Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/06

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Э.Гантулга

Хохирогч Г.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа

Шүүгдэгч Н.У

           Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билэгжаргал  нарыг оролцуулан;

                              

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1257 дугаар захирамжийг   эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр Н.У од холбогдох эрүүгийн 2014004420428 дугаар хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Монгол улсын иргэн, овогт Н.У 1973 оны 12 сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Заг суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Заг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга ажилтай, ам бүл 3,  улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэлгүй /

 

Шүүгдэгч Н.У  нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр баг 10 дугаар гудамжны 616 тоотод оршин суух П.Жаргалсайханы хашаанд иргэн Г.Б ын зүүн шанаа орчимд гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

          Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.У ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

              Анхан шатны шүүх: Шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

 

              Үүнд хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогч болон гэрч нарын мэдүүлэг хоорондоо ноцтой зөрүүтэй байна. Тухайлбал хохирогч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ баруун шанаанд цохиулж гэмтэл авсан талаар мэдүүлж энэ талаар гэрэл зургийг хэрэгт хавсаргасан байтал хавтаст хэрэгт гэрч М.Өнөрбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад “....Би Ууганболд ахын араас гартал Батбаяр эгч Ууганболд ахыг чи манай нөхрийг зодчихлоо гээд цээж рүү нь цохиод авахад Ууганболд нь Батбаярын зүүн шанаанд нь гараараа цохиод унагахаар нь би Ууганболд ахыг та ичээч айлын авгай цохиод байхдаа яадаг юм гэхэд Ууганболд нь яваад өгсөн...” гэх мэдүүлэг / хх-ийн 28-30 /, мөн гэрч О.Алтанбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Тэр үед биднийг хүмүүс салгаад Ууганболд гэрээс гарч явахдаа замд нь таарсан манай эхнэр Батбаярыг цохиж унагасан байсан. Манай эхнэрийн зүүн талын шанаа нь хөхөрч хавдсан байсан. ..” гэх мэдүүлэг / хх-ийн 35-37/ зэргээс дүгнэхэд хохирогчийн зүүн талын шанаанд шүүгдэгч Н.У  цохиж гэмтэл учруулсан болохоор байгаа бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн 516 дугаар дүгнэлтэд “.... Г.Б ын биед ирүүлсэн фото зураг болон эмнэлгийн бичиг баримтаас харахад доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэж дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтэд хохирогчийн аль талын эрүүнд цохиулсан талаар тодорхой тусгаагүй байна.

 

Гэрч  А.Отгонбилэг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Г.Б  нь надад 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үзүүлсэн бөгөөд тухайн үед би эмчийн бичиг хийж өгөөгүй. Харин 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үзээд эмчийн бичиг хийж өгсөн. Тухайн үед Батбаяр нь толгой, эрүү бас цээж хэсгээр хөндүүрлэж өвдөж байна хүнд зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 31-32 / мэдүүлгээс дүгнэхэд сумын эмч 2020 оны 07 дугаар сарын 05-нд үзүүлсэн эсэх, үзүүлсэн бол эмнэлэгт хэзээ үзүүлсэн талаар бүртгэл хөтөлсөн эсэхэд үзлэг хийж хуулбарлаж авах, мөн уг эмчээс яагаад 07 дугаар сарын 12-ний өдөр бичгийг хийж өгсөн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг, авах мөн хохирогч Г.Б ын эрүүний зургийг  хэзээ ямар зорилгоор юугаар авсан болохыг тогтоох зэрэг ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэж уг мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Мөн хэрэг учрал болсон гэх өдөр хохирогч Г.Б  архи уусан эсэх, орой нь нөхөртэйгөө хэрэлдэж маргалдаж зодолдсон эсэх талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагааг хийх нь зүйтэй гэж үзлээ.

            Иймд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гантулгын тус шүүхэд бичсэн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 дүгээр эсэргүүцэлд:

 

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Э.Гантулга би, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1257 дугаартай шүүгчийн захирамжийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 20 минутад хүлээн авч хянавал:

 

Жинчид овогт Норжины Ууганболд /РД:В073121312/ нь 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр баг 10 дугаар гудамжны 616 тоотод оршин суух П.Жаргалсайханы хашаанд иргэн Г.Б ын зүүн шанаа орчимд гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллагдагч Н.У од эрүүгийн 2014004420428 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцуулахаар 2014004420428 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 12 сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд

 

-    Хохирогч болон гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй, хохирогч Г.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт “баруун шанаанд цохиулж гэмтэл авсан” гэж мэдүүлж байхад гэрч М.Өнөрбаяр нь мөрдөн байцаалтын шатанд “Ууганболд нь Батбаярын зүүн шанаанд цохиод унагаасан”, гэрч О.Алтанбаатар нь “Ууганболд манай эхнэрийг цохиж унагаасан байсан. Манай эхнэрийн зүүн талын шанаа нь хавдсан байсан” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд хохирогчийн зүүн талын шанаанд Ууганболд цохиж гэмтэл учруулсан байхаар байх бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн 516 дугаартай дүгнэлтэд “ Г.Б ын биед ирүүлсэн фото зураг болон эмнэлгийг бичиг баримтаас харахад доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...” гэх уг дүгнэлтэд хохирогчийн аль талын эрүүнд цохиулсан талаар тодорхой тусгаагүй байна.

 

-    Гэрч А.Отгонбилэгийн “ Батбаяр нь надад 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үзүүлсэн бөгөөд тухайн үед би эмчийн бичиг хийж өгөөгүй. Харин 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр үзээд эмчийн бичиг хийж өгсөн. Тухайн үед Батбаяр нь толгой, эрүү бас цээж хэсгээр хөндүүрлэж өвдөж байна хүнд зодуулсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлгээс дүгнэхэд сумын эмчид  хохирогч 2020 оны 07 сарын 05-ны өдөр үзүүлсэн эсэх, үзсэн бол эмнэлэгт хэзээ үзүүлсэн талаар бүртгэл хөтөлсөн эсэхэд үзлэг хийж хуулбарлан авах, мөн уг эмчээс яагаад 2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр бичгийг хийж өгсөн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авах, мөн хохирогчийн эрүүний зургийг хэзээ, юугаар авсан болохыг тогтоох,

-    Хэрэг учрал болсон гэх өдөр хохирогч Г.Б  архи уусан эсэх, орой нь нөхөртэйгөө хэрэлдэж маргалдаж зодолдсон эсэх талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн 2014004420428 дугаар хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.У  нь 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр баг 10 дугаар гудамжны 616 тоотод оршин суух П.Жаргалсайханы хашаанд иргэн Г.Б ын зүүн шанаа орчимд гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдон тогтоогдсон болно.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичлээ. Үндэслэлийн хувьд:

 

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар

1.  Н.У од холбогдох хэргийн анхан шатны шүүх хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцэгдэж хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн. Гэтэл уг хурал ороогүй өдрөөр буюу 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүгчийн захирамжийн огноог тавьсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шүүхийн шийдвэрийг хэзээ гаргасныг тусгах талаар хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

 

2.  Шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Н.У од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв” гэсэн атлаа захирамжлах хэсэгт “шүүгдэгч Н.У од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна.

 

Хоёр: Шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар

 

1.  Шүүгчийн захирамжийн үндэслэлд “Хэрэгт мэдүүлэг өгсөн хохирогч болон гэрч нарын мэдүүлэг хоорондоо ноцтой зөрүүтэй байна” гэж үзээд хохирогч Г.Б ын шүүхийн хэлэлцүүлгийн үеэр мэдүүлсэн “баруун шанаанд цохиулсан” гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны үеэр өгсөн гэрч М.Өнөрбаярын “Батбаярын зүүн шанаанд гараараа цохисон”, гэрч О.Алтанбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “Зүүн талын шанаа нь хөхөрч хавдсан байсан” гэх мэдүүлгүүдийг тус тус дурджээ.

 

Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт “баруун” гэж мэдүүлсэн нь хохирогч нь айж сандарч урьдах байдлыг бүрэн санахгүйгээр андуурч мэдүүлсэн байх боломжтой

Хохирогч Г.Б  нь мөрдөн байцаалтын шатанд Н.Ууганбаярыг “зүүн шанаанд цохисон” гэж мэдүүлдэг ба энэ үед мэдүүлэг нь зөрсөн гээд байгаа гэрч нарын мэдүүлэгтэй ижил байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед ноцтой зөрүү байгаагүй ба зөрүүг арилгах талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх шаардлага үүсээгүй. Шүүхээс мэдүүлгийн ноцтой зөрүү хэзээ үүссэн, яагаад үүссэн, арилгах боломжтой байсан эсэхийг анхаарч үзээгүй байна.

 

Тухайлбал шүүхийн хэлэлцүүлгийн үед хохирогч Г.Б  нь “баруун шанаандаа цохиулсан” гэж мэдүүлэг өгсөн үеэс мэдүүлгийн зөрүү үүссэн гэж үзэхээр байхад шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгийг дурдаж дахин нягталж асуух, андуурсан эсэхийг тодруулах зэрэг нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа явуулах боломж байсаар байхад нотлох баримтыг шалгасны эцэст үнэлэлгүйгээр тухайн мэдүүлгийг шууд үнэлж “зөрүү үүссэн байна” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

 

-    Шүүгчийн захирамжийн үндэслэлд “Шүүх эмнэлгийн шинжээчийн 516 дугаар дүгнэлтэд “Г.Б ын биед ирүүлсэн фото зураг болон эмнэлгийн бичиг баримтаас харахад доод эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтэд хохирогчийн аль талын эрүүнд цохиулсан талаар тодорхой тусгаагүй байна” гэжээ.

 

Шинжээч эмчээс хохирогчийн эрүүний аль талд гэмтэл тогтоогдсоныг тодруулахаар хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шинжээч хийсэн шинжилгээгээ үндэслэн тусгай мэдлэгийн хүрээнд өөрийн нэрийн өмнөөс дүгнэлт гаргаж, хариуцлага хүлээнэ” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шинжээч гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх, прокурор, мөрдөгчийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө” гэж тус тус хуульчилсан ба шүүхийн шатанд шинжээчийг оролцуулж мэдүүлэг авах замаар тодруулах боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж байна. Түүнчлэн шүүхээс шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2, 35.21 дүгээр зүйлд зааснаар нэмэлт дүгнэлтийг гаргуулах боломжтой болохыг дурдах нь зүйтэй.

 

2.  Шүүгчийн захирамжид “Гэрч А.Отгонбилэгийн мэдүүлгээс дүгнэхэд сумын эмч 2020 оны 7 дугаар сарын 05-нд үзүүлсэн эсэх, үзүүлсэн бол эмнэлэгт хэзээ үзүүлсэн талаар бүртгэл хөтөлсөн эсэхэд үзлэг хийж хуулбарлаж авах, мөн уг эмчээс яагаад 07 дугаар сарын 12-ны өдөр бичгийг хийж өгсөн талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авах, мөн хохирогч Г.Б ын эрүүний зургийг хэзээ, ямар зорилгоор юугаар авсан болохыг тогтоох” гэжээ.

 

Сумын эмч А.Отгонбилэгийг мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр байцаахад “хохирогч Г.Б ыг 2020 оны 7 сарын 05-ны өдөр үзээд бичиг хийж өгөөгүй, 2020 оны 7 сарын 12-ны өдөр бичиг хийж өгсөн” гэж, хохирогч Г.Б  нь “2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр эмч А.Отгонбилэгт үзүүлсэн” гэж тус тус мэдүүлсээр байхад дээрх мэдүүлгүүдийг ямар баримтаар үгүйсгэж “сумын эмч 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр үзсэн эсэх” нөхцөл байдлыг дахин тодруулах гээд байгаа нь ойлгомжгүй байна.

 

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээс дүгнэхэд хохирогч Г.Б  нь Н.Ууганбаярт 2020 оны 7 сарын 04-ний өдөр хагас сайн буюу амралтын өдөр зодуулсан. Тэгээд маргааш нь бүтэн сайн өдөр байсан тул сумын эмчийн гэрээр нь очиж үзүүлсэн ба эмнэлэгт үзүүлээгүй тул эмнэлгийн бүртгэлтэй холбоотой тэмдэглэл үйлдээгүй байна. Харин эмч А.Отгонбилэг нь хохирогчийн зургийг авсан ба уг зургийг шинжээчийн дүгнэлт гаргуулахад ашигласан нь хууль зөрчөөгүй болно. Түүнчлэн уг ажиллагааг шүүхийн шатанд гэрч А.Отгонбилэгийг оролцуулж мэдүүлэг авах замаар тодруулах боломжтой буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой мөрдөн шалгах ажиллагаа гэж үзэж байна.

 

3.  Шүүгчийн захирамжид “Хэрэг учрал болсон гэх өдөр хохирогч Г.Б  архи уусан эсэх, орой нь нөхөртэйгөө хэрэлдэж маргалдаж зодолдсон эсэх талаар холбогдох мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай” гэжээ.

 

Шүүгдэгч Н.У  нь хохирогч Г.Б ыг “хэрэг гарсан өдөр архи уусан байсан, хэрэг гарсны шөнө нөхөртэйгөө хэрүүл маргаан хийж зодолдсон” гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлгийн дагуу улсын яллагч, өмгөөлөгч нараас “хэрэв таны мэдүүлэг үнэн бол энэ талаар ямар хүмүүс мэдэж байгаа, хэн юу гэж хэлсэн талаар хүний нэр усыг тодорхой хэлнэ үү” гэсэн асуултад “хүмүүс тэгж ярьж байгаа гэхээс өөр тодорхой хүний нэр хэлж мэдүүлээгүй тул энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийх боломжгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж хуульчилсан ба эх сурвалжаа зааж чадаагүй, шүүхийн хэлэлцүүлгийн үеэр гэнэт ярьсан нөхцөл байдал болгоныг мөрдөн шалгах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцэхгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан.

 

Шүүгдэгч Н.У од холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж зөрүүтэй мэдүүлгүүдийн зөрүүг гаргах талаар хохирогч болон гэрчүүдийг удаа дараа асууж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг нотлох баримтаар хангалттай тогтоож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

 

Иймд эрүүгийн 2014004420428 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 1257 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

 

Прокурор Э.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Бичсэн эсэргүүцлээ дэмжин оролцож байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаана уу гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, тухайн хэрэг нь бүрэн нотлогдоогүй, нотлох баримтууд нь зөрүүүтэй авагдсан гэв.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

            Прокурор Э.Гантулгын давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлд үндэслэн  хэргийг  шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж,  нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судалж үзэхэд:

 

 Mөрдөн шалгах ажиллагааны явцад  шалгаж тогтоовол зохих зүйлийг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг  шалган тогтоосон, шүүгдэгч Н.У ын 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Заг сумын Залаа-Овоо 4 дүгээр баг 10 дугаар гудамжны 616 тоотод оршин суух П.Жаргалсайханы хашаанд иргэн Г.Б ын зүүн шанаа орчимд гараараа цохин зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдэлд  Прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэний дагуу хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудыг шүүгч тал бүрээс  нь харьцуулан хянаж  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн хэр хэмжээг тооцон шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5-т  шинжээч  гаргасан дүгнэлттэй холбоотой асуудлаар шүүх...-ийн дуудсанаар хүрэлцэн ирж мэдүүлэг өгнө,  27.8 дугаар зүйлийн 2-т шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй бол шүүх... дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгана, 35.21 дүгээр зүйлийн 2-т шинжээч гаргасан дүгнэлтээ уншиж сонсгосны дараа түүнийг тайлбарлуулах, тодруулах зорилгоор талууд шинжээчид асуулт тавьж, нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлт шүүхэд гаргаж  болно гэж заасан хуулийн зохицуулалтыг  хэрэглэж  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх  хэмжээ анхан шатны шүүхэд хуулиар олгогдсон байгааг  анхаарвал зохино.

 

Хэргийн 31-32 дугаар талд авагдсан “...2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр үзүүлсэн...эмчийн бичиг хийж өгөөгүй...2020 оны 7 дугаар сарын 12-ны өдөр  үзээд эмчийн бичиг хийж өгсөн....Тухайн үед Батбаяр нь толгой, эрүү бас цээж хэсгээр хөндүүрлэж өвдөж байна, хүнд зодуулсан гэж хэлж байсан” гэх  эмч А.Отгонбилэгийн  гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг,  49 дүгээр талд авагдсан эмнэлгийн тодорхойлолт гэх эмч А.Отгонбилэгийн үзлэг хийсэн тухай баримт, 50 дугаар талд авагдсан шинжээчийн 516 дугаар  дүгнэлт болон гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад цаг хугацааны  хувьд хоорондоо харилцан хамааралтай байдлаар тэмдэглэгдэж үлдсэн байхад  нотлох баримт нэг бүрийг салангид авч үзэн улмаар өөр үйл баримт  болсон байж болзошгүй  гэж дүгнэж  нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй буюу  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т  “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцэхгүй юм.

 

Мөн хавтаст хэрэгт шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн      захирамж болон шүүх хуралдааны тэмдэглэл  авагдсан,   шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн  захирамж,  шүүх хуралдааны тэмдэглэл  авагдаагүй  байх бөгөөд энэ байдлыг нотлох, нотлох  баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Харин шүүгдэгч Н.У од авсан таслан сэргийлэх арга хэмжээг  буруу бичсэн  нь алдаатай болжээ.

 

Иймд прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1257 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

                               Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

                                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

                           зүйлийн 1.2 –т тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн  2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЗ/1257 дугаар  захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар анхан шатны шүүхэд хэрэг шилжих хүртэл шүүгдэгч Н.У од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.