Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/007

 

Б.Э, Б.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******, *******

Шүүгдэгч Б.Э , Б.Б

Нарийн бичгийн дарга Х.Золцэцэг нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/1259 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцлээр Б.Э , Б.Б  нарт холбогдох эрүүгийн 2014000000416 дугаар хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, овогт Б.Э , 1986 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, овогт Б.Б 1997 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Хар ус” гэх газарт Б.Э ийг модоор цохиж зодож улмаар баруун гарын шуу болон баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайд шарх, хамар, хацар, доод эрүү, хүзүү, сарвуу, ташаанд зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э  нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Хар ус” гэх газарт Б.Б гийн нуруун тус газарт хутгалж улмаар Б.Б гийн нуруунд шарх бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээгэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Э ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

Б.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э  нь өөрийн биеэр оролцсон боловч мэдүүлэг өгөх чадваргүй гэж мэдүүлгээ бичгээр бичиж өгсөн бөгөөд шүүхээс түүний сэтгэцийн байдалд эргэлзээ төрсөн тул нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан түүнд сэтгэцийн талаар хэрэг хариуцах чадвартай эсэх талаар дүгнэлтийг гаргуулах,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э  нь хохирогч Б.Б г эхэлж хутгалаагүй гэж мэдүүлж байгаа бөгөөд гэрч Ч.Сүрэнхорлоог энэ талаар дахин тодруулж анх Б.Э ийн гэрт ороход хэн хэн хаана ч ямар байдалтай байсан, ямар хутга хаана байсан тэр хутгыг хэн авч өгсөн хутганы үзүүр цус болсон эсэх, хутгыг хэний хутга гэж байсан талаар дэлгэрэнгүй мэдүүлэг авч хутгыг яагаад хаясан талаар асуух, мөн уг хутганы онцлогийг тодруулсны дараа Б.Э ийн эхнэрээс хэний эзэмшлийн хутга болох талаар асууж тодруулах шаардлагатай байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э ийн өмгөөлөгч хохирогч Б.Б г эхэлж эмнэлэгт үзүүлсэн эсэх тодорхойлолт байгаагүй талаар дүгнэлт гаргасан бөгөөд хохирогч Б.Б гийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б гийн биед үзлэг хийсэн Сайнбаярын Буянжаргал гэх эмчийн тодорхойлолт гэрэл зургийн үзүүлэлтийг шинээр гаргаж өгсөн тул уг эмчийг хохирогч Б.Б гийн биеийг хэзээ үзэж тодорхойлолт бичиж өгсөн энэ талаар эмнэлгийн бүртгэл байгаа эсэх талаар үзлэг хийж мэдүүлэг авах, хохирогч Б.Б гийн биед хутгалуулсан шархны зургийг хэн хэзээ авсныг шалгаж тогтоох эдгээр нотлох баримтыг хаанаас авсныг тодруулах шаардлагатай гэж үзлээ.

Мөн хохирогч Б.Э  нь шүүгдэгч Б.Э т зодуулсны дараа сумын эмнэлэг, аймгийн эмнэлэг, улмаар Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн, томографын шинжилгээ хийлгэсэн талаар мэдүүлж шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгсөн тул дээрх нотлох баримт болох өвчний түүхийг хуулбарлан авч бусад нотлох баримтыг үндэслэн  хохирогч Б.Э ийн биед нэмж гэмтлийн зэргийг тогтоолгох нь зүйтэй гэж үзлээ.

Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэв.

Иймд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Баянхонгор аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар эсэргүүцэлдээ:

 Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 12 сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд

-    Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцсон боловч мэдүүлэг өгөх чадваргүй гэж мэдүүлгээ бичгээр бичиж өгсөн бөгөөд шүүхээс түүний сэтгэцийн байдалд эргэлзээ төрсөн тул нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан түүнд сэтгэцийн талаар хэрэг хариуцах чадвартай эсэх талаар дүгнэлтийг гаргуулах,

-    Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э  нь хохирогч Б.Б г эхэлж хутгалаагүй гэж мэдүүлж байх тул гэрч Ч.Сүрэнхорлоог дахин байцааж Эрдэнэхуягийн гэрт очиход хэн хэн хаана ямар байдалтай байсан, ямар хутга хаана байсан, тэр хутгыг хэн авч өгсөн, хутганы үзүүр цус болсон байсан эсэх, хутгыг хэний хутга гэж байсан болох, хутгыг яагаад хаясан болох зэргээр дэлгэрэнгүй мэдүүлэг авах мөн Б.Э ийн эхнэрийг гэрчээр байцааж хутгыг хэний хутга болох талаар торуулан байцаах

- Б.Б гийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б гийн биед үзлэг хийсэн С.Буянжаргал гэх эмчийн тодорхойлолт, гэрэл зургийг шинээр гаргаж өгсөн тул уг эмчээс Б.Б гийн биеийг хэзээ үзэж тодорхойлолт бичиж өгсөн болох, энэ талаар эмнэлгийн бүртгэл байгаа эсэх талаар үзлэг хийж мэдүүлэг авах, хохирогч Б.Б гийн биед хутгалуулсан шархны зургийг хэн хэзээ авсныг шалгаж тогтоох эдгээр нотлох баримтыг хаанаас авсан болохыг тодруулах,

- Мөн Б.Э  нь шүүгдэгч Б.Э т зодуулсны дараа сумын эмнэлэг, аймгийн эмнэлэг, улмаар Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн, томографын шинжилгээ хийлгэсэн талаар мэдүүлж шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгсөн тул дээрх нотлох баримт болох өвчний түүхийг хуулбарлан авч бусад нотлох баримтыг үндэслэн хохирогч Б.Э ийн биед нэмж гэмтлийн зэргийг тогтоох нь зүйтэй байна. Дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байна.

1. Б.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцсон боловч мэдүүлэг өгөх чадваргүй гэж мэдүүлгээ бичгээр бичиж өгсөн бөгөөд шүүхээс түүний сэтгэцийн байдалд эргэлзээ төрсөн тул нарийн мэргэжлийн эмч нарыг оролцуулан түүнд сэтгэцийн талаар хэрэг хариуцах чадвартай эсэх талаар дүгнэлтийг гаргуулах гэжээ.

Шүүгдэгч Б.Э  нь бүрэн дунд боловсролтой бичиг үсэг мэдэх бөгөөд ярихдаа хэлний хувьд бусдад бүрэн сайн ойлгогдохооргүй буюу үгийг гуншиж хэлдэг тул шүүх хуралдаанд өөрийн мэдүүлгийг бичиж түүнийг нь өмгөөлөгч нь уншиж танилцуулсан болно. Иймд Б.Э  нь сэтгэцийн хувьд эрүүл, бичиг үсэх мэдэх тул түүний сэтгэцийн байдлыг шинжээч томилж тогтоох шаардлагагүй. Шүүхээс шүүгдэгч Б.Э ийг мэдүүлгээ бичгээ бичиж өгсөн учраас түүний сэтгэцийн байдалд эргэлзээ төрж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүнээс мэдүүлэг авахад хэлмэрчийг оролцуулах боломжгүй бол түүний зөвшөөрснөөр бичгээр асуулт тавьж, мэдүүлэг авч болно”  мөн хуулийн 7 дугаар бүлэгт заасан яллагдагчийн “бичгээр тайлбар гаргах эрхтэй” гэснийг тус тус зөрчиж байна үзлээ. Хэрэв шүүхээс Б.Э ийн сэтгэцийн байдалд эргэлзээ төрж багаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 заалтад “гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” шинжилгээ хийлгэхээр байх ба энэ ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд, шүүхийн шатанд хийгдэж болох ажиллагаа юм.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э  нь хохирогч Б.Б г эхэлж хутгалаагүй гэж мэдүүлж байх тул гэрч Ч.Сүрэнхорлоог дахин байцааж Б.Э ийн гэрт очиход хэн хэн хаана ямар байдалтай байсан, ямар хутга хаана байсан, тэр хутгыг хэн авч өгсөн, хутганы үзүүр цус болсон мэдүүлэг авах, мөн Б.Э ийн эхнэрийг гэрчээр байцааж хутгыг хэний хутга болох талаар тодруулан байцаах гэж заасан.

Тухайн өдөр хэрэг гарсан газарт Б.Б , Б.Э  нараас өөр хүн байгаагүй бөгөөд хэрэг гарсны дараа гэрч Ч.Сүрэнхорлоо нь хэргийн газарт очиход Б.Э  нь зодуулсан Б.Б  хутгалуулсан гээд хутгыг Ч.Сүрэнхорлоод өгснийг Ч.Сүрэнхорлоо нь өвөртөлж сум руу явж байгаад гээгдүүлсэн талаар гэрч Ч.Сүрэнхорлоо мэдүүлсэн. Гэрч Ч.Сүрэнхорлоо мөрдөн байцаалтын шатанд 2 удаа байцааж тухайн газарт байсан нөхцөл байдал, хутганы талаар дэлгэрэнгүй байцаасан тул Ч.Сүрэнхорлоо дахин байцаах шаардлагагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан. Шүүгдэгч Б.Э  нь “би Б.Б г хутгалаагүй” гэж байгаа боловч түүний мэдүүлгээс өөр баримт байхгүй болно. Түүнчлэн шинжээчийн мэдүүлгээр Б.Б  нь гэмтлийг өөртөө учруулах боломжгүй талаар мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

3. Б.Б гийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт Б.Б гийн биед үзлэг хийсэн С.Буянжаргал гэх эмчийн тодорхойлолт, гэрэл зургийг шинээр гаргаж өгсөн тул уг эмчээс Б.Б гийн биеийн хэзээ үзэж тодорхойлолт бичиж өгсөн болох, энэ талаар эмнэлгийн бүртгэл байгаа эсэх талаар үзлэг хийж мэдүүлэг авах, хохирогч Б.Б гийн биед хутгалуулсан шархны зургийг хэн хэзээ авсныг шалгаж тогтоох эдгээр нотлох баримтыг хаанаас авсан болохыг тодруулах гэж заажээ.

Шинжээч эмч нь хохирогч Б.Б г биеэр үзэж “Б.Б гийн биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт гаргасан болно. Шүүхийн шатанд өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримт нь одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй буюу уг зурагт үүсгэгдсэн шарх нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан тул дээрх ажиллагааг хийх шаардлагагүй болно.

Шинжээчийн дүгнэлтэд шүүх эргэлзээтэй байгаа бол өмгөөлөгчөөс гаргасан баримтыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт шинжээч томилох боломжтой болно.

4. Б.Э  нь шүүгдэгч Б.Э т зодуулсны дараа сумын эмнэлэг, аймгийн эмнэлэг улмаар Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн, томографын шинжилгээ хийлгэсэн талаар мэдүүлж шүүхэд шинээр нотлох баримт гаргаж өгсөн тул дээрх нотлох баримт болох өвчний түүхийг хуулбарлан авч бусад нотлох баримтыг үндэслэн хохирогч Б.Э ийн биед нэмж гэмтлийн зэргийг тогтоох нь зүйтэй гэжээ.

Шүүгчийн захирамжид Б.Э  нь шүүгдэгч Б.Э т зодуулсны дараа гэж нэг хүний талаар бичсэн нь ойлгомжгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчжээ.

Мөн шинжээч эмч нь Б.Э ийн биеэр нь үзэж дүгнэлт гаргасан бөгөөд шинжээчийн дүгнэлт гарснаас хойш дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт гаргаагүй, баримт ирүүлээгүй болно.

Б.Э  нь хохирол нэхэмжлэхдээ шүүхийн шатанд хотод эмчилгээ хийлгэсэн талаар баримтыг гаргаж өгсөн бөгөөд шинжээчийн дүгнэлттэй холбоотой ямар нэг санал хүсэлт гаргаагүй. Шүүхээс Б.Э ийн биед учирсан гэмтэлд эргэлзээ төрж байгаа бол үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт шинжээч томилох боломжтой болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан.

Шүүгдэгч Б.Б , Б.Э  нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хохирогч болон гэрчүүдийг удаа дараа асууж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг нотлох баримтаар хангалттай тогтоож хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Иймд эрүүгийн 2014000000416 дугаартай хэргийн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/1259 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хутга хаана байсан, хэний хутга байсан нь энэ хэрэгт ач холбогдолгүй. Гол гэрч болох Сүрэнхорлоо 2 удаа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгт эвхдэг тонгорог байсан Б.Б  надад өгсөн. Би цагдаад аваачиж өгөх гэж явж байгаад гээсэн гэдэг. Иймээс гээсэн хутгыг хэний эзэмшлийн хутга болохыг тогтоох шаардлага байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Хотод очиж эмчилгээ хийлгэсэн баримтууд байгаа бол энэ дээр дахин дүгнэлт гаргуулах гэж байгаа бол шүүхийн шатанд шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна. Энэ томографикийн зураг нь шинжээчийн дүгнэлтэд нөлөөлөхүйц зүйл гэж үзэхгүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Уг хэрэг нь хэргийн материалд цугларсан нотлох баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймээс эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Б.Э ийн томографикийн зураг болон бусад дүгнэлтийг нэмэлтээр гаргаж өгч нэмэлт дүгнэлт гаргуулах саналтай байна. Учир нь хүний амь настай холбоотой асуудал яригдаж байна. Сүрэнхорлоо нь яагаад хутгыг хаясан гэдгийг бас тодруулах шаардлагатай. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас Б.Б г 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Хар ус” гэх газарт Б.Э ийг модоор цохиж зодож улмаар баруун гарын шуу болон баруун шилбэний тахилзуур ясны далд хугарал, тархи доргилт, зүүн чамархайд шарх, хамар, хацар, доод эрүү, хүзүү, сарвуу, ташаанд зулгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Э ийг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 2 дугаар багийн нутаг “Хар ус” гэх газарт Б.Б гийн нуруун тус газарт хутгалж улмаар Б.Б гийн нуруунд шарх бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э ийн сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулах, гэрч нараас дахин нэмж тодруулж мэдүүлэг авах болон бусад захирамжинд заасан ажиллагааг зайлшгүй хийж гүйцэтгэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид нэмж тодруулж, шалгуулах шаардлагатай  гэж үзсэн дээрх үндэслэлүүдээс гадна шүүгдэгч Б.Б , Б.Э  нарын хооронд үйл баримт болсон цаг хугацаа нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цагийн үед болсон бөгөөд хориод хоногийн дараа 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүх шинжилгээний албаны шинжээч эмчид үзүүлэхэд

“нуруунд зүүн далны дотор доод хэсэгт 0.7х0.3 см хэмжээтэй цайвар ягаан өнгийн зах ирмэг нь тэгш арьсны түвшингээс 0.2 см орчим хонхор нимгэн тав тогтсон шархтай. “ гэжээ.

Гэтэл энэ дүгнэлттэй сүүлд өгсөн нурууны зураг нь зөрчилдөж байгаа бөгөөд энэ шарх нь шинэ шарх уу, хуучин шарх уу алин болохыг мөн эдгэрэлтийн үйл явц ямар байх ёстой талаар эмчээс тодруулах, сүүлд өгсөн нурууны зураг нь ойлгомжгүй хэний зураг болох нь тодорхойгүй зураг авсан тодорхойлсон хүмүүсийн тэмдэглэл үйлдэж баримтжуулж, гарын үсэг зураагүй байгаа нь нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй байх тул холбогдох ажиллагааг нэмж гүйцэтгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/1259 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/1259 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  14.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар яллагдагч Б.Б , Б.Э  нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хугацаагаар  үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Б.БОЛОР-ЭРДЭНЭ