Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2018/01374

 

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2018/01374

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би,

Нэхэмжлэгч: С.Б

 Нэхэмжлэгч: У.Х нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.Г

Хариуцагч Ч.Га нарт холбогдох

Нэр бүхий 25 иргэнээс Чех улсын виз гаргах зорилгоор авсан 25 831 350 төгрөгийн Ч.Гоос 12 149 800 төрөг, Ч.Гааас 13 681 500 төгрөгийг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгч, С.Б, У.Х, хариуцагч Ч.Га, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэндсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүх хуралд тайлбарлахдаа: Би Амгаланцэрэн, Энхмаа, Эрэлхэгболд нарын 3 хүний мөнгө нэхэмжилж байна. Миний эгч, эгчийн нөхөр болон, түүний нөхрийн дүү нараас авсан юм. У.Х 17 хүний мөнгийг нэхэмжилнэ. Ч.Г,Ч.Га нартай У.Х-наар дамжуулж танилцсан. 2008 онд БНЧУлсын виз гаргуулах зорилгоор би 4000 долларыг У.Х-нд өгсөн. Би энэ хүнд өөрийн биеэр мөнгө төгрөг өгөөгүй. Энэ 3 хүний хохиролыг би өөрөө төлсөн. Одоо хүүхдүүдтэйгээ түрээсийн байранд амьдарч байна. Тухайн үед нэг хүний визны хураамж 110 евро гэж байсан нийт 330 евро нэмж өгсөн.

Урьд нь энэ асуудлаар дээрх хүмүүст холбогдуулж Баянгол дүүргийн цагдаагийн газар шалгуулсан боловч бусдыг залилсан нь тогтоогдохгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжилж байгаа мөнгө одоо 24 хүний мөнгө юм. Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр намайг тогтоосон, энэ талаарх баримт хэрэгт байгаа. Ер нь ах дүү хоёроос болж олон хүн хохирсон тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч У.Х тайлбарлахдаа: Би 2008 онд Ч.Г Чехийн элчингийн гадаа танилцсан юм. Энэ хүн олон жил гадаадад ажиллаж амьдарсан ажлын байрны гэрээ хийх, виз гаргах боломжтой гэж байсан. Тухайн үед энэ хүн Чех улсруу явсан байсан. Энэ хүмүүсийн мөнгийг ах Ч.Год нь өгдөг байсан. Ах нь гэрийн гадаа ирээд авдаг байсан. Нийт 7- 8 удаа мөнгө өгсөн. Мөнгө өгсөн авсан тухай гарын үсэг бичгийн баримт байхгүй. Дүү нь Чехээс ажлын гэрээ явуулж байсан учир итгээд энэ хүмүүсийн мөнгийг өгсөн.

Мөн энэ хэрэгт У.Б нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. Надад итгэмжлэл өгсөн. Хэрэгт итгэмжлэл нь байгаа, харин У.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлд гарын үсэг зураагүй юм. Би төлөөлж байгаа учир болно гэж ойлгож байна. Одоо 24 хүний асуудал байгаа. М.Өлзийсайхан нас барсан. М.Энхжаргалын эрүүгийн хэрэгт гэрчээр асуугдаж байсан баримтыг ирүүлсэн байгаа. Ц.А, С.С нарын мөнгийг хасч тооцсон. Бусад иргэний мөнгийг би өөрөөсөө төлж барагдуулсан тул Ч.Г, Ч.Г нараас нийт 17 338 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.Га тайлбарлахдаа: Чех улсын хөдөлмөрийн яаманд зуучлахад хүн тус бүрийн 500 крон төлсөн. 25 хүний материалыг хүлээж аваад 24 хүнд холбогдох ажлын гэрээнүүд, гадаадын иргэнд ажиллах эрх олгох шийдвэр зэрэг материалыг бүрдүүлж У.Х-нд Монголруу явуулсан, БНЧУын Элчин сайдын яам виз мэдүүлсэн иргэдэд виз олгоогүй байдаг, Би энэ хоёр хүнээс ийм их хэмжээний мөнгө аваагүй, У.Хтай 2008 онд танилцаад визний тухай ярьж байсан 24 иргэнийг виз гаргуулахад шаардлагатай бичиг баримт, ажлын гэрээг бүрдүүлж, У.Х-нд явуулж байсан. Ийм их хэмжээний мөнгө аваагүй. Бүрдүүлсэн материалын дагуу БНЧУлс руу визэнд оруулсан юм. Тус яам нь 24 иргэнд виз олгоогүй нь надаас шалтгаалаагүй. Нэхэмжлээд байгаа мөнгө нь ажил олгогчтой зуучлах, яаманд визэнд оруулах зэрэг ажил үйлчилгээнд зарцуулсан болохоос хувьдаа авч ашигласан юм байхгүй. Тохирсон ёсоор ажил үүргээ гүйцэтгээд дууссан. С.Б гэгч хүнийг танихгүй энэ хүнээс мөнгө төгрөг авч байгаагүй. Би Чех улсад 10 жил гаруй хугацаанд ажиллаж байсан. Тухайн үед ажлын байрны захиалга олж өгөхөөр гэрээ болон бичиг баримтыг хүргүүлдэг байсан. Харин энэ хүмүүсээс болж буцаж Чех улс явах боломжгүй болж олон жил хууль, цагдаагийн байгууллагаар явж хохирч байна. Энэ хүмүүс элчин сайдын яам болон холбогдох газарт нь хандах эрх байгаа байх, би хувьдаа ашиг олж хүмүүсийг хохироосон үйлдэл хийгээгүй. Тохирсон ёсоор ажлын гэрээ олж гүйцэтгэх ажлаа хийсэн. У.Х-нд Чехээс 24 хүний материалыг өгч явуулдаг манай ах гэрээг нь өгдөг байсан. Бид төлбөр төлөх ёсгүй, эрүүгийн журмаар шалгаж хуулийн байгууллага биднийг бусдыг залилсан үйлдэл хийгээгүй болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгчөөс : Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь замбараагүй, ойлгомжгүй хэн нь хэнээс хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Шүүхээс удаа дараа алдааг нь засах талаар захирамж гаргаж байсан байна. Ч.Га нарт холбоотой асуудлыг эрүүгийн журмаар шалгаад хэрэгсэхгүй болсон байдаг. Хэрэгсэхгүй болгосон тогтоолд иргэний журмаар хохирол нэхэмжлэх эрхийг дурдаагүй байна. Хэрэгт ирүүлсэн нотлох баримт буюу сэжигтнийг байцаасан тэмдэглэл гэх нотлох баримтын шаардлага хангаагүй төгсгөлгүй баримт ирүүлсэн зэрэг зөрчлүүд их байна. Хариуцагч нарын хувьд ажлын гэрээг ирүүлээд үүргээ зохих ёсоор хийсэн байдаг. Үндэслэлгүй нэхэмжилж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

С.Б, У.Х нар нь хариуцагч Ч.Г, Ч.Га нарт холбогдуулан Нэр бүхий 24 иргэнээс Чех улсын виз гаргах зорилгоор авсан 14 700 доллар, 1660 евро, 1 000 000 төгрөг нийт 25 831 350 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. ҮҮнээс:

Нэхэмжлэгч С.Б 3 хүний мөнгө буюу нийт 5 916 500 төгрөгийг Ч.Г, Ч.Га нараас хувааж гаргуулна,

Нэхэмжлэгч У.Х 17 хүний мөнгө буюу нийт 17 338 000 төгрөгийг Ч.Г,Ч.Га нараас хувааж тус тус төлүүлнэ гэжээ.

Хариуцагч Ч.Га: БНЧУлсын элчинд визэнд 24 хүний материал оруулсан юм. Ажлын гэрээ болон материалыг бүрдүүлж өгсөн. Тус яам нь 24 иргэнд виз олгоогүй нь надаас шалтгаалаагүй. У.Х тодорхой хэмжээний мөнгө өгсөн түүнийг ажил олгогчтой зуучлах, бичиг баримт орчуулах, машин унааны зардал, яаманд визэнд оруулах, зэрэг ажил үйлчилгээнд зарцуулсан болохоос хувьдаа авч ашиглаагүй, С.Б гэгч хүнээс мөнгө төгрөг аваагүй, биднийг эрүүгийн журмаар шалгуулсан. Залилсан үйлдэл хийгээгүй болохыг тогтоосон нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэхэмжлэгч С.Б нь Ч.Га, Ч.Г нарыг танихгүй уулзаж байгаагүй гэх, ажлын гэрээг хүргүүлсэн, 24 хүн визэнд орсон гэж тайлбарлаж байгаад талууд маргахгүй байна.

Хэрэгт ирүүлсэн бартимтаас үзвэл: Хариуцагч Ч.Га нарыг эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгаж байсан болох нь зохигчдын тайлбараар болон 2009.03.22 нд эрүүгийн хэрэг үүсгэж байсан тогтоол, 2013.01.09 нд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан тухай тогтоол, Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас,эрүүгийн хэрэгт авагдсан хохирлын тооцооны баримт, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, гэрч нарыг байцаасан тэмдэглэл зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

/хх 7-16/ дахь тал

Зохигчдын тайлбараас үзэхэд: талууд өөрсдийнхөө хүсэл сонирхолын дагуу гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж Чех улс явах 25 хүний виз гаргуулах Ажил олгогчид зуучлах гэрээ гэж нэрлэсэн байх ба иргэдийн дунд түгээмэл байгуулагддаг уг гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэж үзлээ.

Хариуцагч Ч.Га шүүхийн хэлэлцүүлэгт: Чех улсын хөдөлмөрийн яаманд зуучлахад хүн тус бүрийн 500 крон төлсөн. 25 хүний материалыг хүлээж аваад 24 хүнд холбогдох ажлын гэрээнүүд, гадаадын иргэнд ажиллах эрх олгох шийдвэр зэрэг материалыг бүрдүүлж У.Х-нд Монголруу явуулсан, БНЧУын Элчин сайдын яам виз мэдүүлсэн иргэдэд виз олгоогүй байдаг, энэ талаар тус яамнаас тодруулах гэж хуулийн байгууллага хандахад Элчин сайдын яамны бүрэн эрхийн асуудал гэдэг , гэж тайлбарлаж байгаа байдлаас үзэхэд: Талуудын хоорондох Чех улс руу Ажил олгогчид зуучлах гэрээ хэрэгжих нөхцөл биелэгдээгүй нь , БНЧУын Элчин сайдын яам виз мэдүүлсэн иргэдэд виз олгоогүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн байна. Энэ нь

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1- д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох, эрхтэй гэж, мөн хуулийн 189.5-д Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ гэж заасантай нийцэж байна гэж үзлээ.

Хариуцагч нарын шүүхэд гаргаж өгсөн баримтаас үзэхэд: Улсын Ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас гэх 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 1/2179 албан бичигт ... БНЧУ-ын виз гаргуулах зорилгоор нэр бүхий 24 иргэний бичиг баримт , мөнгийг авч Ч.Гоор дамжуулан Ч.Гат өгсөн, Ч.Га нь виз гаргуулахад шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж ,бүрдүүлсэн материалын дагуу дээрх иргэд нь БНЧУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлж ярилцлаганд орсон болох нь мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон байна. ... ажлын гэрээнүүд албан ёсоор үйлдэгдсэн эсэхийг тодруулах зорилгоор тус яаманд хандахад Элчин сайдын яамны бүрэн эрхийн асуудал учир хариу өгөх боломжгүй талаар хариу ирүүлжээ гэжээ. / хх 10 /

Энэ байдлаас үзэхэд хариуцагч нарыг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Ажлын гэрээг хүлээлгэн өгсөн байна.

Иймд хариуцагч Ч.Га нарыг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1-д Үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн, мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.7-д Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг нотлох бичиг өгсөн бол ... гэж тус тус зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзлээ.

Нэхэмжлэгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзаж байгаа үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй, үнэн зөв тайлбар өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэв. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч С.Б, хариуцагч Ч.Га,Ч.Г нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, тэд хоорондоо мөнгө төгрөг өгч авалцсан үйл явдал болоогүй, зөвхөн У.Х-нд мөнгөө өгсөн тухай үйл явдлыг нэхэмжлэлд үнэн зөвөөр тусгаагүй нь учир дутагдалтай байна гэж дүгнэв. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд:

Нэхэмжлэгч У.Х энэ хэрэгт У.Б нэхэмжлэгчээр оролцож байгаа бөгөөд надад итгэмжлэл олгосон гэж тайлбарлаж байна.

Шүүхэд анх ирсэн нэхэмжлэлд У.Бы нэр нь дурдагдаагүй гарын үсэг зураагүй байгаа боловч У.Х-нд итгэмжлэл өгсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Зохигчдын хоорондох маргаан урьд нь шүүхээр хэлэлцэгдэж байсан ба

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1,62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан журмыг зөрчсөн нөхцөл илэрсэн,

Нэхэмжлэгч У.Хы нэхэмжлэлд нэр бүхий 25 иргэний мөнгийг хамт нэхэмжилсэн гэх боловч тэднийг төлөөлсөн төлөөлөгчийн бүрэн эрхээ баталсан баримтыг буюу итгэмжлэл хэрэгт авагдаагүй, мөн нэхэмжлэлд нэхэмжлэгчээр Ч.Батцэрэн, У.Х нарын нэр байгаа боловч нэхэмжлэлд зөвхөн С.Б гарын үсэг зурсан байсан,

нэхэмжлэгч нарыг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тул хэргийг нэг мөр шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан байна.

Зохигчид нь алдаа зөрчлөө арилгасан гэж үзэж шүүхэд дахин хандсан ба зөрчил арилаагүй учир 2018 оны 04 сарын 02 нд хүлээн авахаас татгалзаж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хэрхэн хангагдаагүй талаар, ямар нөхцөл шаардлага дутуу байгааг засуулахаар удаа дараа шүүгчийн захирамжид тусгаж байсан байна.

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ зөв тодорхойлж тусгаж чадаагүй ба нэхэмжлэлийн агуулгыг ойлгомжгүй, хэргийн оролцогч нарыг хуулийн шаардлагад нийцүүлж оролцуулаагүй бөгөөд хэрэгт ирүүлсэн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 д заасан шаардлага хангаагүй, хуулиар зөвшөөрөгдсөн хэлбэрээр хэрэгт авагдаагүй тул ач холбогдолгүй хамааралгүй гэж үнэлэв. / хх 12-28/ дахь тал

Түүнчлэн Эрүүгийн хэргээс үүдэн гарсан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй бөгөөд харин учирсан хохиролын асуудлыг хянан хэлэлцэх хуулийн зохицуулалтай байна.

Гэтэл хариуцагч нарт холбогдуулж шалгасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын 2013 оны 01 сарын 09-ны өдрийн тогтоолд хохиролыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг дурдаагүй байна. /хх 8-9/ дахь тал

Иймд С.Б У.Х нарын хүсэлтээр дахин нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин нэхэмжлэгчээр У.Б оролцож байгаа гэх боловч У.Бы нэртэй нэхэмжлэл энэ хэрэгт шийдвэрлэгдээгүй болохыг дурдах нь зүйтэй байна

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 170 төгрөгийг төрийн сангийн оролгод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар С.Б, У.Х нарын нэхэмжлэлтэй, Ч.Г, Ч.Га нарт холбогдох нэр бүхий 25 иргэнийг төлөөлж нэхэмжилсэн гэх 14 700 доллар, 1660 евро, 1 000 000 төгрөг буюу нийт 25. 831 350 /хорин таван сая найман зуун гучин нэгэн мянга гурван зуун тавин мянган / төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1,56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б,У.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287 170 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1- д зааснаар захирамжийг эс зөвшөөрвөл гарсан өдрөөс нь хойш 10 хоногт тухайн шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ