| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбатын Амин-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 184/2017/03732/И |
| Дугаар | 184/ШШ2018/01880 |
| Огноо | 2018-07-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 184/ШШ2018/01880
2018 оны 07 сарын 23 өдөр Дугаар 184/ШШ2018/01880 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А. ХХКд холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 4,575,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зурагтаар Баялаг бүтээгчдийг дэмжих нэвтрүүлэгт А ХХК-ийн сурталчилгаа, зуухны тухай мэдээлэл гарч байсныг үзээд Баянхошуу дахь үйл ажиллагаа явуулдаг газарт нь очиж захирал Этай уулзсан. Түүнээс нам даралтын зуухыг 4,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Тухайн үед манай зуухыг худалдан авч байгаа тул угсралтын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж өгнө гэж хэлсэн. Эхний ээлжинд 7 хоногийн дотор 2,700,000 төгрөгийг, үлдэх 1,800,000 төгрөгийг угсралтын ажлыг гүйцэтгэх дуусахаар өгөхөөр тохиролцож улмаар 2017 оны 8 сарын 20-ны өдөр 1,900,000 төгрөгийн урьдчилгаа дансанд нь шилжүүлсэн. Дараа нь бэлнээр 100,000 төгрөг өгсөн. Мөн өмнөх дансанд нь 700,000 төгрөг шилжүүлж хийсэн. Ингээд 2017 оны 9 сарын 4-ний өдөр С.Э 2 залуугийн хамт ирж зуух угсарсан. 9 сарын 7-нд угсралт дуусаад мэргэжилтнүүдийнх нь хэлснээр ажиллуулан шалгаж үзсэн. Үлдэгдэл төлбөр болох 1,800,00 төгрөгийг өгсөн. Мөн өөрсдийн зардлаар насос гаргасан гээд нэмж 75,000 төгрөг авсан.
Ажил гүйцэтгэж дууссанаас хойш 20 хоногийн дараа галлаж болно гэж хэлсэн зааврынх нь дагуу 9 сарын 27-нд галлахад зуух нь шугамаа халаахгүй, танилцуулга дээрх шиг бүрэн шаталттай биш, дулаан барих хугацаандаа барихгүй байсан. Эргээд холбогдож энэ талаар хэлэхэд загнаад утсаа салгаад холбоо барихаас цааргалах болсон. Зуух угсардаг хүмүүст үзүүлэхэд буруу угсарсан, чанарын шаардлага хангаагүй, стандарт нөхцөл зөрчсөн гэж хэлсэн.
Иймд чанар, стандарт шаардлага хангаагүй зуух худалдсан тул гэрээнээс татгалзаж зуухны төлбөрт төлсөн 4,575,000 төгрөгийг А ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч С.Эаас шүүхэд гаргасан тайлбартаа: ...А ХХК нь 2017 оны 9 сард иргэн Б.Тэгшдэлгэртэй гэрээ байгуулж дэлгүүр хувийн сууцыг өөрийн компанийн хийсэн АСЭ-8 нам даралтын зуух мөн халаалтын секцийг угсарч халааж өгсөн. Манайх 2007 оноос хойш олон айлыг халаасан ажлын туршлагатай. Захиалагч Тхувьд байшингийн дулааны алдагдал маш ихтэй сууц юм. Үүнийг захиалагчид хэлж мэргэжлийн зөвлөгөөг удаа дараа өгсөн. Үүний нэг жишээ гэвэл гарын доорхи материал хаягдал үнсээр байшингаа дулаалах үнсэн хавтан хийдэг төхөөрөмж өгсөн. Мөн дулаалгын гарын авлага болох сэтгүүлийг өгсөн байдаг. Гэтэл Т нь аль ч заавар зөвлөгөөг хэрэгжүүлээгүйн улмаасс халаалт нь доголдсон байна. Манай компани үлдэгдэл төлбөрөө авахдаа паар секцийг бүрэн халааж галлах зааварчилгааг нэг бүрчилэн өгсний дараа үлдэгдэл төлбөрөө авсан.
Иймд манай компаний буруу байхгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бүх тооцоог нь хийгээд өгье, үүний дагуу байраа дулаалчих, тэгээд манай зуух ажиллахгүй байвал мөнгийг буцааж болно гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч А ХХК-д холбогдуулан чанар стандартын шаардлага хангаагүй бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, халаалж хийхэд зарцуулсан тоног төхөөрөмжийн үнэ, тоног төхөөрөмж, тээвэрлэлтийн хөлс нийт 3,615,000 төгрөг, төхөөрөмж угсралтын хөлс 960,000 төгрөг, нийт 4,575,000 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийн зохигч болох нэхэмжлэгч талаас шаардлагынхаа үндэслэлийг ...эрхийн доголдолтой эд хөрөнгө буюу зуух худалдсан тул гэрээнээс татгалзаж хохирлоо гаргуулна гэж, хариуцагч талаас татгалзлынхаа үндэслэлийг ...Бүрэн ажиллуулж халааж өгсөн, шаардлага хангасан зуух худалдсан, өөрсдийнх нь байшин дулаан алдагдалтай тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлан маргадаг.
Маргалдагч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Т, хариуцагч А ХХК нар нь 2017 оны 8 дугаар сард АСЭ-8 нам даралтын зуух худалдах, худалдан авахаар буюу худалдагч нь зуух нийлүүлж угсарч өгөхөөр, худалдан авагч нь 4,500,000 төгрөг төлөхөөр амаар харилцан тохиролцсон талаар маргадаггүй бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийнэ гэсэн зүйл, заалтад нийцсэн, талуудын хүсэл зориг үйлдлээр илэрхийлэгдсэн, гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон хүчин төгөлдөр хэлцэл байна.
Дээрх үйл баримт буюу нэхэмжлэгч Б.Т нь өөрийн амьдарч буй гэр болон дэлгүүртээ нам даралтын халаалтын зуух авч, суурилуулах зорилгоор А ХХК-иас нам даралтын зуухыг 850,000 төгрөгөөр, секцийг 4.8 м.кв-аар тооцон 1,680,000 төгрөг, 6 ширхэг янданг 120,000 төгрөг, Реле 1 ширхэгийг 15,000 төгрөг, угсралтын ажлын хөлсийг 960,000 төгрөг, зуухны банкыг 50,000 төгрөг, тээврийн зардлыг 40,000 төгрөг байхаар тус тус тохиролцон болох нь, мөн Б.Т нь А ХХК-ийн захирал С.Эы хүү Э.Энхбаатарын хаан банкин дахь 5100236855 тоот дансааар дамжуулан 2017 оны 08 сарын 20-нд 1,900,000 төгрөг, 2017 оны 08 сарын 23-ны өдөр 700,000 төгрөгийг А ХХК-д төлж, үлдэх төлбөрийг А ХХК-д 2017 оны 08 сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 09 сарын 07-ны өдөр 1,800,000 төгрөг, нэмэлт насосны зардалд 75,000 төгрөг нийт 1,875,000 төгрөгийг бэлнээр төлсөн болох нь 2017 оны 08 сарын 23-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг, Б.ТХаан банкны 5749408149 тоот хадгаламжийн дансны хуулга, хариуцагчийн төлбөрийг зохих ёсоор хүлээн авч, нам даралтын зуухыг 2017 оны 09 сарын 07-ны өдөр угсарч хүлээлгэн өгсөн тухай тайлбар зэргээр тус тус тогтоогдож байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ...Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан хөрөнгө худалдах, худалдан авах харилцаа үүссэн ба нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасны дагуу гэрээнээс татгалзах, төлбөрийг гаргуулахаар шаардах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс Налайх дүүргийн 4-р хороо, Нисэхийг 55-р гудамж, 02 тоот хашааны амины орон сууцад А ХХК-ийн суурилуулсан цахилгаан болон хатуу түлш хосолсон зууханд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын агаарын чанарын хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Т шинжээчээр томилсон ба 2018 оны 06 сарын 18-ны өдөр зохигчдын байлцуулан маргаан бүхий зууханд биет байдлыг үзлэг хийж 2018 оны 06 сарын 29-ний өдөр дүгнэлтийг гаргасан байна.
Тус дүгнэлтэд ...4.2 МВТ хүртэл чадалтай ус халаах зуух, техникийн ерөнхий шаардлага, МЫ35043:2016 стандартын 7.1 дэх /Үйлдвэрлэгч зуухыг итгэмжлэгдсэн лаборатори буюу эрх бүхий мэргэжлийн байгууллагаар туршуулан дүгнэлт гаргуулж, Мэргэжлийн хяналтын газар, гамшиг судлалын лабораторийн дүгнэлт зэргийг үндэслэн Монгол Улсын тохирлын гэрчилгээ авч баталгаажуулсан байх бөгөөд худалдаалж буй зуухнуудад аюулгүй ажиллагааны ба ашиглалтын зааврыг дагалдуулан хэрэглэгчдэд хүлээлгэн өгсөн байх/ заалтыг,
13.2 дахь /Зуух ашиглалтын баталгаат хугацаа ашиглалтанд орсон өдрөөс эхлэн 18 сар, худалдаанд гарсан өдрөөс хойш 24 сар тус тус байна/ заалтыг,
Б.4.1 дэх /Хүлээн авах , хүлээлгэн өгөх, ээлжит болон загварын туршилтын үр дүнг дараах мэдээлэл агуулан протокол үйлдэж албан ёсны болгоно.../ заалтын шаардлагыг тус тус хангахгүй байна гэсэн нь хариуцагчийн чанарын шаардлага хангасан зуух угсарсан, эд хөрөнгийн хувьд ямар нэг доголдолгүй гэх тайлбар үгүйсгэгдэнэ.
Өөрөөр хэлбэл А ХХК нь хуульд заасны дагуу биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг Б.Төмчлөлд шилжүүлэх, нийлүүлэх үүрэгтэй бөгөөд нам даралтын зуух нь эрхийн зөрчилгүй доголдолгүй болохыг баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгч талын эрхийн зөрчилтэй, доголдолтой хөрөнгө худалдсан гэх тайлбар үндэслэлтэй байна.
Талууд худалдах худалдан авах гэрээний зүйл болох нам даралтын зуухны биет байдлын доголдлын талаар маргах хэдий ч тухайн доголдол нь нотлогдоогүй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шаардлагынхаа үндэслэлийг эрхийн зөрчилтэй холбон тайлбарлаж байгаа, энэ үндэслэл нь нотлогдож байх тул худалдан авагч талын гэрээнээс татгалзах хүсэл зориг хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангах хуулийн үндэслэлтэй гэж үзэв.
Зохигчийн тайлбараас үзэхэд зуухны чанар, доголдлын талаар харилцан ярилцаж байсан, байрны дулаан алдагдлыг шийдвэрлэхээр нэмж насос худалдаж авсан байх бөгөөд нийлүүлсэн зуух шаардлага хангахгүй байх тул буцаах, төлбөрөө авахаар буюу гэрээнээс татгалзаж байгаагаа удаа дараа худалдагчид мэдэгдэж байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 2014.1, 204.2-т ...гэрээнээс татгалзах тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж заасны дагуу байна.
Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж худалдагч, худалдан авагч талууд худалдсан эд хөрөнгө болон түүний үнийг харилцан буцаах үүргийг хуульчилсан байх тул хариуцагч А ХХК-иас зуух худалдан авахад зарцуулсан болон төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгч талаас нам даралтын зуух худалдан авахад зарцуулсан төлбөр буюу зуух, тоног төхөөрөмжийн үнэ, ажлын хөлс, тээврийн зардал гээд харилцан тохиролцсон гэрээний үнэ 4,500,000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгож, харин байрны дулаан алдалтад зориулан худалдан авсан үнсэн хавтан хийдэг төхөөрөмж буюу насосны үнэ 75,000 төгрөгийн шаардлага хуулийн үндэслэлгүй, уг зүйлийн чанарын доголдол тогтоогдоогүй, зуухны чанарын доголдол гэх шаардлагад хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчиас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7-д заасанчлан зуухны төлбөр, зуухыг харилцан буцаахдаа гэрээний талууд нэгэн зэрэг гүйцэтгэхийг болон хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч буюу захирал С.Эг шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэснийг тус тус тэмдэглэж байна.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 75,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 88,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ