| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0169/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/43 |
| Огноо | 2025-02-17 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Е.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/43
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Билгүүн
Улсын яллагч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******,*******,*******,*******,,,,,,,, Регистрийн дугаар: ЗД92101318
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа чиглэлийн улсын чанартай А0201 дугаар бүхий авто замд /Дундговь аймгийн төвөөс баруун зүгт 15 орчим километр/ өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Hyundai 11TON” /Хьюндай 11 тонн/ загварын тээврийн хэрэгслийг 2,01 промиль согтолттойгоор жолоодсон,
Мөн шүүгдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Горгаз” шатахуун түгээх станцын ойролцоо улсын дугаартай “Toyota Prius-10” /Тоёота Приус-10/ загварын тээврийн хэрэгслийг 2,05 промиль согтолттойгоор жолоодон явахдаа иргэн ы жолоодон явсан “Nissan X-trail” /Ниссан Икс Трайл/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж жолооч , зорчигч , , , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, ы эзэмшлийн “Nissan X-trail” /Ниссан Икс Трайл/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6,918,000 /зургаан сая есөн зуун арван найман мянга/ төгрөгийн хохирол тус тус учруулсан хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл удаа дараа жолоодсон, мөн бусдын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч, зорчигч нарын эрүүл мэндэд хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2024 оны 08 дүгээр сарын 06-наас 07-ны хооронд шилжих шөнө Дундговь аймгаас Улаанбаатар чиглэлд байх “Сайн яваарай” буюу цагаан хаалган дээр 1 найзаа гаргаж өгөхөөр очсон. Цагаан хаалган дээр 2.5 литр пиво найзтайгаа хувааж уусан. Тэгээд найзаа явуулаад Дундговь аймгийн төв рүү орж ирсэн 30 км/цагийн хурдтай явж байсан. Өөдөөс ирж яваа машины гэрэл их хурц байсан тул нүд гялбасан. Гэрэл хурц байсны улмаас осол болсон. ... Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, ухамсарлаж байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 160-р хуудас/
2. Иргэний нэхэмжлэгч ы “2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Баян-Овоо сумаас Улаанбаатар хот руу гарсан. Тэгэхдээ би өөрийн 73-77 УЕВ улсын дугаартай саарал өнгийн Икс Трайл маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажууд эхнэр суугаад өвөр дээрээ охин /1 нас 6 сартай/ тэврээд, арын суудалд манай ээж , /8 нас/, /13 настай/, /17 настай/ суугаад хөдөлсөн. Бид явсаар Дундговь аймгийн төвд 22 цаг 40 минутын үед орж ирээд бензин авчихаад цааш яваад пост руу орох гээд явж байтал миний өөдөөс ирж явсан хөх өнгийн приус-10 маркийн тээврийн хэрэгслийн жолооч манай эгнээ рүү шахаж миний машины зөв талын урд хаалга хэсэг рүү мөргөөд хойш шүргэж явсаар миний машины зөв талын арын дугуйг мөргөж тасалсан. Тухайн үед миний машины тэнцвэр алдагдаж буруу тал руугаа унаад буруу тал хэсгээрээ зам дээр гулсаж эсрэг урсгалдаа ороод зогссон. Тухайн үед автобустай хүмүүс ирээд зогсчихсон надад тусалж миний машин дотор явсан хүмүүсийг гаргасан. Тэгтэл миний машины хойд яндангийн хэсгээс утаа гарч эхэлтэл тэнд байсан танихгүй хүмүүс машин чинь шатлаа гээд машиныг өргөж босгосон. Тухайн үед бид нарт тусалсан автобусны жолооч энэ хөх өнгийн Приус-10 маркийн машины жолооч бид нарыг мөргөх шахаад туслах замаас төв замд нийлээд миний урд гараад явсан. Тэгэхээр нь бид нар энэ жолоочийг согтуу хүн байна гэж бодож байтал та нарыг мөргөчихлөө. Энэ машины жолооч замын гол хэсгээр өөрийн эгнээ болон эсрэг урсгалд ороод зам хэрээд яваад байсан гэж хэлсэн. Тухайн үед би хөх өнгийн Приус-10 маркийн машины жолоочтой уулзахад жолооч нь хөл нүцгэн явж байсан ба согтуу байсан ба би жолоочид “чи яаж байгаа юм хүн аллаа” гэсэн чинь тэр жолооч “тохиролцоё хөгшөөн” гэж хэлсэн. Энэ миний машин 2024 оны 01 сард хүнээс авсан бөгөөд нэрээ шилжүүлж амжаагүй юм. Өөрийн болон гэр бүлийнхэнд учирсан эрүүл мэндийн хохирлыг төлүүлнэ. Мөн машины хохирлоо нөхөн төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-иийн 74-75-р хуудас/
3. Гэрч “2024 оны 07 дугаар сарын 06-ны орой 01 цагийн үед шугам замын эргүүлээр ажиллаж байх үедээ чиглэлийн А0201 замд буюу Дундговь аймгийн төвөөс баруун зүгт 15 орчим километрт явж байтал замын хойд хөвөө хэсэг рүү улсын дугаартай ачааны урт тээврийн хэрэгсэл хойноос урагшаа чиглэлтэй гарах гэж байгаад тэгнэж зогссон байсантай таарсан. Тэгээд машинаасаа буугаад очтол улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгаар 30 гаран насны******* хүн бууж ирсэн. Тухайн хүн нь машинаасаа бууж ирээд хөл дээрээ тогтож чадахгүй гуйваад байсан ба амнаас нь архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ... Тэгэхээр нь Дундговь аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч болон хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Наранбаяр нарыг дуудан уг согтуу хүнийг хүлээлгэж өгөөд би өөрөө машиныг нь хараад үлдсэн. Уг жолоочийг цагдаагийн газарт авч ирээд согтуурал хэмжигч багаж буюу драгер үлээлгэхэд 2,01 хувийн согтолт илэрсэн байсан... Уг жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19-р хуудас/
4. Гэрч “2024 оны 08 дугаар сарын 07-ны 00 цаг 30 минутын үед Дундговь аймгийн цагдаагийн газрын жижүүрийн утаснаас миний 88334512 дугаарын утас руу залгаад "Аймгийн зүүн хойд талд байрлах "Горгаз" ШТС-н хажуу талын засмал зам дээр 2 машин мөргөлдсөн байна, мөргүүлсэн машинд байсан хүмүүс нь аймгийн эмнэлэгт очсон байгаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн эмнэлэгт явж очоод уулзахад 2 эмэгтэй, 4 хүүхэд байсан ба юу болсон талаар асуухад бид нарыг колонкоос бензин авчихаад засмал замаар явж байтал миний хажуунаас машин орж ирээд мөргөчихсөн, манай машиныг мөргөсөн машины жолооч согтуу байна лээ, бууж ирээд тохирчихъё гээд байсан гэж хэлсэн. Би ослын газарт очиход жолоочтой саарал өнгийн Икс-Трайл, ******* жолоочтой хөх өнгийн Приус-11 маркийн тээврийн хэрэгслүүд байсан ба ******* би жолоо барьж байсан юм, харахгүй мөргөчихлөө гэж хэлсэн. Тухайн үед жолоочоос архи согтууруулах ундааны зүйл ихээр үнэртэж байсан тул цагдаагийн газарт авч ирээд согтуурлыг драгер багажаар шалгахад 2.05 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 89-р хуудас/
5. Иргэний нэхэмжлэгч ын “2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр аймгийн хотод өөрийн төрсөн хүү , охин /16 настай/, бэр , ач охин /1 нас 6 сартай/, ач охин /8 настай/, ач хүү /13 настай/ нарын хамт ургийн баяр оролцохоор очсон. 2024 оны 08 сарын 03, 04-ний өдрүүдэд ургийн баярт оролцоод 2024.08.05-ны өдөр аймгийн Баян-Овоо суманд хөдөө айлд очиж амраад 2024.08.06-ны едрийн 13 цагийн үед Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тухайн үед манай хүү жолоо бариад түүний хажууд бэр охин Уяханмөрөнг өвөр дээрээ суулгаад би арын суудалд , , нарын хамт суугаад явсан. Бид явсаар Дундговь аймгийн төвд 22 цаг өнгөрч байх үед ирээд машиндаа бензин хийгээд хөдөлсөн. Тухайн үед би унтаад явж байсан ба нэг мэдэхэд хүмүүс хашхиралдаад тас гээд л яваад өгсөн. Тэгэтэл машин хажуу талаараа газарт унасан байсан ба хүү намайг машинаас гаргасан. Тэгээд хартал машины гадна танихгүй бөөн хүмүүс ирчихсэн бид нарыг гаргаж өгсөн. Тухайн үед манай машинаас утаа гарч байсан ба тэнд байсан хүмүүс нийлээд машиныг өргөж босгосон. Тэгээд тэр хүмүүс цагдаа болон эмнэлэг дуудсан. Мөн тэр танихгүй хүмүүс манай машиныг мөргөсөн жолоочийг согтуу байна гэж хэлж байсан. Мөн манай машиныг мөргөсөн машины жолооч ирээд манай хүүтэй "тохирчихоё" гэж хэлсэн. Тэгэхэд нь манай хүү уурлаж "чи юун тохирох, юу яриад байгаа юм" гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс "тайван бай" гээд хүүг тайвшруулсан. Тухайн үед машиныг манай хүү Саруулсайхан жолоодож явсан. Ер нь манай хүү хурд хэтрүүлж давхидаггүй. 60 километр цагийн хурдтай явсан байх. Тухайн үед Саруулсайхан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Саруулсайхан осол болохоос өмнөх өдрүүдэд хангалттай унтаж амарсан байсан. Замд явж байх үед машинд ямар нэг эвдрэл гараагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 78-79-р хуудас/
6. Иргэний нэхэмжлэгч ийн “2024 оны 08 дугаар сарын 06-ны шөнийн 22 цаг өнгөрч байх үед гэр бүлийнхээ хамт Дундговь аймгийн төвд орж ирээд Петровис шатахуун түгээх станцаас бензин хийгээд Улаанбаатар хот руу хөдөлсөн, тухайн үед 23 цаг болж байсан. Тухайн үед нөхөр улсын дугаартай саарал өнгийн Икс Трайл маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод хажууд нь би охин /1 нас 6 сартай/ тэврээд арын суудалд манай хадам ээж , /8 настай/, хүү /13 настай/, хадам дүү нар суусан байсан. Бид Дундговь аймгийн төвөөр дайрч аймгийн төвийн зүүн хойд талд байх пост руу очих гээд явж байтал гэнэт л түс тас гэх чимээ гарч машин буруу тал руу хазайж байгаад ойчоод зам дээгүүр гулссан. Тэгтэл хадам ээж араас “яасан бэ юу болсон бэ” гэхэд нөхөр Саруулсайхан “хажуунаас машин орж ирээд машин мөргөөд унагаачихлаа” гэж хэлсэн. Тэгээд нөхөр машинд явж байсан хүмүүсийн нэрийг дуудаж зүгээр үү эхэд бүгд гайгүй гэж хэлсэн. Тухайн үед машин миний сууж явсан талаар газарт наалдсан байсан тул нөхөр өөрийн талын хаалгаар дээшээ гарсан. Мөн тухайн үед машины гадна хүмүүс ирсэн байсан ба “та нар хурдан гараарай, машинаас чинь утаа гараад байна, дэлбэрч магадгүй" гээд хашхиралдаж байсан. Тэгээд машинд байсан хүмүүсийг нэг, нэгээр нь гаргаад би өөрөө хамгийн сүүлд гарсан. Би машинаас гараад харахад автобустай хүмүүс ирж зогссон байсан ба манай машин эсрэг урсгалдаа орж зогссон байсан. Мөн машины зөв талын арын дугуй салж унасан байсан. Мөн тухайн үед хүүхдүүдийг автобусанд суулгаад тайвшруулж байсан. Тэгэхээр нь би хүүхдүүд дээрээ очсон. Тухайн үед тэнд байсан машиныг босгохгүй бол болохгүй гээд бөөндөө өргөөд машиныг босгосон. Тухайн үед машин араатай байсан тул дугуйн дээр босгоход хэсэг газарт урагшилсан байсан мөн автобусанд явж байсан хүмүүс танай машиныг мөргөсөн машины жолооч бид нарын урд талд засмал замын голоор зам хэрээд яваад байсан гэж хэлсэн. Бас та нартай мөргөлдөхөөс өмнө бас нэг машинтай мөргөлдөх дөхсөн гэж хэлж байсан. ... Тухайн үед 50-60 километр цагийн хурдтай явсан байх. Тухайн үед Саруулсайхан архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай нөхөр архи уудаггүй юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 82-83-р хуудас/
7. Гэрч “ыг танина. Харин ******* гэх хүнийг танихгүй. Тухайн машин миний эзэмшлийн машин байгаа юм. Тухайн машиныг би 2024 оны 01 дүгээр сард гэх хүнд зарсан машины үнэ мөнгийг бүрэн авсан, нэр шилжүүлээгүй байсан юм. Тухайн машин 2024 оны үзлэг, оношлогоондоо орсон. Тухайн машинтай холбоотой нэхэмжлэлийг гаргаж оролцоно...” гэх мэдүүлэг, /хх-ийн 87-р хуудас/
8. Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 дугаар 09-ний өдрийн 258 дугаартай “гийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хх-ийн 96-97-р тал/
9. Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар 09-ний өдрийн 259 дугаартай “гийн биед тархи доргилт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 103-104-р хуудас/
10. Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар 09-ний өдрийн 264 дугаартай “ы биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 126-127-р хуудас/
11. Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар 09-ний өдрийн 262 дугаартай “ын биед тархи доргилт, цээжинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 134-135-р хуудас/
12. Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар 09-ний өдрийн 261 дугаартай “ийн биед тархи доргилт, зүүн шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 142-143-р хуудас/
13. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн мөрдөгчийн “... ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 11.3 дахь заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасан...” магадлагаа, /хх-ийн 225-227-р хуудас/
14. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 1/1-161 дугаартай “Nissan X-Trail /Ниссан Икс Трайл/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.918.000 /зургаан сая есөн зуун арван найман мянга/ төгрөгийн хохирол учирсан...” гэх тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ, /хх-ийн 149-151-р хуудас/
15. Согтуурлыг багажаар шалгасан 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэлд “ овогтой /ЗД92101318/ нь 2.01 хувийн согтолттой", /хх-ийн 2-р хуудас/
16. Согтуурлыг багажаар шалгасан 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “ овогтой /ЗД92101318/ 2,05% согтолттой" гэсэн тэмдэглэл, /хх-ийн 48-р хуудас/
17. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 0211907 дугаартай “Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжээр торгох” шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудасны хуулбар, /хх-ийн 13-р хуудас/
18. Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн " овогтой 966721 дугаартай А, В, С, СЕ, D ангиллын эрхтэй жолооны үнэмлэхтэй боловч уг эрх хасагдсан” талаархи жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хх-ийн 53-р хуудас/
19. Хэргийн газрын үзлэгийн зураг, осол хэргийн газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, /хх-ийн 62-71-р хуудас/ зэрэг болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хасуулсан боловч уг хасагдсан байх хугацаандаа 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдөр чиглэлийн улсын чанартай А0201 дугаар бүхий авто замд /Дундговь аймгийн төвөөс баруун зүгт 15 орчим километр/ өөрийн эзэмшлийн улсын дугаартай “Hyundai 11TON” /Хьюндай 11 тонн/ загварын тээврийн хэрэгслийг 2,01 промиль согтолттойгоор жолоодсон,
Мөн шүүгдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Горгаз” шатахуун түгээх станцын ойролцоо улсын дугаартай “Toyota Prius-10” /Тоёота Приус-10/ загварын тээврийн хэрэгслийг 2,05 промиль согтолттойгоор жолоодон явахдаа иргэн ы жолоодон явсан “Nissan X-trail” /Ниссан Икс Трайл/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж жолооч , зорчигч , , , нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, ы эзэмшлийн “Nissan X-trail” /Ниссан Икс Трайл/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6,918,000 /зургаан сая есөн зуун арван найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
******* нь 2024 оны 08 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин эсрэг урсгалд орж улмаар иргэн ы жолоодон явсан “Nissan X-trail” /Ниссан Икс Трайл/ загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 1 жолооч, 4 зорчигчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба холбогдох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хэрэгт авагдсан мөрдөгчийн магадлагаагаар тогтоогдов.
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаг хугацаа дуусаагүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, осол гаргасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.
Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”,
мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”,
“Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн үргэлжилсэн үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирлын талаар:
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас ы эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 6,918,000 /зургаан сая есөн зуун арван найман мянга/ төгрөгийн хохирол учирсан ба тэрээр хохирогчид 7.000.000 /долоон сая/ төгрөг төлсөн талаархи баримт гаргаж өгсөн ба түүнчлэн улсын дугаартай “Toyota Prius-10” /Тоёота Приус-10/ загварын тээврийн хэрэгсэл нь *******ынх болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдож байх тул *******ыг бусдад төлөх хохиролгүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгуулийн ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэж прокурорын саналын хүрээнд буюу 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /Гурван сая/ төгрөгөөр торгож, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгчыг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн үргэлжилсэн үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД