Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/378

 

 

 

 

 

  2021            04            13                                         2021/ДШМ/378    

 

Ц.Б-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Мөнхөө, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Д.Хонгорзул,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Т.М-, Ж.С- нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Б-ид холбогдох эрүүгийн 1805058711337 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Ц.Б- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүслэн” гэх нэртэй авто угаалгын орчимд иргэн Т.М-ээс БНСУ-ын виз гаргаж өгнө гэж өөрийн Хаан банкны 5006682366 дугаарын дансаар 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2018 оны 2 дугаар сард Т.М-ийн нөхөр болох Ж.С-т БНСУ-ын виз гаргаж өгнө гэж итгүүлэн түүний нэр дээр байсан Toyota prius 20 загварын 1768 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч 3.500.000 төгрөгийн хохирол учруулж, залилсан,

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр иргэн Ж.С-т Honda fit загварын тээврийн хэрэгслийг авч өгөхөөр тохиролцон 800.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006682366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Үндэсний Соёл Амралтын хүрээлэнд байрлах Парк пицца гэх газрын хоолны зөвшөөрлийн авч өгнө гэж итгүүлэн 500.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5006682366 дугаарын дансаар шилжүүлэн авч залилан, иргэн Т.М-д 3.500.000 төгрөгийн, иргэн Ж.С-т 4.800.000 төгрөгийн хохирол буюу бусдад нийт 8.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн  17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б-ийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Ц.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Т.М-, Ж.С- нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...анхан шатны шүүх хурал болохын өмнөх өдөр Ц.Б-ийн ээж ирж удаа дараалан надаас “миний ганц хүүг авраач, би удахгүй их мөнгөний ажил хийж байгаа. Та хоёрын өрийг 2 дугаар сарын 15-ны дотор өгнө. Тэр хүртэл миний үр удмыг битгий таслаач” гэж гуйсан. Ц.Б-тай ярихад “аав ээжийн ажил бүттэл түр хүлээгээч” гэж гуйсан. Ц.Б-ийн ээж “2 дугаар сарын 15-ны өдөр гэрээ хийгээд мөнгө ороод ирнэ, найзууд байснаа бодолцоод ганц удаа туслаач” гэж гуйсан. Бид хоёр найзуудын итгэлцэл дээр тулгуурлан “хохирлоо барагдуулсан” хэмээн мэдүүлсэн боловч одоог хүртэл хохирол барагдуулахгүй алга болсон. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хохирол гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Д.Хонгорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгчээс талуудад эрх, үүргийг танилцуулж, гаргаж өгөх баримт байгаа эсэхийг асуухад хохирогч Т.М-, Ж.С- нар “хохирлоо барагдуулсан, гомдол, саналгүй” талаарх хүсэлтээ бичиж, гарын үсэг зурж баталгаажуулсан баримтыг гаргаж өгч, энэ талаараа мэдүүлсэн. Үүнийг үндэслэж анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй. Гэвч хохирогч нар хохирлоо барагдуулаагүй гэж давж заалдах гомдол гаргасан байх тул энэ талаарх асуудлыг дахин хэлэлцэж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

 

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тодорхойлохдоо гэмт хэргийн улмаас учирсан хохирол бодитой төлөгдсөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр, хохирол төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй гэж үзэн 5.000.000 төгрөгийн торгох ял оногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн байх, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдалд тохирсон байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзнэ.

Түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, түүнийг нөхөн төлж барагдуулсан эсэх нь гэмт хэргийн нийгмийн аюулыг багасгах буюу ихэсгэх, шүүгдэгчийн хувийн байдлыг эерэг болон сөргөөр үнэлэх, ялын бодлогод шууд нөлөөлдөг тул уг нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоосон байх учиртай.

Анхан шатны шүүх хохирогч нарын “хохирлоо авсан, гомдол саналгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Ц.Б-ийн төлөх төлбөргүй гэж дүгнэн торгох ял оногдуулсан хэдий ч хохирогч нар давж заалдах гомдлоор уг нөхцөл байдлаа үгүйсгэжээ.

Тодруулбал, хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч төлсөн гэж дүгнэхдээ энэ нь үнэхээр бодитой хэрэгжсэн эсэх, хохирогч нарын тайлбар, мэдүүлэг нь бусад баримтаар нотлогдож байгааг хангалттай тодорхойлж, дүгнэж чадаагүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б-ид холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Ц.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЦТ/85 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ц.Б-ид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Ц.Б-ид авсан цагдан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

 

                        ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН