Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/MA2016/0380

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 30 өдөр                   Дугаар 221/МА2017/0380                          Улаанбаатар хот

        

“Ажбогдтрейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0302 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Ажбогдтрейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0302 дугаар шийдвэрээр: Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар акт болон Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн /хуучин нэрээр/ 2015 оны 206 дугаар шийдвэрээр “Ажбогдтрейд” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрийн дүнгээс 17 974 000 төгрөгийн хүү, алданги, торгуулийг өршөөн хэлтрүүлж захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Манай компанийн 2011, 2012 оны татварын ногдол, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2013 онд хяналт шалгалт хийгээд нийт 140093.08 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан 35/0001897 тоот акт тогтоосон. Энэхүү актын зарим заалтыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 206 тоот шүүхийн шийдвэрээр 35/0001897 тоот хяналт шалгалтын актын төлбөрийг 100193.1 мянган төгрөг болгон тогтоосон байдаг.

Дээрх хяналт шалгалтын актын нийт дүн болох 100193.1 мянган төгрөгөөс 12103.6 мянган төгрөг нь алданги, 26243.5 мянган төгрөг нь торгууль, 11.0 мянган төгрөг нь хүү, нийт 38358.1 мянган төгрөг нь алданги, торгууль, хүү юм.

Манай компани шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон цаг хугацаанаас хойш дээрх 100193,1 мянган төгрөгөөс 30869.0 мянган төгрөгийг төсөвт төлсөн байна. Компанийн зүгээс төлсөн энэхүү 30869.0 мянган төгрөгийг Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг үндэслэн алданги, торгууль, хүүнд тооцон суутган авсан байдаг.

Энэхүү актаар татварын зөрчилд ногдуулсан нийт 38358.1 мянган төгрөгийн алданги, хүү, торгуулийг хүчингүй болгуулах буюу өршөөлийн хуульд хамруулан өршөөн хэлтрүүлэх, компанийн зүгээс хүү, торгууль, алдангид төлсөн 30869.0 мянган төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргасан.

Гэвч анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал,

1. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ “Хууль хүчин төгөлдөр болох энэ хугацаа нь захиргааны зөрчил гаргаж шийтгэл хүлээсэн этгээдийн захиргааны зөрчил /хүү, торгууль, алданги/ хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн энэ өдрийн байдлаар хэрхэн тооцож байгаагаас шалтгаалж тодорхойлогдохоор байна. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий актаар болон шүүхийн шийдвэрээр багасган тогтоосон төлбөрийн торгууль, алданги, хүү хууль хүчин төгөлдөр болсон /үйлчилж эхэлсэн/ 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн үнийн дүнгээр өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарна гэж ойлгож хэрэглэсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй” гэжээ.

Мөн “... актыг хүлээн зөвшөөрч 2015 оны 05, 06 дугаар сард төлсөн 20384000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж дүгнэхдээ “нэхэмжлэгч энэ өдрийн байдлаар маргаан бүхий актаар болон шүүхийн шийдвэрээр багасган тогтоосон төлбөрийн торгууль, алданги, хүү 17'974'000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан байна” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтад “Ажбогдтрейд” ХХК-ийн татварын актын дагуу төлөх өр төлбөрийг дэлгэрэнгүй харуулсан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагчийн гаргаж өгсөн “Татварын тооцооллын жагсаалт”-д манай компанийн төлсөн 30.869.00 мянган төгрөгийг хүү, торгууль, алдангийг хуваарилан тооцсон байдаг.

Татварын хэлтэс манай компанийн төлсөн мөнгөнөөс хяналт шалгалтын актын алдангид 4.400.000 төгрөгийг илүү төлсөн гэж тооцоолол гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хууль хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар буюу 2015 оны 05, 06 дугаар сард төлсөн төлбөрөөс 4'400'000 төгрөг илүү төлөлт болох нь баримтаар тодорхойлогдож байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс дээрх “Татварын тооцооллын жагсаалт”-ыг удаа дараа шүүхэд ирүүлсэн байх бөгөөд нэгээс бусад нь 4'400'000 төгрөгийн илүү төлөлттэй гэж, харин хамгийн сүүлд шүүхэд гаргаж өгсөн баримт дээр нь энэ илүү төлөлт байхгүйгээр баримт үйлдэн ирүүлжээ.

Анхан шатны шүүх Татварын хэлтсийн энэхүү тооцоолол нь яагаад зөрүүтэй байгааг тодруулахгүйгээр, удаа дараа гаргаж байсан баримтаас илтэд зөрүүтэй баримт байхад түүнийг үндэслэн шийдвэр гаргасан байгаа нь хэт нэг талыг барьсан илт үндэслэлгүй байна.

Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.4-т заасны дагуу илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах эрхтэй гэсний дагуу буцаан авахгүйгээр нөхөн татварт суутган тооцуулахаар нэхэмжилсэн боловч дээрх 4.4 сая төгрөгийг хэрхэх тухай шүүхийн шийдвэр тусгаагүй, эсхүл буруу дүгнэж 2015 оны 08 дугаар сарын 11-ний өмнө төлсөн гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

2. Анхан шатны шүүх “... Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль хүчин төгөлдөр үйлчилсэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон 61835.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 17974000 төгрөгийн хүү, алданги, торгууль, нийт 79809000 төгрөгийн төлбөр төлөх байснаас 17974000 төгрөгийн хүү, алданги, торгуулийг өршөөн хэлтруүлэх үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн нь мөн адил үндэслэлгүй.

Тодруулбал, манай компанийн 2011, 2012 оны татварын ногдол, төлөлтийн байдалд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 2013 онд хяналт шалгалт хийгээд нийт 140093.08 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан 35/0001897 тоот акт тогтоосон. Энэхүү актын зарим заалтыг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 206 тоот шүүхийн шийдвэрээр 35/0001897 тоот хяналт шалгалтын актын төлбөрийг 100193.1 мянган төгрөг болгон тогтоосон байдаг.

Өөрөөр хэлбэл, шүүхээр нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин тогтоох гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

3.    Нэхэмжлэгчийн зүгээс “...Татварын ерөнхий газар, Чингэлтэй дүүргийн
Татварын хэлтэст хандан 35/0001897 тоот хяналт шалгалтын актын хүү, торгууль,
алдангийг өршөөлийн хуульд хамруулж, татварын тооцооллын үлдэгдлийг
баталгаажуулж өгөхийг хүсч гаргасан хүсэлтүүдэд дээрх байгууллагуудаас хариу
тайлбар хүргүүлж байснаас үзэхэд захиргааны байгууллага энэ асуудлаар эс үйлдэхүй
гаргасан гэж үзэхээргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх 6 cap гаруйн хугацаанд өөрийн гаргасан тайлбарын хүрээнд хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш төлсөн төлбөрийг нөхөн татварт тооцох бүрэн боломж байсан. Нөгөө талаар нэхэмжлэгч өр төлбөрийг суутган тооцуулах талаар удаа дараа хүсэлт гаргасаар байхад хууль бус шаардлага тавьж хүсэлтийг шийдвэрлэх талаар боломжит арга хэмжээг аваагүй.

Татварын албанаас татвар төлөгчийн хуулиар олгосон татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхийг эдлэх боломжийг өнөөдрийг хүртэл олгоогүй эс үйлдэхүй гаргасаар байхад эс үйлдэхүй гэж үзэхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

4.    Анхан шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай
парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн
11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлсөн хүү, торгууль, алдангийг энэхүү хуулийн үйлчлэлд хамруулах нь хуульд
нийцэхгүй байх тул 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө төлөгдсөн хүү, торгууль, алданги нь тухайн хуулийн үйлчлэлд хамрахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Учир нь Монгол Улсын Их хурал 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр баталсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан, уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас “татварын актын нөхөн татварыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ, харин торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлнэ” гэж шийдвэрлэсэн.

Үүнээс үзвэл Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-т заасны дагуу нөхөн төлүүлэх татварын дүнд ногдуулсан торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилго, зохицуулалтад нийцсэн байна.

Харин 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр нь энэхүү хуулийг хэрэгжүүлж эхлэх өдрийг заасан бөгөөд бидний маргаж байгаа захиргааны акт, анхан шатны шүүхийн шийдвэр нь уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байгаа шийдвэрүүд юм.

  1. Анхан шатны шүүх шийдвэртээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар тогтоох хэсэгт “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа...”-г зааж өгөөгүй байгаа нь шүүхийн шийдвэрт тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.
  2. Манай компанийн шүүхэд болон Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст гаргасан хүсэлт, нэхэмжлэлийн шаардлага нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасны дагуу хяналт шалгалтын актын төлбөрийн 12103.6 мянган төгрөгийн алданги, 26243.5 мянган төгрөгийн торгууль, 11.0 мянган төгрөгийн хүү, нийт 38358.1 мянган төгрөг нь захиргааны зөрчилд ногдуулсан хариуцлага байх тул хуулиар олгосон боломжийн дагуу дээрх хариуцлагаас өршөөгдөх үндэслэлтэй юм.

Тодруулбал, 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр захиргааны шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэгдүгээрт: Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны 35/0001897 тоот актын алданги, торгууль, хүүг өршөөлийн хуульд хамруулан хүчингүй болгох; хоёрдугаарт: татварын улсын байцаагчийн актын дагуу төлсөн 30869,0 мянган төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгуулах гэсэн шаардлагыг гаргасан.

Гэтэл анхан шатны шүүх төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасган шийдвэрлэсэн нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалттай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх 35/0001897 тоот актын төлбөр, тооцооллын хувь маргаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн, талууд маргаагүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Харин 35/0001897 тоот хяналт шалгалтын актын төлбөрийг үндэслэлгүйгээр тогтоосон гэж үзэн актын тооцоолол дээр марган нэхэмжлэл гаргасан тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасныг баримтлан үндэслэлгүйгээр тогтоосон төлбөрийн хэмжээг бууруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар
    зүйлийн 107.3 дахь хэсэгт “шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн
    шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар,
    иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасан байдаг. Нийслэл дэх
    Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн
    128/ШШ2017/0302 дугаартай шийдвэрт энэ талаар ямар ч дүгнэлт тусгагдаагүй байна.
    Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүх хуралдаанд оролцсон иргэдийн
    төлөөлөгч ямар дүгнэлт гаргасан талаар ямар ч мэдээлэл байгаагүй болно.

Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралд иргэдийн төлөөлөгч Д.Ганчимэг гэгч нь орсон боловч түүний дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.3, 104.1, 104.2-т заасны дагуу шүүх хуралдааны үед уншуулж сонсгоогүй, хэргийн оролцогчдоос асуулт асууж дуусаагүй байхад нь тасалдуулсан гэх зэрэг нөхцөл байдлаас үзвэл анхан шатны шүүх шийдвэрээ урьдаас гаргачихсан байсан гэх дүгнэлтэд хүргэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0302 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг шийдвэрлээгүй, шаардлага тус бүрийг хэрхэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ажбогдтрейд” ХХК нь анх шүүхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актын хүү, торгууль, алдангийг хүчингүй болгуулах, актын төлбөрт төлсөн 30 869 000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актаар тогтоосон хүү, торгууль, алдангийг хүчингүй болгуулах, актын төлбөрт төлсөн 30 869 000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 30 869 000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгах” гэж тодруулжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Бундхорол, Ц.Энхчимэг нар нь “Ажбогдтрейд” ХХК-ийн 2008-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актаар нийт 140 093 080 төгрөгийн төлбөр ногдуулсныг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 206 дугаар шийдвэрээр нийт 100 193 100 төгрөгийн төлбөр буюу 38 358 100 төгрөгийн хүү, торгууль, алданги, 61 835 000 төгрөгийн нөхөн татвар болгон багасгаж шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна.

Нэхэмжлэгч нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасан тул “Ажбогдтрейд” ХХК-д төлбөр ногдуулсан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар акт нь энэхүү хуулийн үйлчлэлд хамаарах бөгөөд нийт төлбөрт төлсөн 30 869 000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцох ёстой” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлажээ.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдаж, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн бөгөөд нэхэмжлэгч “Ажбогдтрейд” ХХК нь дээрх актаар тогтоосон төлбөрт 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс өмнө 20 384 000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 10 485 000 төгрөг, нийт 30 869 000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй болно.

Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад ... үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлнэ”, 4.2-т “Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн этгээдийг гүйцэтгэгдээгүй ялаас өршөөн хэлтрүүлнэ”, 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж тус тус зааснаас үзэхэд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хууль тогтоомж зөрчиж шийтгэл хүлээсэн этгээдийн шийтгэл нь биелэгдээгүй тохиолдолд өршөөн хэлтрүүлэхээр байна.

Өөрөөр хэлбэл, хэдийгээр нэхэмжлэгч “Ажбогдтрейд” ХХК-д төлбөр ногдуулсан татварын улсын байцаагчийн акт 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө буюу 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гарсан боловч нэгэнт энэхүү актаар ногдуулсан төлбөрийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, мөрдөгдөхөөс өмнө төлж барагдуулсан тохиолдолд түүнийг буцаан олгох эсхүл нөхөн татварт суутган тооцох хууль зүйн үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч “Ажбогдтрейд” ХХК нь татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар акт гардуулсан өдрөөс хойш 15 хоногийн дотор төлөх үүрэгтэй байх бөгөөд хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль батлагдан гарахаас өмнө төлсөн 20 384 000 төгрөгийг тухайн татварт ногдох алданги, торгууль, хүүд суутган тооцсон нь Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйл /56.1. Хууль тогтоомжоор тогтоосон хугацаанд төлөөгүй татвар, алданги, торгууль /цаашид “татварын өр” гэх/-ийг дор дурдсан дарааллаар барагдуулна”, 56.1.1.тухайн татварт ногдох алданги; 56.1.2.торгууль; 56.1.3.татварын үндсэн өр/-д нийцжээ.

Харин нэхэмжлэгчийн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш актаар тогтоосон алданги, торгуульд төлсөн 10 485 000 төгрөгийн төлбөр нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах тул 10 485 000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 10 485 000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байхад анхан шатны шүүх энэ талаарх шаардлагыг шийдвэрийнхээ тогтоох хэсэгт шийдвэрлэлгүй орхигдуулсан нь буруу байна.

Нэхэмжлэгчээс Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актаар тогтоосон алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ талаар үйл баримтыг дүгнэсэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 206 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д зааснаар уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2017/0302 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ажбогдтрейд” ХХК-ийн гаргасан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актаар тогтоосон алданги, торгууль, хүүг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 11 дүгээр зүйлийн 11.1, Татварын ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч “Ажбогдтрейд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 35/0001897 дугаар актаар тогтоосон нөхөн татварт “Ажбогдтрейд” ХХК-аас төлсөн 10 485 000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохгүй байгаа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 10 485 000 төгрөгийг нөхөн татварт суутган тооцохыг хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст даалгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                      

            ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

            ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН