2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/608

 

 

    2025        02         28                                  2025/ШЦТ/608

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү, 

улсын яллагч З.Өлзийхүү /томилолтоор/,

  шүүгдэгч Ц.Ж /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............... овогт Ц.Жод холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1, хэрэг хариуцах чадвартай,

.............. овогт Ц.Ж /РД:..................../.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б.................хохирогч Н.М эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар хулгайлан авч 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Б..................өрөөнөөс хохирогч Т.С эзэмшлийн Ленова брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлан авч 325.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ц.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Миллениум плаза дотроос хохирогч Н.М эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар хулгайлан авч 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 3 давхарт байрлах 302 тоот өрөөнөөс хохирогч Т.С эзэмшлийн Ленова брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлан авч 325.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн үед архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учраас маргах зүйл байхгүй. Хохирлоо төлж барагдуулна” гэв.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд эцсийн болгож хэлсэн үгэндээ:

“Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв. 

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Н.М “...Би 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороонд байх Милинюм плазагийн 4 давхарт ажил дээрээ байсан бөгөөд тухайн үед манай дэлгүүрт 2 том хүн 1 хүүхэд байсан бөгөөд надтай нийлээд 4 хүн байсан бөгөөд миний iphone-11 pro загварын rap утас хаалгаар ороод ертөнцийн зүгээр хойд гар талд сандал дээр ил байсан юм. Энэ үед хүүхэдтэй эмэгтэйд бараа танилцуулж үйлчлэх хэрэгтэй байсан болохоор гар утсаа анзааралгүй тухайн хүүхэдтэй эмэгтэйд хүүхдийн усны хувцас танилцуулаад өөрийн гap утсаа авах гээд очтол байхгүй байсан юм. Тухайн эмэгтэйд үйлчилж байх хооронд дэлгүүрт байсан үл таних эрэгтэй хүн яриан дундуур орж ирээд юм асууж байгаад гараад явчихсан байсан бөгөөд гар утсаа байхгүй байгааг мэдээд тухайн үл таних эрэгтэй хүнд би гар утсаа авъя гэтэл би аваагүй наад хүүхэдтэй эмэгтэй чинь авчихсан гэж хэлээд явсан өгсөн юм. Тэгтэл манай дэлгүүрээс гараад хажуу дэлгүүр рүү орон үйлчлүүлж байсан хүүхэдтэй эмэгтэй бид хоёрын яриаг сонсоод буцаад ороод ирсэн. Тэгээд би болсон явдлыг хэлээд тухайн эгчийн гap утсаар нагац эгчийн гар утас руу залгаад камер шүүгээд өгөөч гэж хэлээд камераа шүүлгэсэн. Тэгээд милинюмын хамгаалагч дээр очоод учир байдлаа хэлээд камер шүүлгэтэл манай дэлгүүрт байсан үл таних эрэгтэй хүн хүүхэдтэй эмэгтэйд хувцас үзүүлж байх хооронд сандал дээр байсан миний iphone 11 pro гap утсыг аваад халаасандаа хийгээд намайг юм ярьж байхад яриан дундуур орж ирж барааны үнэ асуугаад гараад явсан нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байсан. Би тухайн үл таних эрэгтэй хүнээс гар утсаа авъя гэж хэлтэл надаа байхгүй гэж хэлээд явах үедээ миний гар утсыг халааснаасаа гаргаад унтраагаад буцаагаад халаасандаа хийгээд явж байгаа нь камерт харагдаж байсан. Ингээд бодохоор анхнаасаа миний гар утсыг хулгайлчихаад миний анхаарлыг худлаагаасаа татаж юм асууж байгаад гараад явсан байгаа юм. Миний баруун хөл гэмтчихсэн хамаагүй хөдөлж чадахгүй байсан болохоор тэр үл таних эрэгтэй хүний хойноос явж чадаагүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 11:00 цагийн орчим ажил дээрээ ирээд багш нарын өрөө /3 давхар 302 багш нарын өрөөнд/ ороод өөрийн нэр дээрх эзэмшилтэй Lenovo брэндийн нөүтбүүк асаагаад ажлаа хийж байгаад 12:00 цагийн орчим номын санд орж юм тушаах гээд өрөөнөөс юм аваад орсон. Номын санд номоо тушаагаад 13:00 цагийн үед 302 тоот өрөөнд буцаж орж ирээд эд зүйлээ эмхлэж байгаад ширээн дээр хаагаад үлдээсэн байсан нөүтбүүк байхгүй байгааг анзаарч нэг давхарт руу буугаад жижүүр дээр очоод 3 давхарт байх хяналтын камер шүүлгэсэн. Хяналтын камерыг шүүхэд 12 цаг 47 минутын орчим хар өнгийн хувцас, цагаан малгайтай эрэгтэй 302 тоот өрөө рүү ороод буцаж гарч ирэхдээ цүнхтэй нөүтбүүк үүрч сургуулийн хаалгаар гараад зүүн урагш гарч яваа камерын бичлэг байсан. Тэгээд би эд зүйлээ өөрийн нэр дээр бүртгэлтэй нөүтбүүк алдсан гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Би алдсан гэх нөүтбүүкээ сургуулиас 2016 онд өөрийн нэр дээр бүртгүүлэн хүлээн авч байсан. Тухайн нөүтбүүк нь үзүүлэлт нь i5 гэсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дугаар тал/,

Гэрч Л.О2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “...Би Ерөнхий боловсролын 33 дугаар сургуульд аж ахуйн няравын албан тушаалыг хашдаг. Сургуулийн нэр дээр болон сургуулийн өмчөөр шинээр ирсэн эд материалыг хүлээн авч бүртгэл судалгааны ажлаар хийдэг. Би 33 дугаар сургуульд няравын ажил хийгээд 2 жил болж байна. 2024 оны 06 сарын 10-ны өдөр манай үүдний жижүүр нөүтбүүк алдагдсан талаар хэлсэн тухайн нөүтбүүкийн бүртгэлийг үзэхэд 2021 онд Боловсролын яамнаас Ерөнхий боловсролын сургуулиудад тарааж өгсөн нөүтбүүк байсан. Тухайн нөүтбүүк нь 1,136,472 төгрөгийн үнэлгээтэй. Эд хариуцагчаар бага ангийн багш Т.С бүртгэлтэй байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дугаар тал/,

Гэрч С.Ө 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай сургуулийн 47 дугаар дээр бүртгэлтэй Lenovo брэндийн нөүтбүүк. Би 33 дугаар сургуульд өдрийн жижүүрийн албан тушаалыг 15 жил хашсан. Намайг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн жижүүрийн ээлжийн үүргийг гүйцэтгэж байхад 13:00 цагийн орчимд бага ангийн багш Сийлэгмаа бага ангийн багш нарын өрөөнөөс нөүтбүүк алдагдсан байна гэж надад мэдэгдсэн. Тэгэхээр би мэдэгдэж хяналтын камер шүүлгэсэн. Хяналтын камерыг шүүхэд 302 тоот өрөө рүү харсан камерт хар өнгийн хувцастай цагаан өнгийн малгайтай эрэгтэй ороод цүнхтэй эд зүйл үүрээд гарч байсан дүрс бичлэг байсан. Мөн тухайн эрэгтэй 3 давхарын шатаар буугаад сургуулийн хаалгаар гараад явж байгаа дүрс бичлэг байсан. Тэгээд хяналтын камерыг шүүгээд Сийлэгмаа багш цагдаад эд зүйлээ алдсан гээд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/,

Хөрөнгө, үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-24-1388 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

“Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №БЗД2- 24-1387 дугаартай “...Шинжилгээний обьектын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 325.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дугаар тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 52-54 дүгээр тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/,

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,

Шүүгдэгч Ц.Жын сэжигтнээр өгсөн “...Надад одоогоор тодорхой эрхэлсэн ажил байхгүй гэртээ байгаа. Би 2024 оны 06 дугаар сарын 10-ны өглөө 08:00 цагийн орчим Баянгол дүүрэгт байх гэрээсээ гараад Нарантуул худалдааны төв рүү очсон. Би тийшээ 2 найзтайгаа уулзах гэж очсон. Тэгээд би хоёр найзтайгаа уулзаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би Нарантуул зах дээр ууж байгаад хоёр найзаасаа салаад Сансрын тунел руу явсан. Сансрын тунел дээр очоод архи авах гэсэн боловч надад мөнгө байхгүй байсан тул ойролцоо байх сургууль руу ороод нэг өрөөнөөс нөүтбүүк хулгайлж аваад Баянзүрх зах руу очиж зарсан. Үүний дараа Милленниум плаза руу очоод 4 давхарт гарч сандал дээр байсан гар утсыг аваад Сүхбаатарын талбайн хажууд байрлах Монтел худалдааны төв рүү очиж гар утсыг үл таних хүнд 80.000 төгрөгөөр зарсан. Энэ мөнгөөр бас л согтууруулах ундааны зүйл худалдаж авсан ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар тал/,

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 99-158 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч Ц.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Миллениум плаза дотроос хохирогч Н.М эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар хулгайлан авч 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 3 давхарт байрлах 302 тоот өрөөнөөс хохирогч Т.С эзэмшлийн Ленова брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлан авч 325.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Н.М мэдүүлэг /хавтаст хэргийн 6 дугаар тал/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.С 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 96-97 дугаар тал/, гэрч Л.О2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 82-83 дугаар тал/, Гэрч С.Ө 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 89-90 дүгээр тал/, Хөрөнгө, үнэлгээний Дамно ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БЗД2-24-1388 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 11-13 дугаар тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, “Дамно үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №БЗД2- 24-1387 дугаартай “...Шинжилгээний обьектын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 325.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 65-67 дугаар тал/, Хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 52-54 дүгээр тал/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дугаар тал/, Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр  тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйлсийг нэр төрөл, шинж чанар, элэгдэл, хорогдол, зах зээлийн үнэлгээг нэг бүрчлэн тооцож, мөнгөн үнэлгээ тус тус тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжилгээний үр дүнг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 740.000; 325.000 төгрөгөөр тус тус тогтоосон болно.

Шүүгдэгч Ц.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Миллениум плаза дотроос хохирогч Н.М эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар хулгайлан авч 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын 33 дугаар сургуулийн 3 давхарт байрлах 302 тоот өрөөнөөс хохирогч Т.С эзэмшлийн Ленова брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар хулгайлан авч 325.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болжээ.

Шүүгдэгч Ц.Жын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “ ...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.Ж нь хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Жыг “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Жод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Өмнөх эдлээгүй үлдсэн 3 жил 1 сар 6 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 7 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч Ц.Жамъяанцогтоос 1.065.000 төгрөгийг гаргуулж хохирогч нарт олгуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй ...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ц.Ж нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан бөгөөд,

2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024/ЦХШЗ/829 дугаар захирамжаар “2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа 413 дугаар нээлттэй хорих ангиас Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу шилжүүлсэн байх ба ялтан Цолмон овогтой Жамъянцогтын ялын тооцоог 2024 оны 12 сарын 18-ны өдрөөр тасалбар болгосон ба дээрх ялаас 3 жил 01 сар 06 хоногийн үлдэгдэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ц.Жод энэ тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Ц.Жыг гэм буруутайд тооцсон нотлох баримт болон хэрэг гарсан нөхцөл байдал, учирсан хохирол болон талуудын эрүүгийн хариуцлагын дүгнэлт, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан.

Шүүгдэгч Ц.Жод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учирсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдал /энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн/-ыг нь тус тус харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар  хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 06 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 01 /нэг/ сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ”шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох”-оор заасан.

         Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Жын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

          Бусад асуудлын талаар: Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

            Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ц.Ж нь 325.000 төгрөгийн хохирлыг хохирогч Т.С, 740.000 төгрөгийн хохирлыг хохирогч Н.Мөнхзул нарт тус тус учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны үед болон  шүүхийн хэлэлцүүлгийн үед төлж барагдуулаагүй байх тул,

шүүгдэгч Ц.Жоос хохирлын 325.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.С, хохирлын 740.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.М тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,  36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас нийт 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 8 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 06 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 01 /нэг/ сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Жод оногдуулсан 4 жил 01 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт  41  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Жоос хохирлын 325.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.С, хохирлын 740.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.М тус тус олгосугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Жод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ