Рэгзэн архи уусан нилээн согтуу байхдаа Хотонт сумын төвд 2 хүн зодсон гэсэн. Миний хүү эрүүл байхдаа их өрөвч зөөлөн сэтгэлтэй хүн бөгөөд архи уусан байхдаа л ийм хэрэг хийсэн юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 174-175 дугаар тал/
* Шинжээч эмч Б.Отгонжаргалын өгсөн:
“...би хотонт суманд зодуулсан гэх Мөнхзулын биед үзлэг хийж Өлзиймаа эмчийн хамар яс, гавал ясны рентгэн харалтын бичлэгийг үндэслэн Мөнхзул гэх хэлгүй, хөгжлийн бархшээлтэй эмэгтэйд гэмтлийн зэрэг тогтоох үзлэг хийж дүгнэлт гаргаж байсан. Мөнхзулын биед үзлэг хийхэд хамрын нуруу зүүн зовхи хавдаж хөхөрсөн, тэмтрэхэд эмзэглэлтэй, зүүн нүдний алимны салст 15-н цагийн түвшинд улайсан гэмтэлтэй байсан, рентгэн харалтанд хамрын яс дунд 1/3 хэсгээр хугарсан, хамрын таславч тэгш гэж бичигдсэн байсан. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэрэгт хамаарна. Хэргийн улмаас хохирогч Мөнхзулын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд уг гэмтлийн зэрэг нь өөрчлөгдөхгүй хөнгөн хэвээр байна. Мөнхзулын хамар дунд 1/3 хэсгээрээ хугарсан нь эдгэрэх явцад муруйж эдгэрч болно. Нүд жижигрэх, хараа муудах гэх мэт зовиуруудаас болж гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй. Харин хамар яс нь суурь ясны хугаралтай хавсарсан тохиолдолд гэмтлийн зэрэг өөрчлөгдөх боломжтой. Мөнхзулын биед зөвхөн хамар яс хугарсан, зүүн зовхи, хамарт цус хуралт гэмтэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 189 дүгээр тал/
* Сэжигтэн, яллагдагчаар Т.Рэгзэнгийн өгсөн:
“...2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр би Улаанбаатар хотоос ирсэн тэгээд ирэх замдаа архи уусан тэгээд Хотонт сумын төвд 19 цагийн үед Энхтайваны дэлгүүрт ороод явахад танил эгч Рэгмааханд гэх хүнтэй таарсан тэгээд бид хоёр өр авлага гээд юм ярьж байсан санагдаж байна тэгээд хажуунаас нэг хүн орж ирээд Рэгмаахандыг татаж байгаад над руу чулуу бариад дайрсан тэгэхээр нь би тэр хүнийг нүүрэн хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгээд юу болсон талаар би санахгүй байна. Тэгээд би гудманд явж байтал нэг хүн ирээд чи хоёр эмэгтэй хүн зодчихлоо гэж хэлсэн тэгээд би зодсон хоёр хүнээ олж уулзах гээд хайж явж байгаад олохгүй гэртээ амарсан. Би согтуу байсан болохоор ямар учраас зодож цохисноо санахгүй байна. Өс хонзонгийн зүйл байхгүй, харин өр авлага гэвэл байгаа 2011 оны үед би Рэгмааханд гэдэг хүнээс 1 тооны хонь худалдаж авсан юм. Тэгээд мөнгийг нь өгч чадалгүй одоо хүртэл явж байна. Тэрнээс болж Рэгмаахандтай маргалдсан байна. Мөнхзул, Рэгмааханд хоёрыг зодсоноо хүлээн зөвшөөрч байна.
Би энэ зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би М.Мөнхзул, Д.Рэгмааханд нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Эмчилгээний зардлыг нь барагдуулсан.
Би Сорцэцэг гэдэг эмэгтэйтэй 1999 онд гэр бүл болсон бөгөөд 2003 онд гэр бүл салсан. Би эхнэрээсээ салаад тэрнээс хойш дахин уулзаагүй бөгөөд том охин Лхамсүрэнг аавынхаа нэр дээр шилжүүлж авсан. Би аав, ээждээ Сорцэцэгийг өвчний улмаас нас барчихсан гээд тайлбарлаад хэлчихсэн юм. Би охин Лхамсүрэнг өөрийнхөө нэрээр овоглуулах гэж бичиг баримт бүрдүүлж байгаа. Би одоо Хотонт суманд охин Лхамсүрэн, хүү Эрдэмтөгс нартайгаа хамт амьдардаг нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36, 39, 184 дүгээр тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны 477 дугаартай дүгнэлт:
Дүгнэлтэд: “...1. М.Мөнхзулын биед хамрын ясны зөрөөгүй хугарал, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Зодуулсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний 477 дугаартай нэмэлт дүгнэлт:
Дүгнэлтэд: “...1. Урьд гаргасан №477 дугаартай дүгнэлт үнэн зөв. 2. М.Мөнхзулын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 177 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны 478 дугаартай дүгнэлт:
Дүгнэлтэд: “...1. Д.Рэгмаахандын биед зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Зодуулсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/
* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний 478 дугаартай нэмэлт дүгнэлт:
Дүгнэлтэд: “...1. Урьд гаргасан №478 дугаартай дүгнэлт үнэн зөв. 2. Д.Рэгмээхандын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 181 дүгээр тал/
* Архангай аймгийн Хотонт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 590 дугаартай тодорхойлолт, 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 107 дугаартай тодорхойлолт /хх-ийн 40, 185 дугаар тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Т.Рэгзэн нь 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Архангай аймгийн Хотонт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Улаанчулуу” хүнсний дэлгүүрийн гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу өр, авлагын асуудлаас болж маргалдан хохирогч М.Мөнхзулын нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, давтан үйлдээр хохирогч Д.Рэгмаахандын нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Д.Рэгмаахандын “...миний зүүн нүд хэсэг рүү гараараа нэг удаа хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг, хохирогч М.Мөнхзулын “...миний зүүн нүд хэсэг рүү гараараа цохисон, тэгээд би газар унасан тэгээд босоод ирэхэд дахиад цохиод унагаасан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Ханджамц, Г.Баярмагнай нарын хэргийн талаар харсан зүйлээ мэдүүлсэн мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 477, 478 тоот шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч Т.Рэгзэнгийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Т.Рэгзэнг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан ба Т.Рэгзэнд холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнийг 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэн үндэслэлтэй байна.
Хохирогч М.Мөнхзул нь шүүгдэгч Т.Рэгзэнгээс хамраа эмчлүүлж гоо сайханы хагалгаа хийлгэхэд 5 сая төгрөг, шүүх хуралдаанд удаа дараа ирсэн зардал, буудалд хоносон хоногийн мөнгийг нэхэмжилнэ гэж байх бөгөөд хамраа эмчлүүлэхтэй холбогдох баримт болон шүүх хуралдаанд удаа дараа ирсэн талаар баримт шүүхэд ирүүлээгүй, хохирогч Д.Рэгмааханд нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс өмгөөлөгчид төлсөн хөлс 1.500.000 төгрөг, шүүх хуралдаанд ирж очсон зардал, мөрдөн байцаалтын шатанд хохиролд өгөхөөр тохиролцсон 2.000.000 төгрөг, нийт 3.800.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн өмгөөлөгчид төлсөн хөлс нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд биш тул шүүгдэгчээс гаргуулах боломжгүй юм. Шүүх хуралдаанд удаа дараа ирж байсан гэж мэдүүлж байгаа боловч хэдэн төгрөгийн зардлаар ирсэн талаар баримтыг шүүхэд хохирогч нар гаргаж өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд 2 сая төгрөг өгөөд гомдол саналгүй болно гэж шүүгдэгч Т.Рэгзэнтэй гэрээ байгуулсан гэдэг үндэслэлээр 2 сая төгрөг нэхэмжилж байгааг тус тус шүүгдэгчээс гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг шийтгэх тогтоолд дурдаж, хохирогч М.Мөнхзул, хохиргч Д.Рэгмааханд нарын ирүүлсэн буудалд байрласан гэх баримтыг үндэслэн шүүгдэгч Т.Рэгзэнгээс 117.000 төгрөг гаргуулан хохирогч М.Мөнхзулд, 13.000 төгрөг гаргуулан хохирогч Д.Рэгмаахандад олгож шийдвэрлэв
Тус хэргийн шүүх хуралдаанд оролцож байгаа хэлмэрч П.Сайнбаяр шүүх хуралдаанд ирсэнтэй холбогдуулан 128.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардал болох 100.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Т.Рэгзэнгээс гаргуулж, хоол унданд зарцуулсан гэх 28.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Т.Рэгзэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1,6, 1,7, 1.9, 36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дах хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага
ТОГТООХ нь:
1. Архангай аймгийн Прокурорын газраас Т.Рэгзэнд холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Цорс овогт Төмөр-Очирын Рэгзэнг 2 хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т.Рэгзэнг 500 нэгж буюу 500.000 мянган /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Рэгзэнд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд тус бүр 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Т.Рэгзэн нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Т.Рэгзэн нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг, хэлмэрч П.Сайнбаярын нэхэмжилэлээс 28.000 /хорин найман мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Т.Рэгзэнгээс 117.000 /нэг зуун арван долоон мянга/ төгрөг гаргуулан М.Мөнхзулд, 13.000 /арван гурван мянга/ төгрөг гаргуулан Д.Рэгмаахандад тус тус олгож хохирогч нар нь өөрт учирсан бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 2.3, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Рэгзэнгээс 100.000 /нэг зуун мянга/ төгрөг гаргуулан хэлмэрч П.Сайнбаярт олгосугай.
10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Рэгзэнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Рэгзэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР