Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2019/01040

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 142/ШШ2019/01040

Орхон аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Согоот баг 6-9-63 тоотод байрлах ******* ХХК /Регистрийн дугаар: 4395506/-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Овоотын *******,*******/-д холбогдох

780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Оюумаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* хүсэлтээр 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 400,000 төгрөг бэлэн мөнгө зээлдүүлж 1 сарын хугацаагаар зээлдүүлсэн. 1 сар өнгөрсөн боловч ямарч тооцоо хийгээгүй миний ажил дээр ирж дахин 60 хоног сунгаад нийт 90 хоногийн хугацаа болсон. Тэрнээс хойш зөндөө хугацаа өнгөрсөн боловч цуг явж Мөнх-Эрдэнэд өгсөн тэрийг өг гэж хөөцөөлдөөд авч чадахгүй байна гэсээр 100 гаруй хоног боллоо. Гарын үсэг зурсан 90 хоногийн хүү 180,000 төгрөг, алданги 200,000 төгрөг, үндсэн мөнгө 400,000 төгрөг нийт 780,000 төгрөгийг зээлдэгч Ням-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан 780,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсэг буюу үндсэн зээл 400.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хүү 180.000 төгрөг, алданги 200.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талуудын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр барьцаалан зээлдүүлэх гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нь 400.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай,15 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь тэдний тайлбар,барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний №663 дугаартай хуудсаар батлагдаж байна.

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээг 60 хоног сунгасан гэж байгаа боловч талууд гэрээг анх байгуулсан хэлбэр, хэлбэр нөхцлөөр байгуулаагүй, 60 хоног сунгав гэсэн нь гэрээний хугацааг сунгасан гэж дүгнэх хангалттай үндэслэл болохгүй байна. Түүнчлэн талууд алданги төлөх талаар тохиролцоогүй байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 400.000 төгрөг, зээлийн хүү 60.000 төгрөгийг гаргуулах үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2-д заасныг баримтлан *******эс 460.000 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгож нэхэмжлэлийн шаардлагаас 320.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 23,270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,450 төгрөг гаргуулан ******* ХХК-д олгосугай.

3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН