Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Б.Батсайхан 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их шавь овогт Батхүрэлийн Эрхэмбаяр, Жартгай овогт Бямбажавын Ганзориг нарт холбогдох 201703000072 тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газарт улсын бүртгэгч ажилтай, экологич мэргэжилтэй, ам бүл 1, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Дэнжийн 12-Б тоотод оршин суух, улаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Их шавь овогт Батхүрэлийн Эрхэмбаяр /РД:АН88101010/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг багийн Дэнж хороололд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Жартгай овогт Бямбажавын Ганзориг /РД:АН89061218/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Хонхорын 3-11 тоотод оршин суух иргэн Э.Заяабаярын гэрт иргэн М.Бямбадоржтой “Б.Эрхэмбаярт зодуулсан гэж худал ярьлаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

* Шүүгдэгч Б.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 05-ны үед мал үржлийн тасгийн сургалт семинар болох гээд Р.Урандэлбээг аваад сумаас наашаа аймгийн төв рүү хөдөлсөн. Тухайн үед М.Бямбадорж аймагт ирж эмнэлэгт хэвтэх гэж байгаа хамт явъя гээд 0.75 литрийн Ерөөл архи барчихсан, нөгөө архиар нэлээн дунд нь ортол уучихсан, машины урд талын суудал дээр орж ирээд суусан. Тэгээд би Р.Уранпил, М.Бямбадорж хоёрыг аваад хөдлөх гэтэл 5 сартай жирэмсэн хүүхэн хяналтанд орох гэж байгаа юм, аймаг орох гэсэн юм гэхээр нь машиндаа суулгаад бид 5 сумын төвөөс хөдөлсөн. Эрдэнэмандал өнгөрөөд явж байтал М.Бямбадоржийн эхнэр над руу залгаад чи ямар янхан машиныхаа ард суулгачихаад миний нөхөртэй хамт яваад байгаа юм бэ гэж хэлсэн. Би тухайн үед чи юу яриад байгаа юм бэ, чиний яриа сонсогдоод байна гэж хэлээд утсаа салгасан чинь Р.Урандэлбээгийн утас руу М.Бямбадоржийн эхнэр залгасан. Тэгээд аймгийн төв орж ирээд хамгийн түрүүнд М.Бямбадоржийг гэрийх нь гадаа буулгаад бусад хүмүүсээ гэр гэрт нь хүргэж өгөөд ажлынхаа хүнтэй буудалд хоноод маргааш өглөө нь ажилдаа явсан. Тухайн үед миний утас унтарчихсан байсан учраас утсаа асаасан чинь ээж над руу залгаад зүгээр яваа хүүхдийг яагаад зодоод, мөнгө төгрөгийг нь авчихдаг юм бэ гэж хэлэхээр нь та хэнээс юу сонсчихоод, юу яриад байгаа юм бэ гэсэн чинь чамтай цуг ажилладаг Аюурзана чинь ажил дээрээ ирчихсэн чамайг тэгсэн гээд энэ сумаар нэг яриад байна гэж хэлсэн. Би тухайн үед хэл ам хийгээд яахав гэж бодоод чимээгүй хаясан. Сумандаа ирсэн чинь хүн болгон намайг чи яагаад М.Бямбадоржийг зодоод, мөнгийг нь дээрэмдсэн юм бэ гэж асуугаад байдаг болсон. Би М.Бямбадоржийг надтай уулзах болов уу гэсэн огт уулзахгүй зугтаагаад уулзаж чадаагүй байсан чинь нэг өдөр ажил дээрээ сууж байгаад завсарлагаанаар гарсан чинь М.Бямбадорж мотоцикльтойгоо ирсэн. Тухайн үед М.Бямбадорж дээр очоод, чи яагаад ингэж худлаа яриад, миний нэр төрд халдаад байгаа юм бэ, энэ чинь хууль дүрэмтэй байдаг юм шүү. Хэрвээ чи надаас уучлалт гуйхгүй юм бол хуулийн байгууллагад өгнө шүү гэсэн чинь надад хууль үйлчилдэггүй юм гэж хэлсэн. Тэгэхээр нь чамд хууль үйлчилдэггүй юм бол яахав гэж хэлээд орхисон. Түүнээс хойш нэлээн удсан. Тэр яриа ч намжаагүй, яригдаад байсан. Түүний дараа  архи ууж яваад М.Бямбадоржтой таарсан. Тэгсэн эхээс би гурвуулаа, чи хоёулаа шүү гэж хэлсэн. Тэр нь М.Бямбадорж эхээс 3, би эхээс 2, үүнийг л хэлээд байгаа юм. Түүнээс болж их маргалдсан. Ийм л зүйл болсон гэв.

* Шүүгдэгч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг болох үед бид Б.Эрхэмбаяр, М.Бямбадорж бид нар байсан. Б.Эрхэмбаяр 2 удаа цохисон гэж байна. Тэр нь үнэн. Мөн маргалдаж байгаад тамхи татаад суусан. М.Бямбадорж эхлээд намайг хэл амаар доромжлоод гэр орон байхгүй, тэнүүчилж амьдардаг гээд байхаар нь би эхлээд заамдаад авсан чинь намайг зөрүүлээд багалзуурдаад, хүзүү боохоор нь би түлхсэн. Тэгсэн гэрийн хаалганы довжоо тээглээд гэрийн хаалгаар унасан. Тэгээд гэрийн гадаа бид нар гарч ирсэн. Гэрийн гадаа гарч ирэхэд над руу дахиад дайраад байхаар нь нэг удаа нүүр рүү нь цохисон чинь гаднаас Отгондулам орж ирээд бид нарыг явцгаа гэсэн. М.Бямбадоржийн нүүрнээс доошоо гар хүрсэн удаа байхгүй. Э.Заяабаярын хашааны баруун талаар нь тойрохоор цоорхой хашаа байдаг. Тэр хашаа нь нэг тийшээ ханараад унасан байдаг юм. Миний бодлоор М.Бямбадорж тэр хашаан дээр тээглэж унасан болов уу гэж бодож байгаа. Тэгээд бид нар салцгаасан гэв. 

* Эрүүгийн 201703000072 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

* Хохирогч М.Бямбадоржийн өгсөн: 

 

“...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр үдээс хойш 15 цагийн орчим хашааны гадаа Эрхэмбаяр, Ганзориг 2 ирээд хэрүүл өдөөд зодох гээд байсан. Тэгээд бид 3 хамт өгсөөд гудамжны дунд хэсэгт явж байхад Батбаяр, Ганаа ирсэн Эрхэмбаяр Батбаяртай сундлаад Ганаа, Ганзориг бид гурвыг үлд гэсэн. Тэгэхээр нь би гэртэй эргээд харьсан. Тэгээд харьчихаад эхнэртэй хоол хийж аваачиж өгсөн. Манай эхнэр эмнэлэгт хэвтэж байсан юм. Эхнэртэй хоол өгөөд харьчихаад гараад Бүдрагчаатай уулзаад явж байгаад Санжаатай таараад дэлгүүрээс 1 шил 0.5 литрын Ерөөл архи аваад байж байхад Жавзмаагийн дэлгүүрийн үүдэнд Ганзориг, Эрхэмбаяр, Заяабаяр 3 ирсэн. Тэгээд Заяабаярынд очиж Эрхэмбаяр бас нэг шил архи авсан. Заяабаярынд очоод байж байтал Эрхэмбаяр намайг зодох гээд дайраад байхаар нь хэвтэж байтал унтчихсан байсан. Унтаж байгаад сэрчихээд босохоос айгаад хэвтэж байтал Ганзориг миний нүүр рүү цохиод авсан. Намайг өндийгөөд байтал орны урд руу татаж унагаад 2 талаас өшиглөж цохиод байсан. Намайг нүдсээр байгаад гэрийн үүдэнд аваачсан. Намайг зодож байгаад хэсэг байхаар нь гэрээс гарч зугтаагаад гэртэй очоод үүдээ цоожлоод унтсан. Маргааш нь өглөө цай чанаад эхнэртэй өгөх гэж яваад хүн таарахаар нь өгүүлчихсэн. Тэгээд сумын эмнэлэгтэй үзүүлэхэд Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчлүүл гэсэн. Ганзориг, Эрхэмбаяр 2 тааралдах болгондоо л дарамталж зодох гээд байдаг. Эрхэмбаяр намайг ээжээсээ уучлалт гайлган гэж зодох гээд байсан. Намайг зодох үед Ганзориг, Эрхэмбаяр бид 3 байсан. Заяабаяр, Санжаа, Бүдрагчаа нар явсан байсан. Эрхэмбаяр, Ганзориг нар миний толгой цээж, хөл, гар гээд энд тэндгүй өшиглөж зодсон. Ер нь их олон удаа цохиж зодсон. Би нарийн тоо мэдэхгүй байна. Миний хамар 3 удаа хугарсан, уушиг бяцарсан гэсэн. Зөөлөн эдийн бэртэл гэмтэл энд тэндгүй учирсан. Одоо тархинд цус харвасан байж болзошгүй байх гэж хэлсэн. Одоо толгой их өвдөж, хамарт хүрэх төдийд цус гарч байгаа. Одоогоор эмчилгээ үргэлжлэн хийгдэж байгаа. Нэхэмжлэх зүйлээ тооцож байгаад хэлнэ.

2017 оны 01 сарын 12-ны шөнө 21-н цагийн орчимд байхад Заяабаярын гэр дотор Эрхэмбаяр надад томроод зодох гээд байсан би архи ууж байгаад орон дээр хэсэг унтаж байгаад сэртэл хамт архи ууж байсан Санжаа, Бүдрагчаа 2 явчихсан Эрхэмбаяр, Ганзориг 2 үлдчихсэн байсан. Ганзориг намайг орон дээр хэвтэж байхад нүүр рүү цохиж авахаар нь өндийгөөд бостол миний өмсөж байсан куртканы захнаас татаад газар унагаагаад хоёр талаас Эрхэмбаяр, Ганзориг 2 хөл гараараа цохиж зодоод байсан би нэг мэдсэн гэрийн үүдэнд оччихсон байж байсан. тэгээд Эрхэмбаяр, Ганзориг 2 намайг зодохоо болиод гэрийн орон дээр очиж суухаар нь би гэрээс гарч явсан. Намайг гэрээс гарчихсан байхад Заяабаярын эхнэр Отгондолгор гаднаас ирж байсан бөгөөд би Отгондолгортой уулзалгүй шууд хашаанаас нь гараад гэр рүүгээ харьсан. Би зодуулсандаа болоод зарим зүйлээ сайн санахгүй байгаа бөгөөд нэг мэдсэн гэртэй орж байсан. Манай гэр Заяабаярын гэрийн яг урд талд 30 орчим метр л зайтай байдаг юм. Би тэгээд гэртэй ороод шууд унтчихсан бөгөөд өглөө босоод толинд хартал хоёр нүд холбогдож хөхөрч хавдсан, нүүр бүхэлдээ шахам хавдсан, хоёр гурван газар шалбарсан, зүүн талын бөөр орчимд хөхөрсөн байсан. Би Ганзоригт эхлээд орон дээр хэвтэж байгаа нүүрлүүгээ цохиулснаа санаж байгаа юм. Тэрнээс хойш Ганзориг, Эрхэмбаяр 2 намайг газар унагаагаад дээрээс алнаа гээд ээлжлээд цохиж нүдээд байсан. Би хаана, хэнд юугаар хэдэн удаа цохиулж байснаа мэдэхгүй байна, нүдээ аниад мөлхөөд байсан бөгөөд нэг хэсэг ухаан балартсан байсан. Тэгээд нэг сэртэл Заяабаярын гэрийн үүдэнд оччихсон хэвтэж байсан. Тэгээд би зарим зүйлээ сайн санахгүй байгаа юм яасан ч Заяабаярын хашаанаас ганцаараа гараад гэртэй орж унтаж байснаа санаж байгаа юм. Заяабаярын гэрээс гарахад миний хамраас цус гараагүй байсан санагдаж байна. Гэрийн гадна хашаан дотор байхад л хамраас цус гарсан юм шиг байна лээ. Хамар руу хэн яаж цохиж цус гарсаныг мэдэхгүй байна. Хэн нь татаж намайг газарт унагаасныг мэдэхгүй байна. Эрхэмбаяр, Ганзориг 2 хоёулаа цохиж зодсон. Гэхдээ Эрхэмбаяр голлож намайг цохиж зодсон. Би биедээ авсан гэмтлийг яаж хэнд хэрхэн цохиулж авснаа тодорхой хэлж мэдэхгүй байна тухайн үед архи уусан согтуу байсан бас цохиулж зодуулаад ухаанаа алдчихсан юм. Эрхэмбаяр л надад томроод байсан би яагаад томрох болсныг нь мэдээгүй. Эрхэмбаярыг надад томроод зодох гээд байхаар нь би Заяабаярын орон дээр хэвтэж байгаад хэсэг хугацаанд унтчихсан байсан тэгээд намайг Ганзориг сэрээгээд цохиж авсан юм. Би Эрхэмбаяртай хамт аймгийн төв рүү явсан нь үнэн би аймгийн төв орж эмнэлэгт хэвтчихээд ирсэн юм. Би эхнэртэй Эрхэмбаяр намайг зодсон, мөнгө дээрэмдсэн гэж хэлээгүй. Би 2008 онд зам тээврийн осолд ороод баруун талын шилбэ яс үүрч хугарсан бөгөөд тайрч богино болгуулсан, баруун талын гар буглагаараа хугархай, урд талаараа шөрмөс нь сунсан гэмтэлтэй учир 60% хөдөлмөрийн чадвар алдаж группэд орсон юм. Би ямар ч хүнтэй харилцан зодоон хийж чадахгүй бие муутай. Би Отгондолгорыг хашааны гаднаас орж ирж байхын санаад байгаа бөгөөд би гэрийн гадна талд сууж байсан санагдаж байна өөр зүйл санахгүй байгаа. Би Эрхэмбаяр, Ганзориг хоёртой 10 жилийн нэг ангийн хүүхдүүд найз нөхдийн холбоо харилцаатай болохоор гомдолтой гэж хэлэхэд хэцүү байна. Би нийтдээ 1.850.000 төгрөг Эрхэмбаяр, Ганзориг хоёроос авч эмчилгээ хийлгүүлсэн байгаа. Одоо дахин толгойн зураг авахуулж эмчилгээ хийлгүүлмээр байгаа болохоор 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилнэ. Уг мөнгийг авчихвал би гомдолгүй болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-24, 25-27 дугаар тал/ 

 

* Гэрч А .Аюурзанын өгсөн: 

 

“...Эрхэмбаяр надтай хамт ажилладаг. Ганзоригтой төрөл сдаангийн холбоотой. Би тухайн үед эмнэлэгт хэвтэж байсан. Болохоор болсон асуудлын талаар сайн мэдэхгүй байна. Нөхрөө эрүүл болгож авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар тал/

 

* Гэрч Ц.Тунгалагийн өгсөн: 

 

“...Миний хүү Эрхэмбаяр нь 1988 оны 10 сарын 10-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд 2 дахь хүү болж төрсөн. Дээрээ нэг ахтай айлын бага хүүхэд юм. Эрхэмбаяр бага насаа аав, ээж дээрээ өсч том болж Цэцэрлэг сумын цэцэрлэг, сургуульд суралцаж 2005 онд Эрдэнэт хотын Маргад дээд сургуульд байгаль хамгаалагч экологич мэргэжилээр суралцаж 2009 онд төгсөөд хувиараа ажил эрхэлж байгаад 2013 онд Цэцэрлэг сумын улсын бүртгэгч ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа. Эрхэмбаяр нь эхнэр хүүхэдгүй, ганц бие хүн юм. Зан байдлын хувьд хүнд тусархуу, зөөлөн сэтгэлтэй, эрх танхил талдаа хүн юм. Би хэрэг болох үед байгаагүй болохоор мэдэхгүй байна. Миний хүү Эрхэмбаяр нь найз Ганзоригтойгоо нийлээд 10 жилийн ангийн найз Бямбадоржийгоо зодчихсон гэсэн яриа гарсан байсан би энэ яриаг анх Бямбадоржийн хадам ааваас нь сонсож байсан. Би өөр зүйл мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/

 

* Гэрч Р.Урандэлбээгийн өгсөн: 

 

“...Эрхэмбаяртай хамт нэг газар ажил эрхэлдэг. Эрхэмбаяр нь улсын бүртгэгчийн ажил хийдэг бөгөөд би 2014 онд ажилд орснррс хойш таньдаг болсон. Ганзориг нь миний нөхрийн ээжийн дүүгийнх нь хүүхэд болохоор таньдаг. 2016 оны 11 сарын 06-07-ны үеэр би Архангай аймгийн төвд Хөдөө аж ахуйн газарт сургалттай болчихоод 11 сарын 05-ний өдөр аймгийн төв орох гээд унаа хайтал Эрхэмбаяр өөрийнхөө цагаан өнгийн суудлын машинаар аймгийн төв явах гэж байсан. Машинд Бямбадорж нилээн халамцуу байдалтай машины урд сууж явсан би машины ар талд Энхманлайтай хамт сууж явсан. Бямбадорж архи уусан согтуу байсан болохоор хандсан хүнтэйгээ хэрэлдчих гээд байсан. Би бодохдоо Бямбадоржийн архи уучихаараа зан ааш муутай юм байна гэж бодсон. Тэгээд замд явсаар байгаад хэсэг газарт төөрөөд өглөө 06, 07 цагийн үед аймгийн төв ороод хамгийн түрүүнд Бямбадоржийг буулгасан. Дараа нь Энхманлай бид 2 сургалт болох газраа очиж буусан тэгээд үдээс хойш намайг сургалтандаа сууж байхад Бямбадоржийн эхнэр надруу утсаар яриад чи манай нөхөр Бямбадоржийг дагуулж буудалд хоноод мөнгийг нь дээрэмдээд бусдаар зодуулсан байна гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ тийм зүйл болоогүй гэж хэлсэн. Тэгтэл Бямбадоржийн эхнэр намайг өөрийнхөө нөхөртэй буудалд хонож явна гэж миний нөхөр болон хадам аав, ээжрүү утсаар ярьсан байсан. Би их гайхаж байсан. Бид нар замдаа бага зэрэг төөрч яваад өглөө болж байхад аймгийн төв орсон. Тэрнээс хэн ч Бямбадоржийг цохиж зодоогүй. Ямар ч буудалд орсон зүйл байхгүй. Бямбадоржийг Эрхэмбаяр цохиж зодоогүй, хэн ч Бямбадоржид гар хүрээгүй. Эрхэмбаяр нь ямар ч хүнтэй эв дүйгээ олоод харилцаад явчихдаг зан ааштай хүн. Ганзориг нь сургуулийн багш хүн бөгөөд элдэв буруу зан аашгүй хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/

 

* Гэрч Т.Пүрэвжавын өгсөн:

 

“...Эрхэмбаяр бид 2 эгч дүү хоёрын хүүхдүүд болохоор ойрхон төрөл садангийн холбоотой, Ганзоригтой нэг сургуульд хамт ажилладаг болохоор таньдаг. Эрхэмбаяр нь 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Цэцэрлэг суманд төрсөн 2 хүүхэдтэй айлын бага хүүхэд бөгөөд бага насаа сумандаа өнгөрүүлсэн. Ганзориг Эрхэмбаяр, Бямбадорж бид 4 нэг ангид Цэцэрлэг сумандаа хамт бүрэн дунд сургуулийг сурч төгссөн хүмүүс одоог хүртэл бид 4 найзалж нөхөрлөж явдаг. Эрхэмбаяр нь зан байдлын хувьд олонтой явдаг, найрсаг зантай, хүнтэй зөв харилцдаг. Ганзориг болон Эрхэмбаяр нар хоёулаа дээд боловсролтой бөгөөд буруу зөрүү зан аашгүй, ажил төрөл хийдэг хүмүүс...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/

 

* Гэрч А.Отгондолгорын өгсөн: 

 

“...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би Цэцэрлэг сумын төвийн халуун усны газарт ажиллаж байсан бөгөөд орой 21 цагийн үед ганцаараа гэртэй иртэл Бямбадорж, Эрхэмбаяр, Ганзориг 3 манай хашаан дотор юм яриж байгаа юм уу гэмээр сууж байсан. Бямбадорж газарт явган суусан хажуу талд нь Эрхэмбаяр, Ганзориг 2 зогсож байсан. Би хашаан дотроо орж ирээд юу хийгээд байгаа юм гэр рүүгээ яв гээд хөөтөл тэр гурав гараад явсан. Бямбадоржийн хамраас цус гарсан харагдаж байсан би бодохдоо Бямбадорж, Эрхэмбаяр, Ганзориг 3 хоорондоо зодоон хийж дээ гэж бодсон. Бямбадорж, Эрхэмбаяр, Ганзориг нар согтуу байх шиг л байсан. Манай гэрт зодоон болсон шинж тэмдэг байгаагүй. Ямар ч цус болсон зүйл байгаагүй. Хэрэв гэрт зодоон болсон бол цус болж гэр буух ёстой. Бямбадоржийн хамраас нь цус гарсан л харагдаж байсан. Би бүдэг гэрэл тусгаж харсан бөгөөд юу болсон талаар асуугаагүй шууд л хашаанаасаа тэр 3-ыг хөөсөн. Бямбадоржид өөр ямар гэмтэл бэртэл байсан нь надад харагдаагүй. 2017 оны 01 сарын 12-ны өдөр 21 цагийн үед гадаа их харанхуй байсан. Би хашаан дотроо орж ирээд Бямбадорж, Эрхэмбаяр, Ганзориг гурвыг таниад ойртож ирээд Бямбадоржийн хамраас цус гарсан байхын харсан. Өөр зүйл хараагүй. Би нөхөр Заяабаярт хэлэхдээ Бямбадоржийг Эрхэмбаяр, Ганзориг нар зодсон юм уу яасан юм Бямбадоржийн хамраас цус гарсан байхаар нь хөөгөөд явуулчихлаа гэж хэлсэн. Би зодоон болохыг хараагүй. Миний нүдэн дээр зодоон болоогүй. Би халуун усны газарт өдрийн турш ажиллаж байгаад ирсэн харин миний нөхөр Заяабаяр шуудан тосоод комиссын хувцасыг тосч аваад буцаж ирсэн юм. Би гэртэй тэр өдөр байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/

 

* Гэрч Э.Заяабаярын өгсөн: 

 

“...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цэцэрлэг сумын төвд байрлах гэртэй 2 жоохон хүүхэдтэй байж байтал 20 цагийн үед гаднаас Бүдрагчаа, Санжаа, Бямбадорж, Ганзориг, Эрхэмбаяр нар нилээн халамцуу байдалтай орж ирээд гэрт чинь нэг шил архи уучихъя гэхээр нь би эхнэр байхгүй байсан болохоор тэг гэж хэлсэн. Ерөөл нэртэй нэг шил архи гаргаж ирээд тэд нар хувааж уусан. Би тэр архинаас уугаагүй бөгөөд Бямбадорж, Эрхэмбаяр 2 хоорондоо маргалдаад аймаг явж байгаад Бямбадорж авгайдаа худал ярьсан гээд маргалдаад байсан. Би 20 цаг 30 минутын үед шуудан тосох болчихоод гэртэй тэд нарыг бүгдийг нь үлдээчихээд товчоо руу явсан. Би шуудангаас комиссын хувцас авчихаад 21 цаг өнгөрсөн байхад гэртэй иртэл манай гэрт үлдсэн хүмүүс бүгд явчихсан эхнэр Отгондолгор гэртэй ирчихсэн 2 хүүхэдтэйгээ байж байсан. Отгондолгор хэлэхдээ Бямбадоржийн хамраас цус гарсан байсан хажуу талд нь Эрхэмбаяр, Ганзориг 2 зогсож байсан хоорондоо зодолдсон юм шиг байна лээ гэж хэлсэн. Маргааш өглөө нь Бямбадоржтой гэрийнхэн урд таартал намайг Ганзориг, Эрхэмбаяр 2 өчигдөр ийм болтол зодчихсон гээд нүүр ам нь хавдчихсан явж байсан. тэгээд маргааш өдөр нь буюу 2017 оны 01 сарын 13-ны өдөр Санжаа, Адъяабазар бид 3 мотоцикльтой сумын төвөөс гарч явтал Бямбадоржийн дүү Батдорж ангийнхаа нэг хүүхэдтэй ирээд Санжааг бариж аваад яахаараа миний ахыг дагуулж яваад хүнд зодуулчихдаг юм бэ гээд Санжааг барьж аваад цохиж зодоод байсан. Бүдрагчаа, Санжаа, Бямбадорж, Ганзориг, Эрхэмбаяр нар тасарталаа согтоогүй байсан нилээн халамцуу л болчихсон байдалтай манай гэрт орж ирсэн. Намайг гэрт байхад зодоон болоогүй. Харин Бямбадорж, Эрхэмбаяр 2 хоорондоо маргалдаад Эрхэмбаяр нь чи намайг эхнэртэй худал ярьж аймаг руу явахдаа надад зодуулж дээрэмдүүлсэн гэж хэлсэн байсан гэсэн утгатай юм яриад байсан Бямбадорж би тийм юм яриагүй гэсэн утгатай юм яриад байх шиг байсан. Миний том хүүхэд Ялгуун 04 настай, бага хүүхэд Баярбаатар 03 настай. Миний хоёр хүүхэд ойр зуурын юм ярьдаг гэхдээ байцаалт өгөх чадваргүй. Миний 2 хүүхэд зодоон болсон гэж яриагүй бөгөөд хэрэв зодоон болсоныг харсан бол хоёулаа зодооны талаар ярих ёстой хэн ч зодоон болсон талаар яриагүй би зодоон болсон уу гэж асуухад бүгдээрээ цувраад манай гэрээс гараад явсан бид 2 гэртэй тоглож байсан гэж ярьж байсан. Одоо тэр ярьж байснаа мартчихсан байна лээ. Би бодохдоо манай гэр дотор биш гэрийн гадна талд л зодоон болсон байх гэж бодож байгаа. Хэрэг болдог өдөр манай гэрт Бүдрагчаа, Санжаа, Бямбадорж, Ганзориг, Эрхэмбаяр нар нэг удаа орж ирсэн. 20 цагаас өмнө хэн ч орж ирээгүй, архи уугаагүй. Бямбадоржийн нүүр, хамар нэг нүд нь бүлцийж хавдсан байсан. Өөр гэмтэл бэртэл байгаагүй. Манай гэрт зодоон болсон шинж тэмдэг байгаагүй. Маргааш өглөө нь манай хашааны гадна талд цус болчихсон байсан. Хашааны дотор цус харагдахгүй байсан. Шуудан тосох гээд явахад гадаа харанхуй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дүгээр тал/

 

* Гэрч М.Батдоржийн өгсөн: 

 

“...Бямбадорж бол миний төрсөн ах. Б.Ганзориг ахтай аавын талаар төрөл садангийн холбоотой. Эрхэмбаярыг нутгийн хүн болохоор нь таньдаг. 2017 оны 01 сарын 13-ны өглөө би гэртэй байж байтал миний төрсөн ах Бямбадорж нь Эрхэмбаяр, Ганзориг хоёрт зодуулчихсан байна гэж сонссон. Тэгээд би сумын эмнэлэг дээр очтол Бямбадорж ахын нүүр ам битүү хавдсан байдалтай болчихсон байсан. Би Бямбадорж ахаас хэнд зодуулсан юм бэ гэж асуутал Эрхэмбаяр, Ганзориг 2 намайг нийлж байгаад зодчихсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би эмнэлгийн гадаа гараад Ганзоригын нүүр рүү нэг удаа цохиод Эрхэмбаярыг үснээс нь татаад газар унагаачихаад яваад өгсөн. Бямбадорж ахыг Эрхэмбаяр, Ганзориг 2 нийлж зодсон байхаар нь уур хүрээд тэр хоёрыг цохиж үсдэж унагаасан юм. Маргааш өдөр нь Санжааг цохиж зодоод тэр асуудал нь эрүүгийн хэрэг үүсээд хэсгийн төлөөлөгч дээр шалгагдаж байгаад хэрэгсэхгүй болсон. Би уурандаа Эрхэмбаяр, Ганзориг хоёрыг цохиж зодсон нь үнэн би уучлалт гуйсан байгаа. Миний төрсөн ах Бямбадорж айлын том хүүхэд бөгөөд доороо 2 дүүтэй. Цэцэрлэг сумандаа төрж өссөн бөгөөд 10 жилийн сургуулиа сумандаа төгсөөд хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Одоогоос 5 орчим жилийн өмнө зам тээврийн осолд ороод хөл гар нь их олон хугарч байсан бөгөөд гүрүүпэд байдаг юм. Бямбадорж ах эхнэр 3 хүүхэдтэй бөгөөд зан байдлын хувьд хэвийн ааш зантай. Бямбадоржийн ахын нүүр бүхэлдээ шахам хавдаж хөхөрсөн харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/

 

* Гэрч З.Энхманлайгийн өгсөн: 

 

“...Би Ганзоригийг сайн танихгүй. Эрхэмбаярыг нутгийн хүн болохоор таньдаг. 2016 оны 11 сарын эхээр Аймгийн төвд сургалттай болчихоод би Урандэлбээгийн хамтаар Цэцэрлэг сумаас аймгийн төв рүү явсан. Машин хайж байгаад манай сумын Эрхэмбаяр өөрийн санато 6 маркийн цагаан өнгийн машинаар аймаг явах гэж байсан бөгөөд орой 16 цагийн үед сумаас аймгийн төв рүү явсан. Манай сумаас аймгийн төв ортол 220 км зайтай бөгөөд 6 орчим цаг машинаар явдаг юм. Машиныг Эрхэмбаяр жолоодож хажуу талд Бямбадорж ах сууж явсан. Арын суудал дээр би Урандэлбээгийн хамтаар явсан. Бямбадорж ах сумаас анх явахдаа архи уусан халамцуу явсан бөгөөд хэнтэй ч хамаагүй хэрүүл хийчих гээд үг сөрөөд байсан. Тэгээд бид нар явж байгаад замдаа төөрөөд аймаг руу явж байгаа машиныг дагаад аймгийн төв рүү өглөөний 06 цагийн үед орсон. Тэгээд хамгийн түрүүнд Бямбадоржийг гэрт нь буулгаад дараа нь Урандэлбээ бид 2 хөдөө аж ахуйн газар дээр буусан. Дараа нь Бямбадорж ахын нүүр хавдаж хүнд зодуулсан юм шиг болсон байсан бөгөөд сумын төвд явж байгаад машинд суухаасаа өмнө мотоциклиос уначихаад машинд суугаад аймагруу явсан байсан. тэгээд аймагт очсон айлын хүмүүс нь Бямбадорж ахыг харчихаад замдаа зодуулсан байна гэсэн утгатай юм ярьсан байсан. Бямбадорж ах өөрөө замд явж байхаад би сумын төвд мотоциклиос унасан гэж яриж байсан. Тэрнээс Эрхэмбаяр болон бид нар замд явж байхдаа Бямбадорж ахыг цохиж зодсон зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/

 

* Гэрч С.Санжаагийн өгсөн: 

 

“...би Бямбадоржийг манай гэрт 2017 оны 01 дүгээр сарын үед ирсэн. Тэгээд би Цэцэрлэг сумын төв рүү хүргэж өгсөн. Сумын төвд Бүдээ, Бямбадорж бид гурав 1 дэлгүүрийн гадаа Ганзориг, Эрхэмбаяр, Заяабаяр нартай таарсан. Тэгээд бид нар Цэцэрлэг сумын Ихбулаг багийн нутаг Хонхор гэх хороололд байх Заяабаярын гэрт очсон. Заяабаярын гэрт бид нар 1-2 шил архи хувааж ууцгаагаад байж байтал Бямбадорж согтоод унтаад өгсөн. Тэгээд л би хөдөө гэр рүүгээ явсан. Маргааш нь сумын төв рүү дахин ортол Бямбадоржийг Эрхэмбаяр, Ганзориг нарт зодуулсан талаар хүмүүс хэлсэн. Өөр нарийн сайн мэдэх зүйлгүй. Бүдээ, Бямбадорж хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба халамцуу л байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47 дугаар тал/

 

* Гэрч Г.Бүдрагчаагийн өгсөн: 

 

“...2017 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр санагдаж байна орой бүрэнхий тасрах гэж байхад би найз Бямбадорж, Санжаа хоёртой хамт машинтай явж байгаад сумын төвийн хүнсний дэлгүүрийн гадна талд Ганзориг, Эрхэмбаяр хоёртой тааралдсан. Бямбадорж бид хоёр тэр үед бага зэрэг халамцуу явж байсан бөгөөд Ганзориг, Эрхэмбаяр хоёр бага зэрэг халамцуу байх шиг байсан. Тэгээд бид нар дэлгүүрээс архи худалдаж аваад найз Заяабаярын гэрт очсон. Заяабаярын гэрт хүн байгаагүй бөгөөд Бямбадорж, Санжаа, Эрхэмбаяр, Ганзориг бид тав 2 шил Ерөөл нэртэй архийг хувааж өөсөн. Заяабаяр архинаас уугаагүй бөгөөд шуудан тослоо гээд гэрээсээ гараад яван Бямбадорж Заяабаярын орон дээр хэвтчихсэн байсан. Тэгээд Санжаа бид 2 Заяабаярын гэрээс гараад явсан. Заяабаярын гэрт Эрхэмбаяр, Ганзориг нар юм яриад суугаад үлдсэн. Бямбадорж орон дээр нь унтаад үлдсэн. Тэгээд Бямбадоржийг маргааш өдөр нь Эрхэмбаяр, Ганзориг 2 зодсон байна гэж сонссон. Зодоон болох үед би байгаагүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Хэрэв би байсан бол хооронд нь зодолдуулахгүй салгах байсан. Заяабаярын гэрт архи ууж байхад Эрхэмбаяр нь Бямбадоржоо чиний эхнэр намайг доромжилсон, аймаг хамт явахад чамайг би зодсон уу гээд хэрэлдээд байсан. Бямбадорж урдаас нь нэг их юм яриагүй орон дээр хэвтээд байсан. Өөр хэрүүл маргаан болоогүй. Эрхэмбаяр, Ганзориг, Бямбадорж бид нар ухаанаа алдтал согтоогүй байсан гэхдээ нилээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/

 

* Гэрч Ц.Наранхүүгийн өгсөн: 

 

“...Миний хүү Ганзориг нь 1989 оны 06 сарын 12-ны өдөр Архангай аймгий Цэцэрлэг суманд 4 хүүхдийн 3 дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа аав, ээжийнхаа гар дээр өссөн. 3 настай байхад Цэцэрлэг сумын цэцэрлэг, 7 настай байхдаа сумынхаа сургуульд суралцаж төгсөөд, Архангай аймгийн багшийн сургуулийг 2012 онд математик, мэдээлэл зүйн багш мэргэжилээр сурч төгссөн. Ганзориг Өвөрхангай аймгийн Нарийн тээл суманд багшийн ажлыг 1 жил орчим хийгээд 2016 оны 11 сард Цэцэрлэг сумандаа багшийн ажилд түр орсон байгаа. Ганзориг эхнэр хүүхэдгүй, надтай хамт амьдардаг, зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй нийтэч, үг дуу цөөнтэй, уур уцаар багатай, олон нийтийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог, хүнд тусархуу. Ганзориг найз Эрхэмбаяртайгаа нийлээд 10 жилийн ангийн нэг найзыгаа зодсон гэсэн яриа байсан. Би тухайн үед нь байгаагүй болохоор юу ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/

 

* Сэжигтэн, яллагдагчаар Б.Ганзоригийн өгсөн: 

 

“...2017 оны 01 дүгээр сарын 12-ний өдөр буюу 4 дэх орой харанхуй болчихсон байхад Заяабаяр гэдэг айлын гэрт Эрхэмбаяр, Бямбадорж бид 3 хамт байж байгаад Эрхэмбаяр, Бямбадорж 2 хоорондоо маргалдаад байсан. Эрхэмбаяр, Бямбадорж 2 хоорондоо маргалдаж байгаад Эрхэмбаяр нь Бямбадоржийн нүүр рүү гараараа 2 удаа цохиж авсан. Би дундуур нь орж салгасан. Тэгээд гурвуулаа гэрээс гартал Бямбадорж намайг хэл амаар доромжилоод чиний багш гэж юу байдаг юм бэ, чи гэр оронгүй гээд байхаар нь би Бямбадоржийг заамдаж авсан. Бямбадорж намайг зөрүүлж боохоор нь би түлхэж салсан. Тэр үед Эрхэмбаяр хүрч ирээд Бямбадоржийг 2 удаа нүүр рүү нь цохиж авсан. Тэгээд Бямбадоржийн хамрын цус гойжоод байхаар нь буцаж гэрт оруулаад хамрын цусын угааж өгөх гэтэл Бямбадорж би цусаа угаалгахгүй гээд гараад явсан Би цохиж зодоогүй. Тухайн үед Эрхэмбаяр, Бямбадорж бид 3 байсан. Өөр хүн байгаагүй Заяабаяр гэртэй байж байгаад эхнэрийн хамт шуудан тосох гээд явчихсан байхад нь зодоон болсон. Бямбадорж, Эрхэмбаяр хоёрын хооронд хувийн маргаан байсан гэсэн тэрнээс болж маргаан зодоон үүссэн. Бямбадоржийг Эрхэмбаяр л цохиж зодсон. Би цохиж зодоогүй. Бямбадоржтой маргааш өглөө эмнэлэг дээр байхад нь уулзсан нүүр нь хавдсан, хацар дээрээ шалбархай болчихсон байсан. Зодоон болох үед Бямбадоржийн хамраас нь цус гараад явсан. Бямбадорж, Эрхэмбаяр бид 3 Заяабаярын гэрт 0.5 литрийн Ерөөл архи нэг шил, 0.75 литрийн Ерөөл архи нэг шил нийт 2 шил архи гурвуулаа хувааж уусан болохоор зодоон болоход нилээн согтуу байсан. Тэрнээс өмнө үдээс хойш Санжаа, Бүдрагчаа, Эрхэмбаяр, Заяабаяр , Бямбадорж бид нар нэг шил Ерөөл нэртэй архийг Заяабаярыг гэрт хувааж уусан. Тэгээд Санжаа, Бүдрагчаа нар гэрлүүгээ явсан. удалгүй Заяабаяр эхнэртэйгээ шуудан тосох гээд явсан хойгуур Бямбадорж, Эрхэмбаяр 2 хоорондоо маргалдаж зодоон болсон. Би Бямбадоржийг цохиж зодоогүй. Өмнө сандарсандаа 2 удаа цохьчихсон гээд мэдүүлчихсэн юм. Тийм зүйл болоогүй. Би Бямбадоржийг цохиж зодоогүй. Бямбадорж биедээ учируулсан гэмтлээ хашаан дээгүүр давж байгаад унаж эсвэл эхнэртэй цохиулж авсан байж магадгүй гэж бодож байна. Намайг Бямбадоржтой уулзах гээд эмнэлэг дээр очиход Бямбадоржийн эхнэр Аюурзана үсдэж аваад хамарлуу цохиж зодсон, тэрний дараа Батдорж намайг эмнэлэгийн гадна талд барьж авч толгойгоороо мөргөөд гараараа 2 удаа цохиж авсан. Бямбадоржийг өмөөрч Аюурзана, Батдорж нар намайг зодсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэрэг гаргуулахгүй, гомдол санал байхгүй.

Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Би Бямбадоржийг цохиж зодоогүй. Би Эрхэмбаяртай хамт Бямбадоржийн эмчилгээнд 2 сая орчим төгрөгийг хуваан өгсөн байгаа уг мөнгөнөөс  би 1 сая төгрөг өгсөн. Бямбадорж дахиж 1 сая төгрөгийг нэхэмжилж байна лээ. Би өөр мөнгө өгч чадахгүй үлдэгдэл мөнгийг Эрхэмбаяр төлөх байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 73-74, 86-87 дугаар тал/

 

* Сэжигтэн, яллагдагчаар Б.Эрхэмбаярын өгсөн: 

 

 “...2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр би найз Ганзоригтой хамт Цэцэрлэг сумын төвд 05 литрийн нэг шил архи хувааж уугаад найз Заяабаярын гэрт очсон. тэгтэл Бямбадорж, Санжаа, Бүдрагчаа нар гаднаас орж ирсэн. Тэгээд бид 5 нийлээд 0.5 литрийн Ерөөл архи, 0.75 литрийн Ерөөл архи нийт 2 шил архийг хувааж уусан. Санжаа, Бүдрагчаа 2 архи дууссаны дараа яваад өгсөн. Заяабаярын гэрт Бямбадорж, Ганзориг бид 3 үлдсэн бөгөөд нэг шилтэй архи байхаар нь тэрийг гурвуулаа хувааж уусан. тэгээд би Бямбадоржид чи намайг худлаа ярьж гүтгэж байсан цагдаад өгнө шүү гэж хэлтэл, Бямбадорж надад хууль үйлчилдэггүй би группэд байдаг гэдгийг мэднэ биздээ чи намайг зодож болно намайг өмөөрөх ах, дүү байгаа гээд байсан. Би Бямбадоржийг чи юу гээд байгаа юм бэ гээд заамдаж автал Бямбадорж намайг зөрүүлээд заамдаад авсан. Би Бямбадоржийн нуур руу гараараа 2, 3 удаа цохиж автал хамраас нь цус гараад байхаар нь зодохоо больчихсон. Удалгүй Заяа, эхнэртэйгээ хамт орж ирээд эхнэр нь бид гурвыг хөөгөөд гэрээсээ гаргасан. Тэгээд Бямбадорж гэр рүүгээ яваад өгсөн. Би Ганзоригтой хамт гадуур явсан. Маргааш өглөө нь Бямбадорж Заяабаяртай тааралдаад өчигдөр Эрхэмбаяр бид хоёрын дунд зодоон болсон байна хэн хэндээ гай бололгүйгээр салчих юмсан эхнэр Аюурзана балай юм яриад байх юм гэж ярьсан байсан. Тэгээд Бямбадоржийг эмнэлэг дээр байна гэхээр нь Ганзориг бид 2 сумын цагдаад дээр очоод сумын цагдаатай уулзаад эмнэлэг дээр очтол Бямбадорж сандал дээр зүгээр сууж байсан хажуу талд нь байсан эхнэр нь болох Аюурзана учир зүггүй орилоод намайг алуурчин чамайг үхвэл энэ сум баярлана гээд байсан. Аюурзана орилож ирээд Ганзоригийг цохиж аваад намайг цохих гээд дайрахаар нь би гараад явчихсан. Тэгтэл эмнэлэгийн гадна талд Бямбадоржийн дүү банди Батдорж ирчихсэн байсан. Аюурзана нь хэлэхдээ Батдоржид наад хоёрыгоо ал ал гэж хэлсэн. Тэгтэл Батдорж гуйж ирээд намайг татаж унагаагаад миний толгойруу 2, 3 удаа өшиглөж авсан. тэгээд Ганзоригийг зодоод байсан. тэгээд Бямбадорж Улаанбаатар хотруу эмчилгээ хийлгэх гээд явсан. Ганзориг бид 2 одоогийн байдлаар 1.850.000 төгрөг эмчилгээндээ хэрэглээрэй гэж өгсөн байгаа боловч Бямбадоржийн эхнэр нь утсаар ярьж илүү мөнгө нэхээд байгаа. Би Бямбадоржийн эмчилгээний мөнгийг Ганзоригтой хамтөгөөд л байгаа боловч мөнгө өгөх тусам илүү мөнгө нэхээд байгаа. 2016 оны 11 сард Бямбадорж бид 2 Цэцэрлэг сумаас миний машинтай аймгийн төврүү орж ирсэн юм. Бямбадорж Цэцэрлэг сумаас машинд суухдаа согтуу байсан бөгөөд замдаа архи уусаар байгаад ирсэн юм. Аймгийн төвд ирээд хамгийн түрүүнд Бямбадоржийг буух айлд нь буулгаад дараагчаар нь хүмүүсээ гэрт нь буулгаж өгсөн юм. тэгтэл Бямбадорж буусан айлдаа ороод жолооч намайг зодож миний мөнгийг дээрэмдсэн гэж ярьсан байсан. надтай хамт сумын мал үржилийн тасгийн мэргэжилтэн Урандэлбээ, малын эмч Энхманлай нар хамт явж байсан юм, бас нэг 5 сартай жирэмсэн эмэгтэй хамт ирсэн бөгөөд тэрийг би танихгүй. Тэрнээс болж Бямбадорж бид 2-ын дунд таарамжгүй харилцаатай болсон бөгөөд Бямбадоржийн мөнгийг би дээрэмдэж зодсон гэсэн яриа сумын төвөөр гарчихсан байсан. би энэ яриаг сонсчихоод Бямбадоржоо чи намайг ингэж гүтгэх гэж чамайг цагдаад өгч шалгуулна гэж өмнө хэд хэдэн удаа ярьж, хэлж байсан бөгөөд хэрэг болох үед архи уучихсан байхдаа уур хүрээд хэдэн удаа Бямбадоржийг цохиж авсан. Тэрнээс өөрөөр цохиж зодоогүй. Ганзориг, Бямбадоржбид 3 байсан. Заяабаяр эхнэртэйгээ шуудан тосох гээд явчихсан байсан. Бямбадорж бид 2 хоорондоо маргалдаад 2 талаасаа заамдалцаж босч ирсэн бөгөөд босоо байхдаа би цохиж зодсон. Бямбадоржийн дүү Батдорж ахыгаа өмөөрч намайг газар унагааж байгаад толгойруу 2 удаа өшиглөж зодсон. Миний толгой өвдөж байсан, зүүн гарын тохой шалбарсан байсан. би тухайн үед эмчид үзүүлээгүй ямар нэгэн баримтгүй байгаа, одоогоор өвдөж зовиурлаж буй зүйлгүй болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, гэмтлийн зэрэг гаргуулахгүй, гомдол санал байхгүй. Би дүгнэлтүүдтэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бямбадорж худлаа мэдүүлсэн байна. Би Бямбадоржтой нүүрэлдсэн ч хэлж чадна. Бямбадоржийг олон удаа цохиж зодоогүй. Ганзориг, Бямбадоржийг цохиж зодоогүй.

Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Би ганцаараа Бямбадожрийг зодсон. Ганзориг, Бямбадоржийг цохиж зодоогүй. Би Бямбадоржоос уучлалт гуйсан байгаа одоо 1 сая төгрөг өгөөд гомдолгүй болгохоор болсон. Одоохондоо мөнгөний боломж олдохгүй байгаа болохоор мөнгө өгч чадахгүй байгаа удахгүй нэхэмжилж байгаа мөнгийг нь өгөх болно. Би хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Заяабаяр цэцэрлэгийн насны 2 жоохон хүүхэдтэй бөгөөд тэр 2 хүүхэд нь маргаан зодоон болох үед байгаагүй санагдаж байна. Би тухайн үед уусан архиндаа согтоод зарим зүйлээ сайн санахгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-91, 93-94 дүгээр тал/

 

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 66 тоот шинжээчийн дүгнэлт: 

 

Дүгнэлтэд: “...1. М.Бямбадоржийн биед 2 нүдний зовхинд цус хуралт, уруулын дотор салстад язарсан шарх, дух, хацар, орчим зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эмчийн үзлэгээр дээрх гэмтэл нь зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 69 дүгээр тал/

 

* Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1851 тоот шинжээчийн дүгнэлт: 

 

Дүгнэлтэд: “...1. М.Бямбадоржийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн, үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 54 дүгээр тал/

 

* Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 628 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

 

Дүгнэлтэд: “...1.Шүүх эмнэлгийн үзлэг №1851, 66 дугаартай дүгнэотүүд үндэслэлтэй байна. 2. М.Бямбадоржийн биед тухайн үед тархины зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цус хуралт, дух хацар, уруулын доод хэсэгт зулгөрөлт, дээд доод уруулын салстад язарсан шарх гэмтэл учирчээ. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон цдаагийн үйлчлэлээр, хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. 5. Учирсан гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ба тархины зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалт, хамар ясны хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхинд цу хуралт, дээд доод уруулын салстын язарсан шарх гэмтэл нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дух, хацар, уруулын доод хэсгийн зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 132 дугаар тал/

 

* М.Бямбадоржийн өвчний түүх /хх-ийн 55-64 дүгээр тал/, эд мөрийн баримт зэрэг болно. 

 

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг сумын Ихбулаг баг, Хонхорын 3-11 тоотод оршин суух иргэн Э.Заяабаярын гэрт иргэн М.Бямбадоржтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: хохирогч М.Бямбадоржийн “...Эрхэмбаяр, Ганзориг нар миний толгой цээж, хөл, гар гээд энд тэндгүй өшиглөж зодсон. Ер нь их олон удаа цохиж зодсон. Би нарийн тоо мэдэхгүй байна. Миний хамар 3 удаа хугарсан, уушиг бяцарсан гэсэн. Зөөлөн эдийн бэртэл гэмтэл энд тэндгүй учирсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Отгондолгорын “...Бямбадоржийн хамраас цус гарсан харагдаж байсан би бодохдоо Бямбадорж, Эрхэмбаяр, Ганзориг 3 хоорондоо зодоон хийж дээ гэж бодсон...” гэх мэдүүлэг, гэрч Э.Заяабаярын “...Маргааш өглөө нь манай хашааны гадна талд цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Батдоржийн “...би сумын эмнэлэг дээр очтол Бямбадорж ахын нүүр ам битүү хавдсан байдалтай болчихсон байсан. Би Бямбадорж ахаас хэнд зодуулсан юм бэ гэж асуутал Эрхэмбаяр, Ганзориг 2 намайг нийлж байгаад зодчихсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Аюурзана, Ц.Наранхүү,Г.Бүдрагчаа, С.Санжаа, З.Энх-Амгалан, Т.Пүрэвжав, Р.Урандэлбээ, Ц.Тунгалаг нарын мэдүүлэг , Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 66 тоот, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1851 тоот, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 628 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулсан ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр заасан ба Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нарыг бүлэглэн хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдав. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг рентгэн зургийг хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор хороолол 04-14 тоотод оршин суух Хас овогт Мягмарсамбуугийн Бямбадорж /РД:АН88051711/-д буцаан олгох нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 2, 4, 5 дах хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага

                                                       ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нарт холбогдох хэрэгт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг 2015 оны 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

 

2. Шүүгдэгч Их шавь овогт Батхүрэлийн Эрхэмбаяр, Жартгай овогт Бямбажавын Ганзориг нарыг бүлэглэн хүний биед санаатай халдан хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрхэмбаярыг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Ганзоригийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нар нь 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ торгох ялыг 3 сарын хугацаагаар 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

 

 5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

6. Шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нар нь бусдад төдөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг рентгэн зургийг хохирогч Архангай аймгийн Цэцэрлэг сумын Хонхор хороолол 04-14 тоотод оршин суух Хас овогт Мягмарсамбуугийн Бямбадорж /РД:АН88051711/-д буцаан олгосугай. 

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

9. Шүүгдэгч нар, хохирогч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эрхэмбаяр, Б.Ганзориг нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР